МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан малгай шалтгаанууд…

2017-07-24 16:17:24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН буюу одоогийн эрх баригч намын доторхи зөрчил өнгөрсөн долоо хоногоос олонд илчлэгдэж, нүдээ аних уу, үнэнийг харах уу гэсэн хоёр асуултыг тавихад хүргэлээ. Саяхан л буюу ердөө жилийн өмнө УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-ын 65 гишүүний суудалдаа баярласан аархалдаа ташуурч, цээжнийхээ бангаар улс төрийн нүүдэл хийж явсан тус намын толгой улстөрчдийн хувьд энэхүү зөрчлийг ажин түжиндээ дарж, ирэх намраас эхлүүлж болох байсан. Гэсэн ч идээ будааны өнгөн дээр, ирэх намрын зоогон дээр яаравчлан эзэгнэхийг тэдний хэн хэн нь яаравчилж буй нь ил боллоо. Учир нь, тэд хүлээх бус харин УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн зөрчлийн галыг өрдөх замаар МАН-ын шинэ дарга болон түүний багийн өнгийг зурахыг хүссэн бололтой юм.

Ингэхдээ тус намд үүрлэсэн хотын фракц болон Зүүний хүчний холбоо, МГМИО төгссөн элитүүдийн нэгдэл гэсэн гурван талт, хоёр багц эрх ашгаас МАН-ын зөрчил хальж буухгүй гэдгийг та бидний хэн нь ч андахгүй.

Гэвч үүнээсээ урьтаж, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын дарга бөгөөд намын дарга М.Энхболдын ялагдлын шалтгааныг дор бүрнээ өөрөөсөө холдуулах, цаашлаад эзэн холбогдогчийг тодруулах их хэлмэгдүүлэлтийн аяныг “Би үхэхээр чи үх” гэдэг зорилгоор эхлүүлсэн нь бас л гайхмаар сонин дүр зураг. Өөрөөр хэлбэл, МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь тус намын 200 мянгаар тоологдох жирийн гишүүдээс бус гагцхүү МАН-ын Төв байрыг өнжин хонон эргүүлдсэн, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар, Улаанбаатар хот хийгээд нийслэлийн удирдлагууд болон эрх мэдлийн тамгыг атгасан хурган дарга нарын буруу гэдгийг тэд тооцохыг хүссэнгүй. Тэр дундаа парламентад суудалтай хоёр өрсөлдөгч хүчин болох МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга гэсэн бүтэн хүндлэлгүй, бүрэн намтаргүй хоёр улстөрч нэр дэвшсэн байхад яагаад ялагдав гэдгээ тэд эрүүлээр харахыг хүссэнгүй. Иймд МАН-ын гишүүдэд будаа өгье. Яагаад ялагдсан бэ гэдгээ жаахан ч болов эрүүлээр хараг гэсэндээ шүү.

Бялуу хүртэх гэж үртэс өгдөг улстөрчдийн занг ард түмэн мэддэг болчихжээ

Тэгвэл МАН-ын ялагдалд хүргэсэн анхдагч шалтгаан нь тун энгийн. Тэд мартчихаж. Ердөө жил гаруйн өмнө УИХ-д сөрөг хүчний хувиар зовлогоо зовоон нуруугаа авахуулсан хүнд цаг үеэ УИХ-ын сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн мартаж орхисон. Ингэхдээ сонгогчдыг ёстой л цагаан цаас мэт итгэсэн. Яг л жилийн өмнөх ялалтын буухиаг дамжуулсан тэр өдрийн санал хураалтын тэнгэр өөрсдийг нь ивээнэ, сонгогчид өөрсдөд нь итгэнэ гэж бодсон байх. Харамсалтай нь, сонгогчид энэ удаад цагаан цаас болж гэнэн итгэмтгий сэтгэлдээ хөтлөгдсөнгүй. Татварын өөрчлөлт, хүүхдийн мөнгөний олголт, буцаалт тойрсон ороо бусгаа шийдвэрт нь итгэсэнгүй. Бялуу хүртэхийн тулд үртэс өгдөг улстөрчдийн занг Монголын ард түмэн андахгүй мэддэг болчихож. Үүнийг МАН тооцоолж чадсангүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын ороо бусгаа, хэт өгөөмрөө гайхуулсан гэнэтийн шийдвэрүүд тэр бүхний үлгэр загвар болов. Магадгүй үүнийг дараа дараагийн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд анхааралдаа авч, ард түмэн төөрөгдлөөсөө гарсан гэдгийг санаж судалгаагаа хийх хэрэгтэй биз ээ.

Төв аймаг улстөрч болгосон ч, Монгол түмэн Ерөнхийлөгч болгодгийг мартав

Хоёрдахь шалтгаан нь тун энгийн. УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга М.Энхболдыг улс  төрийн ноён нуруу, туршлага хэмээн харагдуулахдаа тэд эрч хүч, зориг зүрхтэй эр хүн гэдгийг нь харуулахаа мартчихсан. Монголын хамгийн нөлөө бүхий пиарчдыг мөнгөөр зодож ажиллуулахдаа хэн нь ч Ерөнхийлөгч Х.Баттулгыг зүрх сэтгэл, итгэл үнэмшлээрээ тойрон хүрээлсэн гарын арван хуруунд багтах дайны нэр бүхий фенүүд шиг нь хүчтэй зүтгэгчид М.Энхболдод хэрэгтэй гэдгийг тооцоолсонгүй. Сошиалд ертөнцөд хөлсөлж ажиллуулсан хаашаа л бол хаашаа урваж, хэний төлөө гэдгээс илүүтэй хэн мөнгө өгсөнтэй нь хамтран ажилладаг цөөн тооны сайн дурын уран сайханчдын явган хэрүүлийн дэмжлэгээр Ерөнхийлөгч болж чадна гэж тооцоолсон нь гайхмаар явгарал болж хувирлаа. Ингэхдээ Төв аймгийн сонгогчдын олонхийн санал МАН-ын даргыг улстөрч болгосон байлаа гэхэд бүх Монголын ард түмний санал Ерөнхийлөгч болгоно гэдэг гол гаргалгааг тэд тооцоолсонгүй. Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын тойргийн өрсөлдөөний сэтгэлгээгээ бүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэгдсэн тойргийн системд ашигласан нь алдаа болов. Нэг ёсны тэд нэр дэвшигчээ хайрцагнаас нь гаргаж, бие даасан удирдагчийн дүр бүтээлгэж чадсангүй.

Нэр дэвшигчтэй бус нэр дэвшигчийн тойрон хүрээлэгчидтэй өрсөлдлөө

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгчийн сонгууль бол бодлогын өрсөлдөөн. Бодлогоо ярих хэрэгтэй” гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг эс тооцвол тус намаас хэн ч бодлого, стратеги, Монгол төрийн тэргүүний үйл хэргийн талаар яг үнэндээ яриагүй. Дор бүрнээ буюу АН-ын штабаас тараасан мэдээлэл болон Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжигчдээс цацсан мэдээллийг тойрж, маргалдсаар байгаад цаг хугацаагаа өнгөрөөсөн гэж болно. 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийсэн Г.Доржзодов, тодорхой мэдээ мэдээллийг баримтаар дэлгэсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжиж захидал бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан, эцэс сүүлдээ монгол түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн аварга Н.Түвшинбаяр руу хүртэл ноцсон. Энэ хооронд нь Ерөнхийлөгч Х.Баттулгын шалгагдаж байсан төмөр замын хэрэг мартагдаж, энэ асуудлыг сөхсөн ч эс сөхсөн ч сонгогчдын олонх нь итгэхгүй болтлоо тархиа угаалгасан. Үүнд гэхдээ АН бус харин МАН-ынхан өөрсдөө буруутай. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй бус түүний дэмжигчидтэй “байлдаж”, тэднийг харлуулах, явган шог яриагаар доромжлох төдийхнөөр сонгуулийн сурталчилгаагаа дуусгасан. Магадгүй энэ хооронд бодлого ярьсан бол, Ерөнхийлөгчийн суудлын үнэ цэнийг ойлгуулсан бол яахан өнөөдөр ялагдлын гашуун нулимсанд живж суух билээ дээ.

Үл оролцоо буюу нэр бүхий лидерүүд хаа байв

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Намын лидерүүд намайг дэмжээгүй” хэмээн мэдэгдэж, МАН-ын хаалгыг савж гарсан цаг саяхан. Хэдийгээр түүний энэ дүгнэлтийг тухайн үед МАН-ын лидерүүд эсэргүүцэж, улс төрийн нүүдэл төдийхнөөр тайлбарлаж байсан бол энэ үгийг хэлэх эрх харамсалтай нь их ялагдлын дараа МАН-ын дарга М.Энхболдод олдож байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь, муу нэртэй, луу данстай гэгдэх ч УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос өөр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дэмжиж, ард түмний өмнө бамбай болсон нь хэн байв. Энэ бол асуух л ёстой асуулт. Наандаж Ерөнхий сайд асан Сү.Батболдын багийнхан хаа байв. Шадар сайд У.Хүрэлсүх бодит дэмжлэгээ ил гаргасан уу. Бодох л ёстой асуудал. “Улсын наадамд эрлийз морьд уралдуулахгүй” хэмээн тушаасан түүний үг нэр дэвшигчтэй холбоотой ураг төрлийн мэдээлэлд ач холбогдол өгсөн сөрөг хүчний пиарын бас нэгэн нэг үр дүнтэй сэжүүр болсныг нуух аргагүй. Зөвхөн тэд ч бус. Ердөө гарын арван хуруунд тоологдох МАН-ын лидерүүд хаа байв аа. Дахин асууя... Хэдийгээр энэ асуулт тус намын дотоод зөрчлийг нэмэх талтай ч эцсийн бүлэгт үнэнийг бичих эрх хийгээд асуух эрх сэтгүүлчийнх гэж үзвэл цаг үеэ олсон асуулт гэдэгт итгэсэндээ бичиж байгаа хэрэг ээ.

Ц.Сандуйгийн хамгаалалт Ерөнхийлөгчийн суудлаас үнэтэй байв уу

Энэ бол асуулт. УИХ-ын сонгуулийн өмнө “60 тэрбумын талаар уулзалт болсон нь үнэн” гэсэн НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн бичлэгийг өрсөлдөгч хүчнээс хангалалттай олон удаа цацсан. Мөн уг бичлэгт төрийн ахлах мэргэжилтнээс дээшхи бүх албан тушаалаас мөнгө босгох төдийгүй, НАМЗХ-г хагалах, хар машиныг хакердах гэх мэт ноцтой санал, санаачилга бичигдсэн байдаг. Гэсэн ч уг бичлэгийг эвлүүлэг гэдэг ээлжит мэдэгдлээ хийх замаар хаацайлахыг оролдсон. Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат яаран сандран уг бичлэгийг устгуулах зорилгоор Г.Доржзодовтой уулзсан тухайгаа ч мэдээллэсэн. Энэ тайлбар нь хэдийгээр нэр дэвшигчээ аврах зорилготой байсан ч үгийн алдаа, үйлдлийн хурднаасаа болоод нэр дэвшигчдээ гавьяа байгуулах бус бүр гай болох нь тэр. Тэр дундаа, уг бичлэгийг сая ам.доллараар худалдаж авах тухай санал гаргасан талаар Г.Доржзодов мэдэгдсэн нь үнэн худал нь мэдэгдэхгүй хөөрөгдөөд өнгөрсөн ч Ж.Мөнхбат уулзсан нь үнэн болсноор үр ашиг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын талд гарсан юм. Үүнээс улбаалаад НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах боломж байсан ч харамсалтай нь хоёр ч сонгууль дамнан нэр дэвшигчийн зүгээс түүнийг хамгаалж, бүр Улаанбаатар буюу нийслэл хотын бодлогыг тодорхойлох албан тушаалд томилсонд бухимдсан олны сэтгэгдэл МАН-ын дарга М.Энхболдын эсрэг саналаа өгөхөд хүргэсэн юм. Үүнийг нотлох баримт бол нийслэлийн сонгогчдын олонх нь өрсөлдөгчид нь саналаа өгсөн явдал байлаа. Гол нь 60 тэрбумыг босгох асуудал дээр хотын фракц дангаараа бус МАН-аас эрх мэдэл авсан бүх дарга нар хол хөндий харагдахгүй. Харагдах ч боломжгүй гэдгийг тэд цааш цаашдаа ойлгохгүйгээр улс төр хийвэл дахиад л ард түмний уур бухимдал эцэстээ хүрэхийг ядаж 2020 оны УИХ-ын сонгуулиас урьтаж ойлгох эсэх нь бас л эргэлзээтэй нь туйлын харамсалтай хэрэг.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хөлчүүрхэл бүх монголчуудыг уурлуулжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэрэг үйлдсэн, үйлдээгүй тухай мэдээлэл олон нийтийн бухимдлыг дээд цэгтээ хүрэхэд хамгийн том хөшүүрэг болсон нь гарцаагүй. Тиймээс ч түүний сонгогдсон Хэнтий нутгаас нэр дэвшигч М.Энхболд хоёр дахь шатны сонгуулиар хамгийн бага санал авсан. Ядахад, УИХ-ын гишүүн Д.Гантулга төрийн ордонд дотуур хувцсаа өмссөн өмсөөгүй, архи уусан, айлд хоносон тухайгаа мэдээллэсэн нь төрийн сүлдэндээ залбирдаг Монголын ард түмнийг доромжлоод зогсохгүй монгол төрийн үнэ цэнийг унагасан түүхэнд баймгүй ичгэвтэр үйлдэл болсон юм. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулсан бол Ерөнхийлөгч болж чаддаггүй юм гэхэд ядаж Хэнтий аймагт ялалт байгуулах ч байсан юм билүү хэн мэдлээ.

Бялдуучлал, балинчлал хоёр ялагдлын сүүлчийн цэгийг хатгасан нь

Улс төрд хэн сайн бялдуучилж, хэн сайн балинчилсан нь ялалт байгуулдаг. Тэр хэрээр гол улстөрч нь хорвоогийн хамаг л сайн сайхан бүхний охь дээд мэтээр өөртөө итгэж, өөрийгөө хайрлах, хамгаалах, өмгөөлөх ухаанд суралцдаг талтай. Гэсэн ч урьд өмнө байж ирсэн энэ дэг жаяг гэмээр гажуудал цаашид хэрэггүй, бүр тодруулбал ялагдалд хүргэдэг болсныг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль баталлаа. Өөрийг нь тойрон хүрээлэгчдийн дагуулж ирсэн жирийн нэг залуу нууц ярианых нь хуурцгийг задалж, бараг л насаараа дагасан итгэгч нэгэн нь Их тэнгэрийн бичлэгийг нь зарлаа. Хэдийгээр эл үйл явдал бусдад итгэх итгэлийг нугалсан хугалсан байх талтай ч үүнтэй зэрэгцээд улстөрч хүн улс төрийн хатуу ширүүн дайсаглан, нөхөрлөл дунд үнэн бодитой бүхэнтэй нүүр тулж явах ёстой юм байна гэдгийг баталсан үйл явдал бол нэр дэвшигчдийн мэтгэлцээний асуулт байлаа. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн хаалтын мэтгэлцээнийг хүртэл ард түмэн М.Энхболдод итгэж, түүний ноён нуруу, төрийн хар хүний туршлага, зангараг хоёрт нь найдаж явсан байх талтай. Гэсэн энэ хандлагыг МАН-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар 2017 оны эхээр томилогдсон “Сөүл” группын ерөнхий захирал асан Д.Өнөрболор ердөө л нэг цагийн дотор үгүй хийчихэв. “Таны уужуу зөөлөн зан чанар хаяа улс төрд зөөлддөг үү. Таны эхнэр их сайхан хүн бий. Та хэзээ танилцсан бэ…” гэх мэт асуултыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн цэнхэр дэлгэцээр тавиулж, олон нийтэд үүндээ таарсан гоё сайхан асуулт өгүүлснээр МАН-ын дарга М.Энхболдыг ёстой л хэн ч биш болгож хувирсан юм. Гол нь, энэ бүх асуултыг бэлтгүүлэхээр яагаад улс төрийн туршлагагүй, улстөрчийн А гэх мэдлэггүй Д.Өнөрболорыг явуулсныг ойлгоход бэрх. Харин Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайгийн хувьд муу, сайнаар олонтаа яригдаж бичигддэг ч тэр бол цэвэр улстөрч гэдэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгад тавьсан асуултаар ялгарсан. Тэр нэр дэвшигчтэйгээ холбоотой бүхий л муу, сайн мэдээлэлд тайлбар хийх болом­жийг олгосон. Харин МАН-ын даргын хувьд эсрэгээрээ. Иймд энэ удаагийн мэтгэлцээний асуултын тэнгэр, газар шиг зөрүүг дараа дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжүүр, бодол санааны үнэн бодитыг тогтоох дадлага сургууль байгаасай гэж хүсье.

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Шадар сайд, УИХ-ын дэд дарга гээд төрийн өндөр дээд дөрвөн албыг хашсан, хамгийн тулхтай, нуруутай гэдэг имижийг бүрдүүлсэн МАН-ын дарга М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдалд хүргэсэн малгай шалтгааны гол гэсэн үндэслэлүүд нь энэ. Үүний цаана бодлого яриагүй, пиар нь хэт хөөрөгдсөн, цөөнхийн буюу эд баялгийн охийг хуримтлуулсан цөөнхийн дуу хоолойгоор хэт гоёсон, УИХ-ын гишүүдийн үл ойшоосон давралт, нэр бүхий улстөрчдийн биеэ тоосон ойворгон мэдэгдэл, эмх цэгцгүй зарлал тунхаглал, нисдэг тэрэгний зардал… гээд олон олон шалтгааныг тоочин өгүүлж болно. Гагцхүү тэр бүхнийг бичих нь ээ сонины зай талбай, хоёрт Ерөнхийлөгчийн сон­гууль нэгэнт өндөрлөсөн гэдэг үндсэн хүчин зүйл хаалт болох ажээ. Ямартай ч, энэ удаагийн сонгуулийн алдааг дараа дараагийн УИХ, Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурах бичиг хэмээн үзэж, мартахгүй тэмдэглэн үлдээгээсэй гэж хүсье. Хар пиар ихэдсэндээ бус харин хар пиарт дөрлүүлж, хар пиарт сэдэв өгсөндөө ялагдсан гэдгийг эцэст нь цохон тэмдэглэе ээ.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин Г.Отгонжаргал

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Төв      ip : 202.9.40.154 2017-07-25 11:07:11
Нэмж хэлэхэд төрд шургалсан хамгийн чадваргүй, бэртэгчин этгээдүүд Энхболдыг дэмжиж байсан нь эргэн тойрныхны дургүйцлийг төрүүлсэн

зочин      ip : 103.57.92.216 2017-07-24 17:58:59
МАН - ын үнэмлэхүй олонхи чадвар муутай , дарга дээдсээ долоосон , долигоносон , өнгө , мөнгөний сонирхолтой , тохиолдлын зэрэг гишүүд олонхитой бүлэг. МАН - ын эрүүл саруул гишүүд , дэмжигчид нэн тэргүүнд Энхболд , Мөнхбат , Сандуй нар тэдний гар хөл , санаа нэгтнүүдээс салж төрийн ажил албанаас огцоруулах хэрэгтэй! Мөн тэднийг доргиож догиосон Нямдорж , Хаянхирваа , Сарангэрэл , Оюунчимэг мэтийн УИХГ ийг байх ёстой байранд нь тавьж хариуцлага тооцох ёстой !!!

bat      ip : 182.160.33.186 2017-07-24 16:50:26
сонгогчдоо улаан цайм доромжлодог бохь хүүхэн, хууль зөрчиж юу хамагүй хадууран ярьдаг боов сэтгүүлч эмч нарын амиар тахил өргөсөн ЭМ сайд авгай нэгэн дэлгүүрийн эзэн юугаа ч мэдэхгүй мөртөө хэт их мэдэгч мэргэн жараахай авгай, архичн дамбаочир,хар тамхичин ундармаа авгай, БО сайд балай унтаа хэрүүлч авгай хошонго долоогч авилгагч бацаан нар гээд энэ намыг бузарласан маш олон хүмүүс бна бна аа

СЭТГҮҮЛЧ      ip : 103.57.92.216 2017-07-24 16:47:20
Г.ОТГОНЖАРГАЛ ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЮМ ХӨНГӨН ДҮГНЭЛТТЭЙ ЮМ БИЧДЭГЭЭ АНХААРМААР !!! ОЛНЫ ДУНД , СООШЛ ЕРТӨНЦӨД ШУУГИУЛСАН ҮНЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛИЙГ ХАМААД Л ӨӨРИЙН БОЛГООД БИЧЖЭЭ. ДҮН ШИНЖИЛГЭЭ МАШ МУУ , ЭХ СУРВАЛЖ МУУТАЙ НИЙТЛЭЛ АЖЭЭ. МАН - ЫН НЭР ДЭВШИГЧ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН !!! ТӨРИЙГ МАФИЖСАН СҮЛЖЭЭ БОЛГОСОН ПРОДЮССОР ГЭДГИЙГ НЬ ТАНЬСАН УЧРААС ТҮҮНИЙГ СОНГООГҮЙ!!! МАН , МАН - ЫН ЗГ УРАГ ТӨРӨЛ , САНХҮҮ , БИЗНЕС , АШИГ СОНИРХЛЫН БҮЛЭГЛЭЛИЙН ГАРТ ОРЧИХСОНЫГ МЭДЭРСЭН , МЭДСЭН УЧРААС ЭХНИЙ ДҮНГЭЭ ТАВЬСАН!!! МАН БУЛАЙ БҮЛЭГЛЭЛЭЭСЭЭ САЛЖ ЦЭВЭРШИЖ УЛСТӨРИЙН ЭРҮҮЛ ХҮЧИН БОЛОХГҮЙ БОЛ УЛС ТӨРИЙН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ҮҮР УУРХАЙ БОЛНО !!!





(0/800)