байгалийн баялаг төрийн өмч байх уу, нийтийн өмч байх уу

2019-07-29 16:54:37

Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн зохицуулалт бий. УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан нэмэлт дээр энэ өгүүлбэр дээр нэмэн “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн нэмэлт оржээ. Нэмэлтээр орж байгаа энэ хэсэг нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг тодотгосон учир үүнийг төдийлөн шүүмжлэх боломжгүй юм. Учир нь эдгээр зарчим Үндсэн хуулийн оршил хэсэг болон Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавдугаар зүйл, Хоёрдугаар бүлэг тэр чигтээ, Хоринтавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Гучиннаймдугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасныг холбон тодотгосон байна. Эдгээр зүйлийг системчлэн тайлбарлаж, нэг зүйлийг бусад зүйлтэй уялдуулан тайлбарладаг аргын хувьд хууль зүйн зөв техник, байж болох асуудал учир судлаачийн хувьд дэмжиж байгаа болно. Нөгөө талаас бага зэрэг лозунгийн шинжтэй, угаас бусад зүйлээр тайлбарлагдах зүйлийг ингэж нэмэх шаардлагагүй, олон нийтийн санаа бодолд таалагдах гэсэн пи-ар төдий зүйл гэх шүүмжлэлийг бас шууд үгүйсгэж болохгүй билээ.

Зургадугаар зүйлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өгсөн саналд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” гэж өөрчлөлт оруулахаар санал гаргасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн гэдэг үгийг нийтийн гэж зассан нь Үндсэн хуулийн эрх зүйн уламжлалт ойлголт мөн эсэх дээр судлаачдын хувьд олон янзаар тайлбарладаг. Харин “Төр гэж юу вэ” гээд дахиад л улс төрийн гүн ухааны асуудал болж хувирна. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард  түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэдэг зүйлүүдээс харахад төрийн өмч гэдгийг нийтийн өмч гэж өөрчилснөөр сайжрах хууль зүйн функциональ буюу чиг үүргийн зарчмын хувьд зарчмын ямар үр дүнд хүргэх вэ гэдэг нь төдийлөн харагдахгүй байна.

Төрийн өмч гэдэг нь манай Үндсэн хуулийн үзэл баримтлал, бичигдсэн техникээс харахад харин ч “нийтийн өмч” гэдгээс илүү ард түмний мэдлээр хэрэгжих, нарийвчилсан, хүчтэй агуулгатай байгааг хэлж өгч байна. Нийтийн өмч гэхээр хэтэрхий өргөн ойлголт болоод улсын төсвийн сургууль, цэцэрлэг, онгоцны буудал, гүүр, нийтийн эзэмшлийн орц, талбай, дээвэр, сүм, хийдийн байшин гээд олон юм багтах болно. Үүнийг гадаадын иргэд ашиглах боломжтой. Нийтийн өмчийн хэлбэр нь иргэний харьяаллын хувьд илүү өргөн ойлголтыг хамардаг бөгөөд харин төрийн гэдэг нь зөвхөн Монголын ард түмний төлөөллөөр, Монгол Улсын иргэний оролцоотойгоор гэдгийг тодотгож өгч байгаагаараа давуу талтай гэж судлаачийн хувьд үзэж байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, уурхайчин Ч. Хурц гуай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тав дахь өдрийн хэлэлцүүлгийн явцад “Төрийн гэхийг нийтийн болгоод юу өөрчлөгдөх юм бэ. Ийм хэлбэрийн өөрчлөлт хийх хэрэггүй” гэж хэлсэн нь ч дэмжмээр санаа юм.

Төр бол ард түмэн юм гэдэг санаа нь марксист шинжтэй тодорхойлолт учир болохгүй байгаа гэдэг шүүмжлэл бол буруу ойлголт юм. Учир нь төр гэдэг үг харин ч марксист бус, ардчилсан болон марксизмаас өмнөх үеийн уламжлалт ухамсрын утгаар манай Үндсэн хуульд орсон томьёолол юм. Төр бол ард түмний мандаттай, харин нийтийн өмч гэхээр баялаг өөрөө эзэнгүйднэ гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумьяабазарын санаачлан хийсэн хэлэлцүүлгийн дүгнэлтэнд дурджээ. Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах” бүрэн эрхээ бодит амьдрал дээр сайн хэрэгжүүлэх ёстой гэдгийг цохон тэмдэглэе.

Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн өмч гэдгийг хэвээр нь үлдээе. Харин Ерөнхийлөгчийн саналд байгаа хөрөнгө оруулалтын асуудал, татварын дараах ашгийн 51- ээс доошгүй хувь, Баялгийн сан, Монголбанкны талаарх зохицуулалтууд Үндсэн хуульд тусгагдах эсэх асуудалд эдийн засагчид, уурхайчид маань түлхүү дуугарах хэрэгтэй байна. Үндсэн хуулийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд эдийн засгийн зохицуулалтуудыг тодотгоод Үндсэн хуульд оруулж, нэмээд явах шаардлагатай, тэр дундаа өр, зээл, хүний эрхийн эдийн засгийн баталгааг тусгах нь яах аргагүй нийгмийн шаардлага юм. Ер нь байгалийн баялгийг лицензээр гадагш үнэгүйдүүлж өгөөд байгаа нь Үндсэн хуулийн буруу биш, харин Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэгжилтийн буруу юм гэдгийг давтан хэлье. Бид нэг зорилготойгоор хоёр өөр ойлголтоор яриад, цаг алдаад байна. Үндсэн хуулийн төрийн өмч гэдэг ойлголт нь монголын ард түмний мэдэх л өмчийн тухай тусгасан бөгөөд төр гэдэг нь хэдхэн албан тушаалтны тухай ойлголт биш билээ. Монгол төрийн цааз эрхэмж мэргэн, алтан буулга нь цэцэн байг.

“Чимид сан” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.ГҮНБИЛЭГ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)