Газрын тос боловсруулах үйлдвэр Монгол, Энэтхэгийн амбицыг нэгтгэв

2018-06-25 13:48:37

Газрын тос боловсруулах үйлдвэр Монгол, Энэтхэгийн амбицыг нэгтгэв

 

Алс холын наран зулай төөнөж, мөр дэрлэж, хөл дэгээдсэн шигээ зэрэгцэн алхах мэт мэдрэмжээс нэг л дөлж зугтмаар.        Их говийн нарыг ийн гайхшрахтай зэрэгцэн Сайншандын төвд үүдээ дэлгэн угтах ноён хутагт Д.Данзанравжаагийн музейг үзэж, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо эрхмийн бичиж туурвисан “Гэгээнтэн” романыг дахин нэг унших сэдэл толгойд зурайх нь бахдан биширснийх байлаа. Энэ зуурт үзмэр бүрийг чин сэтгэлээсээ хүндэтгэн дээдэлж, ноён хутагтын амьд ахуй цагийг нүдний өмнө зурах мэт сэтгэлийн их хөдөлгөөн, үгийн сайхнаар дүрслэн тайлбарлах тайлбарлагч О.Чинлүүгийн “Маргааш та нар газрын тосны үйлдвэрийн нээлт рүү явах уу. Манай хутагт тэрхүү Сайн ус хэмээх газрын гүнд их усан далай байна хэмээн шинжсэн байдаг юм” гэсэн үг ч содон сонин тусав. Хэрэг зоригийг төвөггүй анзаарч мэдсэн түүний хувьд маргааш нь болох газрын тосны үйлдвэрийн нээлт туйлын чухал байгаа нь ч дамжиггүй. Учир нь, Дорнын ноён хутагтын нээн илрүүлж, онцлон тэмдэглэж хэлсэн байгалийн баялаг тоймгүйн дээр өдгөө ашиглаж, олборлож буй орд газрууд ч цөөнгүй. Үүний нэг нь тэгэхээр яах аргагүй Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг болох Сайн ус хэмээх газар байж таараа. Ингэж аймаг орон нутгийн музейг үзэж, бүтээн байгуулалттай танилцсаны дараах маргаашийн зогсоол яах аргагүй Алтанширээ суманд болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьсан ёслол байлаа.

Замын тоос татаж, түмний хөл бужигнасан энэ газар Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-ын зайтай. Нүдэнд харагдахуйц дэд бүтэц битгий хэл нээлт зорьж ирсэн олныг буцахтай зэрэгцэн их говийн зэрэглээ л үлдэнэ үү гэхээс өөрөөр хүний бараа үл харагдам эзгүй талд ирэх 2022 он гэхэд Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн утгаараа ашиглалтад орно гэхэд нэг л төсөөлөгдөмгүй. Гэхдээ саяхан л Оюутолгойн төсөл ашиглалтад орох нь хэзээ ч юм, Тавантолгойгоосоо нүүрс олборлож зарж чадна гэдэг худлаа гэх мэтээр бүтээн байгуулалт бүрийн эхлэл цэгээс өрнөл рүү нь үл итгэх харцаар харж, гэрлийг олж харах нь бүү хэл сураг ажгийг нь ч тоомсорлодог байсан олны хувьд монголчууд та бид нэг үеэ бодоход бүтээн байгуулалтын эхлэлд итгэдэг болсон нь бас ч гэж олз юм.

Тэр дундаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн нээлтийг зорьж ирсэн эгэл жирийн иргэдийн итгэл, үр хүүхдээ хөтөлж ирж ярьж, хэлж буй яриаг нь сонсох нь ээ бас ч үгүй сэтгэл хөдөлмөөр. “Одоо ингээд Монголын бензинтэй болох нь дээ, хүү минь. Өмнө нь манай аймаг чинь монгол бензинтэй байсан юм гэсэн” гэдэг яриа чих дэлсэхэд харвал арав хүрээгүй хүүдээ нутгийн ах түүх ярьж байгаа бололтой.

Учрыг лавшруулан мэдээлэх нь ээ, Монголын говьд газрын тосны их нөөц бий гэдгийг тэртээ 1922-1923 онд Чарльз Берки, Фредрик Моррис хэмээх АНУ-ын геологичид илрүүлж, тэр үеэс аажмаар судалгааны ажил ном дүрмийн дагуу хийгдэж эхэлсэн байдаг аж. Удалгүй буюу 1947 онд “Монгол нефть” тусгай трест нефтийн хайгуулын анги байгуулагдаж, 1951 оноос газрын тос боловсруулах үйлдвэр албан ёсоор үйлдвэрлэлээ эхлүүлсэн байдаг. Дорноговь аймгийн музейгээс өмнөх өдөр нь Соёлын тэргүүний ажилтан Б.Гүрбазар зураачийн 1960 оны байдлаар хийсэн Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн макетийг үзсэн болохоор энэ тухай тус үйлдвэрт оператораар анх ажилд орж ерөнхий инженер, үйлдвэрийн даргаар ажиллаж байсан профессор, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Багмид гуайтай яриа өрнүүллээ. Үйлдвэр дагасан бүтээн байгуулалтын ажлыг нээсэн энэ өдөр тэрбээр сэтгэл ихэд хөдөлж, “Монгол Улсаа дахин газрын тос боловсруулах үйлдвэртэй болох энэ цаг мөчийг ихэд мөрөөддөг байлаа” хэмээгээд “Би оператораар эхлээд үйлдвэрийн дарга, ерөнхий инженерээр арван жил ажилласан. Москвагийн Нефть, химийн дээд сургуулийг төгссөн анхны монгол инженерүүдийн нэг гэдэгтээ их баярлаж явдаг. Үйлдвэрээ 1970 онд хаагдсанаас хойш ямар нэгэн хэмжээгээр жижиг, том нь хамаагүй үйлдвэр байгуулах мөрөөдөлтэй явж ирсэн. Тэр мөрөөдөл маань бүтсэнд баяртай байгаа. Миний шавь Д.Алтанцэцэг маань гол ажлыг нь нугалж байгаад их сайхан итгэл төрж байна. Гол нь технологио зөв сонгох хэрэгтэй. Дэлхийд энэ чиглэлийн 640 гаруй томоохон үйлдвэр бий. Тэдгээрт хэрэглэгдэж байгаа технологийг сонгоосой гэж хүсч байна. Энэтхэгийн талтай үүнийгээ сайн ойлголцох хэрэгтэй. Тухайн үед түүхий эдийн хомдсолд орсны дээр үйлдвэр маань 20 жил ажиллаад элэгдэлд орсон байсан. Эхэндээ улсын хэрэглээний 52 хувийг хангаж байснаа сүүлдээ 16 хувь болтол буурсан. Энэ үед буюу 1968 онд Л.И.Брежнов  даргыг Монголд айлчлах үеэр нефтийн үйлдвэрийг шинэчлэх асуудлыг манайхаас тавьсан ч “Ангарскад газрын тос боловсруулах том үйлдвэр барьсан. Тэндээс дотоодын үнээр Монголд олон жилийн турш нефтийн бүтээгдэхүүн тогтвортой хангах тул энэ үйлдвэрийг дахин сэргээх хэрэггүй гэсний дагуу хааж байсан юм. Гол нь, манайх одоогийнх шиг эрчимтэй судалгаа хийгээгүй байсан болохоор нөөцийн асуудал хүндэрчихсэн л дээ” гэдэг хариулт өгөв.

Харин уг үйлдвэр дагасан бүтээн байгуулалтын ажлыг зорьж ирсэн Алтанширээ сумын уугуул Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид эрхэм “Тухайн үед улс төрийн шийдвэрээр үйлдвэр хаагдахад мөн ч их харамссандаа” хэмээгээд “Өнөөдөр зуны дунд сарын шинийн 9-ний өдөр. Энэ жилийн хамгийн урт өдөр. Миний төрсөн нутаг Алтанширээ суманд газрын тосны үйлдвэр байгуулах эхлэлийг тавьж байгаад баяртай байна. Манай Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр 1968 онд хаагдах хүртлээ дотоодын шат А66, А76 бензин, дизель түлш, мазот, масло гээд арваад нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж байсан сайхан түүхтэй. Улсын 30 гаруй хувийг хангаж байсан. Монголчууд газрын тосны үйлдвэргүй болж ихэд харамсаж байснаас хойш өнөөдөр шинэ нетфийн үйлдвэрийн суурийг тавьж байгаа нь монголчуудын маань ерөөл юм даа.

Морь унасан амьд бурхан Монголчуудын нэрийн хуудас Галын амь амьсгал Газрын тосны үйлдвэр энд босно гэж бодохоор миний сэтгэл их хөдөлж байна. Одоогоос 33 жилийн өмнө Монголын Хөнгөн, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан уран бүтээлийн уралдаанд би Зүүнбаянгийн газрын тосны тухай “Цамхагийн цагаан салхи” гэж том тууж бичиж, түүгээрээ түрүүлж байлаа. Телевизийн нэвтрүүлэг ч хийсэн. Монголын галыг бадрааж явсан, бадрааж явах бүх хүмүүст энэ сайхан түүхэнд өдрийн мэндийг хүргэмээр байна. Сэтгэл хөгтэй сайхан байна. Шинэ уран бүтээл туурвих хөг орж байна. Хурга хариулж явсан тал нутагт маань газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдах эхлэл тавигдах сургаар Улаанбаатараас тэмцэж, тэмтэтчиж ирсэн шалтгаан минь энэ ээ” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлэв. Энэ үед Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг ч “Манай Кино урлагийн дээд сургуулийн багш нар энд явж байгаад ийм сайхан үйлдэл явдал болох сургаар дайраад ирлээ. Улс оронд маань ийм сайхан үйл явдал болж, учрал тохиолоор таарсандаа баяртай байна. Сайхан үйл явдал сайхан байдаг юм” гэсэн сайхан үгээр хүч нэмлээ. Ийн зорьж ирсэн олны үгийг сонсож, хүлээлт бүрийнх нь цаана “Монгол Улс өөрийн гэсэн газрын тосны бүтээгдэхүүнтэй болох цаг ердөө л дөрвөн жилийн дараа юм байна” гэсэн итгэл бадрахтай зэрэгцэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражна Сингх нар Монголын Засгийн газрын хариуцаж, хөрөнгө оруулалтыг нь шийдэж барих 20 км төмөр зам, хүнд даацын авто зам, өндөр хүчдэл буюу газрын тос боловсруулах үйлдвэрийг дагуулан зайлшгүй барих ёстой дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьж байв. Тодруулж хэлбэл, энэ бол Монголын Засгийн газрын 2022 оныг хүртэл буюу үйлдвэр нээгдэх өдрийг хүртэл дааж, хариуцаж ажиллах ёстой дэд бүтцийн суурь. Харин Газрын тос боловсруулах үйлдвэрийг бол Энэтхэгийн Засгийн газрын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барина. БНЭУ-ын Ерөнхий сайд Наренда Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлалын үеэр хоёр тал тохиролцож, өнгөрсөн хугацаанд зээлийн нөхцлийг тохирох, үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах, гүйцэтгэгч, зөвлөх компанийг сонгох гэсэн ажлууд хийгдсээр 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр ийн сүү өргөж, хүрз барьж буй нь энэ. Түүнчлэн тус улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж энэ оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдөр хийсэн айлчлалынхаа үеэр манай сонинд “Монгол Улсын Засгийн газар Энэтхэг Улсын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн нь хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд чухал ач холбогдолтой төсөл болно гэдэгт итгэлтэй байна. Энэ бол хоёр орны харилцаанд түүхэн ач холбогдолтой төсөл бөгөөд амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал урт удаан хугацаанд хангагдах ач холбогдолтой гэж үзэж байна. Ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах нь бидний хамтын ажиллагааны үндсэн зарчим хэвээр байна. Бидний түншлэл хоёр улсын удирдлага төдийгүй манай хоёр ард түмний хүчтэй дэмжлэг, харилцан итгэлцлийн бат бэх сууринд тулгуурлаж, улам бүр бэхжих болно” гэсэн ярилцлагыг өгч байв. Тэгвэл уг нээлтийн ажиллагааг зорьж ирсэн Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражна Сингх арга хэмжээний үеэр “Жар гаруй жилийн дипломат хамтын ажиллагааны түүхтэй манай хоёр орны хувьд энэхүү төсөл нь шинэ түүх болж байна. Харилцаа хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирч, стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд зогсохгүй сошиал сүлжээнд буюу өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дэлхий нийтэд “Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг эхлүүлсэн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Энэхүү үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын зээлийн шугамаар санхүүжүүлсэн” хэмээн жиргэж, дэлхийд манай улсыг 2022 оноос өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй болохыг албан ёсоор мэдээллэсэн байна билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргын тамгыг албан ёсоор гардахтайгаа зэрэгцэн “Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Би үүний төлөө бүхий л хүчээ дайчилж ажиллана. Би хийж бүтээсэн Ерөнхий сайд баймаар байна” гэж зарлаж байсан нь өнгөрсөн намрын үйл явдал. “Энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж мэдээллэсэн ч нь мөн л өнгөрсөн хаврын мэдэгдэл. Тодруулбал, хавар гэдэг нь дөрөвдүгээр сарын тэмдэглэл. Харин ингэж хэлсэн нээлт нь хоёр сараар хойшилсны учир шалтгаан нь зээлийн нөхцлөө Энэтхэгийн Засгийн газартай тохирох, түүхий газрын тосыг дамжуулах шугам хоолойны санхүүжилтийг төлөвлөх, ТЭЗҮ-гээ эцэслэх гэх мэт тодорхой учир шалтгаантай байсан гэнэ. Тайлбараас нь сонсвол шүү дээ. Гол нь нээлт болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөртөө бүтээсэн гэхээс илүүтэй бүтээх эхлэлийг тавьсан Засгийн газрын тэргүүнээр хойшид бичигдэх нь дамжиггүй. Харин үйлдвэр нээлтээ хийж, Монгол Улсад боловсруулсан бензин, дизель түлш хэрэглээнд нэвтрэхтэй зэрэгцэн тэрбээр яах аргагүй бүтээгч Ерөнхий сайдаар тухайн цаг үедээ ч, түүхэнд ч бичигдэнэ. Мэдээж тэр хүртэл дөрвөн жил бий. Дахин тодотгоход үйлдвэр 2022 онд ашиглалтад орох хүртэл шүү. Гол нь, ашиглалтад оруулах. Цагаан дээр хараар бичигдэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болж байна. Монголын ард түмэн, Дорноговийн иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе. Энэ үйлдвэрийг дагаад 30 гаруй төрлийн үйлдвэр байгуулагдана. Уруулын будагнаас эхлээд машин хүртэл үйлдвэрлэх боломж бидний өмнө нээгдэж байна. Нефть боловсруулах үйлдвэр гэдэг өөрөө тухайн улс орныхоо химийн үйлдвэрийг урагш нь хөтөлж явдаг. Иймд бидэнд асар их боломж нээгдэх цаг ойрхон байна” гэж хэлсэн үг хэдийгээр өнөөдөр шинэ ч маргааш хуучин болно. Тэр хэрээр хэвлэл мэдээлэл ч, олон нийт ч түүнээс газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгээд дэд бүтцийн ажлын явцыг өдөр тутам, сар жилээр ч нэхэж, асууж таараа. Энэ бүрт шинэ мэдээлэл өгөх үүргийг энэ өдрөөс эхлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд давхар дайя. Эхлүүлсэн нэр хүнд дуусгах үүрэг хариуцлагатай нь хамт бичигдэж байгаа болохоор тэр шүү дээ.

Дашрамд нь өнгөрсөн арав орчим жилийн хугацаанд Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай мэдээлэл гарын арван хуруунаас давж, 15-аар тоологдох болсныг ч сануулья. Жишээ нь, Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг Японы “Тоёото инженеринг”, “Марубени” хамтран 2011 онд эхлүүлж, 2015 онд ашиглалтанд оруулахаар боллоо, Дорнодод зүүн гурван аймгийн хэрэгцээг хангах газрын тосны боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулна, “Хэт” компани 2011 онд 120 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна. “Сүмбэр ойл” компани бага оврын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна, Зүүнбаянд “МОТ” компани 300 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина, “СодМонгол” компани 2011 онд 1.5 сая тонн газрын тус боловсруулах үйлдвэр барих нээлтээ Сайншандад хийлээ, “Монгол сэкү” компани 200 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр барина… гэх зэргээр энэ мэдээ явсаар 15 үйлдвэрийн шав тавих ёслолын мэдээлэл болж хувирна. Тэр болгонд орон нутагт тууз хайчилж, Засгийн газрын үе үеийн сайд, УИХ-ын дарга, тухайн тойргоос нь сонгогдсон гишүүд очиж байсан. Зураг нь ч бий, яриа нь ч бий. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл нэг нь ч ашиглалтанд ороогүйн дээр Монгол Улс 100 хувь газрын тосны бүтээгдэхүүн импортолсон хэвээр л байгаа.

Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрөөс эхлэн хамгийн том даалгавар, хамгийн том үүрэг хариуцлагаа хүлээлээ гэсэн үг. Нээлтийн тууз хайчлахаас, үр дүнгийн тайлан тавих нь хэцүү гэж хэлбэл оновчтой ч байж мэдэх юм. Гэхдээ зориг хийгээд зорилгыг нь мэдээж зөвтгөх хэрэгтэй. Тэр дундаа, жил сар бус өдөр тутамдаа, цаг минут бүрт монголчууд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын эрх ашиг хийгээд шийдвэрт барьцаалагдаж амьдардаг гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн өнгөрсөн оны сүүлчээр гэхэд нефть импортлогч компаниуд Засгийн газраас 260 тэрбум төгрөгийн татаас шаардаж нэхсэн. Шатахууны үнийг барих гүйцэтгэх засаглалын зорилго ийм үнэд хүрсэн ч гэж болно. Улмаар онцгой албан татвараа тэглүүлж байж тэд шатахууны үнийн өсөлтийг хязгаарласан. Гэхдээ нэмэх хэмжээгээрээ нэмсэн. Хэрэв газрын тосны боловсруулах үйлдвэртэй болчихвол энэ дарамт Засгийн газраас ч, Монголын ард түмнээс ч арилна. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд маргааш талх 100 төгрөгөөр, гурил 50 төгрөгөөр нэмэгддэг тэр инфляцийн өсөлт байхгүй болно. Энэ талаар Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шатахууны хэрэглээ 1.1-1.2 сая тонн байгаа. Ойрын хугацаанд боловсруулах чиглэлийн том төслүүд хэрэгжээд эхлэхээр шууд 1.4 сая тонн болох боломжтой. Хоёрдугаарт валютын нөөцийн хувьд 1.2 тэрбум орчим ам.доллар зарж авч байгаа. Энэ хэмжээний валютын нөөцийг зарцуулах шаардлагагүй болно. Иймд цаашид үйлдвэрлэл ашиглалтанд ороод эхлэхээр ханшийг тогтворжуулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих боломжтой болно. Дээр нь, импортлогч орны онцгой албан татвар нь дэлхийн зах зээлийн үнээс үл хамаараад гурван сар тутамдаа өөрчлөгддөг. Тэр бүрт дотоодын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Иймд үйлдвэр ашиглалтад орох нь инфляцийг удирдахад маш их хэрэгтэй” гэдэг тайлбарыг өгөв.

Тэгвэл ийм том хүлээлтэд эерэг хариулт өгөх ёстой Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, боломж нь ямар байх вэ. Үүнд өгөх тодорхой хариулт нь, жилдээ 1.5 сая тонн түүхий тос боловсруулах бөгөөд автобензин, дизель, онгоцны шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг Монголын зах зээлд нийлүүлэх зорилт. Түүхий газрын тосоо Зүүнбаянд олборлолт хийж буй “Доншин газрын тос Монгол” болон Дорнодын Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Дачин тамсаг Монгол” компаниас авна. Уг Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ хүрээнд түүхий газрын тос нийлүүлэх үүрэг хүлээхийг албаны хүмүүс мөн л нээлтийн үеэр тайлбарлаж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх хоёр компанийн газрын тосны олборлолт нэг сая тонноос давж, өнгөрсөн онд гэхэд 240 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байгаа. Иймд боловсруулах түүхий эдийн хувьд нэг их асуудал биш байх бололтой юм билээ. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр ч энэ талаар “Ойрын хугацаанд үйлдвэрийн хүчин чадлын хүрээнд нэг сая тонн түүхий газрын тосыг Тамсаг болон Матадаас авахаар гэрээ хэлэлцээр хийж байгаа. Үйлдвэр хүчин чадал нь өсөөд ирэхээр нэмэлт газрын тосны хэрэгцээ гарч таараа. Иймд судалгаа, хайгуулыг эрчимтэй хийх хэрэгтэй. Тодорхой хэмжээний газрын тосыг гаднаас авах шаардлага гарч магадгүй. Харин дэлхийн зах зээлийн үнээр авах уу, арай бага үнээр авах уу гэдэг асуудал байгаа. Манайд ногдох хэсгээ авахад асуудал гарахгүй” гэсэн.

Ингэж сайхан үйл явдал өрнөж, сайхан үр дүнг төлөвлөсөн тэмдэглэл бичихтэй зэрэгцэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин дуулгах, магадгүй сануулах нэг таагүй сэтгэгдэл сонссон маань Сайншандын аж үйлдвэрийн паркийн тухай байлаа. Учир нь, Шинэчлэлийн буюу Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар 200 дахь өдрөө Дорноговь аймгийн Сайншанд суманд “Шинэчилж шийдье 222” хэлэлцүүлгийг зохион байгуулсан байдаг аж. Энэ үер Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зөвхөн дээрх аж үйлдвэрийн паркийн зураг төслийг хийхэд зориулж 14 тэрбум төгрөг улсын төсөвт суулгах болсноо дуулгаад зогсохгүй 2013 онд гэхэд 75 тэрбум төгрөгийг Дорноговийн бүтээн байгуулалтад зарцуулна гэдгээ зарлаж байж. Энэ дагуу Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах тэр бүс нутаг руу дэд бүтэц татаж, замтай, гэрэлтэй, цэвэр бохир устай гээд юм юмтай болгоодхож. Их сургуулийнхаа дипломыг өвөртлөсөн олон арван залуус ч юу, юугүй Сайншанд руу нүүгээд ирж. Арванхоёрдугаар ангиа төгссөн сурагчид ч нутагтаа үйлдвэр байгуулах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, инженерийн чиглэлийн мэргэжил олноороо сонгож. Нутгийн иргэд ч уухайн тас шинэ газар өмчилж, нүүж суухдаа тулж. Харамсалтай нь, 20 гаруй тэрбум төгрөг өнөөдөр говийн шороонд салхинд хийсчихсэн. Аж үйлдвэрийн парк баригдах нь бүү хэл байгуулагдаагүй, бүр байгуулагдахгүй нь ч тодорхой болсон болохоор тэр шүү дээ. Ард иргэдийнх нь дүрэлзсэн итгэл ч өнөөдөр унтарчихсан. Хий л санаа зовсондоо “Яг үнэн үү” гэж асуух хүн ч цөөнгүй байгаа дуулдсан. Тиймээс дахиад л Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд сануулья. Тууз хайчилсан нэр хүнд удаан тогтохгүй гэдгийг. Өөрөөр хэлбэл, бүтээгч Ерөнхий сайдаар үлдэх хувь улстөрчийнх нь зорилго Монгол Улсын хөгжлийн суурь болох том зорилго хоёр нэг эгнээнд жагссан гэж найдая. “Газрын тосны үйлдвэр Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болох учиртай” гэсэн үг тань үйлдвэрийн нээлтээр хананд нь бичигдэх тэр ерөөлийг өргөе. Магадгүй тэр цагт магтаал ч, шагналыг ч харамлах эрх бидэнд олдохгүй биз. Мэдээж ном ёсоороо бүтвэл шүү дээ.

Эцэст нь, Энэтхэг Улсад итгэх эдийн засгийн үндэслэлийг тодорхой мэдээлье. Эдийн засгийн хүч нөлөөгөөрөө дэлхийд долдугаарт эрэмбэлэгдэж буй тус улсыг ирэх арван жилийн хугацаанд Японыг ардаа орхиж, гуравдугаарт бичигдэнэ гэдгийг шинжээчид мэдээллэх болсон. Үүгээр ч зогсохгүй 2050 он гэхэд АНУ, Евро бүсийг гүйцэж түрүүлж, Хятадын ард жагсах хамгийн том эдийн засаг гэдэгтэй ч дэлхийн улстөрчид, ч судлаачид ч санал нийлж буй. Түүнчлэн Энэтхэгийн зах зээл хөрөнгө оруулагч нарт ирээдүйтэй гэгдэж буй бөгөөд тус улс өнгөрсөн 2015 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтаараа АНУ болон БНХАУ-ыг гүйцэж түрүүлсэн. Түүгээр ч зогсохгүй Энэтхэгийн гаднын улс оронд оруулсан шууд хөрөнгө оруулалт, буцалтгүй зээл тусламжийн хэмжээ ч багагүй өсөж буй. Зөвхөн өнгөрсөн 2016 онд л гэхэд Азийн 10 оронд 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсны зэрэгцээ 2017 онд нийт гадаад улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалтынх нь хэмжээ 2.4 сая ам.доллараар өссөн байна. Энэ бол Энэтхэгийн Засгийн газрын Монгол Улсад олгох тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлд итгэх итгэлийн гол үзүүлэлт. Хоёр орны Засгийн газрын газрын тосны үйлдвэр байгуулах амбиц нэгдсэний бодит учир шалтгаан. Энэтхэгийн эдийн засаг хурдаа авч, тэр хэрээр Монголын Засгийн газрын газрын тос боловсруулах үйлдвэрийн нээлт дөтлөнө гэдэгт итгэнэм.

"Үндэсний шуудан" сонин Г.Отгонжаргал

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)