Т.Болдбаатар: Монгол төрийн наадамд монгол азарга маань хоёронтоо түрүүлсэнд баярлахгүй байхын аргагүй ээ

2017-07-23 15:57:22


 

Магнай халиун азарга... Үндэсний баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулсан хурдан буяны тухай яриа морь сонирхогч төдийгүй наадамчин олны сайн сайхан ярианы эхлэл цэгийн нэг болсон нь мэдээж. Иймд Монгол Улсын манлай уяач, Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ын нарийн бичгийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Т.Болдбаатарыг “Хоймор” буландаа урьж, ярилцлаа.

 

-“Улсын наадамд Хөвсгөл аймгийн харьяат улсын харцага Ц.Содномдорж, улсын баяр наадмын азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн харьяат манлай уяач Т.Болдбаатарын магнай Халиун азарга түрүүллээ” гэсэн энэ мэдээ Хөвсгөл нутгийн зон олныг ёстой л магнай хагартал баярлуулсан нь тодорхой. Зөвхөн хөвсгөлчүүд ч бус монгол түмэн бүхэлдээ бөх хийгээд азарганы түрүүг жинхэнэ утгаар нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэж, их сайхан бахархаж хүлээн авч байна. Ийм үед хэдийгээр улсын баяр наадам өндөрлөсөн ч таны сэтгэгдэл, танд талархаж, баяр хүргэж буй олны сэтгэ-лийн эрч хараахан буугаагүй болов уу гэж бодоод ярилцлаганд урилаа?

-Баярлалаа. Монголчууд маань эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ гэж ярьдаг.  Энэ нь монгол наадмын үнэ цэнэ, монгол уламжлал, үнэт зүйлээ өвлүүлэн үлдээх гэсэн нөр их үйл хэргийн үндсэн утга учрыг илэрхийлж байгаа хэрэг гэж миний хувьд боддог. Тиймээс ч улсын наадамд амжилт гаргана, цол нэмнэ, морьд түрүүлнэ, айрагдана гэдэг бол зөвхөн миний амжилт, миний хүч хөдөлмөр биш юм. Наанадаж нутаг орны зуншлага, уул ус, уяач хүүхэд, уяач, эзэн хүн, нутгийн зон олны итгэл сэтгэл, лус савдаг гээд бүгд л зөв сайхан тэгширч байж хурдан хүлгийн уяа, сойлго таардаг уламжлалтай. Энэ жилийн хувьд халиун азарга маань Дүнжингаравын уралдаанд уралдсанаас хойш хүч тамирыг нь сайхан таа-руулж, өвс ургамалтай газар сайхан бэлчээж, уяа сойлгыг нь сайхан тааруулсан. Хамгийн сүүлд Хэнтий аймгийн Баянхутаг сумын сунгаанд сайхан сунгагдаж, түрүүлсэн. Тэндээс ерөнхийдөө өнгө нь гайгүй байгаа юм байна гэдэг сэтгэгдлийг уяачдад түрүүлсэн дээ. Ер нь бол халиун азарга маань өөрөө төрчихсөн амьтан юм л даа. Уяачид маань гурав дахь үеэс нь цусанд нь эргээд нийлүүлж, сайн чанарыг нь авч үлдэнэ гэдэг өвгөдийн ухаан байдаг.

-Уячдын энэ ухааныг ойлгох, ойлгохгүй хүмүүс олон байгаа байх. Та үүнийгээ тайлбарлаач?

-Өөрийнх нь дээд өвгөөс эхлээд дөрөв дэх үе дээрээ эцэг эх нь нийлсэн учраас сайн хурдныхаа угшлыг хадгалсан хүлэг гэж уяачид ярьдаг. Үүнийг хэлж байгаа юм.

-Халиун азарга маань хаанахын угшилтай вэ?

-Сүхбаатар аймгийн Халзан сумын Аймгийн алдарт уяач Ж.Мөнхсүрэн гэдэг хүний шарга азарга бол манай халиун азарганы эцэг нь. Эх нь болохоор Ууганбаяр гэдэг хүний өвгөн халтар азарганы төл. Ингээд Цэвэгсүрэнгийн халтар азарганаас эцэх, эх талаасаа салж явж байгаад дөрөв дэх үе дээрээ халиун азарган дээр нийлсэн байгаа юм. Ж.Мөнхсүрэнгийн шарга азаргад Ухна гуайн халиун азарга, Цэвэгсүрэнгийн хал-тар гээд Сүхбаатар аймагт байгаа гайгүй гэсэн хурдан хүлгүүдийн угшил бүрэлдсэн байдаг. Халиун азаргын эцэг нь шарга азарга гээд бодохоор яалт ч үгүй хурдлахгүй байхын аргагүй сайхан хүлэг юм л даа. Дээр нь, Хөвсгөл нутгийнхан маань үнэхээр энэ жил азтай, одтой байлаа. Хурдан азарганы түрүүг авна гэдэг тэр болгон тохиолдоод байх хувь заяа биш. Тэр дундаа хоёр дахь удаагаа торгон жолоогоо өргүүлнэ гэдэг тэр бүр тохиогоод байхгүй аз, ерөөл юм. Улсын арслан Ц.Содмондоржийн тухайд хэлэх ч юм биш. Уг нь манайхан хоёр том юм нэг саванд багтдаггүй гэж ярьдаг. Харин энэ удаагийн амжилтаар хөвсгөлчүүд маань энэ яриаг үгүйсгэчихлээ дээ гэсэн бодол төрсөн. Манай нутгийн зон олон үнэхээр сай-хан хийморьтой наадлаа шүү дээ.

-Уяач хүнд жил жилийн наадмын түрүү тод цагаан дурсамж үлдээх нь тодорхой. Тэр дундаа азарганы уралдаанд анхны түрүүгээ авсан өнгөрсөн жилийн наадам байна?

-Сэтгэл огших, омогшихын тухайд хэлэх үг олдохгүй л дээ. Зөвхөн би ганцаараа бус уяач, унаач хүүхэд, нутгийн зон олон, морь сонирхдог, морио дээдэлдэг монгол хүн бүр дагаж баярладаг болохоор хүндлэх, хүндлүүлэхийн сайхныг хүртэх нь их байдаг. Сүүлийн хоёр жил Монгол Улсын Ерөнхийлөгч манай уяан дээр ирж, гэрт минь зочилж, хүндэтгэл үзүүлсэнд ихэд баярласан. Ерөнхийлөгч Х.Баттулга хэдийгээр тангараг өргөөд удаагүй байгаа ч гэсэн зориод ирэхэд сайхан санагдсан. Төр түмнээ хүндлэх сэтгэл гэж байна. Монгол төрийн буян заяа их шүү дээ.

-УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн шарга азарганы амжилт бол шинэ цагийн хурдан хүлгүүдийн түүхэнд домог мэт яригдах, дурсагдах түүх шүү дээ. Хувь уяачийн хувьд, эзэн хүний хувьд халиун азаргын уяа сойлгыг ер нь хэр холд хардаг вэ. Нэг ёсны шарга азарганы амжилтыг эвдэх зорилго уячийн тань хувиар танд байгаа л байх даа. Тийм үү?

-Төрийн наадам болон Засгийн газрын тогтоолтой олон сайхан уралдаанд уралдуулдаг. Гэхдээ энэ сайхан хурдан буяныг зэрэг, цол авах нэр хүндтэй наадамд уралдуулахаас дов жалганы жижиг наадамд уралдуулах сонирхол бай-даггүй. Жижиг наадмыг хүнд-лэхгүйдээ биш л дээ. Гол нь төрийн наадам гэдэг маань олон түмнийгээ баярлуулж, цэнгүүлэхэд оршдог. Иймд төрийн наадмаа төгс төгөлдөр болгохын тулд уяачид бид бүхэн дор бүрнээ хариуцлагатай, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ийм л бодол байдаг. Зөвхөн би ч бус манай хоймор нутгийн уяачид бүгд ийм байдалтай байдаг. Миний хувьд Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбооны нарийн бичгийн даргаар долоо, найман жил ажиллаж байна. Манайхан Хотгойдын хурдыг удаа дараа их сайхан амжилттай зохион байгуулсан. Яавал уяачдынхаа хөдөлмөрийг салхинд хийсгэх-гүй, унаач хүүхдүүдээ осол эндэгдэлгүй уралдуулах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулдаг. Тэгж гэмээнэ наадамчин олноо цэнгүүлж чадна. Үүнийхээ хүчинд сүүлийн дөрвөн жил Төв цэнгэлдэх хүрээлэнд морио хөтөлж алхлаа. Тэр бүрт нутаг, уул усны лус савдаг маань хурдан морьдын араас шавхуурдаж, хүчит бөхчүүдээ хажуунаас нь түшиж явдаг гэдэгт би их итгэдэг.

-Ер нь морио хөтлөөд Төв цэнгэлдэхэд алхаж явах тэр мөчид танд ямар бодол төрдөг вэ?

-Төв асрын өмнө морио цоллуулж зогсоход яах аргагүй хийморь сэргэнэ. Тэр хэрээр түмэн олныхоо хайр хүндлэлийг дааж, итгэл найдварыг зөв сайхан тээж явах юмсан гэж бодогдоно. Ер нь уяач хүн даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөнөө дардаг, бусдыг хүндэлдэг мөн чанартай байх ёстой гэж боддог. Тэгэхгүй онгирч, сагаж гэмээнэ хурдан буян заяа харих, хөл тушигдах тохиолдол байдаг гэдэг яриаг би ортой гэж боддог.

-Гэхдээ уяачдыг хөл нь, сэтгэл нь тогтдоггүй их хөнгөн болдог гэсэн яриа байдаг даа?

-Миний хувьд нэг их сэтгэл хөдлөөд, догдлоод гадагшаа илэрхийлээд байх нь ховор байдаг. Аль болох олон түмнийхээ хайр хүндлэл, буян заяаг зөв тээж явах юмсан гэж боддог. Морь гэдэг амьтан сэтгэл дутах, буруу тийшээ гишгэхийг анддаггүй их ухаантай амьтан шүү дээ.

-Уяач хүний хамгийн эрхэм эрдэм бол морь шинжих байдаг даа. Халиун азаргыг авах тэр шийдвэр ч гэсэн морь шинжих ухаанаас улбаатай болов уу. Та тэр тухайгаа яриач?

-2012 онд шүдлэн хязаалан болохын зааг дээр нь авч байлаа. Халиун азаргыг анх уяж, сойж байсан дүү маань манай аймгийн 80 жилийн ойн наадамд шүдлэн насанд нь уяж уралдуулаад аман хүзүүгээр давхиулж байсан. Тэр үедээ зарах сонирхолтой байгаагаа хэлж, олон хүнд санал болгоход уяачид нэг их сонирхоогүй. Харин надад хүнээр бол их эмоцтой, дэврүүн сэтгэлтэй хүлэг шиг санагдсан болохоор өөрийн уяанд авчирсан. Ер нь сайн хүлэг, сайн эзэн хоёр нэг нэгнээ олдог гэсэн үг байдаг. Тийм л сайхан учрал, хувь заяа тохиосон байх гэж бэлгэшээдэг. Хүмүүсийн хувьд тухайн үед эрлийз морьд авах сонирхол ихтэй, тэр хэрээр улсын баяр наадамд хурдлуулах, амжилт гаргах боломжтой гэсэн ерөнхий нэг бодолтой болчихсон байсан болохоор монгол морио нэг их сонирхохоо байчихсан үе. Тэр сонирхлоо дагаж халиун азаргыг маань надад үлдээсэн юм болов уу даа. Ерөнхийдөө миний хувьд тэр үед Хэнтий, Сүхбаатараас хурдан морьд авчирч, аймгийнхаа угшлыг сайжруулах тал дээр нэлээн ажиллаад эхэлчихсэн үе байсан. Соёлон маань аймгийн наадамд түрүүлчихсэн. Ер нь оролцсон уралдаандаа амжилт гаргадаг болчихсон байсан үе.

-Гэхдээ халиун азарга Монгол Улсын манлай уяач болгосон хүлэг гэдэг?

-Ганц адуугаар манлай уяач болгоно гэдэг ховорхон тохиолдол. Баярлаад баршгүй. Улс бүсийн наадмаас таван түрүү, найман айраг хүртсэн хурдан буяныг тухайн үед тавьж авсандаа, эзэн намайгаа гээд ирсэнд нь талархаад ч баршгүй л хүлэг байгаа юм. Манай халиун азаргын толгой нь их ланзгар том. Хурдан адууны толгой том байдаг гэдэг. Мөн хойд хоёр хөлний борви нь их сайхан шулуухан. Уралдаж байхдаа туурайны чимээ нь их айхтар чанга. Хэр баргийн адуу хажууд нь уралдахад зүрх үхдэг. Алсаасаа сунагар тавиухан өө-рийнхөөрөө давилаар хурдалдаг.

-Та өөрөө гардаж уядаг уу?

-Өдөр тутмын уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Эрдэнэ-цагаан сумын Нийгмийн хонго-рыг уяж байсан хөнхөр Жамьян гэж хүний охиноос нь гарсан зээ хүү нь болох Аймгийн алдарт уяач Э.Мөнх-Эрдэнэ гэж залуу тааруулдаг. Миний хувьд хаана уралдуулах вэ, идэш хоол, жилийн уралдааны төлөвлөгөө гаргах гэх мэтээр стратеги талаас нь, алсыг харсан бодлого талаас нь ихэвчлэн анхаарал хандуулна. Хичнээн гүү тавих, хэзээ уралдуулах вэ, Засгийн газрын тогтоолтой ямар уралдаан зарлав гэх мэтээр ухаан бас зарна. Уяачтайгаа, унаач хүүхэдтэйгээ ярилцана. Нэлээн яриа болно шүү, бас.

-Та эрлийз адуутай юу?

-Байхгүй.

-Яагаад. Эрлийз адуугүй уяач гэж их ховор болсон гэх юм байна лээ?

-Би Монгол төрийн наадамд монгол морь уралдах ёстой гэсэн өөрийн зарчимтай. Мон-гол адуу олон зуун жилийн турш байгаль, цаг уурын орчин нөхцөл, хүн зоны маань амьдралын хэв маягт ээнэгшиж, дасан зохицсон хийморьтой хүлэг. Халиун морь маань ч жинхэнэ монгол хүлэг. Манай уяанд нэг ч эрлийз адуу байхгүй. Авахдаа хүрвэл хүн юм хойно авна л даа. Гэхдээ араб адуу, эрлийз адуу авчирснаар монгол адууны угшил сайжирна гэж бодохгүй байна. Наад зах нь энэ жилийн наадам их сайхан болж өнгөрлөө. Энэ нь өөрөө монгол наадамд монгол морио уралдуулах ёстой юм байна гэдгийг хэлээд байгаа хэрэг л дээ.

-Гэхдээ Шадар сайд У.Хүрэлсүхийн “Эрлийз морь уралдуулахгүй” гэдэг шийдвэрт алдар нэртэй олон уяач дургүйцлээ илэрхийлсэн гэдэг юм билээ?

-Миний хувьд их зөв шийдвэр гэж бодож байгаа. У.Хүрэлсүх сайдын энэ шийд-вэрийн цаана зөвхөн эрлийз, монгол морь гэлтгүй эгэл жирийн малчид, уяачдыг төрийн наадамд оролцуулах, идэвхийг нь сэргээх их том ач холбогдол байсан гэж ойлгож байгаа. Хөвсгөл нутгийн уяачид маань маш сайхан талархан хүлээн авсан. Ер нь цаашдаа яг энэ жишгээрээ салгаж уралдуулах хэрэгтэй. Уяачдын хувьд төрийн наадамд түрүүлж, айрагдахаас илүүтэй оролцох, наадах, наадамчин олноо цэнгүүлэх нь их чухал байдаг. Энэ чинь л үндэсний наадмын гол өнгө, эгшиг.

-Гэхдээ сайн үүлдрийн үнээ, хонь авчирч, үржлийг нь сайжруулах замаар мах, сүүний чиглэлээр хөгжүүлэхийг дэмждэг. Тэгсэн хэрнээ монгол адууны үүлдэр угсааг сайжруулж, хурд, тэвээргийг нь сайжруулах зорилгоор эрлийзжүүлэхийг эсэргүүцээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Энэ зорилгыг ойлгоно. Гэхдээ үндэсний баяр, төрийн наадамд зургаан насны морь уралдуулна. Харин уячдын наадамд эрлийз морьдыг гурван насны ангиллаар цэрэг цол олгож уралдуулна гээд заачихсан. Тэндээ морио уралдуулчих. Ямар ч асуудал байхгүй. Эрлийз морь, монгол морь хоёрын хооронд хурд, өндөр, хүч гэдгээс эхлээд олон зүйлээрээ ялгаатай. Дээр нь, уяачдын хувьд төрийн наадамд оролцох нь чухал байдаг. Гол нь оролцоо. Гэтэл эрлийз морь уралдах сургаар жирийн малчид, уяачид улс аймгийн наадамд оролцох сонирхолгүй болж эхэлсэн. Тэр баахан тариагаар бөмбөгддөг, хүчтэй морьдтой уралдаад ямар ч амжилт гаргахгүйгээс хойш ороод дэмий гэж ярьдаг ч болсон байсан. Эргээд бид нэг л өдөр уячдыг наадамд морио уралдуулаач гээд мөнгө төлдөг болохыг үгүйсгэх аргагүй. Эрлийз морьтой хүмүүс тэртэй тэргүй түрүүлчихнэ гэдэг энэ хандлага явсаар байгаад эргээд монгол уламжлал, үнэт өв маань устаж алга болбол яах юм бэ. Одоо л энэ асуудлыг бодож, үнэхээр Шадар сайд У.Хүрэлсүх шиг хатуу шийдвэр гаргаж, түүнийгээ энэ жилийн наадам шиг ягштал мөрдөхгүй бол цаашид бид наадам үзэж цэнгэх, наадамчин олноо баясгах, морьдын таавар ярих ямар ч боломжгүй болно. Би энэ асуудалд үнэхээр хатуу бодолтой байдаг. Гэхдээ мэдээж монгол морийг хөгжүүлэх, үржлийг нь сайжруулах хэрэгтэй. Харин хэрхэн хийх вэ гэдгээ сайтар ярилцаж, бодлогоор анхаарах цаг болсон байна л гэж хардаг.

-Уяачдын зиндаархал гэж нэг том асуудал байх шиг харагддаг. Таны хэлсэн эрлийз, монгол морины ялгарал ч үүний жишээ шүү дээ?

-Үнэн. Монголын морин спорт уяачдын холбоо энэ асуудалд нэлээн анхаарал хан-дуулан ажиллаж байгаа. Ерөөсөө жирийн малчид, уяачдын эрх ашгийг хамгаалахгүй бол цөөхөн хэдэн боссууд, тодорхой хэдэн уяачдын наадам болчих гээд байна.

-Ардын хүүхэд төрүүлж болдоггүй наадам уу гэдэг шиг үү?

-Яг үнэн. Жил жилийн наадамд цөөхөн хэдэн хүн Төв цэнгэлдэхэд морио цоллуулдаг, түүнийг дагасан зиндаархал, хөөрөл хэт их болсон. Ард түмэн үүнийг харж удаан тэсэхгүй. Эхнээсээ бухимдаад эхэлсэн байгааг та нар ч гэсэн анзаарч л байгаа байх. Хөрөнгө чинээнийхээ бядаар төрийн наадамд жил бүр цоллуулаад байж болохгүй шүү дээ. Насанд хүрсэн том хүнийг хүүхэдтэй уралдуулж байгаатай л адил юм болоод байдаг. Гэтэл жирийн малчид маань жилийн 365 хоногт ганцхан удаа төрийн наадамд морио уралдуулахын тулд дээлээ, малгайгаа, эмээлээ, ташуураа бэлдэж байж нааддаг. Энэ хүмүүсийн дур хүслийг эрлийз адуу, цөөхөн хэдэн хүний эрх ашгаар хаачих юм бол эргээд монгол уламжлал, монгол адуу, монгол малчны ухаан устаж алга болох аюултай. Би үүнийг л хэлээд байгаа юм. Магадгүй энэ янзаараа явбал цөөнгүй жилийн дараа монгол адуу, монгол уяачийн ур ухаан устаж алга болох аюултай. Тиймээс миний хувьд монгол төрийн наадамд монгол азарга маань хоёронтоо түрүүлсэнд ихэд бэлэгшээд, нөгөө талдаа их том хариуцлага үүрч гарлаа гэж бодож байгаа.

-Та тэр цөөн тооны боссуудын тоонд орохгүй юу?

-Юу гэж орох вэ. Би эрлийз, өөр цустай адуугаар төрийн наадамд уралдаж олон түмнийхээ сэтгэлд сэв суулгахын эсрэг байдаг хүн.

-Гэхдээ морьдоо тусгай цүчээнд тэжээдэг биз дээ?

-Өвлийн цагт бол тодорхой хамгаалах, хайрлах зүйл байна. Гэхдээ морь гэдэг бол ерөөсөө зарлага л байдаг. Орлого гэж байхгүй. Тэр хэрээр монгол хүний цусанд байдаг генээ өвлүүлэх, монгол хүний дотоод мөн чанараа авч үлдэх гэсэн монгол сэтгэл л явж байдаг. Өөр үндэстэн бол хэзээ ч ийм зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй л байх. Монгол хүн гэдэг чинь өөр шүү дээ. Нөгөө талд стрессээ тайлах сонирхол бас бий. Атрын бор гэрт аргалын утаанд хар цай уугаад, адуу мал яриад хонох шиг эр хүний жаргал гэж хаа байна. Сайхан шүү дээ.

-Атарт өөрөө явдаг уу?

-Адуугаа эргээд явна аа. Энэ чинь их том буян заяа юм. Ер нь адууг дагаад хийморь сүлд дээшлэх, сэргэх, аливаа нэг эрсдэлээс хамгаалагддаг гэж итгэдэг. Тэгж ч байна уу гэж бас харагдана шүү. Ер нь мэдрэгдэнэ шүү.

-Ер нь мэдрэгдэнэ гэхээр илрэлийг нь та яаж тайлдаг вэ?

-Би улс орны хөгжил дэвшил, материаллаг баялгийг бий болгодог салбарт 20-30 жил ажилласан. Зам, гүүр, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна. Манай “Хөвсгөл зам” гэж компани хөдөө орон нутагт зам, гүүр, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр тогтвортой ажиллаж байгаа цөөхөн компанийн нэг. Өмч хувьчлалын үеэр замын компаниуд хувьд гарснаас хойш тогтвортой ажиллаж байгаа орон нутгийг хоёр л компани бий. Нэг нь манайх. Идэрийн голын гүүр, Галтын гүүр, Жаргалантын гүүр, Эгийн голын гүүр, Үүрийн голын төмөр бетонон гүүр, Хатгалын нисэх онгоцны буудал гээд олон ч гүүр барилаа. Олон ч зам тавилаа.

-Ер нь л та хурдтай холбоотой хүн юм аа даа. Машин тэрэг хурдан, саадгүй явна гэдэг чинь замаас ихээхэн шалтгаалдаг шүү дээ?

-Тэгж хэлж болно. Улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр гэж боддог. Амьдралынхаа ихэнх хэсгийг ард иргэдээ тээврийн хэрэгслээр ая тухтай зорчиход зориулсан. Хойшдоо ч энэ ажилдаа анхаарна. ОХУ-д замын инженерийн мэргэжил эзэмшсэнийхээ хэргийг гаргаж явна. Барьсан, бүтээснээ харахаар бас их буянтай ажил гэсэн бодол төрдөг. Ер нь залуусаа энэ мэт хийж бүтээдэг, бодит бүтээн байгуулалт өрнүүлдэг салбарт ажиллаасай гэж их хүсдэг.

-Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбоо нэлээн эрт байгуулагдсан гэж сонсож байсан юм байна?

-Ёстой л ардчилсан хувьсгалтай хамт 1991 онд байгуулагдсан холбоо. Тэр үед үндсэн холбоо болох Монголын морин спорт, уяачдын холбоо ч байгуулагдаагүй байлаа шүү дээ. Холбооны үйл ажиллагааг жигдрүүлэхийн хэрээр Хөвсгөлийн уяачид маань сүүлийн үед ихээхэн идэвхжиж, улс аймгийн чанартай олон наадамд амжилттай оролцдог болсон. Мөн уяач хүүхдүүдийн нийгмийн баталгаа, амьдралын чанар, аюулгүй байдлыг хамгаалахад ихээхэн анхаарч ажиллаж байна. Ойрын жилүүдэд хоёр манлай уяач, хоёр алдарт уяач манай холбооноос төрсөн. Энэ бол чамлахааргүй амжилт. Жил болгон улсын алдартай, хүндтэй уяачдаар сургалт хийлгэх, цол гуншинг нь цаг тухай бүрт нь нэмүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг болсон.

-Та Сүхбаатар, Хэнтийгээс адуу авчирдаг гэж ярьж байна. Уг нь Хотгойдын унага гэж нэг том угшил Хөвсгөл аймагт байдаг шүү дээ. Энэ үндсэн хурдаа ер нь хэр авч үлдэж, хөгжүүлдэг юм бэ?

-Хотгойдын унага буюу Тэсийн голын адуу. Энэ угшлаа “Дэлтэй цэнхэр” холбооныхоо логонд тамгалсан. Мөн дархадын цагаан адуу байна. Энэ мэт овог аймгаар нь баталгаажуулах, хамгаалах бодлого барьж ажиллаж байгаа. Сүүлийн үед төв халхын уяа заслын аргыг манай уяачид ихээр эзэмшиж, суралцахад их анхаарах болсон байгаа.

-Төв халхын уяа заслын арга ухаан гэхээр ямар арга барил байдаг вэ?

-Энэ бол Төв аймаг, Хэнтий, Булганы зүүн талын сумдын арга ухаан л даа. Төв хүрээнээс уламжилсан гэж болно.

-Бизнес нь амжилт олохтой зэрэгцээд морь руу орох нь монгол эрчүүдийн ерөнхий нэг дүр зураг болсон байгаа харагддаг. Таныг ч үүнээс салгаж ойлгох аргагүй санагдана. Та хүлээн зөвшөөрөх үү?

-Миний хувьд багадаа хурдан морь унаж уралдуулж л бага насаа өнгөрөөсөн. Манай аавын ах нар морь уяна. Би унаж уралдана. Тэдний маань олон жилийн хүч хөдөлмөр, ухаан надад үсэрхийлж, надаар дамжиж гарч байгаа гэж боддог. Харин яг бизнесээр дамжаад гэдгийн тухайд янз бүр л байдаг байх. Танил тал олох, нэр нөлөө тогтоох зорилго ч байдаг л байх. Миний хувьд эр хүн өөрийнхөө хийморь сүлдийг өргөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үр хүүхдээ монгол ахуйд ойр өсгөх гээд ер нь 30-40 хүрээд ирэхээр аяндаа монгол уламжлал руугаа ойртдог юм уу даа гэж хардаг. Монгол хүний ген юм л даа. Морь уяж байгаа хүн чинь архи дарс уухгүй. Аливаа хорио цээртэй үйл хийхгүй гээд тэсвэр тэвчээртэй болгох, хүмүүжүүлэх гээд олон сайхан үр нөлөөг нь харж өвөг дээдэс минь бидэн уламжлуулсан байх.

-Найз нөхдийн хүрээлэлд тань нөлөө үзүүлсэн үү?

-Үзүүлэлгүй яах вэ. Олон талын л ач холбогдолтой. Гэхдээ би чинь унаган багын найз нөхөд олонтой хүн. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байна. Бид хоёр нэг сургуульд арван жил сурч, нэг гудамжинд амьдарсан найзууд. Арав төгсөөд хамтдаа хилийн дээс алхаж, сургуульд явж байлаа. 1990 оны эхэн үед мөн л хамтдаа бизнес ч хийж явсан. Удирдлагын академид хүртэл хамт сурсан. Ц.Даваасүрэн маань “Дэлтэй цэнхэр” холбооны ерөнхийлөгчөөр, би нарийн бичгийн даргаар ажилладаг байх жишээний.

-Манлай уяачийн хүүхэд гэдэг утгаар хүүхдүүд тань морь, малд хэр ойр байдаг вэ?

-Гурван банди, нэг охинтой. Багаасаа надтай цуг яваад бараа, бараандаа туслаад явдаг. Гэхдээ яг гардаж оролцож бол эхлээгүй байгаа. Эхнээсээ хараад, учир начрыг нь ойлгоод явна гэдэг бас ч гэж учиртай гэж боддог. Зан заншил уламжлалаа мэддэг болно оо доо. Тэгээд ч өөрөө манлай уяач хэрнээ хүүхдүүдээ моринд ойртуулахгүй, холдуулна гэж байхгүй байх. Яг өнөөдрийн тухайд том хүү маань ОХУ-д Плехановын их сургуулийг онц төгсөөд АНУ-д Монтаногийн их сургуульд санхүүгийн чиглэлээр тэтгэлэгтэй амжилттай магистр хамгааллаа. Дунд хүү минь ОХУ-д мөн зам, гүүрийн инженерээр сурч байгаа. Хоёр бага маань гэртээ. Хэн хэнд нь монгол түмний философийг ойлгуулж, өв соёлоо хүндэтгэж явахыг аав хүний хувьд захиж, хэлж явдаг юм. Эхнэр маань ар гэрийнхээ асуудлыг хариуцаж, хүүхдүүдийнхээ хүмүүжил, хичээлд санаа тавьж хамаг асуудлыг зохицуулж, бас л их ачаа үүрнэ шүү дээ. Бид хоёрын хэн хэн нь үр хүүхдээ боловсрол мэдлэгтэй, ирээдүйн амьдралаа өөрсдөө удирдаад явж чадахуйц бие даасан хүн болж хүмүүжих ёстой гэж бодож хүүхдүүдийнхээ боловсролд нэлээн их анхаардаг аав, ээжүүд. Охиноо гэхэд одоо балетаар хичээллүүлж байна. Эмэгтэй хүн балетчин болох албагүй ч гоо сайхан, алхаа гишгээ, гоо зүйн мэдлэгтэй байх ёстой гэж бодсондоо би бас их дэмжинэ ээ.

-Унаач хүүхдүүдийн асуудал гэж нэг шийдэгддэггүй маргаан байдаг даа. Хэдийгээр энэ жилийн наадамд цахимаар бүртгэж, хамгаалалтыг нь сайжруулсан ч гэсэн эргээд унаач хүүхдүүдийг хөдөлмөрийн мөлжлөгт ордог, осол гэмтэлд орлоо гэхэд эргэж уулзахгүй хаяж явдаг гэх мэт шүүмжлэл цаашид ч гарсаар л байх болов уу. Та энэ асуудалд ямар бодолтой байдаг вэ?

-Тодорхой төрийн бус байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалах нэрийн дор асуудлыг хөөрөгдөх, нийгмийг монгол өв уламжлалын эсрэг чиглүүлэх сонирхолтой байх шиг санагддаг. Мэдээж эрлийз адууны тухайд үнэхээр асуудал байгаа. Нурууны өндрөөс шалтгаалаад хүүхдүүд унахдаа их хүнд бэртдэг. Унасан хүүхэд дээрээ гишгээд давхидаг. Монгол адуу бол хэзээ ч унасан хүүхдийн дээр гишгэсэн түүх байхгүй. Үнэт өв, уламжлал, үнэт зүйл гээд байгаагийн утга учир, илэрхийлэл нь энэ. Монгол мориноос ойчсон хүүхэд тэгж хүнд бэртдэггүй.Энэ чинь монгол хүн монгол морь хоёрын зохилдлогоо юм. Үүнийг бид ойлгож, эрлийз адууны асуудлыг давхар ярих хэрэгтэй. Түүнээс бус багаасаа хурдан морь унасан хүүхэд харин ч зохион байгуулалттай, тэсвэр хатуужилтай, хүний үг даадаг болж төлөвшдөг. Бидний бага нас ч тэгж л ирсэн. Хөвөнд өсөөгүй шүү дээ.

-Та унаач хүүхдүүдээ хэр дэмждэг вэ?

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Батжаргал гэж хүний Ганхүү, Гантөгс гэж ах дүү хоёр хүүхэд унадаг. Олон ч морьдыг минь амжилттай уралдуулж, айраг түрүү авахуулсан. Тэднийгээ аль болох дэмжиж, хөдөлмөрийг нь үнэлэхийг хичээдэг. Гол нь зөв сургаж дадлагажуулсан хүүхдүүд мориноос унаж бэртээд байдаггүй. Манай уяачид үүнийг бодох хэрэгтэй. Дээр нь, хэний хүүхдээр, хэнээр морио уралдуулах вэ гэдгээ бас их сайн бодолцож сурмаар юм шиг санагддаг. Тэгэхгүй таарсан хүүхэд болгоноороо унуулаад байж болохгүй. Хувь төөрөг, зохицол нийцэл гэж байна. Юм бүхэн учиртай гэж манайхан ярьдаг даа. Үүнийг бодолцох л хэрэгтэй.

-Өвлийн уралдааныг хориглох ёстой гэдэг байр суурь бас байдаг. Та ч дэмжихгүй л болов уу даа?

-Манай аймагт өвлийн морин уралдаан зохион байгуулаад 10-аад жил болж байна. Нэг ч хүүхэд унаж бэртээгүй. Гол нь бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Зохион байгуулж байгаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас эрсдэл үүсдэг байх талтай. Гэхдээ яг газар хөлдүү өвлийн улиралд морь уралдуулахад ямар ч асуудал байхгүй. Харин хаваршаад цас мөс хайлаад хөрсний гулгалт үүссэн, халтиргаа үүссэн үед уралдуулах нь буруу. Хүүхдэдээ ч, мориндоо ч аюултай.

-Морины наймаа гэж нэг том асуудал байна. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, бусдад хамаагүй. Гэхдээ дөрвөн хөлтэй адгуусны төлөө бүхэл бүтэн 100, 100 сая төгрөг зарцуулдаг сонин хүмүүс гэх энэ ярианд та ямар бодолтой байдаг вэ. Таны ярианаас халиун азаргаа худалдаж авсан гэж ойлгосон учраас тодруулж байгаа хэрэг л дээ?

-Хувь хүний л бодол. Би бусдын бодлыг шүүхгүй. Яахав хэт хэлбэрдэх, баян тарган байдлаа харуулахын тулд олон зуун саяар морь авлаа гэж зарладаг хүмүүс мэр сэр байдаг. Энэ нь мөн л тухайн хүний сонирхол байх. Харин манай өвөг дээдэс эртнээс зөвхөн морь гэлтгүй үнэт эдлэлээ ханцуйн дотроо наймаалцах ёсыг мөрдөж ирсэн байдаг. Иймд миний хувьд бусдад үнэ зарлаж, үнэ хэлж, ил цагаан ярих дургүй. Тухайн хоёр хүний дунд болоод өнгөрсөн зүйлийг гуравдагч хүн мэдлээ гээд яах ч юм. Хэрэггүй шүү дээ. Одоо харин уяачид маань нийгэмд чиглэсэн сайн үйлсэд гар бие оролцож, гэр бараа өгөх, хандив тусламж тараах сонирхолтой болж эхэлсэнд баяртай байдаг. Үүнд харин их олзуурхаж байгаа. Миний хувьд туслах үедээ тусална. Тэглээ гээд хариу нэхээд явдаггүй. Манай компани 100 гаруй ажилтантай. Тэр хүмүүсийн цалин цавууг тавих, ар гэрт нь дэм болох гээд үүрэг хариуцлага их. Үүнийгээ нийгмийн хариуцлага гэж ойлгодог.

-Хямралын бэрхшээл танд хэр мэдрэгдэж байна вэ?

-Хүнд хүнд. Олон хүн цалинжуулахын хэрээр ёстой л шүд зуугаад тэсч байна. Ганц би ч биш. Бүгд л тэгж байгаа болов уу. Гэхдээ бас олон хүн тэжээх, цалинжуулахын бэрхшээл гэж байхын зэрэгцээ баяр, жаргал гэж бас байдаг л юм. Аливаа зүйл сайнтай, муутай гэдгийн жишгээр хосолж яваа болов уу даа.

-Та 2012-2016 онд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга байсан. Харин 2016 онд яагаад өрсөлдөөгүй юм бэ?

-Тухайн цаг хугацаандаа хийхээ хийсэн л гэж бодсон. Гэхдээ чадаагүй ч зүйл бий. Ямар ч байсан Хөвсгөл аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг батлуулж, тодорхойлсон. Энэ төлөвлөгөөг бариад явбал Хөвсгөл аймгийн хэмжээнд тулгарч буй олон бэрхшээл шийдэгдэж, иргэдийн ажиллаж амьдрах орчин жинхэнэ утгаараа бүрдэнэ гэж боддог. Аймгийнхаа нийт газар нутгийн 50 гаруй хувийг тусгай хамгаалалтад оруулахад санаачилга гаргаж ажилласан. Морины тухай ярьж байгаад ажил яриад эхлэхээр хүмүүс гайхаж магадгүй. Гол нь асуусан болохоор зах зухаас нь ярьчихлаа. Харин дахиж өрсөлдөөгүйн тухайд зам, гүүрээ бариад явах нь хувь хүнд маань илүү кайфтай, нийгэмд, улс оронд, ард түмэнд тустай юм байна аа гэдгийг ойлгосон. Тэгээд ч нам төрийн ажилд сүргийн сэтгэлгээтэй хүмүүс тохирохоос өөрийн гэсэн бодолтой, тэрэндээ үнэнч хүмүүс тохирохгүй юм байна гэдгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хангалттай сайн харсан. Өөрийн биеэр ч мэдэрсэн. Тэгээд дахиж нам төрийн ажилд оролцохгүй гэж шийдсэн дээ. Би ОХУ-ын Калининградын цэргийн инженерийн их сургуульд зам, гүүрийн инженер мэргэжлээр төгсч ирээд, салаан захирагчаас эхлээд Цэргийн их сургуульд багшилж байлаа. Нэг ёсны цэргийн хүн гэсэн үг. Ийм хүн чинь бусдын үгээр ажиллаж, санаа бодолд нь нийцүүлж шийдвэр гаргана гэж байхгүй юм байна лээ. Эх орондоо тангараг өргөсөн хүн шүү дээ, би. Одоо бол хувийнхаа бизнесийг хийгээд эндээсээ кайф аваад, морио уяад явах шиг сайхан юм алга. Сүүлийн үед харин Хөвсгөл аймагтаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр нэлээн ач холбогдол өгч ажиллаж байна. Аав маань хөлбөмбөгийн спортоор хичээллэж, аймгийнхаа шигшээ багт байсан хүн. Хэдийгээр улсын наадамд дөрвөн ч удаа Түвдэндоржийн Болдбаатар гэж нэрээр нь цоллуулж, нэрийг нь дуудуулж байгаа ч гэсэн залуу насных нь сонирхол, хичээл зүтгэлээ зориулж явсан спортыг нь дэмжиж, аймагтаа хөгжүүлье гэж боддог юм. Гол нь энэ нь эргээд Хөвсгөл нутгийн залуу үеийг эрүүл чийрэг, спортод ойр болгож төлөвшүүлэх зорилго л доо.

-Хашаандаа алим ургуулдаг тухай тань уншаад бас сонирхолтой санагдаж байлаа?

-Манжуурын алим. Уур амьсгал адилхан болохоор манайд асуудалгүй ургах юм билээ. Сакура хүртэл тарьсан. Би мод тарих хоббитой. Ер нь ургаж дэлгэрэх, хурдалж, давхих юм бүхэнд л ойр явдаг шиг байгаа юм. Спортын бүх л төрлөөр хичээллэж байсан. Орост сургуулийнхаа хөлбөмбөг, сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа. Дүү нар маань ч адилхан. Аав, ээжийн маань хүмүүжил шиг байгаа юм.

-Бас морь уях уу?

-Уяна. Бидний хобби ер нь адилхан. Аймгийн алдарт уяач, сумын алдарт уяач гээд явж өгнө. Аав минь одоо 80 дөхөж яваа хөгшин. Гэртээ суухгүй. Морь мал руу дагаад л явна. Ээж, аав хоёр минь ер нь их хөнгөн шингэн, хөдөлмөрч хүмүүс байдаг юм.

-“Магнай халиун” гэж таны моринд зориулсан шүлэг үү?

-Баадайн Хадбаатар гэж залуугийн шүлэг. Дуу болгочих санаатай бид хоёр яриад л байгаа юм. Гэхдээ яг ид сайхан уралдаж байх үед нь дуутай болгоход дэмий юм уу гээд хойшлуулчихсан. Ер нь манай халиун азарга нэлээн олон шүлэгтэй хүлэг болсон шүү дээ. Сая гэхэд хаа байсан Увсаас Эрдэнэ гэж хүн халиун азаргад зориулж шүлэг бичлээ гээд ярьж байна лаа.Сайхан л байна. Ер нь манай халиун азарга их олон фентэй болсон шинжтэй дэг шүү.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

 

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)