Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай найзлуулах сонирхол хэнийх вэ

2017-07-18 13:55:06


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, шинэ ажлын өдрүүдээ үдэхтэй зэрэгцэн түүнийг Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамаатуулж, нэг багийн эс бол хамтран зүтгэгчид мэт ойлгуулах зорилготой мессежүүд хэвлэл, мэдээлэл төдийгүй цахим хуудаснаа олонтаа хөврөх боллоо.

Тэдний хувьд хэн хэн нь спортоор хичээллэдэг, хувь хүнийх нь араншин хатуу чанга гэдгээрээ адилхан. Гэхдээ Ардчилсан намаас угшилтай Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх гэсэн энэ хоёр хүний хувьд эвийг нь олж ажиллах боломжтой ч эвлэрч, тэврэлдэх нь бас их холын асуудал байж мэднэ. Гэсэн ч Шадар сайдын хувиар улсын баяр наадмаар “Монгол наадамд монгол адуу уралдуулна. Эрлийз морь уралдуулахгүй” гэсэн мэдэгдэл хийснийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын эсрэг ажилласан хэмээн үзэж гэм асуух сонирхол намынх нь тодорхой бүлэглэлийн гишүүд дунд байгаа бололтой юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын баг бүхэлдээ УИХ-ын даргын аав, ээжийн намтар түүхийг сөхөж, “Цэвэр монгол хүн Ерөнхийлөгч болох ёстой” гэдэг суртал ухуулгыг олон нийтэд бас ч үгүй амжилттай хийж чадсан. Хэдийгээр энэ нь ардчилсан Монгол Улс, тэр дундаа Монголдоо өсөж, Монголдоо төрж, Монголоороо овоглож яваа М.Энхболдын саналаас татаах хөшүүрэг болсон байх талтай ч эцсийн бүлэгтэй удам угсаагаар нь иргэдээ ялгаварлах таагүй үр дагаврыг авчрах аюултай юм.

Үүн дээр нь нэмж У.Хүрэлсүх Шадар сайдын хувиар дээрхи “Эрлийз адуу уралдуулахгүй” гэсэн нь ийн буруутгагдах үндэс болсон хэрэг. Гэтэл бодит байдал дээр уячид, малчид малынхаа үйлдэр угсааг сайжруулах зорилгоор Араб, Англиас адуу авчирч, морьдынхоо цусыг сэлгэж байгаа нь тийм ч муу хэрэг биш гэдэг дүгнэлтийг улсын баяр наадмын үеэр хэлж байсан. Тиймээс ч уг шийдвэрийнх нь нөлөөгөөр нас насны морьдоос нийлээд 810 морь хасагдсан нь эргээд улсын наадамд уралдах монгол морьд үлдэх нь үү гэдэг асуулт тавихад хүргэж байгаа юм.

Ямартай ч, хувь хүний карактер, биеийн хүчний нөлөө зэргийг нь адилтгасан адилтгал дээр эрлийзийн эсрэг гэдэг тодотгол тэднийг ийн холбоход хүргэсэн байх талтай. Харин хувь улстөрчдийнхөө хувьд нэг нь М.Энхболдыг ялахын тулд, нөгөөх нь М.Энхболдын орыг залгахын тулд хамтран ажилласан эсэхийг нь цаг хугацаа харуулах биз ээ. Гол нь аль нь ч байсан МАН-ын нөлөө бүхий гишүүдийн зүгээс, цаашлаад олон нийтийн сүлжээнд бодлого, бодлыг нь илэрхийлдэг зарим нэгний зүгээс Шадар сайд У.Хүрэлсүхээс гэм асуугаад эхэллээ. Ядахад, МАН-ын дарга олон жилийн турш Монголын уячдын холбоог удирдаж, монгол адууны үйлдэр угсааг сайжруулах зорилгоор хилийн чинадаас адуу авчрах уячдын саналыг дэмжиж ажилласан байдаг. Тэгэхээр асуудлыг хоёр үзүүртэй зүү гэдэг шиг аль, аль тал руу хөрвүүлж бодохыг ч бас буруутгах аргагүй юм. Гэхдээ л улс төрийн зөрчил тэмцэл бүрийн ард хувь улстөрч, хуваагдаж талцсан бүлэглэлийн эрх ашиг байдаг гэж үзвэл энэ эвлэл, энэ эвдрэл Монголын төрд гавьяа авчрах нь юу л бол доо. Тэртээ тэргүй Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалан МАН-ын гишүүд удирдлагуудаасаа хариуцлага нэхэх цаг ойрхон байхад шүү дээ. Харин Ерөнхийлөгч, Шадар сайд хоёрын гал унтраахад гар нийлж ажилласны тухайд энэ нь цаашид төрд нэг сайн үлгэр дууриал болох талтайг төгсгөлд нь онцлоё. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)