Ч.НАСАНТОГТОХ: МОНГОЛЧУУДЫГ ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛГОСОН УЧРААС АРД ТҮМЭН НАМАЙГ ХАЙРЛАЖ, ТӨР ЗАСАГ ХАЙР ХИШГЭЭ ХАРАМГҮЙ ХҮРТЭЭСЭН

2018-05-21 09:12:19

Монголын самбо, жүдо бөхийн спортод өөрийн амьдралын 50 жилийг зориулж, энэ хугацаанд олимп, тив, дэлхийн анхны аваргуудыг бэлтгэсэн хүн бол хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох билээ. Түүний удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж байсан тамирчдаас 1989 оны дэлхийн аваргын мөнгөн медальт О.Балжинням, 1980 оны Москвагийн олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин, анхны олимпийн аварга Н.Түвшинбаяр, анхны дэлхийн аварга Х.Цагаанбаатар зэрэг анхдагчууд төрөн гарчээ. Өдгөө Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн алба хашиж буй түүнтэй Монголын самбо, жүдо бөхийн хөгжил тэр чигээрээ хамаатай. Цэл залуугаасаа өдий хүртэл зөвхөн энэ л спортод бие сэтгэлээ зориулж, нойроо умартан зүтгэсэн түүнийг “Үндэсний шуудан” сонин “Хоймор”-тоо урьж ярилцлаа.

-Бид хоёрын ярилцлага яалт ч үгүй Самбо бөхийн 25 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр таарлаа. Энэ бол спортын бас л нэг том үйл явдал. Тиймээс уг тэмцээний сонин сайхнаас ярилцлагаа эхлүүлэх үү?
-Монголд самбо бөхийн спорт хөгжөөд 50 жил болж байна. 1968 онд энэхүү спортын үүслийг тавьсан түүхтэй. Миний хувьд ч гэсэн 1968 он бол түүхэн өөрчлөлт хийсэн жил байдаг юм. Тухайн онд би аравдугаар ангиа төгсөөд ЗХУ-ын Москва хотын Биеийн тамирын дээд сургуульд самбо, жүдо бөхийн дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж эхэлсэн. Тэр цагаас хойш бас 50 жил өнгөрчээ. Үүгээрээ онцлогтой юм болов уу. 50 жилийн өмнө өөрөө самбоор бэлтгэл хийж, эрдэм номыг нь сурсан хүний хувьд үнэхээр сайхан санагдаж байна. Манай улс 1974 онд самбын дэлхийн аваргыг, 1997 онд Азийн аваргыг эх орондоо хүлээн авсан түүхтэй. 1974 онд ДАШТ Улаанбаатарт болоход гавьяат тамирчин Г.Батсүх, мөн дархан аварга Х.Баянмөнх нар дэлхийн аварга болж байлаа. Харин 1973 онд бол дэлхийн аваргын анхдугаар тэмцээнээс Ш.Чанрав алтан медаль хүртсэн юм. Ингэж хоёр жилийн дотор манай улс гурван дэлхийн аваргатай болж билээ.

Энэ спорт Монголд маш эрчимтэй хөгжсөн. Ялангуяа 1970-1985 оны үед Монгол, Орос хоёр л хоорондоо өрсөлддөг байв. Самбо нь үндэсний бөхтэй төстэй учраас амжилт гаргах нь их байсан юм. Одоо ч гэсэн амжилтаа ахиулах боломж бий. Жинхэнэ оргил үе нь 1980-1990 он байжээ. Самбыг манайд хөгжүүлэхэд Оросын мэргэжилтнүүд маш их тусалсныг дурдахгүй байж болохгүй. Үүний хүчинд Монголоос хамгийн олон дэлхийн аварга самбоос төрсөн байдгийг та бүхэн мэдэх биз. 25 дахь удаагийн тэмцээн маш сайхан болж байна. Зохион байгуулалт өндөртэй, тамирчдын ур чадвар сайжирсан, бас тэмцээний хүрээнд ид залуу насандаа гялалзаж явсан олон алдартан Монголд иржээ. Тэр бүгдтэй уулзаад явахад сайхан байна. 
-Та бол яалт ч үгүй энэ спортын хөгжлийн амьд толь бичиг, лавлах. Тиймээс анх хөгжсөн түүх, өнөөгийн хөгжлийн талаар өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юү?
-Дээр би цухас дурдсан. Хамгийн олон дэлхийн аваргатай, хамгийн олон гавьяаттай спортын төрөл бол самбо бөх юм. Гавьяат тамирчин, дасгалжуулагч л гэхэд 40 гаруй төрөн гарчээ. 48 алтан медаль авсан. Энэ медалиудыг нийт 37 тамирчин хүзүүндээ зүүж, дэлхийн аварга, хошой аварга гэх мэт алдрыг хүртжээ. Үүнээс хоёр болон гурваас дээш түрүүлсэн 7-8 тамирчин байна. Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од л гэхэд дэлхийд тав түрүүлсэн. Дэлхийн гурван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Жамсран, хошой аварга, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, хошой аварга, хөдөлмөрийн баатар О.Балжинням гэх мэт олон хүнийг дурдаж болох юм. Самбо бөхийн спортыг нэг хэсэг орхисон тал бий. Олимпийн бус төрөл гээд, зах зээлд шилжих үед самбын хөгжил уналтад орсон. Гэвч ТЕГ-ын дарга Ш.Гэрэл холбоог нь удирдаж эхэлснээс хойш самбо бөх эргээд сэргэж байна. Дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ холбооны ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Шинэ бүтцэд орсноос хойш манай самбынхан олон улсын холбоодтойгоо уялдаа холбоогоо сайжруулж, хөгжлийнхөө замд орлоо гэж харж байна. Удахгүй самбо бөхийн оргил үеийн хөгжилтэйгөө ижил түвшинд очно гэдэгт найдаж, итгэж, хүлээж байна. Самбо бөх олон оронд хөгжжээ. Үүнийг нотлох жишээ бол 2017 оны дэлхийн аваргад 96 орны тамирчид оролцсон явдал юм. Энэ бол түүхэн амжилт юм. Самбыг эх орондоо хөгжүүлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүний хувьд хамгийн их олзуурхаж байгаа зүйл бол энэ спорт 2018 оны Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтлаа. Наймдугаар сард Индонезийн Жакартад Азийн XVI олимп болно. Монголын баг өргөн фронтоор оролцох нь ойлгомжтой. Тэдний дунд манай самбынхан багтсанд үнэхээр их баярлаж байгаа. Мөн оюутны Универсиад наадмын төрөлд ч орсон. 2-3 олимпийн дараа, магадгүй наана нь байж болох юм, олимпийн хөтөлбөрт багтах боломжтой гэж харж байна. Тиймээс самбоор хичээллэх хүүхэд залуучуудын тоо улам олшрох байх. Бас нэг сайхан зүйл нь Монгол Улсын Ерөнхийлөгч, миний шавь Х.Баттулга самбо бөхөд онцгой анхаарал хандуулж маш их дэмжиж байна. Улсын аварга, Азийн аваргын нээлтэд тухайн орны төрийн тэргүүн өөрийн биеэр ирж оролцоно гэдэг бол тухайн спортод хэр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Х.Баттулга Ерөнхийлөгчийг самбо бөхийн дэлхийн аварга гэдгийг спорт сонирхдог хүн бүр мэдэх байх. Товчхондоо бол олон талын дэмжлэгтэй болсон учраас дэлхийн аваргаас олон медаль авч байсан тэр түвшиндээ эргээд очно гэж найдаж байна. Тиймээс багш дасгалжуулагч, тамирчид нь өөрсдөө хичээж, чармайн зүтгэх хэрэгтэй. Төр засгаас ч гэсэн бодлогоор дэмжиж шигшээ баг байгуулах хэрэгтэй. Олимпийн төрөлд багтахад ойрхон байгаа учраас тэр. Санаснаар болдог бол төр засгийн ивээлд багтаасай гэж хүсдэг юм. 
-Таны шавь, шавийн шавь, шавийн шавийн шавь гээд бараг дөрөв, тав дахь үе нь одоо барилдаж байна. Яг л гэр бүлийн залгамж халаа шиг. Энэ бүхнийг хараад сууж байгаа та бас азтай хүн юм. Өнөөдөр таны шавь нар төр засгийн зүтгэлтэн, зарим нь их спортоо хөгжүүлэх гээд зүтгэж явааг хараад суух ямар санагдаж байна вэ?
-Тийм ээ, би өөрийгөө үнэхээр азтай, хувьтай хүнд тооцдог. 1973 онд сургуулиа төгсч ирээд дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээс хойш 45 жил болжээ. Олимп, дэлхийн аварга төрлөө. Олон олимпод оролцлоо. Одоо хүртэл миний шавь нар үргэлжлүүлэн барилдаж байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нар намайг шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхад жоохон хүүхдүүд ирсэн. Одоо ид барилдаж байна. Зарим нь спортын хуулиар хувийн амьдралаа хөөж, дасгалжуулагчийн ажил хийж эхэллээ. Самбо, жүдогийн дэвжээнд ид хаваа гайхуулж явсан үеийнхээ туршлага, арга мэх, ур чадвараа залуучуудтай хуваалцаж байна. 
-Самбо, жүдогийн талаар та бид яриад л байдаг. Гэтэл та өөрөө яаж яваад энэ спорттой холбогдов. Алдарт дасгалжуулагч гэдгийг л мэдэхээс биш самбо, жүдотой холбогдсон түүхийг мэддэг хүн ховор байх шүү?
-Би Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын хүн. 10 жилийн сурагч байхдаа чөлөөт бөхөөр барилдаж өсвөрийн аварга шалгаруулах эмцээнээс медаль хүртэж явсан. Миний төрсөн ах олимпийн наадмын анхны медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав гэдгийг хүн бүр мэддэг болсон байх. Миний ах 1964 оны олимпод оролцож байсан. Тэр үед би зургадугаар ангийн сурагч байлаа. Олимпод явж ирсний дараа надад чөлөөт бөхийн анхан шатны мэдэгдэхүүн олгож, хөдөө Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Аргуйн голын эрэг дээр мэх зааж өгсөн. Энэ бол миний спортод хөл тавьсан эхлэл юм. Ахаараа чөлөөт бөхийн “А” үсгийг анх заалгаж байлаа. Ахаасаа олон зүйл сурсны хүчинд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аваргаас медаль авсан. Ингээд 1968 онд ЗХУ-ын Москва хотыг зорьсон. Биеийн тамирын дээд сургуульд суралцаж байхад ЗХУ-ын дөрвөн удаагийн аварга, нэрт эрдэмтэн, профессор Евгей Михайлов Сумок гэж хүн намайг дуудаад “Монголд чөлөөт бөх өндөр түвшинд хөгжсөн. Мэргэжилтнүүд олон бий. Тиймээс чи самбо, жүдо бөхийг сур. Би чамд мэргэжил эзэмшүүлье. Чи 4-5 жил болоход олон зүйл сурна, сайжирна. Монголчууд бөхөд авьяастай учраас чи амархан сурна” гэсэн. Тэр саналын дагуу тэр агуу эрдэмтний удирдлагад суралцаж 1973 онд анхны мэргэжилтэн болж Монголдоо ирсэн түүхтэй. Оросууд самбо, жүдог хөгжүүлэхэд маш их үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Намайг төгсч ирэхээс өмнө ЗХУ-д самбо, жүдогоор хичээллэж байсан хүмүүс ажлынхаа зав чөлөөгөөр энэхүү спортыг Монголд хөгжүүлж байлаа. 
-Таныг эх орондоо ирээд шинэ бөхийн спортын төрлийг хөгжүүлэхэд хэр их бэрхшээл гарч байв. Монголд аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд хэцүү байдаг шүү дээ?
-Мэдээж маш их хэцүү байсан. Монголчууд хоёр олимп дараалаад чөлөөт бөхөөр медаль  авчихсан үе. Миний ах Ч.Дамдиншарав тэргүүтэн 1968 онд олимпоос анхны медаль авсан бол тэр буухиаг манай чөлөөтийнхөн 1972 онд ч үргэлжлүүлсэн. Тийм болохоор бүгд л чөлөөт бөх рүү хошуурдаг байлаа. Спортын төв ордны үүдэнд барилдах сонирхолтой хүүхэд шалгаруулах гээд зогсоход тоодог хүн бараг байхгүй. 20 хүнтэй уулзахад 2-3 нь зөвшөөрч бэлтгэл хийнэ. Зарим нь бэлтгэл хийж байгаад болино. “Унтлагын цагаан өмд, цамцтай. Ёстой бүтэхгүй барилдаан байна” гээд л яваад өгдөг. Эхэндээ үнэхээр урамгүй байсан. Чөлөөт бөх хаана байна гээд л явдаг байж. Одоо бол жүдо хаана байна гэдэг болсон цаг. Спортын төв ордонд өдөрт 500-600 хүүхэд жүдогоор хичээллэж байна. Энэ дашрамд чөлөөт бөхийнхнөөс уучлалт хүсье. Чөлөөтийнхөн ийм тоог сонсоод гайхах байх. Чөлөөтөөр бол өдөрт 200-300 хүүхэд л хичээллэдэг. Гэтэл жүдо тэднээс хоёр дахин илүү. Өсвөр, залуучуудын тэмцээн зохион байгуулахад бараг 1000 хүүхэд оролцож байна. Тиймээс өмсгөлтэй барилдааныг цаашид маш том ирээдүй хүлээж байгаа шүү гэдгийг зориуд хэлье.
-1970, 1980-аад онд чөлөөт бөхийн хөгжил оргил үедээ байсан. Хичээллэдэг хүний тоо ч олон. Үүнд тухайн үеийн спортын одууд болох Ч.Дамдиншарав, Х.Баянмөнх, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, З.Ойдов тэргүүтэн нөлөөлж байсан байх. Харин өнөөдөр жүдогоор хичээллэгсдийн тоо огцом өссөн нь 2008 оны Бээжингийн олимп, тэр тусмаа хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяртай шууд холбоотой биз?
-Тэгэлгүй яах вэ. Юу үнэн энэ л үнэн. 1968 онд олимпоос чөлөөт бөхөөр дөрвөн медаль авч байгаа юм. Тэгэхээр энэ спортоор хичээллэвэл амжилтад хүрнэ гэж хүн болгон бодно биз. Самбыг бол авч хэлэлцэхгүй. Гэтэл одоо жүдогоос гадна боксоор маш их хүүхэд хичээлэх болсон. Бокс, жүдо хоёрыг Монголын топ гэж нэрлэж болно. Хамгийн олон хүүхэд хамрагдаж хичээллэж байгаа гэдэг утгаар нь. Ер нь бол хүн ам өсөхийн хэрээр спортоор хичээллэх тамирчдын тоо нэмэгдэж байна. Шинэ спортын төрөл ч олноор бий болсон. Туялзуур сэлэм л гэхэд манайд 6-7 жилийн өмнө дөнгөж хөгжиж эхэлсэн бол одоо 200-300 тамирчинтай болжээ. Каратэ гэх мэт контактын төрлөөр хичээллэх тамирчдын тоо маш их байна. Тулааны спортод авьяастай гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Багийн спорт ч ялгаагүй. Багийн спортоор монголчууд зөвхөн хоббигоо дарах гэж хичээллэдэг байсан нь өнөөдөр мэргэжлийн түвшинд хүрэхэд ойртлоо. Сагсан бөмбөгийн 3х3-аар бид ямар сайхан амжилт гаргаж байгааг бүгд харж байна. Стандарт төрөл буюу 5х5, хөлбөмбөгөөр ч хичээллэгсдийн тоо эрс нэмэгдсэн. Өөрөө зорьж очиж үзэж амжихгүй байгаа ч лигийн тэмцээн шагналын сан өндөртэй, тамирчдын хичээл зүтгэлийг ч боломжийн хэмжээнд үнэлдэг болсон ийм сайхан цаг үе иржээ. 
-Монголд самбо, жүдог хөгжүүлж эхлэхэд таны шавь нараас тив, дэлхийн аваргаас анхны медалиа авсан тэр сайхан дурсамжаас хуваалцах уу?
-1973 онд төгсч ирээд есдүгээр сард Ираны Тегеран хотод самбо, чөлөөт, сонгомол бөхийн төрлөөр дэлхийн аварга болж байлаа. Тэгэхэд манай Ш.Чанрав 62 кг-ын жинд дэлхийн аварга болсон түүхтэй. Энэ бол монгол хүн бөхийн төрлөөр хамгийн анхны дэлхийн аварга болсон түүхэн амжилт юм. Тэгвэл 1980 онд Москвагийн олимпоос жүдо бөхийн төрөлд Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хүрэл медаль хүртсэн нь жүдогийн төрөлд анхдагч амжилт. Х.Эрдэнэт-Од, Х.Болдбаатар нар 1997 онд жүдо бөхөөр анх удаа Азийн наадмын аварга болж байлаа. 2008 онд Н.Түвшинбаяр олимпийн анхны аварга, 2009 онд Х.Цагаанбаатар анхны дэлхийн аварга, М.Уранцэцэг анхны эмэгтэй дэлхийн аварга болсон гэх мэт анхдагч амжилт олон бий. Олимп, тив, дэлхийн аваргад амжилт үзүүлж яваа тамирчдаараа бахархаж, өнөөдрийг хүртэл энэ спортоороо амьсгалж явна. Самбо, жүдо бөхтэй холбоотой ямар нэгэн тэмцээн болохоор л өндөлзөөд тайван сууж чадахаа больдог юм. 

Аав минь зав л гарвал хүүхдүүдтэйгээ барилдана, ноцолдоно

-Таны амьдрал ерөөсөө тэр чигээрээ спорт юм. Гэр бүлийг тань хүртэл спортоос салгаж чадахааргүй болжээ. Ер нь танай гэр бүлийнхэн Монголын спортын түүхэнд нэгэн сайхан түүх бичжээ гэж ойлгоход болох нь ээ?
-Баярлалаа. Яалт ч үгүй миний гэр бүл спорттой салшгүй холбоотой юм. Хамгийн том ах маань чөлөөт бөхөөр улсын аваргаас дөрвөн медаль хүртэж, 1971 онд спортын мастер болсон. Миний хоёр дахь ах болох Дамдиншаравын амжилтыг хүн бүр мэднэ. Би ч олон жил бөхтэй хамт явлаа. Хамгийн бага дүү маань самбо бөхийн улсын аваргаас шагналт байрт шалгарч байсан. Медаль хүртэж чадаагүй ч энэ спортыг сонирхож хичээллсэнд нь баярладаг. Аав барилдах дуртай хүн байсан. Зав л гарвал хүүхдүүдтэйгээ ноцолдож, барилдана. Бидэнд барилдааны арга барил заадаг тийм хүн байлаа. Бөхөөр барилддаггүй монгол хүн гэж байдаггүй болохоор эрэгтэй хүн бүр багш байсан цаг үед би спортын замналаа эхлүүлснээрээ бахархдаг, баярладаг. 
-Одоо таны үр хүүхэд, ач зээ нараас их спортоор хичээллэдэг хүн байна уу?
-Үнэндээ Дамдиншарав ахынхаас ч, манайхаас ч тэр спортоор хичээллэдэг нэг ч хүүхэд алга. Яагаад ч юм бэ бүгд эрдэм номын мөр хөөгөөд явсан. Цаг үе нь ингэж таарсан юм байлгүй. Надад 14-15 ач, зээ байна. Тэднээс ядаж хоёр, гурвыг нь спортын хүн болгох юмсан гэж бодож л явна. 
-Өнөөдрийн амжилт, энэ төвшинд яваа гавьяаг тань таны гэргий бас үүрэлцэх нь зүй ёсны хэрэг биз ээ. Олон хоног гэр бүлээсээ илүү тамирчдадаа санаа зовж, тэдний төлөө зүтгэж явахад ар гэрийн асуудлыг найдвартай зохицуулж, гэр бүлээ найдвартай авч явсан гэргийгээ, халамжит ханиа танилцуулж болох уу?
-Миний гэр бүлийн хүнийг Оюунбилэг гэдэг. Монгол кино үйлдвэрт нягтлан бодогч, эдийн засагчаар 40 гаруй жил ажиллаад чөлөөндөө гарсан. Бидний дундаас зургаан хүүхэд төрсөн. Хүүхдүүдээ сайхан өсгөж, сайн хүн болоход миний хань өөрийгөө бүрэн зориуллаа. Жинхэнэ эх хүн ямар байдгийг төгс харуулсан гэж би боддог юм. Одоо бүх хүүхэд эрдэм номтой, боловсролтой, мэргэжилтэй болоод явж байна. Миний амьдралыг тэр чигээр нь цэгцэнд оруулж өгсөн 

"Үндэсний шуудан" сонин Б.МӨНХЗУЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)