Д.Хаянхярваа гишүүний зарчим МАН-д хэрэгжих боломжгүйг Д.Тэрбишдагвын тайлбар нотлов

2017-11-19 11:51:10

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Би намын даргад өрсөлдөнө. Нам, төр хоёрыг салгах цаг болсон” хэмээн өөрийн шийдвэрээ зөвтгөсөн. Тэгвэл бодит байдал дээр эрх баригч намын дарга гүйцэтгэх засаглалаас ангижирснаас эргээд Засгийн газраараа тоглодог алдааг та бид хангалттай олон удаа амссан. Ардчилсан нам төрийн эрх барих үед Засгийн газар нь огцорсон, МАН-ын үед Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцрол ч үүнийг батална. Гол нь эдгээр огцролт, улс төрийн зөрчлийн шалтгаан нь эрх баригч намын дарга УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан намын хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс татгалзаж, гүйцэтгэх засаглалаа тэлээ улстөрчдөд атгуулсантай холбоотой.

Эндээс зөвхөн намын дарга нь Ерөнхий сайдтайгаа зөрчилдөөд зогсохгүй, гүйцэтгэх засаглалыг унагах хүчтэй улс төрд бие даасан лидерүүд нь ялалт байгуулдаг сөрөг үр дүн гарч ирсэн. Ийм учраас, МАН-ын олонх гишүүд намын дарга нь Ерөнхий сайд байх нь зөв гэдэг шийдвэрт хүрсэн нь байдаг.

Жишээ нь, энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гэхэд “Миний хувьд Ерөнхий сайд намын дарга байх асуудал зарчмын хувьд зүйтэй гэсэн бодолтой байгаа. Гэхдээ бодит нөхцөл байдлыг харахад намын дарга нь Ерөнхий сайд байхаа больчихоод байгаа дүрэмгүй тоглолтууд сүүлийн үед болоод байна л даа. Ерөнхий сайддаа тулгуурлаж намын даргаа шийдэх үү, намын даргадаа тулгуурлаж Ерөнхий сайдаа шийдэх үү гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тиймээс намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн хатуу бодлого тулгачихвал “хиймэл” болчихно. Намын Их хурлаар төлөөлөгчид ямар саналтай байна вэ гэдгийг сонсох л ёстой. Хэрвээ үнэхээр намын дарга нь Ерөнхий сайд байна гээд сонгочихвол асуудал хурдан шийдэгдэнэ. Эсвэл МАН-ыг удирдаж, авч явж чадах хүнээ л сонгоё, сонгогдсон намын дарга нь цаашдаа Ерөнхий сайд байж болох юмаа гэдэг шийдвэр гаргаад ч явж болно шүү дээ. Ерөнхий сайд нь намын дарга байхад буруудах зүйлгүй гэж би харж байгаа. Харин эхлээд намын дарга байх хүн нь Ерөнхий сайд болох уу, Ерөнхий сайд учраас намын дарга болох уу гэдэг хоёр ойлголтыг ялгаж салгаж ойлгох нь зөв юм” хэмээн хэлэв. Нэг үгээр хэлбэл, түүний дээрх үг МАН-ын шинэ дарга хэн байх ёстой вэ гэдэгт бүрэн дүүрэн нэр цохсон хариулт болоогүй ч шууд утгаараа Ерөнхий сайд, намын дарга гэсэн хоёр албан тушаалыг нэг хүн хаших нь намдаа ч, улс орондоо ч хэрэгтэй гэдгийн нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, Д.Хаянхярваа гишүүний зарчим МАН-д энэ удаад хэрэгжих боломжгүйг Д.Тэрбишдагвын тайлбар нотлов

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)