“Түлхүүр” кино студиэс “Хэн нэгний хөрөг” гэсэн нэгэн сайхан нэвтрүүлэг хийж байв даа. Амьдралын үнэн, хүний үнэнийг дэлгэн үзүүлэх уг нэвтрүүлгийн нэг баатар болсон Т.Даваасүрэнгийн тухай өдгөө Монголд мэдэхгүй хүн тунчиг ховор болсон. Хээгүй инээж, эгэл үнэнийг өгүүлэх түүний хичээл зүтгэлийн ард тавын таван хүүхэд бий. Үүндээ ихэд баярлаж, бахархан аав хүнийхээ хариуцлагыг ухамсарлан өдөр, шөнөгүй зүтгэж байгаадаа тэрбээр тун чиг баяртай байдгаа илэрхийлсэн.
Нэвтрүүлгээс сэтгэлд үлдэж хоцорсон нэг яриаг нь хүргэхэд:
-Нэг өдөр бензинийхээ мөнгөнөөс гадна долоохон мянга төгрөг олоод “За яшиг харья даа” гээд бодоод явж байтал сонин зарж байгаа жаахан охин харагдсан юм. Цонхоо онгойлгоод “Юу хийж байгаа юм бэ. Хариач чи” гэхэд “Аав, намайг сониноо зарж дуусгахгүй очвол зодно” гэдэг юм байна. “Юу гэсэн үг вэ, тийм жаахан амьтныг”. Тэгээд “Бүгдийг нь авчихвал чи харих юмуу” гэсэн чинь “Харина” л гэнэ.
Тэгэхээр нь бодлоо “За, долоон мянган төгрөгтэй харьсан ч, хариагүй ч яадаг юм” гэж бодоод “Май ахын дүү, энэ 4400 төгрөг” гэхэд гүйж ирээл “Баярлалаа, ахаа” гээд сониноо өглөө. Тэгээд “Суу ахын дүү” гэсэн чинь “Би таксидахгүй ээ” гэнэ.
Намайг эргээд сонин авсан мөнгөөрөө таксидуулах нь гэж бодсон юм байлгүй. Тэгээд нэг их хөөрхөн цэмбийгээд суусан. Хөөрхий минь таксинд сууж үзээгүй байх л даа. Тэгээд хүргэж өгсөн чинь тэр хол, дээшээ ганцаараа. Тийм жижигхэн нүд, тэр жижигхэн зүрх ямар их айдаг бол оо. Аймар. Одоо ч надад тэр хүүхдийн “Баярлалаа” гэсэн дуу чихэнд сонсогддог. Намайг далд орон ортол араас нь харсан гэдэгт би итгэдэг.
Тэрбээр ийн ярихдаа нулимс цийлэгнүүлж, хоолой нь цангирч байлаа. Амьдралын төлөө зүтгэж, өдөр шөнөгүй чөлөө завгүй тэмцэх эр хүний хоолойг огт танихгүй жаахан охины хатуу, хөтүү амьдралд нялхарч, хайрлаж, нүдээ чийгтүүлнэ гэхэд нэг л итгэмгүй. Ийм л нинжин сэтгэлээр эд хөрөнгө хийж явсан түүнийг өнөөдөр тавын таван жаахан хүүхэд нь өдөр шөнөгүй хүлээж байгаа. Аавыг нь бурхан дэргэдээ шадарлуулж, сайхан сэтгэлээр нь гоёх гээд авч явсныг тэд хараахан ойлгож чадахгүй байгаа нь лавтай. Амьдралаас ийм сайхан хүмүүсийг эртийн эрт аваад явчихдаг нь харамсмаар. Гэсэн ч түүний буян үр хүүхдэд нь эргэн ирж буй сайхан мэдээ та биднийг баярлуулах нь гарцаагүй.
“Шинэ толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон талийгаачийн ард үлдсэн эхнэр, таван хүүхдэд нь дөрөвдүгээр сард ашиглалтад орох байрнаасаа хоёр өрөө байр өгөхөөр болж. “Болно доо, болно. Бүх юм сайхан болно” хэмээн хиргүй, хээгүй сайхнаар инээмсэглэх түүний мөрөөдөл ийн биеллээ. Сайн хүний үргэлжлэл болсон охид нь аавыгаа эрж хайх нулимсан дундаас ийм сайхан мэдээ сонссон нь харамсалтай ч гэсэн “Сайн хүний ар нь хүртэл сайхан” гэсэн ерөөл бэлгийг бодож амьдралд нь сайн сайхныг хүсье.
Дэлгэрэнгүй >>