Э.Содномпилжээ: Дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлснээр эх орны дархан хил улам батжиж байна гэж боддог

2019-07-29 14:00:24

Казахстан Улсын НурСултан хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 107 кг-ийн жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөж, 247 кг өргөснөөр алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн, өнгөрсөн жил Индонезийн Жакарта хотод болсон Азийн пара наадмаар 244 кг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоогоод байснаа ийнхүү тэрбээр ахиулсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, өөрийнхөө тогтоосон дэлхийн дээд амжилтыг ахиулсанд тань баяр хүргэе?

Баярлалаа. Миний хувьд дэлхийн дээд амжилт болон дээд амжилтыг эзэмшдэг. Энэ удаагийн ДАШТ-ээр Дэлхийн болон Ази тивийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосондоо баяртай байна

Анх 2017 оноос тивийнхээ дээд амжилтыг эзэмшиж эхэлсэн байдаг. Таны хувьд сүүлийн хоёр жил дэлхийн дэвжээнд өөр, өөртөөгөө өрсөлдөж амжилтаа ахиулж байна шүү дээ?

2017 онд Ази тивийн дээд амжилтыг эзэмшээд дараа жил нь Дэлхийн болон Азийн наадмын дээд амжилтыг шинэчилсэн. Анх 2018 онд 244 кг-аар Дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Энэ удаагийн ДАШТ-аар өөрийн тогтоосон дээд амжилтаа гурван кг-аар ахиуллаа.

Энэ удаагийн тэмцээнээс харахад таны хамгийн хүчтэй өрсөлдөгч Ираны тамирчин байх шиг байна?

 Тийм ээ. Тэмцээн болгонд Ираны тамирчин ахиж орж байна. Би ч мөн амжилтаа ахиулж байгаа. Ираны тамирчин яг миний араас нэхээд явж байгаа. Би гүйцэгдэхгүйг хичээж л байна. Ер нь цаашдын тэмцээнүүдэд энэ хүнээс яаж илүү холдох вэ гэдэг дээр анхаарч бэлтгэлээ чамбайруулна гэсэн бодолтой байна.

247 кг-ыг өргөж дэлхийн дээд амжилт тогтоосныг тань хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Таны хувьд юу гэж тайлбарлах вэ?

Энийг хүмүүс “Би чамд хайртай” гэх мэтээр ярьж байгааг би сонссон. Гэхдээ энэ бол зүгээр өргөсөн жин нь тэгж таарсан. Түүнээс ямар ч далд утга байхгүй. Харин би “Эх оронд хайртай” гэж тайлбарламаар байна.

Бага насныхнаа талаар дурсвал. хаана өссөн бэ?

Улаанбаатар хотод өссөн. Миний хувьд зургадугаар анги хүртлээ бусад хүүхдүүдийн адил эрүүл байсан. Тийм болохоор нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Спортод ч авьяастай байсан болохоор 14 нас хүртлээ хэд хэдэн спортоор хичээллээд амжсан. Жүдо бөхөөр хичээллээд дараа нь бие хамгаалах урлагаар явсан. Ер нь л олон зүйлийг сонирхож явлаа. Гэтэл нэг өдөр л хүндээр өвдсөн. Тэр хүнд өвчнийг даваад пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн спортоор хичээллэж эхэлсэн нь миний амьдралд нэгэн том хаалгыг нээж өгсөн.

2000 оноос эхлэн пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн шүү дээ. анх яаж энэ спорттой холбогдож байв?

 2000 онд ээжийнхээ ажлын гадна явж байхад, хөл муутай нэг эгчтэй таарсан юм. Тэр эгч надад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт байдаг юм. Миний дүү яваач” гэсэн санал тавьсан юм. Мөн ээжид хэлж Биеийн тамир спортын газрын Тамгын газрын дарга Л.Нямтай уулзахыг зөвлөсөн. Тухайн үед Монголын паралимпийн холбооны ерөнхийлөгч байсан Л.Ням ах намайг сайтар харж шинжин, штанг өргөх санал тавьж талийгаач Ш.Энхсайхан минь багшийг зааж өгч билээ. Ингэж л анх би энэ спортод хөл тавьсан даа.

Хамгийн анхны тэмцээнийхээ талаар ярьвал. Ямар тэмцээн байсан бэ?

 2001 онд Пара спортын анхдугаар наадам болсон. Тэр тэмцээн миний хамгийн анхны тэмцээн байсан. Пара пауэрлифтингийн төрөлд 48 кг-ын жинд орж аварга болсон. Анхны тэмцээндээ оролцоод түрүүлсэн нь надад маш их урам өгсөн дөө. Дараа жил нь 2002 онд хоёрдугаар наадамд 52 кг-ын жинд 125 кг-ыг шахаж түрүүлсэн. Харин 2002 оны сүүлчээр Ш.Энхсайхан багш маань амьдралын эрхээр гадагшаа явж ажил хийхээр болсон. Тэрнээс болоод спортоосоо түр хөндийрөөд 2009 онд багштайгаа ахин таарч спортдоо эргэн ирсэн. Тэр хооронд би арван жилийн сургуулиа төгсөж, их дээд сургуульд ороод, ажил хийж байлаа.

Таны хувьд пауэрлифтингийн энгийн төрөлд ч тэмцээн уралдаанд ордог. анх энгийн хүмүүстэй тэмцээнд оролцоход өрсөлдөгчид нь хэрхэн хүлээж авч байв?

2009 оноос энгийн төрөлд өрсөлдөж эхэлсэн. Тухайн үед хүмүүс яаж хүлээж авч байсныг сайн санахгүй юм. Ямартай ч “Чи пара тамирчин байж энгийн төрөлд орлоо” гэж хэн ч хэлж байгаагүй. Харин ч илүү олон найз нөхөдтэй болсон. Спорт гэдэг бол нөхөрлөлийн тайлбар учраас олон сайхан найзууд бий. Ер нь манай пауэрлифтингийн холбоо нэгдмэл байж тамирчид нь эвтэй найртай байдаг.

Таны тив, дэлхий, олимпийн медальд хүрэхийн эхлэл болсон тэмцээн 2013 оны азийн аварга шалгаруулах тэмцээн байсан гэдэг. энэ тэмцээний талаар эргээд дурсвал?

Энэ тэмцээнд оролцох гэж нэлээд урт түүхийг бүтээсэн шүү. Тухайн үед Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэтэл замын зардалгүй байсан. Яг энэ асуудлаас болоод цөөнгүй тамирчин спортоо орхисон тохиолдол бий. Гэхдээ би спортыг ойлгодог, дэмждэг хүмүүсийн буянаар тэр замыг сонгоогүй. Тэр үеийн Аялал жуулчлал, спортын яамны Бие тамир, спортын бодлогын газрын ахлах мэргэжилтэн О.Гэрэл ах хөөцөлдөж замын зардалтай болгосон. Харин байр, хоолны мөнгийг “Ард” санхүүгийн нэгдэл, зарим дутуу төлбөр тооцоог “Дөрвөн зам” транстаас гаргаад Азийн аварга шалгаруулах тэмцээнд явуулсан. Гэхдээ 80 кг-ын жинд оролцохоор яваад очтол дасгалжуулагч, эмч, менежергүй гээд тэмцээнээс хасчихсан. Тэгэхээр нь олон улсын Пара пауэрлифтингийн холбооны нарийн бичгийн даргаас “Би Монголоос ганцаараа энэ тэмцээнд оролцохоор ирсэн. Заавал тэмцээндээ оролцохгүй бол буцаж явж болохгүй” гэж гуйсаар байгаад оролцох болсон. Бас болоогүй оролцохдоо өөрийнхөө жинд биш 88 кг-д, замдаа хэрэглэх халаасны 150 доллараа азаар үрээгүй байж таараад тэрийгээ торгуульд төлж байж оролцсон.

Түүний дараа жил 2014 оноос тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж эхэлсэн шүү дээ?

 Би 2014 оноос Монгол Улсын шигшээ багийн тамирчин болсон. 2014 оны Инчеоны Азийн наадмаас олон улсын медалиудын буухиа эхэлсэн дээ. Мөн 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд VII байрт орж “Рио 2016” олимпийн наадмын эрхийг авсан.

Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлээд зогсох тэр мөчид танд юу бодогддог вэ?

Алтан соёмбот далбаагаа мандуулаад, төрийн дуулалаа эгшиглүүлэх тэр мөч хамгийн сайхан. Би дэлхийн дэвжээнд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх болгондоо дархан хилийнхээ тайван байдалд өчүүхэн ч болов хувь нэмрээ оруулж, батжуулж байна гэж боддог. Учир миний оролцсон тэмцээнийг дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүн үзэж байгаа. Тэдгээр хүмүүст эх орноо таниулж байгаа учраас манай орны тусгаар тогтнол улам батжиж байгаа гэж би ойлгодог.

Пауэрлифтингийн спортын Пара төрөл нь олимпийн наадамд ордог. харин энгийн төрөл нь ордоггүй энэ талаар таны бодол?

 Пауэрлифтинг бол дэлхийн бүх оронд эрчимтэйгээр хөгжиж буй спорт. Энгийн төрөл нь 2024 оны олимпоос эхлэн олимпийн төрөлд орно гэсэн. Хамгийн гол нь энэ спорт маш хүнд спорт. Тамирчин хүн өрсөлдөгч тамирчинтайгаа биш зөвхөн өөрөө, өөртөөгөө өрсөлддөг. Хүнд жинтэй штангийг өргөхөд маш олон эрсдэл тамирчинтай тулгардаг. Гэхдээ энэ спортын энгийн төрөл олимпийн наадамд орвол манай улсаас олон олимпийн медальтан төрнө гэдэгт итгэлтэй байна. Манай улсад олон залуус энэ спортыг олимпийн наадмын төрөл болохыг нь хүлээгээд өөрсдийгөө бэлдэж байгаа. -Таны өнөөдрийн энэ амжилт таны багш Ш.энхсайхан агсантай салшгүй холбоотой. багш тань танд юу гэж захидаг байв? -Би пауэрлифтингийн спортоор 20 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд амаргүй зүйл олон байсан. Өлсөж үзлээ, цангаж үзлээ, ядарч үзлээ. Гэхдээ би энэ тухайгаа нэг ч хүнд хэлж үзээгүй. Миний багш Болгарын Биеийн тамирын академийг Хүндийн өргөлтийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Багшийгаа 2017 онд бурхан болсноос хойш өнөөдрийг хүртэл багшийнхаа зааж сургаснаар бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна. Багш маань намайг урмаар их тэтгэдэг байлаа. Би багшийнхаа амьд сэрүүнд нь Дэлхийн аварга болж чадаагүй ч намайг Дэлхийн аварга болохыг багш маань мэддэг байсан. “Э.Содномпилжээ дэлхийн аварга болно. Би харна” гэж л ярьдаг байлаа. Багш бид хоёр олон жил уулзаагүй байж байгаад 2009 онд автобусанд тааралдаад “Чи бэлтгэлээ хий. Чамд ирээдүй байгаа” гэж хэлээд намайг шууд бэлтгэлийн заал руу дагуулаад явж байсан. Багш минь надад олимпийн аварга болохыг, өөрийн амжилтаа ахиулахыг захисан. Хүний амжилт үргэлж оргилд байна гэж байхгүй. Тийм учраас амжилтын оргил үедээ төгс байх хэрэгтэй. Багшийг бурхан болсноос хойш манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баттулга надтай хамт тэмцээн уралдаанд явж байна. Бид хоёр тэмцээнд оролцох болгондоо талийгаач багшийгаа тэнгэрээс харж байгаа даа гэж ярилцдаг. Өнөөдөр миний өдий зэрэгтэй яваа минь багшийн минь буян. Мөн ар гэрийг минь авч явдаг ээжийн минь ач. Тэгээд үргэлж хамтдаа тэмцээнд явж захиалгыг маань өгч ухаанаа уралдуулж тактикийн өрсөлдөөн явуулдаг Б.Баттулга ахын ач их бий. Ер нь миний энэ амжилтын ард хамт бэлтгэл сургуулилт хийдэг тамирчдаас эхлээд олон хүн байдаг учраас амжилтаа ахиулж байна.

Таны амжилтын ард үргэлж байдаг хүн бол таны ээж Н.амаржаргал гэх эмэгтэй. Ээжийнхээ талаар манай уншигчдад ярьж өгөөч?

 Миний ээж цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан. Хамгийн хүнд үеийг бид хоёр давж гараад өдий зэрэгт хүрсэн. Би ээж, хүү хоёртойгоо амьдардаг. Миний ялалт, ялагдал, медалийн ард дандаа миний ээж байдаг. Мөн арыг минь авч явж, миний хүүг өсгөж байгаа. Миний ээж намайг штангаа өргөхийг харж чаддаггүй юм. Намайг тэмцээнд орж байхад ирнэ. Гэхдээ намайг штангаа өргөхөөс өмнө гараад явчихдаг. Учир нь ээж минь “Энэ хүнд жинтэй штанг миний хүүг дарчих вий дээ. Миний хүү өргөж чадахгүй байвал яана аа” гээд санаа зовоод харж чаддаггүй юм гэсэн.

Ер нь таны энэ их цээжний бяр удамшсан уу. эсвэл бэлтгэл сургуулилтын үр дүнд л ийм болов уу?

Ээжийн талд бөх хүн байгаа. Бас угаасаа цээжиндээ бяртай хүмүүс байдаг. Ер нь ээжийн талынхан спортод авьяастай хүмүүс. Тэгэхээр удам ч байгаа мөн бэлтгэл сургуулилтын үр дүн ч хэмжээлшгүй их байгаа байх. Харин аавын талын тухайд би багаасаа ааваасаа хол өссөн болохоор сайн мэдэхгүй юм. Ямартай ч миний аав ямар хүн байдаг вэ гэдгийг л мэднэ.

Пауэрлифтингийн спорт тамирчнаас маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг учраас тэмцээнд оролцоод медаль хүртэнэ гэдэг асар их үнэ цэнээр ирнэ биз?

Манай спортод тамирчин хүн оролцож буй тэмцээнээсээ медаль авсан л бол тэр нь маш үнэ цэнэтэй байдаг. Яагаад гэхээр бид урт хугацааны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, асар их тэвчээр, хүнд хэцүү өвдөлтийн ард гарсны дараа медальд хүрдэг. Тийм болохоор бидэнд тэмцээнд оролцоод авсан медаль, эзэлсэн байр бүр минь үнэ цэнэтэй байдаг. Энэ их үнэ цэнийн ард спортын буян гэх том зүйлийг тамирчид бид хүртдэг. Би энэ спортын буянаар өөрийнхөө амьдралд байгаа бүхий л зүйлийг бүтээсэн.

Пауэрлифтингийн спортоор хичээллэж буй залуус болон энэ спортыг сонирхон хичээллэх гэж байгаа хүүхдүүдэд хандаж та юу хэлэх вэ?

Монголын пауэрлифтингийн залгамж халаа болсон залуус дүү нартаа хандаж хэлэхэд тууштай, хичээнгүй байж л энэ спортод амжилт гаргана. Гол нь амжилт гаргахын тулд хориотой янз бүрийн бэлдмэл хэрэглэх шаардлага байхгүй. Хэмжигдэхүүнтэй спорт учраас хэн хичнээн хугацаа зарцуулж хөдөлмөрлөнө тэр хүн л амжилт гаргах болно. Тийм болохоор хичээнгүй хөдөлмөрлөөрэй л гэж хэлье. Би энэ спортоор хичээллэж эхэлснээсээ хойш бараг 20 жилийн дараа өнөөдөр Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга болсон байна. 16 жил хичээллэж байж Олимпийн наадмаас медаль хүртсэн. 18 жилийн дараа тив болон дэлхийн аварга болсон гээд бодохоор пауэрлифтинг бол цаг хугацааны спорт. Олон жил тууштай байж л амжилт гаргана. Хүнд штангийг өргөж чаддаг болно.

Ярилцсанд баярлалаа. “Токио-2020” паралимпийн наадмын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлээрэй гэж хүсье?

Баярлалаа. Токиогийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлэхийн төлөө хичээх болно

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)