Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга ялалт байгуулсантай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 8-нд буюу наадмын өмнө хуралдсан билээ. Уг хуралдааны үеэр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын дарга бөгөөд тус намын дарга М.Энхболд “Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, тангараг өргүүлэх ёслолыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй” гэдгийг намынхаа Удирдах зөвлөлийн гишүүдээс хүссэнээ тэрбээр өчигдөр цахим хуудсаар нээлттэй зарлалаа.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ дүгнэлт хийж, ирэх сард болох МАН-ын Бага хурлаар уг асуудлыг хэлэлцэхийг тэрбээр өөрийн биеэр хүссэн байна. Ингэхдээ уг бага хуралдаанаас Их хурлын товыг яаралтай зарлаж, дээрх асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ МАН-ын шинэ удирдлагыг сонгох, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь хэрэгтэй гэж үзэж буйгаа давхар санал болгосон байна. Түүний дээрх гурван саналыг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн гэдгийг ч тэрбээр өчигдөр олон нийтэд мэдээллээ.
Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой хариуцлага тооцох асуудал нээлттэй болж, УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын даргын албаа хүлээлгэж өгөх нь тодорхой боллоо.
Сэтгэгдлүүд :