“Монголын эдийн засгийн форум”-ыг чимэг нь Тавантолгой байх уу

2018-05-21 11:43:32

“Монголын эдийн засгийн форум” өнөөдөр өглөө Төрийн ордонд эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, уналтаас ангижрасан тухай таатай сайхан тоон үзүүлэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар мэдээллээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид өөр хоорондоо талцан хагарах бус хүчээ нэгтгэх цаг болсон. Олон талаас нь хэлэлцэж, тунгаан бодож гаргасан шийдвэр зөв байдаг гэдэгт би итгэдэг. Өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн бий болгож байна. Тэд өнөөдөр энэ танхимд сууж байна. Гадаад валютын нөөц нэмэгдэж, Засгийн газар өр ширээ дарж байгаа нь та бүхний гавьяа юм. Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарласан. Бид бизнес эрхлэгчдийг ажлаа хэвийн явуулах, макро эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, татварын орчинг илүү сайжруулах, шударга бизнесийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг нэмнэ гэдгээ амласан. Бид одоо л хүчээ нэгтгэж, хамтран ажиллахгүй бол цаг хугацаанаас хожимдох болно. Энд яригдсан ажил хэрэгч санал санаачилга, шаардлага шүүмжлэл бүхнийг ул суурьтай тунгаан бодож анхаарах болно. Энд цугласан бизнес эрхлэгчдийнхээ өмнө илүү нээлттэй байх болно гэдгээ Ерөнхий сайдын хувьд онцолж байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

Тэгвэл хөрөнгө оруулагчдын хувьд уг уриалга, мэдээллээс илүүтэй өнөөдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараах мэдээлэл сонирхолтой төдийгүй ач холбогдолтой байгаа нь нууц биш. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийг ирэх даваа гарагт буюу өнөөдөр “Тавантолгойг хөдөлгөх үү, эс хөдөлгөх үү” гэдэг шийдвэрээ гаргахыг сануулсан гэдгээ мэдээллэсэн юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр Монголын эдийн засгийн форумын гол чимэг байх болохыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ мэдээж, хөрөнгө оруулагчидтай хамтран Тавантолгойг хөдөлгөх шийдвэр гаргасан тохиолдолд шүү дээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)