Монгол Ардын намын Их хурал энэ сарын 20-22-ны хооронд үргэлжлэх бөгөөд намынхаа шинэ даргыг сонгох учиртай. УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд хүлээсэн ялагдлаа хүлээн зөвшөөрөхтэй зэрэгцэн МАН-ын даргын албанаас чөлөөлөгдөх замаар улс төрийн хариуцлага хүлээхээ мэдэгдсэн.
Үүнтэй зэрэгцэн Монголын хамгийн том улс төрийн намыг хэн удирдах вэ, 2020 оны УИХ-ын сонгуульд хэн намаа чиглүүлэх вэ гэсэн асуулт тус намын дотоод зөрчилд гал нэмсэн нь бий. Тэгвэл одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, М.Энхболдын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга асан Н.Дэмбэрэл нар уг албан тушаалд нэр дэвшихээ илэрхийлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд МАН-ын дарга болох нь зөвхөн хувь улстөрчийн гэхээс илүүтэй шинээр бүрэлдсэн Засгийн газраа хамгаалах сонирхол байгаа нь нууц биш. Түүний хувьд хэдийгээр Их хурлаас урьтан, Ерөнхий сайдын албыг авсан ч цаашид МАН-ыг удирдахгүйгээр Засгийн газраа хамгаалахад хэцүү. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх бус өөр хэн нэгэн МАН-ын дарга боллоо гэхэд юун түрүүнд Ерөнхий сайдын суудалд санаархаж таараа. “Эрх баригч намын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэсэн дүрэм ч үүнийг батална. Иймд Их хурлын гишүүдийн дэмжлэг буюу түүнд өгөх санал нь давхар, давхар гүйцэтгэх засаглалаа хамгаалах хамгаалалт болох юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн тухайд тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалах эсэх нь эргэлзээтэй. Дээр нь, өнгөрсөн хугацаан дахь МАН-д үүссэн зөрчлийг тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувиар намжааж болох байсан. Харамсалтай нь, түүний үед УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн илт олны нүдэн дээр зөрчилдөж, албан бус 33 болон 32-ын бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн. Дээр нь, хувь улстөрчийнх нь эрх ашиг хотын фракцид хөтлөгддөг. Энэ нөхцөлд эргээд намаа 60 тэрбумыг цуглуулах тухай сонгуулийн үеийн хар мэдээлэлд харлуулах боломжтой юм. Түүнчлэн хувь улстөрчийнх нь хувьд өдгөө МАН-д зайлшгүй шаардлагатай байгаа байлдан дагуулалт, удирдах, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн удирдагчийн захиалгад нийцэх эсэх нь бас л эргэлзээтэй. Дархан-Уул аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн, Сангийн сайд болсон ч эргээд улстөрчийнх нь замнал хатуу ширүүн улс төрийн тэмцэлд тэргүүн эгнээнд жагссан нь төдий л үгүй. Иймд одоогийн нөхцөл байдалд МАН-ыг Д.Хаянхярваа нэгтгэнэ, эвлэрүүлнэ, нэг дуугаар удирдана гэж итгэхэд хэцүү. Тэгэхээр МАН-ын Их хурлын гишүүдийн захиалгад тэнцэх эсэх нь эргэлзээтэй.
Тэгвэл М.Энхболдын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга асан Н.Дэмбэрэлийн тухайд Их хурлын үеэр болох МАН-ын даргын сунгаанд санал хуваах сонирхлоор орох нь тодорхой. Тэрбээр арын албанд ажилласнаас бус урагшаа гарч, чиргүүл чирж, ачаа үүрсэн нь төдий л үгүй. Иймд МАН-ыг удирдах ирэх өдрүүдийн үүргийг хүлээж дөнгөх эсэх нь эргэлзээтэй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хурлын гишүүдэд дээрх гурван сонголт байна. Иймд Засгийн газраа хамгаалах уу, намаа тарааж, булан тохой бүрт шинэ бүлэглэл үүсгэх үү гэсэн хатуухан хариуцлагыг бодож шийдвэрээ гаргах биз ээ.
Сэтгэгдлүүд :