-Танд өдрийн мэнд хүргэе. “Эрин Тулгат” гэдэг бол таны цахим нэр. Японы хамгийн том компаниудын нэг болох Софтбанкны санхүүч төдийгүй нийтлэлч гэдгээр тань олон залуус өөрөөр тань бахархдаг байсан цаг саяхных. Харин нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын залуу лидер гэдгээр тань харахад дэмжигчдийн тань сэтгэгдэл саарсан байх талтай юм. Та үүнийг зөвшөөрөх үү?
-Намын гишүүн гэдэг утгаар уу?
-Тийм ээ?
-Мэдээж улс төрд орсныг шүүмжлэх хүмүүс байсан. Гэхдээ манайхан гэр бүлээрээ ардчиллыг анхнаас нь дэмжиж, энэ үйл хэрэгт идэвхтэй оролцсон хүмүүс байдаг учраас хар багаасаа л улс төрд ойр өссөн.
Аав С.Майнбаяр болон авга ах “Хонх” хамтлагийн С.Цогтсайхан ах нарынхаа нөлөөгөөр 4, 5 дугаар ангийн хүүхэд байхдаа л “Ардчилал” сонин тараагаад явж байлаа. 2010 онд Японоос ирэнгүүтээ АН-д элсч, 2012 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин сонгогдсон. Ингэлээ гээд Тулгат Тулгатаараа л байна, миний үзэл бодол, баримталдаг зарчим яг хэвээрээ. Бид улс төр муухай гэж хамраа таглаж зугтлаа гэхэд өөр хэн нэгэн нь тэнд орж л таарна. Бидний хүсээгүй хүмүүс тэнд сууж зайдагначихаад та бидний амьдралыг, ирээдүйг шийдээд явна. Үнэндээ бол улс төрд оролцох нь хүсээд байх ч юм биш. Аав, ах нарынхаа үйл хэргийг залгуулах ёстой гэдэг бодлоор өөртөө үүрэг хариуцлага үүрүүлж, цаг заваа зориулаад, хөрөнгө мөнгөө гаргаад явж байна. Бас үнэхээр гаднаас нь хараад тайван суух арга алга. Бид оролцохгүй бол энэ ардчиллын манаач болсон АН буруу тийш явчих гээд байна. бид оролцохгүй бол энэ улс төр бүр утгаа алдах гээд байна. Өвгөрсөн хойноо, ид залуу насандаа өөрийгөө дайчилж, хүчээ шавхаж улс орныхоо төлөө ажиллахгүй яавдаа гэж өөртөө гомдохооргүй л амьдрах хэрэгтэй.
Японд оюутан байхдаа блог бичдэг байсныг та хэлэх шиг боллоо. Одоо ч хүмүүс намайг юм бичээч гэдэг. Миний хувьд одоо аж ахуйн ажил эрхлээд, хажуугаар нь төлөөлөгчийн хувиар нийслэл дүүргийн ажил гээд, ер нь бодит амьдралтай зууралдаад явж байна даа.
-Таны авга ах бол “Хонх” хамтлагийн дуучин, сэтгүүлч С.Цогтсайхан. Тэр хүний зохиосон “Хонхны дуу” өнөөдөр Монголын ардчилсан хувьсгалын бэлгэ тэмдэг болсон байгаа. Аавыг тань Ардчилсан намын, МоАХ-ын анхдагчдын нэг болох С.Майбаяр гэдгийг намынхан тань андахгүй мэднэ. Энэ мэдээж өөрийн тань хэлж буйчлан үнэт зүйл байх нь тодорхой. гэхдээ хувь хүний сонголт бас заавал давтагдах шаардлагагүй шүү дээ. Харин таных...?
-Үнэн гэхдээ миний хүүхэд насны дурсамжид ардчилсан хувьсгалын тэр түүхэн үйл явдлууд яах аргагүй том орон зай эзэлдэг. Цогоо ах маань шөнө дөлөөр манайд ирээд аавтай нийгэм, улс төр гээд нэг л том зүйлийн талаар ярьж байсан нь санаанд тод байдаг. “НАХЯ-нд дуудагдлаа. Намайг үхвэл та энэ үйл хэргийг үргэлжлүүлээрэй” гэж ч ярьж байсан. Дээр нь, өвөө, эмээ нар маань ч улсын хэвлэх үйлдвэрийн орлогч, хэл уран зохиол, түүх, газарзүйн багш гээд тухайн үеийнхээ нийгмийн түүчээ болсон сэхээтнүүд байсан. Тэдний маань хаалттай үед Монголын түүх, Чингис хааны тухай өөр өнцгөөс хэлж ярьж өгдөг байсан зэрэг нь нөлөөлсөн байх талтай. Гэр бүлийн орчин маань яах аргагүй миний үзэл санаа, үнэт зүйлд нөлөөлсөн. 2016 оны сонгуулийн үеэр Сансарын микр, 15 дугаар хороолол орчмоор явахад аав, ээж, эмээ, өвөө, Цогтоо ахыг маань таньдаг хүмүүс их таарч байсан. Тэр бүрт “Ямар сайхан нэр хүндтэй амьдарч яваа вэ” гэж гэр бүлийнхнээрээ бахархаж байлаа. Тэдний маань ач буян намайг түшээд явж байна шүү дээ.
-“Хонх” хамтлагийн дууг хэр сонсдог байв?
-Сонсолгүй яахав. Тэр үед бага ангийн сурагч байсан, пионерын зусланд том ах эгч нарт дууных нь үгнүүдийг бичиж, зааж өгдөг байлаа. Бүх дууг нь цээжээрээ мэддэг. Тэр дундаа Чингис хааны тухай “Өршөө” гэж дуунд их дуртай байлаа. Би чинь дөрөвдүгээр ангидаа “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан ханын сонин гаргах санаачилга гаргаад, ангийнхантайгаа гаргаж байлаа. Тэр үед аль ч байгууллага ханын сонин гаргахдаа дээд талд нь “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!” гэж бичих ёстой байсан юм. Түүнийг нь “Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэж өөрчилж бичсэн чинь ангийн багш ингэж болохгүй гээд сүүлдээ намайг дагуулж хичээлийн эрхлэгч рүү орж зөвшөөрөл авч байж, тэр чигээрээ гаргах болж байсан. Харамсалтай нь тэр үеэс хойш 27 жил өнгөрөхөд Монголын ардчилал яагаа ч үгүй байна. Асуудал их байна. Түүнийг засч залруулаад явах ёстой. Ардчилал гэдэг бол өөрөө эмзэг зүйл. Хамгаалж, арчилж байх ёстой. Бидний үеийнхэн одоо ардчиллын манаанд зогсох цаг болсон. Тэгэхгүй бол хуучны үл гүйцэлдэх социализмыг санагалзсан, эсвэл дарангуйлагчийг хүсэмжилсэн, бүр анархизм руу түлхсэн үзэл санаа яваад байна.
-Танай нам 2016 оны сонгуульд ялагдсанаар одоо жинхэнэ утгаараа шинэчлэгдэх боломж бүрд-лээ гэх хүмүүс бий. Тэр нь хэр бодитой байна. та хэрхэн харж байна вэ?
-Монголчууд маань бас их ухаантай ард түмэн юм. 2016 онд АН-д “та нар болохгүй байна. шинэчлэгдээд ир” гэдэг даалгавар өгсөн. Өнгөрсөн жил АН дүрмээ шинэчилж өөрчилсөн. мөн бүх шатны даргаа бүх гишүүдийн оролцоотойгоор буюу сунгаагаар сонголоо. Энэ бол том дэвшил. Мэдээж дутуу юм зөндөө бий. Жишээ нь, аль нэг шатны намын даргыг сонгохдоо санал өгсөн гишүүдийн 50 болон түүнээс дээшхи саналаар сонгохыг дүрэмд хатуу тусгаж өгөх хэрэгтэй. Хэрэв хэд хэдэн хүн нэр дэвшиж, эхний шатны сонгуулиар хэн нь ч 50 хувийн санал авч чадахгүй бол хамгийн өндөр оноотой хоёр хүн дээрээ дахин санал хураалт явуулж, дээрх зарчмыг хангуулах ёстой юм. Тэгэхгүй бол 30 хувийн хатуу дэмжлэг авсан туйлшруу үзэл санаатай улстөрч 70 хувь нь эсэргүүцсэн ч гарч ирээд дарга болох боломжтой болно. Аливаа шатанд намын дарга нь гишүүдийнхээ эв нэгдлийг хангагч байхын тулд ийм зарчмыг дүрэмдээ хатуу тусгах ёстой юм.
Цаашилбал намын үзэл баримтлалаа дахин сайтар боловсруулж, батлах, цаашдаа түүнийгээ үйл ажиллагаандаа хатуу мөрдөх хэрэгтэй. 2016 оны сонгуулиар бид хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийнхээ саналыг алдсан. Уг нь тэнд Ардчилсан намыг дэмжигч том масс байдаг. Гэтэл манай нам эрх барих үедээ либерал үзэл санаанаас ухарсан үйлдэл цөөнгүй гаргаж, сонгогчдод ямар чиглэлийн нам болох нь ойлгомжгүй болсон.
Саяхан манай нам дээр яваад байгаа шинэчилсэн үзэл баримтлалын төслийг үзлээ. Нэг л их шүлэглэсэн, гоё үгний цуглуулга болсон, агуулга муутай юм харагдаж байна лээ. Намын үзэл баримтлал гэж ямар байх ёстой вэ гэвэл тэнд ерөөсөө л зарчим бичих, томьёолох хэрэгтэй. Нийгэм, эдийн засгийн голлох асуудлууд дээр АН ямар зарчим, өнцгөөс харах вэ, ямар арга барилаар шийдвэрлэх вэ гэдгийг тодорхой болгох ёстой юм. Жишээ нь “Үр хөндүүлэх асуудал дээр ямар байр суурьтай байх вэ” гэдэг шиг. Гадаад бодлого, бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэнд гээд аливаа сэдэв яригдахад эдгээрт АН ямар байр сууринаас хандах вэ гэдэг зарчмаа тодорхойлсон байх ёстой юм. Түүнээс биш бүх салбарыг ингэж ингэж хөгжүүлнэ, ингэж сайхан болгоно гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр шиг зүйл байж болохгүй. Би энэ саналаа Ардчилсан нам руу бичгээр хүргүүлсэн.
-Ерөнхийдөө таны ярианаас Ардчилсан нам ардчилсан бус байгаад байна аа гэдэг утга ойлгогдож байна?
-Түрүүн хэлсэнчлэн ардчилал гэдэг бол байнга арчилж, хамгаалж байх ёстой зүйл юм. Үүнд намын гишүүд бид дуугарч, шүүмжлэх үедээ шүүмжилж, хазайвал түшдэг байх ёстой. АН өөрөө ардчилсан зарчмаасаа ухарч болохгүй. Саяхан гэхэд Баянгол дүүрэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авлаа гээд л түүнийг нь манай намын лидерүүд баяр ёслолын байдалтай сүр дуулиантай тэмдэглэж байсан. Хаанахын ямар коммунизм бэ. Би хувьдаа их гайхсан. Ардчилсан намын лидерүүдийн үйлдэл гээд бод л доо.
-Ардчилсан намын залуус өнгөрсөн хугацаанд шинэчлэл гэж нэлээн явсан. Та ч тэдний дунд харагдсан. Зорилгодоо хүрч чадсан уу?
-“Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-д өөрийнхөө боломж бололцоогоор оролцсон. Энэ хөдөлгөөний зорилго бол намын шинэчлэл. Дүрмийн болон дотоод зохион байгуулалтын олон шинэчлэл явагдахад энэ хөдөлгөөний үүрэг роль их байсан. Тэглээ гээд зорилгодоо бүрэн хүрсэн гэж хэлэхгүй. Шинэчлэл гэдэг юм ганцхан жилд явагдахгүй. Цаашид ч ажиллах шаардлагатай.
-Танай нам өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн ИТХ-ын шинэ дарга С.Амарсайханы талаар хэд хэдэн удаа шүүмжлэлтэй мэдээлэл хийсэн. Та бүхэн хэдийгээр цөөнх ч гэлээ нийслэлийн удирдлагад байгаа хүмүүс. хамтын хариуцлага яригдах ёстой биш үү?
-Харин хамтын хариуцлага хүлээх учраас л бид шүүмжлээд, засч залруул гэж хэлээд байгаа юм. Учир нь энэ дөрвөн жилд та өөрөө дотор нь байсан биз дээ гэж сонгогчид асууна. Нийслэлийн иргэд МАН-ыг “Аз жаргалтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж сонгосон. Тэд Нийслэлийн ИТХ-ын 76 хувийг нь бүрдүүлж байгаагийн хувьд сонгогчдод амласан зүйлээ хэрэгжүүлээд явах бүрэн бололцоо нь байна. УИХ дээр ч дийлэнх нь болсон. Гэтэл тэд дотроо хагарч, сандал ширээний асуудалтай зууралдсаар байгаад таарч байна. Хурлаа хуралдуулахгүй, хуралдахаараа ирц нь хүрэхгүй, ирц хүрэхээр дотроо тохиролцоонд хүрээгүйгээс болоод завсарлага авсаар зун, намрыг барсан. Хуулиараа нийслэлийн төсвийг арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах ёстой болохоор одоо хам хум батлах гээд сандарцгааж байна. Дэгээрээ гурав хоногийн өмнө хурлын материалаа бидэнд өгөх ёстой боловч өнгөрсөн баасан гаригт (арваннэгдүгээр сарын 24) оройн 20.00 цагт хэвлэж, зарим төлөөлөгчид өнөөдөр дөнгөж гар дээрээ авч байна. Ийм байдалтай шууд хэлэлцээд батлах гэж байгааг нь АН эсэргүүцэн шүүмжилж байгаа. Төсвийг ийм хөнгөн хуумгай баталж болохгүй. Энэ бол цэвэр өөрсдийнх нь зохион байгуулалтын буруу.
Олонхи нь дотроо ийм үл ойлголцолтой байхад нийслэлийн ажил урагшаа явахад хэцүү. Тэгэхэд 2012-2016 оны хооронд Нийслэлийн ИТХ-ын дарга асан Д.Баттулга хурлын ажиллагааг сар тутамд тогтмол нэг удаа зарлан хуралдуулдаг байсан. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл бүтээн байгуулалтыг ямар хурдан шуурхай, санаачилгатай хийж гүйцэтгэж байсан билээ. Гэтэл одоогийн удирдлага хэтэрхий удаан байна. Судалгаа хийж байна, хөтөлбөр боловсруулж байна гээд л ам таглачихна. Дөрвөн жилд хэрэгжих “Аз жаргалтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөр нь “Аз жаргалын индекс” гэж нэг юм гаргаад л зорилгодоо хүрэх юм шиг байна.
-Нэг ч нааштай сайхан зүйл алга гэж үү?
-Магтах зүйл байгаа, байгаа.
-Тухайлбал, юун дээр?
-"Цэцэг" зочид буудал болон баруун талынх нь орон сууц хоёрын дунд 2012 онд хотын дарга байсан Г.Мөнхбаяр буухынхаа өмнө газар олгочихсон байдаг. Ердөө л айлуудын цонхыг таглаад 10 метрийн зайтай газарт 16 давхар орон сууц барих болчихсон. Оршин суугчидтайгаа нийлж нэлээн хэл ам болж зүтгэсний хүчинд хотын дарга С.Батболд зөвшөөрлийг нь долдугаар сард цуцлах захирамж гаргасан. Тэр бол харин амаргүй шийдвэр гаргасан шүү.
-Та өөрт нь хандаж талархал илэрхийлсэн уу?
-Илэрхийлсэн. Илэрхийлэлгүй яах вэ, иргэдийнхээ талд зогссон зоримог шийдвэр гаргасан шүү дээ.
-Та одоо нийтлэлээ бичиж амжиж байна уу?
-Бичихгүй л байна. Тамирчин хүн байнгын дасгал сургуулилт хийж байж тэмцээн уралдаанд ордог шиг, хүн байнга бичиж байж бичих чадвараа хадгалдаг юм байна. Одоо бол түг таг гээд байдаг болчихоод байна.
-Гол нь үзэл бодол талаас тань таныг хүмүүст нээж өгсөн чадвар гэдэг утгаар нь сонирхож асуусан хэрэг л дээ. Жишээ нь, “Өөрийгөө хөгжүүлье” гэсэн номноос тань уншсан “Хөгжлийн түлхүүр” гэсэн нийтлэлийн санааг тодруулж асууя. Тэнд та Аргентин улсын жишээг аваад “Залуучуудаа өсгөж, боловсруулахад улсынхаа ихээхэн хөрөнгийг зарцуулчихаад, яг үр шимийг нь хүртэх үед нь ийнхүү гадаадад алдаж байгаа юм. Тэгэхлээр зөвхөн мэдлэг чадвар болон бичиг үсэгт тайлагдсан гэдгийг хүний хөгжил гэж ойлгоод, энэ л биднийг хөгжилд хүргэнэ гэж тайвширч болохгүй нь. Монголд маань яг одоо “хүний хөгжлийн” нөгөө тал буюу ёс суртахууны хэм хэмжүүр гэдэг юм нийгмээрээ алдагдчихаад байгаа билээ” гэж та бичсэн байдаг?
-За ёс суртахуун гээд яривал дуусахгүй яриа болно. Товчхондоо энэ нийгмийг үнэнч шударгаар яваа хүмүүс сайн сайхан амьдардаг тийм л нийгэм болгох хэрэгтэй. Зальтай, худалч, хүн чанаргүй хүмүүс нь дээшлээд, дарга даамал болоод явдаг бол нийгэм өөрөө ёс суртахууны хэм хэмжээгээ баллаад явна. Дээрээсээ авахуулаад тогтолцоо нь нийгмээ эмгэгтэй болгож байна.
-Танд ямар хувилбар байна вэ?
-Би улс төрийн тогтолцоо талаас нь ярья л даа. Манайд нэгдүгээрт парламентын тогтолцоондоо өөрчлөлт оруулах хоёрдугаарт, улс төрийн намын тухай хуулиа маш чанартай сайн хууль болгож өөрчлөх шаардлага байна.
Эхний асуудлын тухайд хоёр танхимтай парламенттай болох, голлох томилгоо, улс орны амин чухал асуудлуудыг том танхим буюу 500-600 ардын их хурлын гишүүнтэй парламентаас шийддэг болгох хэрэгтэй. 500-600 хүн гэдэг нь байнгын бус, өөрөөр хэлбэл жилд 1-2 удаа л хуралдах, бусад цагт тус тусын ажлаа хийж байх, нийт орон нутаг, ард иргэдээс сонгогдсон, ардын эрхийг хэрэгжүүлэх байгууллага байх юм. Нөгөө танхим нь бол одоогийн УИХ. Хууль тогтоох байгууллага байна. Яг одоогийн тогтолцоогоор бол УИХ бүх эрх мэдлийг өөр дээрээ авчихсан, өөрөө хариуцлага хүлээдэггүй, ёс зүйн болоод гэмт хэргийн шинжтэй асуудал гарахад буцааж татах боломж бараг байхгүй ийм л институт болчихоод байна. 76 гишүүнээс 39 хүн олонхи болчихно. тэр дотор байгаа 10 гаруй хүнтэй фракц бүлэглэл нь улс үндэстний бүх асуудлыг шийдэж байна. Үндэсний аюулгүй байдал, дархлаа талдаа эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр шүүх засаглалын томилгоог Ардын их хурлаар хийх ёстой юм. Тэгж байж шүүх маань хараат бус, бие даасан байдлаар ажиллана.
Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэдгийн тухайд намын дүрэмд тусгах ёстой чухал зохицуулалтуудыг хуульчилж өгөх шаардлагатай. Тэгэхгүй бол нам дотор дүрмээ зөрчсөн үйлдлүүд гарлаа ч шүүх тэрийг нь “намын дотоод асуудал” гээд хэрэгсдэггүй, үүнээс болж үндсэндээ ой ширэнгийн хууль үйлчилж эхэлдэг. Нам доторх улс төрийн өрсөлдөөн цэвэр шударга явагдахгүй бол тэндээс чанаргүй нөхдүүд нэр дэвшинэ. Тэгэхээр ард түмэн зөв сонголт хийе гээд ч зөв нэр дэвшигч гарахгүй учир сонголт нь буруудаад явчихаж байгаа юм.
-За эргээд хотынхоо асуудлыг яръя. Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлд шилжин ирэгсдийг бүртгэхийг хориглосон байгаа. Энэ шийдвэр хэдийгээр агаарын бохирдол, газар олголтыг цэгцлэх ач холбогдолтой ч эргээд танай дүүрэгт гэхэд энэ шийдвэрээс үүдэн нийгмийн үйлчилгээ авч чадахгүй олон мянган албан бус хотын иргэд байгаа байх. Таны хувьд энэ шийдвэрийг хэрхэн харж байгаа вэ?
-Сөрөг үр дагавар гарах буруу шийдвэр. Үнэхээр бүртгэлээрээ шилжиж ирээгүй ч бие нь, гэр бүл нь хотод амьдардаг хүн олон мянгаараа байна. Тэд олшрохын хэрээр хүүхдээ цэцэрлэг сургуульд хамруулах, эмнэлэгт үзүүлэх эмчлүүлэх, нийгмийн төрөл бүрийн үйлчилгээ авах боломжгүй маш том давхарга бий болно. Хүн амаараа тооцож төрийн үйлчилгээг төлөвлөж, даацыг нь нэмэгдүүлж байх ёстой байтал тэр бүртгэлд ороогүй, “хүний тоонд ороогүй хүмүүс” олноороо бий болох нь тун аюултай.
-Гэтэл өнөөдрийг хүртэл та бүхэн дорвитой дугарсангүй шүү дээ. Тиймээс ч Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийг яг үнэндээ сул дорой байна, хүчгүй, нөлөө бүхий үүрэг гүйцэтгэхгүй байна гэдэг шүүмжлэл гарах юм. Үүнийг та зөвшөөрөх үү?
-Өмнөх дөрвөн жилд МАН-ын бүлэг цөөнх байхдаа хотод хийж байгаа олон ажлуудыг улайран үгүйсгэж, улстөржүүлж, гүтгэн доромжилж байсан. Үндсэндээ тэдний дайралт Э.Бат-Үүл гэдэг хүнийг байхгүй болгосон шүү дээ. Иймд гүтгэж доромжлохгүй бол сул дорой байна гэдэг бол тийм л гэж хэлье. Ажлын санаачилга гаргах, шүүмжлэх зүйлээ шүүмжлэх гэдэг байр сууринаас манай бүлэг хандаж байна. Мөн хийх гээд байгаа зүйлийг нь хийлгэе, ядаж нэг жил харъя гэсэн тал ч бий. Ер нь шинэ үеийн залуус бид бохир улс төрийг дуурайх шаардлагагүй.
-“ЭМОС” клубын үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байгаа вэ. Хилийн чинадад байгаа залуучуудын үзэл бодлын бөөгнөрөл болсон клуб байсан шүү дээ?
-Уулзана аа. Ихэнх нь Монголдоо ирчихсэн. салбар салбартаа амжилттай ажиллаж байгаа. Ид л ачаа үүрдэг дээрээ ирчихсэн байна. Одоо үнэхээр манай үеийнхэн тайзан дээр гарах цаг нь ч болж, аяндаа гарч эхэлсэн ч байна. Бас үр хүүхэддээ ямар нийгэм үлдээх вэ гэдэг талаасаа өөрийн эрхгүй зүгээр сууж болохгүй болсон байна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх гурван хүүхэдтэй.
-Эхнэр тань?
-Япон бүсгүй бий. Бид хоёр оюутан байхдаа суусан. Миний Монголдоо ирэх шийдвэрийг дагаад л ирсэн хөөрхий минь. Анх гэр бүл болохдоо “Би эх орондоо эргээд очно. Намайг дагаад явна гэвэл сууя” гэж хэлсэн. Эхнэр маань ч “Чамтай хамт хаана ч амьдарч чадна” гэж хэлээд ирсэн дээ.
-Улс төрд орох шийдвэрийг тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Оюутан байхаасаа нийгэм, улс төрийн идэвхтэй байсан болохоор нэг их гайхаагүй. Гэхдээ “Нэгэнт л улс төрд орж байгаа бол идеалны, хамгийн гоё зөв улстөрч нь байгаарай” гэж хэлдэг.
-Гэхдээ улстөрчид бүгдээрээ адилхан гоё сайхан үг ярьж, шударга ёсны уриа дуудлага уншсаар байгаад “Хэн нь сайн хүн. Хэн нь муу хүн бэ нь битгий хэл зорилго нь ч тодорч харагдахаа больсон байна”. Энэ бас их харамсалтай үзэгдэл шүү?
-Ёстой бүтэн нэртэй хүн бараг байхгүй болсон байх шүү. Миний хувьд Ардчилсан намын залуучууддаа МАН-тай хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ, хувь хүн рүү нь дайрсан, хийж байгаа юмыг нь хэт харлуулсан байдлаар дайралт хийхгүй байхыг уриалдаг. Бид нар өнөөдөр сөрөг хүчин байж болно. Тэглээ гээд хэзээ ч эрх барихгүй юм шиг хандаж болохгүй. Ажил хийх, хариуцлага хүлээгээд ачаа үүрээд явах хэцүү. Өөрсдөө тийм байр суурин дээр очих үедээ харин бэлэн байх ёстой. Олонхи болсон үедээ юу хийх вэ гэдгээ сөрөг хүчин байх үедээ бодож боловсруулсан, бэлэн болсон байх ёстой юм. Улс төрийн өрсөлдөөн бохир аргаар явагддагаас болоод хэн хэн нь нөгөөгөө харлуулж, гүтгэсээр байгаад нийгэмд энэ хэдэн улстөрчид авах юмгүй гэсэн хэтэрхий харлуулсан ойлголт үүсгэчихээд байна. Хавтгайд нь харлуулж харагдуулаад байна гэсэн үг л дээ.
-Таны ажилладаг “Хишиг арвин индустриал” компанийн тухай асуулт асууя. Гол нь Монголын ихэнх том уул уурхайн олборлолт руу туслан гүйцэтгэгчээр ороод байгаа нь олны, тэр дундаа улстөрчдийн анхааралд өртөөд байгаа харагддаг. Ер нь хэзээ байгуулагдсан, хэний эзэмшлийн компани юм бэ?
-1997 онд байгуулагдсан компани. Эхэн үедээ барилгын суурийн ажил хийж яваад 2000 оноос уул уурхай руу аажмаар орсон. Ерөнхийдөө чимээгүй л ажлаа хийдэг компани. Ингэж 10 гаруй жил уул уурхайн салбарт туршлага хуримтлуулсныхаа дараа 2013 оноос Тавантолгойн ордын Баруун Цанхийн ордыг ашиглаж эхлэхтэй зэрэгцэн, тэнд ажиллаж эхэлсэн. Гэхдээ ганц манай компани ч биш. “Монгол уурхайчдын түншлэл” гэж консерциумаараа оролцдог. Манайх нийт ажлын 70-80 хувийг нь хийж гүйцэтгэдэг.
-Эндээс лавлаж асуух ёстой нэг асуулт гарчихлаа. Энэ нь УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын компани гэж өнгөрсөн хугацаанд олон ч удаа мэдээлэл, таамаг гарч байсан. үнэн эсэхэд та хариултыг нь өгөөч. Мэдээж та үгүйсгэх байх. Гэхдээ хариулт бол хариулт шүү дээ?
-Ямар ч оролцоо, хамаарал байхгүй. Би 2010 онд Ардчилсан хүчний холбоо байгуулагдах үед гишүүнээр элсч, түүнээс хойш “Шонхорын” гэж хаяглуулж явдаг болохоор л тэгж холбож яриад байх шиг байгаа юм. Зөвхөн энэ ч биш, намайг компанид орохоос өмнө, анх удаа Баруун цанхийн тендерт ялахад нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн компани гэж ярьдаг байсан гэсэн шүү.
-“Оюутолгой” ХХК-ийн налуу ам барих төсөл рүү танайхыг мөн л ганц хувилбараар тулгасан гэдэг яриа гарч байсан. Нэгэнт ярилцлага авсных төгсгөлд нь асуучихья?
-“Оюутолгой” бол ямар ч лобби энэ тэргүйгээр шийдвэрээ гаргасан. Ер нь бол “Тийсс” гэж компанид ажлаа өгсөн. Үнэндээ бол монголын компаниудын хувьд далд уурхай гэдэг бол цоо шинэ технологи. Ийм туршлагатай, Рио Тинтогийн шаардлагыг хангаж чадах компани байхгүй. Ажил гүйцэтгэгч нь австрали, канадынх байж болох ч, заавал монгол компанитай хамтарсан байх ёстой гэдэг нөхцөл тавьсан байдаг. Түүний дагуу “Тийсс” манайд санал тавьж, хамтарсан компани байгуулсан. Ийм л учиртай. Ер нь бол дэлхийн хамгийн том оператор компани. “Лэйтон” гэдгээр нь хүмүүс бас мэддэг юм билээ.
"Үндэсний шуудан" сонин Г.Отгонжаргал