АНУ ирэх сараас Хятадаас импортоор ирэх 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараанд 10 хувийн гаалийн татвар ноогдуулах талаар АНУын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. Тэрбээр “Хятадтай хийх худалдааны хэлэлцээ үргэлжилж байна. Энэ хэлэлцээний үеэр АНУ есдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадаас манай улс руу импортоор орж ирж буй 300 тэрбум ам.долларын өртөг бүхий үлдэгдэл бараа, бүтээгдэхүүнд 10 хувийн гаалийн нэмэлт татвар ноогдуулахаар боллоо” гэж мэдэгдсэн. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн Хятад Улс Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан авах болон опиоид бэлдмэлийнхээ худалдааг зогсоох амлалтаа биелүүлээгүй гэжээ. Гэхдээ Хятадтай хийх худалдааны цогц гэрээний асуудлаарх яриа хэлэлцээ цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд буй. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин Бээжин Вашингтонтой адил арга хэмжээ авахад бэлэн байгаа талаар хатуу сануулжээ. Тэрбээр “АНУ татвараа нэмэгдүүлбэл Хятадын тал хариу арга хэмжээ авна. Өөрсдийнх нь гаргасан үйлдэл харамсахаар үр дагаварт хүргэж болзошгүй учир АНУ иймэрхүү арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийнхээ өмнө нухацтай бодолцох хэрэгтэй. Худалдааны маргааныг даамжруулсныхаа төлөө АНУ хариуцлага хүлээх болно” гэжээ. БНХАУ болон АНУ-ын худалдааны маргаан зохицуулах хэлэлцээ олон сарын турш үргэлжилж байгаа юм. Хамгийн сүүлчийн буюу 11 дэх удаагийн хэлэлцээ тавдугаар сарын эхний хагаст Америкийн нийслэлд болсон ч талууд тохиролцоонд хүрч чадалгүй, мухардалд орсон билээ. Ингээд Вашингтон тавдугаар сарын 10-нд Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүнд гаалийн нэмэлт татвар ноогдуулж, хувийг нь 10 байсныг 25 болгон өсгөсөн. Хятадын Засгийн газар ч зургадугаар сарын эхээр хариу арга хэмжээ авч, АНУаас ирэх 60 тэрбум ам.долларын өртөг бүхий 5000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ноогдуулсан юм. Харин зургадугаар сарын 28-29-нд Японы Осака хотноо болсон Их-20-ийн уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уулзаж, яриа хэлэлцээгээ дахин үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Америкийн төрийн тэргүүн Хятадаас ирэх бараа бүтээгдэхүүнд шинэ татвар ноогдуулахгүй мөн “Хуавэй” компанийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтаа зөөллөнө гэж амласан бол Бээжингийн зүгээс АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ зарласан. Шинжээчид Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулах нь эргээд АНУ-д илүү сөрөг нөлөөтэй, Америкийн эдийн засагт хүнд цохилт болно гэдгийг сэрэмжлүүлсээр байна.
Сэтгэгдлүүд :