Хандивын эх орон

2017-08-01 10:57:05

Үе үеийн удирдлага нь цагдаа шүүхийн хаалга татаж, хурандаа цолтой очоод генерал цолтой буцдаг Онцгой байдлын ерөнхий газарт “Петровис” группын хандивласан газар уснаа явагч машин байсангүй. Иргэд сайн дураараа туслая, гал унтраая гээд очиход Улсын нөөцийн сангаас нь гаргаад өгчих гал унтраах наад захын энгийн хэрэгсэл ч олдсонгүй. Ийм байхад дарга нь цол нэмдгээрээ нэмж, иргэд хандив өгдгөөрөө өгсөөр байх уу

Эрхэлсэн ажилгүй хандив цуглуулагчид итгэж болох уу

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос… Ийн хэлэх, бодох бүрт гуйсан, шаналсан болгонд хандив өгмөөр. Ер нь улсаа ч тэр, хүнээ ч тэр бодоод цалингийнхаа тодорхой хувийг хандив гэдэг данс нээн хуримтлуулах бодол хэн хүнд төрдөг л байх. Гэсэн ч сэтгэл хийгээд зарцуулалтын хооронд эрх ашиг, захиран зарцуулалтын тухай үнэн бодитой  мэдээлэл даанч зөрүүтэй байх нь харамсмаар. Тиймээс ч хандивын тухай мэдээ, мэдээллийг нүднийхээ тойргоос хасах, сэтгэлийнхээ мухраас хөөх бодол төрөөд болдоггүй ээ. Учир нь, хандив нэрээр цуглуулж буй бэлэн мөнгөний орлогыг хэн тайлагнаж, хэрхэн зарцуулж байгаа тухай мэдээлэл олж үзэх нь тунчиг ховор боллоо. Тэр дундаа хандив нэрийн дор олон тооны төрийн бус байгууллага байгуулагдаж, сошиалаар ядарсан, шаналсан олны зураг тавих замаар сайхан сэтгэлийн үнэ цэнийг хөөрөгдөх нь ихсэв. Өөрийнхөө эрхэлсэн ажилгүй тухайгаа ам бардам хэлж, сайхан сэтгэлийнхээ буянаар амьдарч буйгаа бахархангуй өгүүлэх нь өөрөө хандивын мөнгөнөөс хувь хүртэж амьдраад байна уу гэдэг хардлага, сэрдлэгийг төрүүлэхгүй байхын аргагүй юм.

Ер нь бол хэтийдсэн их сайхан сэтгэл байлаа, байлаа гээд өрөөлийн зовлонгийн төлөө хоол идэхгүй, хувцас өмсөхгүй амьдрах нөхцөл өнөөдрийн нийгэмд байгаа бил үү. Тэр дундаа үр хүүхэд, хань ижил гэж гэр бүлийн төв тодорхой хэрэгцээ шаардлага байсаар байхад шүү. Иймд хандив нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хувь хүний санал санаачилгыг зайлшгүй нягталж шалгаж, цэгцэнд нь оруулахгүй бол эргээд энэ нь өрөөл бусдад туслах өглөгийн сэтгэгдлийг хаах, цаашлаад хүн хүндээ итгэх өчүүхэн жаахан ч болов сэжмийг нугалах гэмтэй байж мэдэх юм.

Онцгойгийн нөөц улсын нууц байлаа гэхэд чадамж, чадлыг нь мэдэхгүй хандив өргөсөөр байх уу

Ингэж хувь хүн тойрсон хандивын аяны талаар бодож суухтай зэрэгцэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийг унтаарахад зориулж Онцгой байдлын ерөнхий газрын дансанд  иргэд олон нийт, дотоодын болон гадаадын компаниуд долдугаар сарын 21-ний байдлаар 683 сая 470 мянган төгрөгийг бэлнээр хандивласан байна. Үүн дээр нэмж, “Оюутолгой” ХХК хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, бэлэн мөнгө нийлээд 53 сая төгрөгийн хандив өргөсөн. “Петровис” компани газар уснаа явагч авто машиныг 25 сая төгрөгийн хамт, Герман, Англид ажиллаж амьдарч буй монголчуудын өгсөн хандив гээд сүүлийн долоо хоногт өрнөсөн хандивын аяныг нэмбэл чамгүй өндөр дүн гарна. Ус ундаа үйлдвэрлэдэг нь ус ундаа, хувцас хэрэгсэл оёдог нь хувцас хэрэглэлээр, боов, талх үйлдвэрлэдэг нь боов талхаа бариад ирсэн. Хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудаа та бид “Хүний нутагт жаргаад өөрийн оронд тусалсангүй” гэж олонтаа загнаж зандардаг ч АНУ-д байгаа монголчууд, Англид байгаа монголчууд, Солонгост байгаа монголчууд гээд дор бүрнээ таваас арван сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүллээ. Тэр ч бүү хэл, өвөрмонголчууд хүртэл хандивын аян өрнүүлсэн. Энэ бол Монгол Улсаа, эх нутгаа гэсэн сайхан сэтгэлтэй хэн бүрийн байгаль дэлхийгээ хайрлах гэсэн сэтгэлийн өглөг. Бахархаад ч ханамгүй. Яг энэ дэмжлэгийг цаг зудны хэцүү хүнд үед малчдад өгөх нь ч бий. Олонх нь Монголын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжиж, чамгүй хэсэг нь Онцгой байдлын ерөнхий газраар эзэндээ хүрдэг. Тухай бүрт тэдгээр хандив тусламжийг ачиж гарч буй ачааны машины өмнө зогссон сайд дарга нарын зурагтай хамт мэдээлэгддэг. Харин хэдэн төгрөгний тусламжийг, хэн юунд зориулав гэдэг мэдээлэл бас л байхгүй. Авлаа, хуваариллаа, тараалаа гэсэн гуравхан утгатай.

Үүнээс нь улбаалаад “Монгол Улс хандивын эх орон боллоо” хэмээн дүгнэж болмоор. Уг нь, Онцгой байдлын ерөнхий газар өөрийн гэсэн данс тооцоотой, Улсын нөөцийн санг дэргэдээ нэгтгэсэн манай улсын хамгийн том ашгийн бус өөрөө захиран зарцуулах эрхтэй том хүчин. Тэд гал усны аюулаас иргэдээ хамгаалах, цаг бусын зовлон бэрхшээлээс өмгөөлөх үүрэгтэй байгууллага. Гэтэл жилийн жилд, Засгийн газар солигдох бүрт хэн Онцгой байдлын Ерөнхий газрыг удирдах вэ гэдэг асуулт улс төр, бизнесийн бүлэглэлийнхний овоо хараанд тунаж үлддэг. Улмаар шинэ удирдлага нь хурандаа цолтой ирж генерал цолтой буцдаг бараг батлагдаагүй хуультай болчихсон. Тэгсэн хэрнээ цас орсон ч, түймэр гарсан ч санхүүгийн хийгээд хүний нөөц боломжгүй гээд суучихдаг. Түүнийг нь ойлгож дэмжлээ, тусаллаа гээд үйл ажиллагаагаа өргөжүүлж сайжруулаад байгаа зүйл байдаггүй. Улаан галын өөдөөс явган нүцгэн ордог дайчин эрчүүдээс өөр түшиг тулгуур байдаггүй. Тэд л амиа өгнө, амьдралаараа хохирно. Ийм байхад та бид хандив өгсөөр, хандивыг тэд захиран зарцуулсаар байх уу. Энэ бол зүй ёсны тавих ёстой асуулт. Өнөөдрийг хүртэл “Петровис” группын бэлэглэсэн газар уснаа явагч машин Онцгой байдлын ерөнхий газарт байсангүй. Иргэд сайн дураараа туслая, гал унтраая гээд очиход Улсын нөөцийн сангаас гаргаад өгчих гал унтраах наад захын энгийн хэрэгсэл ч олдсонгүй. Гэтэл Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Улсын нөөцийн сан хэдий хэмжээний хөрөнгөтэй болохыг, түүний захиран зарцуулалтыг хэрхэн хөтөлдгийг, бараа бүтээгдэхүүний сэлгэлтийг хэрхэн хийдгийг бид хэзээ ч асууж байсангүй. Асуулаа гэхэд бараг л улсын нууцтай холбоотой болж хувираад асуусан хүн нь буруудаж мэдэхээр. Харамсалтай нь, үүнтэй холбоотой тус газрын үе үеийн удирдлага хууль шүүхийн хаалга татаж, бурууддаг ч эцсийн бүлэгт гэм хоргүй болж цагаадах нь олонтаа. Өөрөөр хэлбэл хаалттай хаалганы цаадхи гамшиг осолтой тэмцэх тусгай бүсийн нууцыг бид мэдэх эрхгүй гэсэн үг. Тэгсэн хэрнээ хандив татаж, үүцээ нэмэхдээ сайн. Тиймээс “Онцгойгийн нөөц улсын нууц байлаа гэхэд чадамж, чадлыг нь мэдэхгүй хандив өргөсөөр байх уу” гэдэг асуултыг цаашид цас, бороо, түймрээс үл шалтгаалан та бид асуусаар байх хэрэгтэй биз ээ. Тэр дундаа, албан хаагч нь хатсан боорцог хэмлэж, хариуцсан удирдлагууд нь хөлжиж бэлчихээд албанаасаа буудаг дэг жаяг тогтсон байхад шүү.

 

Орон нутгийн ойн баярын хандивыг Засаг даргын өрөө тохижуулахад зарцуулжээ

 

Энэ сэдэвтэй холбоотой мэдээлэл цуглуулж суухад Нээлттэй нийгэм форумаас санаачлан хийлгэсэн “Хандивын талаарх хориглолтын хэрэгжилтийн үнэлгээ” гэсэн судалгааны ажлын жишээ, дүгнэлтийг олны анхааралд оруулах шаардлагатай гэдэгтээ санал нэгдэж суулаа. Учир нь, тухайн судалгааны багийнхан нэг аймгийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор цуглуулсан 919 сая 604 мянган төгрөг буюу бараг тэрбум төгрөг цуглуулсан тухай мэдээлэл цуглуулсан байдаг. Хандивын тоглолтын билетийн орлого, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хандив, аймаг, сумын төрийн албан хаагчдаас албан журмаар хураасан хандив, Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, аймаг сумын иргэд гэх мэтээр хураасаар хандивын хэмжээ дээрхи мөнгөн дүнд хүрч. Зарцуулалтынх нь тухайд хүндэтгэлийн багана босгох, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах, бөхийн барилдаан зохион байгуулах… гэж явсаар Засаг даргын өрөөг тохижуулж, тавилгыг нь шинэчлэхэд дөрвөн сая 900 мянга буюу бараг таван сая төгрөг захиран зарцуулсан байх юм. Түүнчлэн хандивт өгсөн мөнгөн дүнтэй нь дүйцүүлэн газар эзэмших эрх, газар эзэмших эрхийг нь сунгасан тохиолдол ч байх аж. Тэгэхээр хандив нэрийн дор эрх ашгаа хамгаалах, цаашлаад өөрсдийн хууль бус үйл ажиллагааг хууль ёсны болгон хувиргах далд наймаа хийж буйг Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн судалгаанд баримтжуулан мэдээллэсэн гэсэн үг. Мөн дээрх байгууллагууд хуулиараа хандивын зарцуулалтыг нэг сарын дотор олон нийтэд нээлттэй мэдээлэх байтал тэр үүргээ биелүүлдэггүй. Хуулийн дагуу хандив цуглуулсан болж өөрийгөө зөвтгөдөг атлаа хуулиар хүлээсэн тайлагнах үүргээ биелүүлдэггүй гэсэн үг. Ийм байхад дахиад асууя. Та бид хандив өргөсөөр л байх уу гэж… Хандив өргөж сайн хүн болж харагдах, эс бол сайхан сэтгэлээсээ бусдад туслах гэсэн хоёр зорилго байлаа гэхэд эргээд хандивыг хэн өөртөө хандивлаад байна вэ гэдгийг ядаж бодож үзэцгээе. Эс бөгөөс ХАНДИВЫН ЭХ ОРОНД хандивыг өөртөө ашигладаг, хандиваар амьдардаг, хандивыг луйварддаг төр, хувийн хэвшлийн данхайсан том бүтэц бий, болж, хэвших нь байна шүү, цаана чинь.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)