Даргад сайхан бол хот сайхан

2019-07-30 01:43:14

Хот уг нь нэг их сайхан болчих гээд л байгаа юм. Харамсалтай нь, манай улсын хүн амын дийлэнх нь ядуу л даа. Тэд хуучин машин унаж, нүүрс түлж амьдардаг. Эсрэгээрээ дарга нар маань баян, бизнестэй, гол төлөв хотын төвөөр ажил албатай. Магадгүй, тийм болохоороо биднийг даргалцгаадаг болов уу. Хөөрхий, тэд хүссэн хүсээгүй ядуу хүмүүсээсээ болж бухимддаг байх. Аятайхан нийгэм байгуулчихмаар, ядах нь ээ өөрсдөө сайхан амьдарчихмаар байтал увайгүй иргэд нь угаартуулна, түгжрүүлнэ. Төрийн гурван өндөрлөг гэдэг угаасаа гуравхан хүн байдаг болохоор бусад нь түгжрэхээс яахав.

Харин саяхан нэг мэргэн арга бодож олжээ, тэд. Өмнөх олон мэргэн аргууд нь бут үсэрч байсныг бодвол энэ удаагийнх нэлээд зоримог, далайцтайн дээр алсыг харсан бололтой. Юу гэвэл, уржигдар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нарын албанынхан мэдээлэл хийж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахын тулд нийслэлийн замыг А, В, С гэсэн бүсчлэлд хуваахаар бэлтгэл хангаж байгаагаа мэдэгдлээ. А, В бүсийн бүх авто зогсоол төлбөртэй болох аж. Ер нь яваандаа авто зогсоолыг бүгдийг нь төлбөртэй болгох юм байх. Ингэхдээ А бүсэд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан оруулах бол В бүсэд гарагийн хязгаарлалт үйлчлэхийн дээр татвар төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй авто машиныг оруулахгүй байхаар төлөвлөжээ. Үндсэндээ А, В бүс гял цал болох юм уу даа.

А бүс гэдэг нь үндсэндээ Төрийн ордонг тойроод хэдэн уулзвар юм байна. Харин В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх газар. С нь ойлгомжтой. Албаныханы үзэж байгаагаар ирэх сараас эхлээд энэ бүсчлэлээ хэрэгжүүлбэл А бүсийн замын хөдөлгөөн 50 хувь хүртэл буурах гэнэ. За тэгээд, үүнийг нь зөрчвөл ойлгомжтой Зөрчлийн хуулиар л шийтгэнэ шүү дээ. Өнөө “Сэргээш” гэдэг хошин шог дээр Итгэлт баян шээж байхдаа Эрдэнэд “Манай гадаа буу” гээд палхийтэл хэлдэгтэй адил дарга нар гэнэт шийдчихэж дээ гэж бодтол үгүй юм байна. Иргэд дэмжжээ. Сарын турш санал асуулга явуулахад иргэдийн 70 хувь нь дэмжсэн юм байна. Гэвч нийгмийн сүлжээг харсан ч, өөрийнхөө эргэн тойрноос асуусан ч тийм санал асуулгыг мэдсэн хүн алга. Тэгэхээр ийм байна, нөхөд өө. Амьдралын боломжтой болсон бол бусдыгаа ад үзээд дэмий байдаг. Урлаг, шашин, түүх алинд нь ч хүний хамгийн муу занг бусдыгаа муучлах гэсэн байдаг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн эхэнд “Монголын ард түмэн бид, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэсэн байдаг.

Иргэний ардчилсан нийгэм цогцлоох нь хэний үүрэг вэ. Татвар цуглуулж түүнийгээ удирдаж шийдвэр гаргадаг хүмүүсийнх байх гэж тааж байна. Өнөөдөр 30 настай хүн өмчтэй байх эрхтэй нийгэмд насаараа амьдарсан гэсэн үг. Тэр өмчийг нь төр хамгаална (хязгаарлах биш шүү). Харин өмчөө удирдаад эрх чөлөөтэй, ая тухтай амьдрахыг төр хариуцна. Үүний тулд төрд ажиллаж байгаа хүмүүст нийгэмдээ үйлчил гэж эрх ямба өгдөг (өөртөө биш шүү). Энэ өнцгөөс харвал хотын төвийн газрыг зам барих аргагүй болтол нь байшинжуулсан удирдлагууд иргэдийнхээ өмчийн зорчих хэсгийг хязгаарлаж болох уу. Цаашилбал, Үндсэн хуулийн оройд нь дурдсан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэж тэгвэл чухам юу вэ. Баян ядуугаар нь ангилахгүй бүгд тэгш эрхтэй амьдрах гэсэн утга. Ингээд дүгнээд харахад нэгдүгээрт, хотын зам гэж там байна (үүнийг сайжруулах нь хэний үүрэг билээ). Дээр нь тэр замаар хэрэгцээтэй үедээ зорчиж болохгүй болох нь. Гэтэл баян ч бай, ядуу ч бай бүгд зам ашиглах татвараа жилд нэг удаа бөөнд нь өгдөг. Ашигласан эсэхээс үл хамаараад шүү дээ. Хотын төвөөр сэлгүүцэхгүй байж болно л доо. Гэхдээ амьдрал баян. Дөрвөн улиралтай, ихэнхдээ хуурай сэрүүн, хахир хүйтэн оронд монгол хүн эртнээс хөл дүүжлэх унаатай байхыг чухалчилсаар ирсэн юм. Түүнээс дуртайдаа муу машин унана гэж юу байх вэ дээ. Мөн хот маань ихэнх орны нийслэлүүд шиг тэгш талбайд тэлж тогтсон биш баруунаас зүүн тийш сунасан хэлбэртэй. Энэ хязгаарлачихсан газар нь бараг нийслэлийн замын зангилаа хэсэг байх аа. Хэрэв хотын дарга нарын төлөвлөгөөгөөр явбал А, В бүсүүдийг тойрсон уулзваруудад бөөн түгжрээ үүсэхээр байна. Даргын цонхоор бол 50 хувь буурчихсан харагдана байх (А бүсэд байгаа хүнд өөр юу ч харагдах вэ дээ).

Энэ бол гунигтай ч гэсэн баян, хоосны ялгаа гаарсны илрэл юм даа. Баян хэсэг нь нийгмээ нэлэнхүйд нь удирдах байдал тогтворжоод ирэхээр ийм харьцангуй юм бодож олдог аж. Эрт цагт амьдарч байсан нэг хатан хааны тухай яриа байдаг. Товчхондоо бол ард түмэн нь ган гачиг, өлсгөлөнгийн улмаас бослого гаргаж л дээ. Хатан ардууд яагаад уурлаад байгааг асуухад түшмэл нь “Тэд идэх талхгүй болсон юм аа, дээдсээ” гэж хариулдаг. Харин хатан “Тэд яагаад бялуугаа идэж болохгүй гэж” гэсэн гэдэг. Манай дарга нар биднийг хотын төвөөр машин тэгш, сондгойгоор явах болохыг нь эсэргүүцэхээр “Ардууд яагаад нөгөө машинаа унахгүй байгаа юм бол” гэж магадгүй бодогдоод байх юм. Одоо хүмүүс энэ төлөвлөгөөг сонсоод баян, ядуугаараа ялгарч амьдаръя гэсэн уриа дуудлага гэж ойлгоод байна. Үнэндээ машинаас татгалзлаа гэхэд өнөө автобус унаа нь ямар билээ. Өвөл бүр ч хэцүү. Хүмүүс пиг чихэлдэнэ, цонхоор юу ч үзэгдэхгүй битүү цантай, бага, дунд ангийн сурагчид томчуудын бэлхүүс хавиар хавчуулагдаад жингүйдэж байдаг юм. Дарга нар мэдэхгүй байж магадгүй гээд тайлбарлаж байгаа юм шүү. Нийтийн тээврийн автобус гэдэг унаанд өвөл, зуны алинд нь ч кондейшн ажилладаггүй, хүрэлцээтэй суудал байхгүй. Бас ирэхийг нь хүлээдэг юм. Ариун цэврийн тухайд хэлэх ч юм биш. Дээр нь буудал болгонд зогсож бууж, суудаг. Одоо үүнийг тайлбарлаж байгаа нь ч өөрөө итгэмээргүй үйлдэл л дээ. Гэлээ гээд арга алга.

Гол нь татвар төлсөн, үзлэгт орсон, торгуульгүй явж чадахгүй гэх гээд байгаа юм биш. Татвараа төлдөггүй иргэн одоо байхгүй ээ. Өнгө үзэмжгүй машин, дугаарын хязгаарлалт л игзаар хөдөлгөөд байгаа хэрэг. Яагаад монголчууд бидний олонх нь өнгө үзэмжгүй машин унаж байна вэ. Бид машин үйлдвэрлэдэггүй, дийлэнх нь амьдралын хүрэлцээ муутай. Ийм нөхцөлд нэг хэсэгтээ өнгө үзэмжгүй машин байсаар л байх болно. Тэр арван жил явсан машин энэ тэр гэсэн яриа бол бүр үлгэр. 2013 онд үйлдвэрлэгдээд Монголд хүн унаагүй, гадааддаа бол тэтгэвэрт гарчихсан машин манайд орж ирээд борчуудын дунд шинэ гэсэн ангилалд ордог юм. Тиймийг худалдаад авчих хүн ч бас олон байхгүй. Гэтэл өнөөгийн нийгэмд маань машин бол зүгээр хэрэглээ шүү дээ. Хотын удирдлага Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолыг хурааж усан оргилуур болгоно гэж байсан нь саяхан санагдаж байна. Харин одоо болохоор хотын төвийн бүх зогсоолыг төлбөртэй болгохоор төлөвлөсөн гэнэ. Алхам тутамдаа төлбөр өгчих чадалтай, чадалгүй хүмүүсээс Монгол Улс байтугай дэлхий бүрддэг юм. Тэднийгээ алагчлахгүй гэсэн нийгмийн гэрээтэй, түүнийг нь Үндсэн хууль гэдэг. Өмнө нь зүүн эргэхгүй гэж сонин шийдвэр гаргасан.

Түүнийг нь мөрдөх гэж ард түмэн баахан мунгинаад сүүлд нь “Бид яаж гэртээ орох юм бэ” гэж асууж байлаа. Бас борлуулалт түгээлтийн машин явуулахгүй гээд яалаа. Одоо энэ бүсчлэх тухай төлөвлөгөө нь хотын төвөөр хоёр машинтай хүн, эсвэл төрийн албаны дуут дохиотой ганган хөлөг л жирэлзэх эрхтэй болгочих гээд байна. Баячууд нь хотын төвөөр сэлгүүцээд, борчууд нь хаалттай замыг тойроод хонон өнжин түгжрэх л дутаж дээ. Бүсүүдийнх нь заагт бөглөрөл тамтагаа алдах байх. Овсгоотой хүн бол одооноос тэр цэгүүдэд хуушуур худалдах сүүдрэвч ч хамаагүй барих хэрэгтэй. Машингүй хүн такси бариад явлаа гэж бодьё. Бүсийнх нь гадна буугаад шогшоод байх уу. Бие өвдөөд дугаар нь таараагүй өдөр гараад явтал бүсийнх нь цаана эмнэлэг байж байвал алав аа. Төрөх гэж байгаа эмэгтэй эсвэл үхэх гэж байгаа нөхрөө машиндаа суулгаад сандарч гараад тойроод яваад байх нь байна. Тиймээс бүх нийтээрээ хүссэн хүсээгүй хоёр дахь машинаа авах сонголт л үлдэнэ. Хоёр машины татвар бүтэн жилээр төлчихөөд ээлжилж унаад байх боломжтой нь тэгвэл хэд юм. Хувь хувьсгалын машинтай хүмүүс бол дэг журам хүсч байгаа байх. Тиймээс хүний эрхийг зөрчсөн төлөвлөгөө хэрэгжээд эхэлбэл Хүний эрхийн үндэсний комиссынхон дуугарах байлгүй дээ. Нэг зүйлийг давтаад хэлэхэд, машин авч унаад байгаа нь иргэдийн буруу юм бол зам барихгүй байгаа нь, зогсоол хүрэлцээгүй байгаа нь татварын мөнгө цуглуулдаг нэг дамшигийн буруу шүү. Тэр татвар цуглуулагч нь өөрийнхөө үүргийг биелүүлэх биш иргэдийн эрхийг зөрчдөг болчихвол дарангуйлал гэж нэрлэдэг юм. Тийм нийгэм одоо ч дэлхийн зарим орнуудад бий. Бид ч түүнд дургүй.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)