Монгол Ардын намын Их хурал өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжилнэ. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1815 анхан шатны байгууллагын 1309 төлөөлөгч оролцох бөгөөд намынхаа дүрмийн 50 гаруй заалтыг өөрчлөн шинэчлэх үүргийг тэд хүлээх юм. Үүн дээр нэмж тодотгох ёстой хоёр гол зүйл бол МАН-ын шинэ дарга хийгээд Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох явдал. Гэхдээ МАН-ын дүрмэнд “Ерөнхий нарийн бичгийн даргад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан хариуцлага тооцно” гэсэн заалт байдаггүй гэдгийг нь авч үзвэл тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан ажилдаа хэвээр үлдэх боломжтой. Харин МАН-ын даргын тухайд УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн даруйдаа намынхаа Удирдах зөвлөлд “Хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа хүлээлгэн өгнө” хэмээн мэдэгдсэн. Иймд өнөөдөр түүний орыг хэн залгамжлах вэ гэдэгт МАН-ын 29 дүгээр их хурал хариулт өгөх учиртай. Үүн дээр нэмж тодруулах ёстой нэг сэдэв бол МАН-ын шинэ даргын сунгаанд хэн гэдэг улстөрчийг сонгохоос У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ-ын сонгуулийн хугацааг буюу 2020 оныг дуустал гүйцэтгэх засаглалыг хэвээр үлдээх боломж нээгдэх юм.
У.Хүрэлсүх
Тэгвэл МАН-ын Их хурал дээр хэн хэн нэр дэвших вэ. Өчигдрийн мэдээллээс харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, М.Энхболдын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэл, МАН-ын гишүүн Г.Майцэцэг нар нэр дэвшихээ илэрхийлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд сар гаруйн өмнө болсон МАН-ын Бага хурлаас үнэмлэхүй олон гишүүний буюу 188 хүний саналаар гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогдсон. Түүний хувьд энэ удаад ялагдал хүлээх нь хувь улстөрчид нь төдийгүй Засгийн газарт хүнд цохилт болно. Учир нь, “Эрх баригч намын дарга Ерөнхий сайдын албыг давхар хашихгүйгээр улс төрийн тогтвортой байдлыг хамгаалж чадахгүй” гэдгийг өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын улс төрийн зөрчил батлан харуулсан. Үүний тулд УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй улстөрчдийн нүүдэл Ардчилсан намын дарга бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг албанаас нь буулгаснаас хойшхи үйл явцыг харах хэрэгтэй. УИХ-ын дарга З.Энхболд тэр үед өөрөө Ерөнхий сайд болохоос татгалзаж, Ардчилсан намын даргын суудлыг авахдаа гүйцэтгэх засаглалын тэргүүний тамгыг Ч.Сайханбилэгт өгсөн. Улмаар Ардчилсан нам болон гүйцэтгэх засаглалын зорилго, ажил үйл зөрсөн. Тодорхой жишээ нь, Оюутолгой төсөлтэй холбоотой Дубайн гэрээ. Энэ нь Ардчилсан намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, эцэстээ УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдал хүлээсэн. Мөн МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын сонгуульд нам нь үнэмлэхүй ялалт байгуулж, 65 мандаттай болсон ч тэрбээр гүйцэтгэх засаглалаас татгалзаж, парламентыг тэргүүлсэн. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч эргээд МАН-ын мөрийн хөтөлбөр болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дунд ялгарал гарч, цаашлаад хэрэгжилтийг хангах зарчим алдагдсан. Мэдээж үүний үр дүнд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээж, өнөөдрийн МАН-ын шинэ даргыг сонгох нөхцөл байдал үүссэн. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын даргад улс төрийн тогтвортой байдлыг хамгаалах, гүйцэтгэх засаглалаа авч үлдэх, намынхаа дотоод зөрчлийг намжаах гэсэн давхар давхар үүрэг хүлээн өрсөлдөж буй нь энэ юм.
Д.Хаянхярваа
УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд тэрбээр өнгөрсөн жил орчмын хугацаанд чамгүй хүнд ачааг үүрсэн. “МАН-ын ялагдал МАН-ын ялалтаар эхэлж байна” хэмээх улс төр судлаачдын үгийн үнэнийг батлах мэт УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн өнгөрсөн жил гаруйн хугацаанд урьд хожид үзэгдээгүйгээрээ зодолдож эхэлсэн. Харамсалтай нь, зодоон маргааш ч үргэлжилнэ. Гагцхүү энэ дунд “Манай нам эв нэгдэлтэй хэвээр байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд зөрчилдөөд шальсан зүйлгүй. Энэ бол үзэл бодлын уралдаан” мэтээр гоё сайхан үгийг тэрбээр хангалттай олон удаа хэлсэн ч эцсийн бүлэгт Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан.
Энэ дунд харин тос нэмэх, цаашлаад зөрчлийг намжаах бус хурцатгасан хүн нь яах аргагүй УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байсан юм. Үүнийг гэхдээ хувь хүнийх нь мөн чанараас гэхээс илүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн зөрчлийг дарж, намжааж, эвлэрүүлж чадаагүй гэдгээр тайлбарлавал зохилтой байх. Тиймээс ч түүний “МАН-ын даргад нэр дэвшинэ. Нам, төрийн ажлыг салгана” гэсэн үг нь үнэд хүрэхээс илүүтэй тус намын гишүүдийн итгэлийг сарниулсан байх талтай. Учир нь, өнөөдөр МАН-ын Их хурлын эн тэргүүний зорилго нь улс төрийн тогтвортой байдлыг авчрах. Өөрөөр хэлбэл, нам төрийн ажлыг салгах нэрийн дор эргээд МАН-ын зөрчил хаданд гарвал яах вэ. Мэдээж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сонгогдвол шүү дээ. Учир нь, өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг ЗЗ-ын болон 32-ын албан бус бүлэг болон хуваагдчихсан байгаа. Хэрэв 32-ын бүлэг нь Д.Хаянхярвааг МАН-ын дарга болохтой зэрэгцэн У.Хүрэлсүхийн Засгийн газар руу сэлэм эргүүлээд эхэлбэл юу болох вэ. Дээр нь, тэд өнгөрсөн хугацаанд 33-ын бүлгээ “Ерөнхийлөгч Х.Баттулгатай нийллээ” хэмээн чимхэж байсан бол эргээд өөрсдөө 2018 оны улсын төсвийн төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн хоригтой санал бодол нэгтэй байгаагаа илэрхийлж байсан. Энэ бол наад захын жишээ. Тиймээс л дээрх зөрчил, өнгөрсөн олон жилийн турш үргэлжилж буй улстөрчдийн зөрчил “Эрх баригч намыг төрөөс салгаж болохгүй” гэдгийг үлгэрлэсэн хэрэг. Ийм нөхцөлд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Хаянхярваагийн энэ удаагийн зарчмын санал Их хурлын гишүүдээс дэмжлэг авахгүй байх талтай юм.
Н.Дэмбэрэл
Түүний хувьд М.Энхболдын Засгийн газарт Хэвлэл мэдээллийн албаны дарга хийж байснаас өөрөөр төрийн ажилд толгой ч, хошуу ч дүрсэн нь төдий л үгүй. Гагцхүү он, оны сонгуульд МАН-ын пиар, сурталчилгаанд санаа оноо нэмэрлэж, гардан гүйцэтгэх хар бор ажлыг нь ханцуй шамлан гүйцэтгэж байснаараа бол харин ч арвин туршлагатай. Тиймээс ч энэ удаад Их хурлын индрээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү дайралт хийх, албан ёсоор чанга дуугаар шүүмжлэх эрхийн төлөө МАН-ын даргад өрсөлдөхийг чухалчилсан байх талтай юм. Хэдийгээр тэрбээр энэ тухайгаа зарлаагүй ч “Нэг их олон хүний санал авахгүй ч байж мэднэ” гэсэн тодорхой бус утгатай ярилцлага өгснөөс нь үүдээд бодоход дээрх зорилго үнэн болох нь батлагдах биз ээ.
Ямартай ч, Засгийн газраа хамгаалах уу, хагалах уу гэдэгт хариулах МАН-ын Их хурал өнөөдөр эхэлж, 22-нд өндөрлөхөд эрх баригч намын дотоод зөрчил намжиж, нэг чигтээ орно хэмээн найдая.
Сэтгэгдлүүд :