Э.Номинчулуун: “Багануур”-ын уурхайг үнэгүйдүүлэх замаар хувьчилж авах гэж байсан үйлдлийг зогсоосон

2017-08-01 15:17:20

Улаанбаатарчууд та биднийг өнтэй дулаан, гэрэл цахилгаантай амьдрахад хамгийн том хувь нэмэр оруулдаг төрийн өмчит ком­пани бол яах аргагүй “Багануур” ХК. Иймд ирэх өвлийн бэлтгэл болон тус уурхайн ирээдүйн зорил­го чиглэл, стратеги төлөвлөгөө, өнөөдрийн хүндрэл бэрхшээлийн талаар гүйцэтгэх захирал Э.Номин­чулуунтай уулзаж, ярилцлаа.

-Ирэх жил 40 жилийн ойгоо тэмдэглэх “Багануур”-ын уурхайн хөгжил дэвшил, ирээдүйн стратеги монголчууд, тэр дундаа улаанбаатарчуудын ажил, амьдралтай нягт уялдах хүчин зүйл гэдгийг та хүлээн зөв­шөөрөх байх. Иймд энэ уурхайн нөөц бололцоо, түүхий эдийн чадавхи ер нь хэр байгааг та танилцуулаач?

-Өнгөрсөн цаг хугацаандаа 39 жилийнхээ түүхийг бичиж, ирэх онд 40 жилийнхээ ойг тэмдэглэнэ гэдэг бол бид бүхний хувьд яах аргагүй бахархалтай үйл хэрэг гэдэгтэй санал нэгдэнэ. Хүний амьдралын бүхэл бүтэн нэгэн үе байна шүү дээ. Тухайн үедээ жилд 4-6 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар жилдээ өнөөдрийн нүүрсний хэрэг­цээг хангах зорилгын хүрээнд жилдээ хязгаарлагдмал байдлаар буюу 3.8-3.9 сая тонн олборлож байна.

-Илүүг борлуулах зорилго байдаг уу?

-Аливаа бизнес хэрэгцээ шаардлагад тулгуурладаг. Үүнийг дагаж ажиллаж байгаа маань энэ. Бид эрчим хүчний системд таарсан нүүрс нийлүүлдэг. Коксжих нүүрсний шаардлага манайд байхгүй учраас үүнээс илүүг борлуулах боломжгүй байгаа юм. Харин энэ жилээс Хятад Улсын зарим хэрэглэгчид манай нүүрсийг сонирхож эхэлж байна. Иймд 2018 оноос шинэ төлөвлөгөөтэй ажиллах зорилттой байгаа.

-Хаанаас нь вэ?

-Эрээн болон Бээжин хотын наад захын хотуудаас санал ирүүлсэн. Гэхдээ их хэмжээгээр буюу ойролцоогоор жилдээ таван сая тонн нүүрс авах санал тавьсан учраас хүчин чадлаа нэмэх болж байгаа юм. Одоогийн нөөц боломжоор бол хэцүү л дээ. Манай багийн хувьд 2017 онд ажил аваад нийгмийн сайн сайхан руу чиглэсэн аян зохион байгуулах, эко орчныг бүрдүүлэхэд нэлээн анхаарч ажиллаж байна. Үүний дагуу 100 мянган тонн сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бичсэн. Тус­лан гүйцэтгэгч компанитайгаа хамтарч, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан. Үүнийгээ Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, техни­кийн зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь, дөрөвдүгээр сард техник, эдийн засгийн үндэслэлээ өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу нь гараагүй байна.

-Яагаад вэ?

-Сайдын зөвлөлийн хурлыг хүлээж байгаа бололтой юм билээ. Гол нь, үүний ард бидний зүгээс цаг хугацаа алдаад байна. Хэрэв төсөл дэмжигдээд, хэрэгжүүлэх боломж нээгдчихвэл Улаан­баатар хотын жижиг хэрэглэгчдэд борлуулах боломжтой болно. Үндсэндээ манайх 380-400 мянган тонн түүхий нүүрсийг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулдаг. Үүний 190 мянган тонныг нь утаагүй түлш болгоод гаргахад эргээд 300 мянган тонн түүхий нүүрстэй тэнцэх хэмжээний утаагүй түлш, сайжруулсан нүүрс болж хэрэглэгчдэд очно. Энэ асуудал өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр яригдсан. Хөгжлийн банкинд хөрөнгө оруулалтыг нь яаралтай хийх асуудлаар чиглэл өгсөн. Мөн бидний зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд төслөө өнгөрсөн долоо хоногт өгсөн.

-Хэр хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ?

-Хангалттай хэмнэлт хийгээд 22 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг хэрэгтэй. Ажлын байрны тухайд хуучин төмөр замд ашиглаж байсан том объект байгаа учраас тэндээ үйлдвэрлэлээ явуулахад бэлэн.

-Хятад руу нүүрс борлууллаа гэхэд тээвэрлэлттэй холбоотой дэд бүтцийн асуудал хүндрэл үүсгэдэг шүү дээ. Хэдийгээр гэрээ албан ёсоор хийгээгүй байгаа ч та бүхний хувьд урьдчилсан байдлаар энэ хүчин зүйлээ тодорхойлсон байж таараа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Яг өнөөдөр тохиролцсон зүйл арга. Гэхдээ гаргалаа гэхэд төмөр замаар тээвэрлэнэ. Дараагийн шатанд манайд чанар муутай нүүрсний хаягдал их байдаг. Дунджаар 2100-2200 килокалорийн илчлэг багатай нүүрснүүд гэсэн үг л дээ. Иймд үүнийгээ баяжуулах замаар 1-1.5 дахин хувиар илчлэгийг нь нэмж зах зээлд борлуулах зорилго байна. Түүнийгээ станцууд, хэрэглэгчдэд нийлүүлбэл нэмүү өртөг нэмж чадна. Энэ чиглэлээр Өмнөд Солонгосын компани болон манай толгой компани болох “Эрдэнэс МГЛ”-ын зүгээс тус тусдаа санал тавьж, ярилцаж эхэлсэн байгаа. Жилдээ 1-1.5 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах замаар илчлэгийг нь сайжруулах тухай санал тэр хүрээнд яригдаж байна. Он гараад энэ дугаа Өмнөд Солонгос руу дээж явуулна. Мөн Япон руу элсний аргаар баяжуулдаг шинэ технологийн туршилт хийлгэх зорилгоор дээж явуулсан байгаа. Гэхдээ элсний аргаар боловсруулах нь өндөр өртөгтэй учраас борлуултын үнэ өсч таараа. Иймд шууд хэрэглэхэд хэцүү гэж ойлгож болно. Хэрэв ашгаа бодох юм бол илчлэг нь бараг хоёр хувиар өсөх энэ аргыг сонгоход алдахгүй. Ямар ч байсан 40 жилийнхээ ойг угтаад утаагүй түлш боловсруулах, чанар муутай нүүрснийхээ илчлэгийг нэмүү өртөг шингээх замаар нэмэх гэсэн хоёр чиглэлээр шинэ үйлдвэр ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.

-Ер нь дотоод нөөц бололцоо­ноосоо энэ бүхнийг ашиглалтад оруулах боломж байдаг уу. Ашиг орлогын хувьд төрийн өмчийн компани, үйлдвэрийн газар бүгд алдагдалтай ажиллаж байгаа тухай тайлан мэдээ байдаг. Танай компанийн хувьд энэ асуудал ямар хэмжээнд байгаа вэ?

-Үнэн. Бүгд л алдагдалтай байгаа. Харин манай уурхай өнгөрсөн онд 1.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Гэхдээ энд илэн далангүй тайлбарлах ёстой нэг зүйл бий. Монгол Улсын аудитын дүгнэлт, олон улсын байгууллагын аудитын тайлантай зөрдөг юм байна.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Хувьчлалтай холбоотой зөрчил гарсан гэж ойлгож болно. Хальт нэмэлт хувьцаа гаргаад, нэг их удалгүй цуцалсан. Тэр тухай асуудал. Манай үйлдвэрийн үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг үнэгүйдүүлж, хуучин үнээр нь тооцох замаар хямд өртгөөр авах арга сийлсэн байсан. Өнөөдрийг хүртэл тэр тооцоог засч чадаагүй яваа. Аливаа тоног, төхөөрөмж, барилга байгууламжийг хувьцаа гаргахын өмнө ахин үнэлгээ хийж, цаг үеийн ханшаар нь тооцож үнэлэх ёстой. Гэтэл манайхыг шууд үнэгүйдүүлчихсэн. Объектууд бараг үнэгүй болсон гэсэн үг. Тэгэхээр үйлдвэрийн үйл ажиллагаа хийсвэрээр ашигтай гарсан. Харин Монгол Улсынхаа аудитын дүрмээр явбал манайх алдагдалтай гарна. Мөнгөн хөрөнгийн хувьд байнгын гачигдалтай явдаг. Өвлийн улиралд харьцангуй гайгүй. Дулааны улиралд станцууд хэрэгцээгээ багасгаад, мөнгө төгрөгөө өгөхгүй чирэгдэл үүсгэдэг. Иймд энэ асуудлыг шийдэх, цоорхойг нөхөх, хөрөнгө оруулалт нэмэх зорилгоор цаг тухай бүрт нь арилжааны зээл авах замаар нөхөөд явдаг. Энэ нь бараг уламжлал болчихсон гэж болно. Гэхдээ уламжлал болсон гээд ингээд явуулах бус өөрчлөх, боломж бололцоогоо дээшлүүлэх шаардлагатай байна. Зөвхөн энэ жилийн тухайд 75 тэрбум төгрөгийн худалдан авах бараа, материал, техник хэрэгсэл, үйлчилгээний зардлын хэрэгцээ байгаа. Үүнийгээ нэлээн сайн танаж хасаад 60-65 тэрбум төгрөгт багтаах зорилт тавин ажиллаж байна.

-10 тэрбумаар нь хасаж дөнгөх үү. Дөнгөх үү гэдэг муухай үг ч тодруулж асуухад бас буруудахгүй болов уу?

-Хасахгүй энэ хэвээр нь зарцуулбал дахиад л дараа жилд энэ хэмжээний, үүнээс ч их зардал гарна. Иймд хэмнэлт хийж сурах хэрэгтэй. Дээр нь, хэт хөөрөгдсөн, буруу төлөвлөсөн зүйлс энэ дунд бий. Гол нь, эндээс гарсан хэмнэлтээрээ тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийнэ. Мөн ажилчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор цалин хөлсийг нь тодор­хой хувиар нэмэх зорилготой байгаа.

-Сая уурхайгаар яваад маши­нис­туудтай уулзахад алхагч эксковаторыг 20 жил ажиллах ёстой ч танайх 37 жил ажиллуулж байгаа тухай ярьж байна лээ. Энэ нь уурхай байгуулагдсан цагаас хойш ажиллуулсан гэдэг утгаар нь бахархаж болох ч үүнийг дагаад нэг эксковатор бус танай уурхайн бүх тоног төхөөрөмж, машин техник дээр яригдах насжилтын асуудал бололтой юм билээ. Үүнтэй холбоотой зайлшгүй шинэчлэх тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт гарсан байдаг байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Жагсаалт байгаа. Ер нь бол манай ашиглаж байгаа нийт тоног төхөөрөмжийн 80 хувь нь хугацаа хэтэрчихсэн. Жишээлбэл, хөрс хуулалтын машин гэхэд 7-8 жилийн хугацаатай байдаг. Гол нь манайх өдөр, шөнөгүй ажиллуулдаг. Жолооч нь солигдохоос машин, техник нь солигддоггүй. Ээлж солигдох хоёр цагийн хугацаанд түр унтраахаас бусдаар хоногийн 22 цаг ажилладаг гэж бодохоор жил жилээр нь тооцоод үзэхээр ямар их хугацаа гарах нь ойлгомжтой. Жижиг эксковатор гэхэд 15 жил, алхагч эксковатор 20 жил ажиллах ёстой. Гэтэл манайх 37 жил ажиллуулж байх жишээний. Энэ нь зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй гэсэн үг. Цаашид бид бүхний хувьд энэ маягаар яваад байж болохгүй. Түр зуурын засвар үйлчилгээ хийх замаар аргацаасаар байхад эргээд үйлдвэрлэлийн зардал асар өндөр болж ирж байна. Цаашид засварынхаа зардлыг даахгүй болж ирэхээр байгаа. Иймд хуучин эд ангийг сэргээх засварын төв байгуулахаар гурван тэрбум төгрөгийн төсөл бичсэн. Харамсалтай нь, толгой компаниас шууд дэмжихэд хэцүү байх шиг байна. Санхүүтэй холбоотой асуудал л даа.

-Гэхдээ өөрсдийнхөө хүчээр эксковаторын шанага үйлдвэрлэсэн гэдэг мэдээ харсан юм байна?

-Ш1070 гэж эксковаторын 10 шоо метрийн багтаамжтай шанага үйлдвэрлээд сар орчим ашиглаж байна. Энэ хугацаанд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсангүй. Гурван сарын хугацаанд туршиж үзээд болж байвал цаашид ОХУ-аас шанага авахаа болих зорилготой байгаа. Ийм багтаамжтай, сайжруулсан буюу засварласан шанага 230-240 сая төгрөг байдаг. Шинэ нь 280-300 сая төгрөг. Бид өөрсдийнхөө нөөц бололцоогоор эхний ээлжинд 90-110 сая төгрөгийн хооронд үйлдвэрлэж, угсрах тооцоо байгаа. Тэгэхээр чамлахааргүй хэмнэлт гарч байгаа биз. Энэ жил гурван шанага авах байсныхаа хоёрыг нь ОХУ-аас аваад, нэгийг нь өөрсдөө угсарсан.

-“Багануур” ХК-ийн хувьцааг ердөө гурван сарын дараа буюу 2016 оны долдугаар сард гаргаад, аравдугаар сард бүртгэлээс хассан. Энэ гурван сарын хугацаанд танайх хэр алдагдал хүлээсэн бэ?

-Хувьцааны нэрлэсэн үнийг нөгөө талын хүмүүс өөрсдийн эрх ашгаар, зохион байгуулалттай тогтоосон учраас их бага үнэлсэн байдаг. Ерөнхийдөө 26 тэрбум төгрөгөөр авах зорилго байсан шиг байна лээ. Үүнийг харин цаг тухай үед нь илрүүлж, зогсоосон. Манай уурхайн хувьд нэгэнт цаг алдахгүй хувьцааны борлуулалтыг зогсоосон учраас хохирсон зүйл байхгүй. Гэхдээ алдагдал нь биет бус ч гэсэн үндсэн хөрөнгийг үнэгүйдүүлснээр тайлан балансаа хэрхэн гаргах вэ гэдгээс эхлээд маш их бэрхшээл учруулсан. Энэ асуудлаар Сангийн яаманд хэд, хэдэн удаа асуудал тавьсан. Шийдэж өгөөгүй л байна.

-Тухайлбал үнэгүйдүүлсэн гэдэг дээр ямар баримт, жишээ байдаг вэ?

-Яг бүгдийг тодорхой хэлэхэд хэцүү л дээ. Зах зухаас нь хэлэхэд үндсэн байрны үнэлгээ тэрбум төгрөг байсныг 100 саяар үнэлсэн байх жишээний. Тэгэхээр асуудал хүнд байгаа биз. Дээр нь, манай лиценз бас маргаантай байгаа. Наймдугаар сар гараад шүүх хурал болно байх. Өмгөөлөгчийн компани хөлсөлсөн байгаа. Асуудал яаж шийдэгдэх юм бүү мэд. Манайд байсан лицензийг өөр хүнд ашиглалтын лиценз хэлбэрээр шилжүүлсэн байхад итгэхэд хэцүү л юм байна. Хувьчилж авахаар санаархаж байсан хүмүүс л тийм зүйл хийсэн. Хэцүү юм билээ. Улсын үйлдвэрийг тэгж үнэгүйдүүлж авахыг санаархана гэдэг бол хэн хүний хувьд хийчих амар зүйл биш байж таараа.

-Хувийн хэвшил танай уурхайн 25 хувийг эзэмшиж байгаа. Ойлголцол хэр байдаг вэ?

-Төлөөлөн удирдах зөвлөлд ордог учраас асуудлаа хурлаар ярилцдаг. Төрийн эзэмшил 75 хувь давамгайлж байгаа болохоор ерөнхийдөө гол гэсэн шийдвэрээ гаргаад явдаг. Энэ дунд нэг их ойлголцлын зөрүү, эрх ашгийн ялгарал гээд байх зүйл байдаггүй.

-Сүүлийн үед нүүрсний бүс нутгаар шингэрүүлсэн нүүрс, коксжих нүүрсний судалгаа их хийгдэж байгаа. Тэр хэрээр томоохон хийн ордууд шинээр илэрч байгаа мэдээлэл их гарах болсон. Танай уурхайн бүсэд энэ чиглэлийн судалгаа хэр хийгдэж байгаа вэ. Шинэ мэдээлэл юу байна?

-Сүүлийн үед судалгааны ажилд нэлээн анхаарал хандуулж байгаа. Жишээ нь, хөрсний гүний усыг шинжлэхэд хүхэрлэг ихтэй, рашааны чиглэлийн ач холбогдолтой гэдгийг тогтоосон байгаа. Манай уурхайн суурин дээр өмнө нь ч рашаан ус оргилж байсан гэдэг түүх байдаг. Мөн малын тэжээлийн чиглэлээр гуммины бордоо боловсруулах боломжтой гэдгийг тогтоосон. Уурхайн овоолго шорооны дээжийг Япон руу явуулахад өнгөлгөөний тоосгоос эхлээд барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэдэг хариу өгсөн. Өмнө нь манайд ажиллаж байсан оросууд ч хийж үзсэн байдаг. Гол нь судалгааны дүн байлаа гэхэд төсөл боловсруулах хэрэгтэй байна. Иймд эхний ээлжинд 20 инженерийг сонгож, олон улсын стандартад нийцэхүйц төсөл бичих сургалтад хамруулж, зааварчилгаа өгүүлсэн. Цаг үе хөгжихийн хэрээр өмнөх шигээ нүүрсээ шууд станцуудад шахдаг, чанартай чанаргүй нь хамаагүй ав гэж тулгадаг үе ард үлдсэн байна. Тэр хэрээр дотоод нөөц бололцоогоо дайчлан суралцах, шинэ санал санаачилга, судалгаа шинжилгээгээр тогтоогдсон боломж бололцоогоо түүхий эд болгож, үйлдвэрлэлд нэвт­рүүлэхэд өөрсдөө суралцах шаардлагатай болж байна даа.

-Монгол Улсын хэмжээнд сүүлийн үед нарны болон салхин цахилгаан станц хэд хэд ашиглалтад орсон байгаа. Хэдийгээр энэ чиглэлийн станц байгуулах нь зардал ихтэй ч эргээд хэрэглэгчдэд ирэх өртөг нь бага гэсэн яриа байдаг. Тэр хэрээр нүүрсний эрчим хүчний хэрэглээнд өрсөлдөгч олноор гарч ирж таараа. Таны хувьд энэ өрсөлдөөний тухайд ямар бодолтой байдаг вэ. Нүүрс­ний чиглэлээр дагнасан инженерүүдийн хувьд дээрх чиглэлийн станцыг байгальд хортой, хөрсөн доор байгаагаа эхэлж ашиглаад, дараа нь нар, салхиа ашиглах хэрэгтэй гэдгээр нэлээн буруушаах хандлагатай байдаг юм билээ?

-Хоёр талтай асуудал. Европ, Герман руу сэргээгдэх эрчим хүч сүүлийн үед ихээхэн газар авсан нь үнэн. Хятадад ч адилхан. Гэхдээ асар их орон зай эзлэхийн хэрээр ажиллагаа нь доголдох хандлага их байдаг учраас нано технологи руу судалгааны ажлаа чиглүүлж эхэлсэн байна лээ. Мөн гуравдугаар сард Герман руу явахад эдийн засгийн хямрал нүүрлэхтэй зэрэгцэн нүүрсний уурхайгаа шинээр нээх, шилжүүлэн худалдах сонирхол нь ч эргэж сэргэсэн нь ажиглагдсан. Гол нь технологийн шинэчлэлийг маш сайн хийж байна лээ. Уурхайнхаа дэргэд цахилгаан станцаа байгуулаад шууд хөрснийхөө гүнээс дээш нь угааж, цэвэрлээд тээвэрлэж байх жишээний. Түүнийгээ станц дотроо баяжуулаад шатаахаар ямар ч нүүрсний утаа гардаггүй юм байна. Үүнийг бид ирээдүйд бас л бодож, төлөвлөх хэрэгтэй.

-Гэхдээ үнс бол гарна биз дээ?

-Мэдээж гарна. Гарахдаа манайх шиг овоолж хаяхгүй. Хажуудаа дахиад барилгын үйлдвэр байгуулчихсан. Тий­шээгээ зөөгөөд шохойтой хольж, сайжруулаад барилгын хавтан үйлдвэрлэж байна билээ.

-Эрчим хүчний бүтээн байгуулалтын чиглэлээр Засгийн газраас ирэх гурван жилийн хугацаанд бараг 10-аад төсөл хэрэгжүүлнэ гэж зарласан байгаа. Танай уурхайг түшиглэж хэрэгжих төсөл тэр дунд бий юу?

-Хятадын концессын гэрээгээр барих гэж байгаа “Багануур повер” гээд 700 мега­ват­тын хүчин чадалтай цахилгаан станцын ажил байна. Хятадууд 20 жил ашиглаад, 21 дэх жилээсээ манай улсад шилжүүлэх гэрээтэй. Байгуулагдаад бүрэн хүчин чадлаараа ажиллалаа гэхэд манайхаас 3-3.5 сая тонн нүүрс жилдээ авах урьдчилсан төлөвлөгөө байдаг. Мөн манай дүүрэгт нэг газрын тосны үйлдвэр байгуулагдана гэсэн яриа байгаа. Тэр ашиглалтад орвол хоёр орчим сая тонн нүүрс авна. Үүн дээр жилдээ 3.8 сая тонныг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ гэж тооцвол жилдээ дунджаар 10 сая тонн нүүрс олборлох хэрэгтэй болно гэсэн үг. Иймд энэ бүх төслийг дагаад ТЭЗҮ шинээр боловсруулж, түүндээ нийцсэн техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээ нэмэх урьдчилсан төлөвлөгөө боловсруулах зайлшгүй шаардлагатай болж байна гэсэн үг. Гол нь цаг хугацаа гэдгийг зөв ойлгож, ажиллах хэрэгтэй байна. Гэтэл төрийн албаны харилцан ойлголцол, хурд гэд­гээс бас их зүйл нөлөөлөх юм.

-Нөөцийн нэмэлт судалгаа хийсэн үү. 56 жилийн хүчин чадалтай гэдгийг 40 жилийн ойгоос эхлэн тоолж байгаа гэж ойлгосон. Зөв үү?

-40 жилээсээ хойш тоолно. Хэрэв жилд 10 сая тонн нүүрс гаргана гэж үзвэл ойролцоогоор 60 жилийн нөөц бий гэсэн үг. Шинэчилсэн судалгаагаар 812 сая орчим тонн нүүрстэй нь тогтоогдсон. Тэгэхээр 10 сая тонн нүүрс өнөөдөр гаргаж эхлээгүй байгаа гээд бодохоор үүнээс ч илүү их хугацаанд ажиллах боломжтой гэж хэлж болно.

 -40 жилийн түүх гэдэг цаг хугацааны зураглалыг нь бодсон ч, бүтээн босгосон уурхайн хөгжлийг харсан ч бахархах үр дүн олонтаа байж таараа. Иймд ойд зориулах гэдэг нэг зорилготой ч, бүтэн зургаараа уурхайн хөгжилд хувь нэмрээ өгөх санал, санаачилгаасаа танилцуулаач?

-Үнэхээр үр дүнг нь тоолж өгүүлэхэд барагдахааргүй их зүйл гарна. Гол нь энэ бүх үр дүнг ирээдүй үе нь орхигдуулж, гээгдүүлж болохгүй. Иймд “Ёс зүйтэй ирээдүй Багануурын ирээдүй” гэсэн аяныг зохион байгуулсан. Ирэх намар дахиж хийнэ. Азийн бүтээмжийн шагнал авсан байгууллагын хувьд бусдадаа үлгэрлэх, туршлагаа хуваалцах үүднээс дүүргийнхээ аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад сургалт зохион байгуулсан. Манай дүүргийн Цагдаагийн газар бусдаасаа илүү идэвхтэй оролцсон. Хороолол, уурхай хоёрынхоо хооронд дугуйн зам хийхээр ажлаа эхлүүлж байна. Хүүхдийн зөвлөл, залуучуудын зөвлөл, ахмадын зөвлөл, гэр бүлийн зөвлөл гэж байгуулсан. Бүгд их идэвхтэй ажилладаг. “Эрүүл уурхайчин” гэсэн хөтөлбөр боловсруулж ажиллаж байна. Манай уурхайчид лизингээр дугуй аваад, өглөө оройдоо дугуйгаар явдаг болсон. Би ч өглөө, оройдоо тогтмол дугуйгаар ирж очно. Манайхан 15 минут л жийнэ. Минийх бол дунжаар 20 минут болоод байгаа юм. Гэхдээ яах вэ. Бас давгүй шүү. Хүнд хөдөлгөөн хэрэгтэй гэдэг дээ. Хэчнээн ажиллалаа, ажиллалаа гээд хүний эрүүл мэнд шиг хэрэгтэй зүйл хаа байх вэ. Нүүрс их хэм­жээгээр олборлолоо гээд ажилтан, ажиллагсад, уурхайчдынхаа эрүүл мэндийг хайхрахгүй орхиж болох­гүй шүү дээ. Энэ дагуу “Багануур сувилал”-ынхаа үйл ажил­лагааг сайжруулж, ажилтан ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хэд хэдэн ажил хийх төлөвлөгөө бий. Манай “Багануур сувилал” социа­лизмын үеийн хэв маягаараа үлдсэн цөөхөн сувиллын нэг. “Нийгэм хөгжлийн сан” гэж байгуулсан нь ерөөсөө санхүүжилтгүй явж ирсэн. Хийсвэрээр 600 сая төгрөг байгаад байдаг, яг бодит байдалд хоосон байсан. Иймд сар болгон ямар нэгэн байдлаар мөнгө хийж, хадгаламж байдлаар явуулахаар болсон. Эндээсээ ажилтан, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангахад тодорхой хэмжээний санхүүгийн дэмж­лэг үзүүлж эхэлсэн. Хашаа байшин авах, орон сууцтай болох, мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь төлбөрт нь дэмжлэг үзүүлэх, хүнд өвчин туссан хүмүүсийнхээ эмчилгээнд тусламж үзүүлсэн байгаа. Ирэх жилээс 75 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.

-Та ер нь анх уурхайтай хэрхэн холбогдож байв. Ажил, хөдөлмөрийн гараагаа уурхайгаасаа эхэлсэн гэж дуулсан юм байна?

-Анх 1991 онд Дарханы Политехникийн дээд сургууль төгсөөд энд ирсэн. Засварчнаас эхлээд ажилласан. Ажлаа аваад жил орчмын хугацаа болж байна. Дотроос нь томилогдсон гэдэг утгаараа 1100 ажилтан, ажиллагсдаа ер нь нэлээн сайн танина. Алдаа, дутагдлаа ч андахгүй. Тэгэхээр ажилласан шиг ажиллах л зорилго байна.

-Удирдлагын багаа дотроосоо бүрдүүлсэн үү?

-Техник, технологийн удирдлагаа дотроосоо бүрдүүлсэн. Санхүү, хангамж гаднаас томилогдсон байгаа.

-Одоо өвөл ойртохтой зэрэгцэн нүүрсний нөөц хан­галттай юу гэсэн асуудал яригддаг. Танай уурхай энэ асуултад ямар хариулт өгөх вэ?

-Өнөөдөр гэхэд авахад бэлэн, усан дээрх нүүрс 611 мянган тонн бий. Усан доор 50 мянган тонн байгаа. Өвлийн ид ачааллын үед хоёр сар манай уурхай зогсолт хийгээд ачихад асуудалгүй гэсэн үг.

-Борлуулалтын үнэ?

-Жижиг ахуйн хэрэглээнд нэг тонн нүүрс 35750, станцуудад 29500-гаар нийлүүлнэ. Тэгсэн хэрнээ олборлох өртөг маань 31000 төгрөг болчихдог.

-Гэхдээ “Адуун чулууны нүүрсний уурхай”-н удирд­лагууд ашигтай гэж тайлбар­лаад байдаг юм байна лээ. Эрчим хүчний салбарын төвийн бүсийн чуулга уулзалтын үеэр сонсоход?

-Хэцүү л дээ. Шивээ-Овоо бас алдагдалтай ажиллаж байгаа. Төвийн эрчим хүчний системийн нүүрсийг Шивээ-Овоо, Шарын гол манай гурав хангадаг. Шивээ-Овоо нэлээн хүнд байгаа. Ер нь төрийн мэдлийн нүүрсний уурхайн компаниуд хэцүү л дээ.

-Өр, авлагын хэмжээ ер нь хэр байгаа вэ?

-6.5 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Өмнө нь 14-20 тэрбум төгрөг байдаг байсан. Тэр үеэ бодвол харьцангуй гайгүй. Мөн ажил авснаасаа хойш Багануурын дулааны станцад нийлүүлдэг нүүрснийхээ үнийг бууруулсан. Нийгмийн хариуцлагаа бодоод санал гаргаж, дэмжүүлсэн. Тонныг нь 14 мянган төгрөгөөр өгч байхад л 2.2 тэрбум төгрөгийн өртэй явж байна шүү дээ. Үүнийг цэгцлэхээр яриад л байна. Асуудал бас байна аа, байна. Энэ мэт яриад байвал олон асуудал л байна. Гэхдээ бэрхшээл тоочих бус хариуцлагаа үүрээд хамт олонтойгоо нэг сэтгэлээр ажиллах зорилготой байгаа. 41 дэх жилээс эхлэх түүхийг сайн сайхнаар үргэлжлүүлэх эрхэм зорилго бидэнд байна шүү дээ.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Сүхээ      ip : 27.123.212.135 2017-08-03 07:48:00
Үе үеийн засгийн газар нэг төлөөллөө гүйцэтгэх захирлаар тавиад л нөгөө нөхөр нь хэдэн юм унагачихгээд шал худлаа яриад л байх юм даа.
Багануурын уурхай бүтээмжгүй ажилладаг байгууллага. Конторт нь ороод үзээрэй. Ихэнх нь компьютэр тогтолцгоож л байдаг. Ази тивийн бүтээмжийн шагналт ч гэх шиг. Бүтээмж гэж юу вэ гэхэд мэдэх хүн гарахгүй дээ.
Тоног төхөөрөмжийг хэдэн жил хэвтсэн гэдгээр нь биш хэдэн төгрөг оруулж засварлаад хэдий хэмжээний ажил хийж гүйцэтгэснээр нь ярьдаг.
Худлаа гэвэл хувийн хэвшилд өгөөд үздээ. Та нарыг худлаа ярьдаг гэдгийг чинь батлаад өгнө.
Танай уурхайн бзтээлийг говийн нэг уурхай сардаа хийж гүйцэтгэж байна шүү дээ.
Худлаа ярихаасаа зовж бай!

Дамба      ip : 103.57.94.141 2017-08-02 09:35:41
Багануурын уурхай энэ улс орныг хүнд үед ачааг нь үүрч явсан цөөхөн үйлдвэрийн нэг нь.Тухайн үед улс орны эдийн засаг хүнд хүмүүсийн амжиргаа доогуур гэдгээр нүүрсний үнийг төрөөс хатуу барьж алдагдалтай ажлуулсан ихээхэн авлага олон жилээр үүсч мөнгөгүйгээс тоног төхөөрөмжийн засварыг стандартын дагуу засаж чадахаа больсон.Тэр ч байтугай үндсэн хөрөнгөө үнэлэж чадахгүй төр барьсанаас үнэгүйдсэн сүүлрүүгээ улс төр уурхайтай хутгалдаад бүр дураараа хаяналтгүй болгосон юм шиг байгаа юм.Үндсэн хөрөнгө авч л байна үрж л байна хамаагүй болсон.Энэ уурхайн юмыг үрэх болохоор эзэн олон ббд нь татах хүнгүй эзэнгүй.Хэрэгцээгүй их олон газар удирдана хэрэг болохгүй одоо бүр ямар хуулийн зорицуулалтаар яваагаач мэдэхгүй болсон юм шиг байгаа юм.Ер нь их эртээс энэ уурхайг үнэгүйдүүлж авах бодлого явагд

Zaya      ip : 202.9.42.47 2017-08-01 23:28:06
Saihan hudniii far tsalingaaa nemne geed odoo boltol nemeegui l bn





(0/800)