Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив

2019-08-05 12:37:31

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан, ард иргэдийн санал бодлыг сонссон байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллах үеэр малчид Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр баг, суманд хэдийнэ тогтсон намчирхал, улстөржилтийг арилгахыг УИХ-ын даргаас хүссэн аж. Тус сумын иргэд “Сумын Засаг даргыг иргэдээсээ сонгодог болохыг дэмжиж байна. Намаас заавал Засаг даргыг нэр дэвшүүлэхгүйгээр хэн хийж чадах, мэдлэг чадвартайгаа сонгодог болох хэрэгтэй бөгөөд ажлаа зохих хэмжээнд хийж чадахгүй бол иргэд өөрсдөө огцруулдаг зохицуулалтыг ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналтай байна” гэжээ. Мөн “Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн албан хаагчдыг сонгогдох боломжийг хязгаарлахгүй байх нь зүйтэй. Орон нутагт төрийн албан хаагчдад хязгаарлалт тогтоовол иргэдийн хуралд сонгогдох төлөөлөгчдийн чадвар муудах эрсдэл үүснэ” гэсэн байна. Үргэлжүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Баянлиг сумын иргэдтэй нэгдсэн уулзалт хийж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ сонирхсон асуултуудад хариулт өгчээ. Тус суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд бүтээн байгуулалтын томоохон ажлын хүрээнд 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт цогцолбор, 24 айлын дэд бүтэцэд холбогдсон тохилог сууц зэргийг барьжээ. Энэ сумын иргэд хийж бүтээх эрмэлзлэл дүүрэн байдаг бөгөөд Монголд анх удаа цагаан будааг тариалж эхэлсэн байна. “Gimex” компанийнхан 127 хоногийн болцтой цагаан будааны үрийг нэг га орчим талбайд суулгасан байна. Хүлэмжид үрслүүлээд хөрсөнд шилжүүлэн суулгах болон үрээ шууд тариалалтын талбайд нь тарих гэсэн хоёр аргаар тариалжээ. Ирэх сарын 20-ны үеэр хураалтаа хийх аж. “Gimeх” ХХК-ийн тариалалт, усжуулалтын инженер Э.Ганзориг “2017 онд анх цагаан будааг тариалах туршилтаа эхлүүлж байсан. Энэ онд уг нь 80-100 га-д тарих үрээ хүлэмжид үрслүүлж байсан ч цаг агаарын байдлаас болж ихэнхийг нь ашиглах боломжгүй болсон. Эхний ээлжид сум орон нутаг, яваандаа улсынхаа цагаан будааны хэрэгцээг хангахыг зорьж байгаа” гэж ярьсан байна. Баянлиг суманд жижиг дунд үйлдвэрлэлийн паркыг хөгжүүлэх ажил өрнөж байна. Иргэд нэгдэн нийлж хоршоо байгуулан хамтын хөдөлмөрөөр эсгий урлал, гутал, хөөрөг, модон эдлэл, хивс, дээл, хөх арвайн бүтээгдэхүүнийг хийж борлуулдаг байна. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)