“Цагаан сонголт”-ын төлбөрт 22 цэцэрлэг барих мөнгө зарлагадаж мэдэх нь. Энэ нь зөв үү

2017-06-29 15:28:40

Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг зарлалаа. Өнгөрсөн 26-ны өдөр болсон сонгуульд Сонгуулийн ерөнхий хороо 14.9 тэрбум төгрөг зарцуулсан бол дахин санал хураалтад Засгийн газрын нөөц сангаас 7.2 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг өчигдөр гаргав. Гэхдээ энэ бол өнөөдрийн тооцоолол. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад сонгогчдын ирц хүрэхгүй бол Сонгуулийн ерөнхий хороо нэмэлт санал хураалт зарлах ёстой. Өөрөөр хэлбэл, үүнд дахин санхүүжилт гаргана гэсэн үг. Бүр цаашаа МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарын хэн нь ч санал хураалтад оролцсон нийт сонгогчдын 50+1 буюу олонхийн саналыг авч чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг шинээр зохион байгуулах ажил ундарна гэсэн үг. Товчхондоо өнөөдрийн байдлаар нийтдээ 22.1 тэрбум төгрөг зарцуулах нь тодорхой болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал цаашид хэд болж өсөхийг тааварлах боломжгүй гэж ойлгоход буруу зүйл үгүй. Наандаж, эхний ээлжинд зарцуулсан 14.9 тэрбум төгрөг зоолттой улсын төсвөөс урсана. Одоогийнх шиг хоёр шаттай болбол мөн л 7.2 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Нэмэлт санал хураалт дахин хийх шаардлагатай болбол яах вэ гээд бодоод үзвэл эдийн засгийн хямралтай манай улсын хувьд багадаа 44.2 тэрбум төгрөг буюу 260 хүүхдийн ортой 22 хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр Ерөнхийлөгчөө сонгох болчихоод байгаа юм.

Гэхдээ энэ хямрал тодорхой улстөрчдөд ашигтай. Наандаж МАХН-аас дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо ил цагаан илэрхийлж ирсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт. Түүнийг ялтай тооцох хугацаа албан ёсоор энэ онй наймдугаар сарын 3-наар дуусах бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг шинээр зарлах, бэлтгэл ажлаа хангах, намууд дотоод сунгаагаа зохион байгуулах гэх мэт цаг хугацааны хүчин зүйлд ээрэгдсээр тэрбээр нэр дэвших эрхээ улаан гэрлээр баталгаажуулна. Цаашлаад Ардчилсан нам болон МАН-аас нэр дэвших хүсэлтэй хувь улстөрчдийн амбиц ч урагшаа түрэгдэж, өөр өөрийн боломжийг эрэлхийлэх цаг хугацааг тэдэнд бэлэглэнэ гэсэн үг. Иймд энэ нь Монголын эдийн засгийн хямраагаад зогсохгүй улс төрийг бүхэлд нь хямралд дуудах бодит шалтгаан болох нь тодорхой юм.

Харин энэ бүх хямралаар олох ганц олз нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж байх талтай. Гэсэн ч төлбөр бол төлбөр. Төлөөс бол төлөөс. Тиймээс өнөөдөр цагаан сонголт буюу МАН, МАХН, АН гэсэн гурван намаас нэр дэвшигчдийн хэнийг нь ч дугуйлаагүй 18 мянган сонгогчид талархал илэрхийлэхээс илүүтэй багадаа 22 цэцэрлэг босгох мөнгөөр сонгуульдах нь зөв үү хэмээн асуух хэрэгтэй болж байгаа юм.

Хэдийгээр тэдний итгэл үнэмшил нэр бүхий гурван нэр дэвшигчийн хэн дээр нь ч тулж буугаагүй гэлээ энэ бол эргээд та бид өөрөө өөрсдийнхөө халаас руу гараа хийж буй хэрэг болно. Хэрэв энэ 22 цэцэрлэгийн нэгд нь багадаа 260 хүүхэд хамрагдана гэж тооцвол 57 мянган хүүхэд ахуйн гэмтэл, гал түймрээс хамгаалагдана гэж үг. Өөрөөр хэлбэл, та бид өөрөө өөрсдийнхөө ирээдүйн өөдөөс цагаан хуудас өргөж таараад байна. Гол нь, дараагийн нэр дэвшигчид хэн байх вэ. Энэ асуултын хариулт тун тодорхой. МАН, МАХН, АН гэсэн гуравхан намаас нэр дэвшигчид тодорно. Дор бүрнээ, 45 хүрсэн, сүүлийн таван жил Монгол Улсад оршин сууж буй парламентанд суудалтай намын гишүүн. Ингээд үзэхээр сонголт хийх улстөрч, та бидний санал өгөх нэр дэвшигчдийн тоо хязгаартай болж таарч байгаа юм. Тиймээс ч л эр зоригоос илүү эх оронч байх, эдийн засгийнхаа тэнхээ чадлыг тандаж мэдэж санал хураалтад хэрхэн оролцохоо бодох ёстой биз ээ. Дордохын долоон өөрчлөлт гэдэгчлэн голсон нэр дэвшигч голд орж, шилсэн нь шилд гарахыг ч үгүйсгэх учраас тэр.

Ядаж л, ердөө л сарын өмнө Олон улсын валютын сан Монголд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн хямралаа хэрхэн гэтлэх вэ хэмээн толгой гашилгаж, улсын төсвийн үрэлгэн зардлыг бууруулах заавар зөвлөмжөө саарал ордон руу цутгаж явснаа бодоцгооё. Дээр нь, өс зангидсан хорсол улам газар авбал гурван сая монгол хүний эрх ашгийг хэн хамгаалах вэ. Иймд дэлхийн хэвлэлүүд “Сөрөг мэдээллийг нь хасчихвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас юу ч үлдэхгүй” хэмээн онцолсныг ч бодож шийдвэрээ гаргацгаая. Гол нь энэ дүгнэлт зөвхөн тэднийх бус та бидний дунд ч үлдсэн гэдгийг санацгаая.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)