Х.Бадамсүрэн: "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийг барьцаалсан асуудал байхгүй

2019-06-12 15:30:40

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн "Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг тойрсон асуудалд товч хариулья. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан, тэр дотроо 51 хувийг нь тасдаж барьцаалсан асуудал байхгүй юм билээ. Ийм баримт бичиг энд тэнд тусгагдсан асуудал огт байхгүй. 

Харин "Эрдэнэт үйлдвэр" баталгаа гаргасан гэдэг яриатайгаар "Жаст" компани зээл авсан гэх асуудал байдаг. Тэр үед үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс нь "бид баталгаа гаргаж өгөөгүй, бидний гарын үсгийг дуурайлгасан" гэдэг. . Үүнийг Монголын хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа ч Олон улсын арбитрын шүүх уг асуудлыг "Эрдэнэт үйлдвэр"-т хамаатуулж, 51 сая долларыг "Эрдэнэт үйлдвэр" хариуцаж төлөх ёстой гэж үзсэн. 

Энэ асуудал 2013 оноос яригдсан. Тэрний хүү төлбөр нэмэгдээд үндсэндээ энэ оны эхэн гэхэд 115 сая доллар болсон байсан. Бид хэлэлцээ хийж, нэлээд ажилласны үр дүнд 40 сая доллар төлж, энэ талаарх бүх асуудлыг гадаад талдаа хаасан. Үүнд Засгийн газар, УИХ ч сайн ажилласан. Одоо бид ажлын хэсэг байгуулан хууль хяналтын байгууллагатай ажиллаж байгаа. "Эрдэнэт үйлдвэр"-ээс гарсан 40 сая долларыг гэм буруутай этгээдээр төлүүлж авахаар ажиллаж байна" хэмээлэ

Мөн тэрээр "Эрдэнэтийн 51 хувийг барьцаалах нь хууль эрх зүйн хувьд боломжгүй асуудал. Эрдэнэт үйлдвэр Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байхдаа ч, Монголын зэс корпорацийн хувь оролцоотой байхдаа ч "Хязгаарлагдсар хариуцлагатай компани" байсан. ХХК нь бүхэл бүтэн нэг организм. Үүний 10 ч юм уу, 51 хувийг тасдаад барьцаалчих хууль эрх зүйн боломж байхгүй. Сая Стандарт банктай холбоотойгоор Олон улсын арбитрын шүүх, Монгол Улсын хууль хяналтын байгууллагын түвшинд олон чиглэлээр олон талаас нь ярихад хууль эрх зүйн баримттай бичиг баримтад Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан гэсэн асуудал байхгүй байгаа" гэдгийг онцоллоо.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)