МАН-ЫН “АТОМ”

2017-11-27 16:40:45

 

Хүн бүрийн амьд­ралын замналыг тоочин өгүүлэх нь өгсөж уруудсан үнэн түүх эс бөгөөс алдаа онооны арвин цуглуулга нүдний өмнө, гарын бичвэрт зурайн тодрох нь бий. Тэр дундаа, улстөрчдийн түүх, намтар гэдэг хаяадаа урт харанхуйн замаар бидрэн алхаж буй түлээчний амьдрал мэт санагдах нь бий. Эрсдэл хийгээд гэрлийн тусгалыг бодоход шүү дээ. Тэгвэл Монголын улс төрд мод болж ургах эс бөгөөс мода болж хэлбэрдэх хоёр хувил­барт залуу нас, эрч хүчээ зориулж яваа улстөрч залуусын аль алиных нь тэргүүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвэгийн Амарбаясгалан яах аргагүй бичигдэж таараа.

Түүнийг 30 шүргэм насны цэл залуу улстөрч гэдгээр нь харвал буух буудал, буцах зам нь хаана байх вэ хэмээн эргэлзэж гайхмаар. Харин Монголын хамгийн том улс төрийн хүчин болох МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёронтаа сонгогдож буйг нь бодвол лидер дагасан улстөрч залуусын жимээс эрт өндийж, толгойгоо өргө­лөөдөө гэж санагдах. Гэсэн ч төдийгөөс өдий хүртэлх МАН-ын түүхийг залуу нас чимсэн нь олон ч эргээд буухдаа хэн болж үлдэцгээснийг нь бодоход бас л хэцүү. Гагцхүү орчин цагийн улс төрд олзуурхаж харах нэгэн өнцөг нь залуус эрчтэй бас хүчтэй, гол нь үнэн байж чадвал ирээдүйн 20-30 жилийн түүхийг ноён нуруу, үзэл санаа, итгэл үнэм­шлээрээ бичих боломжтой нь сайшаалтай юм. Ийм жишиг болох үүрэг ч өнөөдөр Дашзэгвэгийн Амарбаясгаланд оногдлоо. МАН-ын Бага хурлын гишүү­дийн олонх нь түүнд хоёр­дахь удаагаа итгэл хүлээлгэж буй нь үүнийг гэрчилнэ. 
Гэхдээ хувь улстөрчид өөрт нь сануулахад ялалт үүгээр дуусахгүйтэй адил­хан үүгээр ч бас эхлэхгүй байж мэдэх юм. Учир нь, МАН-ын дэргэдэх НАМЗХ 100 мянга гаруй гишүүнтэй. Тэд дор бүрнээ улстөрч, цаашлаад МАН-ыг удирдах хүсэл тэмүүлэлтэй. Улс төрийн намын батлах гардаж авсан зорилго нь ч энэ. Өөрөөр хэлбэл, МАН-д Д.Амарбаясгалан ганцаараа бус 100, 100-гаараа байгаа гэсэн үг. Ийм нөхцөлд үеийнхнээсээ түрүүлж хашсан албан тушаал хувь улстөрчийнх нь эрсдлийг нэмж, алдааг нь илүү тодруулж харагдуулах гэмтэй. Үүнийг дагаад улс төрийн насжилт ч богино байхыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, тэрбээр МАН-ын лидерүүдийн зөрчил, хагарал дундуур өөрийгөө золиосолж мэдэх эрсдлийг нуруун дээрээ үүрчихлээ. МАН-аас Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баяр­магнайгаас өөр түүнтэй Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх зоригтой, зүрхтэй хүн гараа­гүй гэдгийг бодоод үзэхэд хангалттай. Тэр дундаа, 2020 оны УИХ-ыг угтсан улстөржилт энэ жилээс эхэлж, намдаа өнгө нэмэ­хээс илүүтэй алдааг нь чичлэх улстөрчдийн цуваа өдрөөс өдөрт нэмэг­дэнэ. Тэр хэрээр, УИХ-д нэр дэвших эрх олж авах цааш­лаад МАН-ын одоо­гийн удирдлагын багийг муухай харагдуулах улс төрийн шунал ч идэвжих нь тодорхой. Цаашлаад, улс төрийн намын ялалт, ялагдлын цикл дөрвөн жилээр хэмжигддэг гэж үзвэл Ерөнхий нарийн бичгийн даргын суудал нэг их ашигтай эс бол боломж олгох чинээ сэтгэгдэл төрүү­­лээгүй байж мэднэ. Дээр нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн характерийг дагаж бус давж гарах хүн хэр олон байсан бол. Учир нь, Д.Амарбаяс­галангийн хувьд зөөлөн нь дэндээд эс бол шазуур нь ихдээд намаа хагалах хэмжээний хурц улстөрч биш. Өөрөөр  хэлбэл, ганцын зэрэг үгийг хариугүй үлдээж чадах ч, хоёр дахь дайралтыг бол дотроо дараад гарах хэмжээний номхон нэгэн биш. Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн эсрэг хийсэн түүний улс төрийн тэмцэл өнөөдөр Монголын улс төрд дутагдаж буй сөрөг хүчний орон зайд үлгэрлэхүйц хэмжээний акц болж чадсан байдаг. Иймээс ч УИХ-ын 2016 оны сонгуульд ч, НИТХ-ын сонгуульд МАН-ыг ч үнэм­лэхүй олонхийн суудал авахад түүний 2012-2016 онд нийслэлд өрнүүлсэн улс төрийн тэмцэл томоохон хувь нэмрээ оруулсан гэдгийг ч намынх нь үнэлдэг.
Харин хувь улстөрчийнх нь араншинг тодотгох өөр нэг тодорхойлолт бол холбогч. Бусдын арга эвийг олох, харилцан ярилцах чадварыг нь үнэлсэндээ М.Энхболд, У.Хүрэлсүх, С.Батболд тэргүүтэй лидерүүд нь харилцан тохиролцож, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж байсан удаатай. Магадгүй энэ удаад ч дээрх чадварыг нь үнэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хамтран зүтгэгчээр сонгож, нэр дэвшүүлсэн байх талтай. Учир нь, хэдий­гээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон ч эргээд намынхаа бусад фракц, лидерүүдтэй харилцан ойлголцохгүйгээр ажил нь урагшаа явахад хэцүү. Ядаж л, Засгийн газартаа ганцаараа сул сайдын үүрэг гүйцэтгэж байгаа. Дээр нь, МАН-ын лидерүүдийн зөрчил Засгийн газрынхаа хувь тавилангаар тоглоод өнгөрдөг хоёр ч түүх бэлхнээ өнгөрсөн хуга­цаанд бичигдчихлээ. Ийм үед Ерөнхий сайдад сайн холбогч, нэг төвшинд өөрийг нь төлөөлж хэлэл­цээрт орох сайн түнш хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болсон нь мэдээж. Үүгээр нь Д.Амарбаясгаланг МАН-ын “атом” хэмээн нэрий­дэж болно. Хулгахгүй ярьж, хулчийхгүй хэлэлцэх ч ураг­шаа хоёр алхаад хойшоо нэг алхам ухарч чадахыг нь бодоход шүү дээ. Аа, харин түүний цаг хугацаанд ялалт хэр олон байхыг ирээдүй үе харуулах биз ээ. 

"Үндэсний шуудан" Г.Отгонжаргал

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)