Венесуэлийн Үндэсний ассамблейн байнгын хорооны Санхүү, эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн гишүүн Луис Стефанелли улсынхаа гадаад өрийн хэмжээг 160 тэрбум ам.долларт хүрсэн талаараа парламентын сонсголын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр “Венесуэлийн өрийг хамгийн багаар тооцоолбол 130 тэрбум ам.доллар, ихээр тооцоолоход 198 тэрбум ам.доллар болсон. Харин дунджаар 160 тэрбум ам.доллар болж байна” хэмээжээ. 160 тэрбум ам.доллар гэдэг бол тус улсын экспортын 738 хувийг эзлэх юм. Энэ нь хөгжиж буй орнуудын дундаж үзүүлэлтээс дөрөв дахин их байгаа аж. Тус улсын Төв банк 2013 онд засгийн эрхэнд Николас Мадуро гарснаас хойш макро эдийн засгийн үзүүлэлтээ тогтмол нийтлэхээ больсон. Үүнтэй холбоотойгоор Олон улсын валютын сан эдийн засгийн статистикаа тогтмол гаргахгүй байгааг хурцаар шүүмжилж байсан юм. Түүнчлэн тус улсын ДНБ-ий талаарх мэдээлэл ч сүүлийн жилүүдэд гараагүй байна. Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар, Венесуэлийн гадаад өрийн 90 гаруй хувь нь Засгийн газар болон “PDVSA” газрын тосны төрийн өмчит компанийнх ажээ. “PDVSA” компани ирэх онд л гэхэд зөвхөн хувьцааны хүүнд 71 сая ам.доллар төлөх гэнэ. Түүнчлэн Венесуэлийн Засгийн газраас гаргасан өрийн бичгийн нэгээс бусад нь бүгд дефолтод оржээ. Нийт өрийн бичгийн 50.1 хувийг Америкийн газрын тос боловсруулах “CITGO” компани эзэлдэг байна. Үүнээс гадна Венесуэлийн Засгийн газар ОХУ болон БНХАУ-д 26 тэрбум ам.доллар төлөх ёстой гэнэ. Мөн “PDVSA” “Роснефть”-д таван тэрбум ам.долларын өртэй болохыг Олон улсын санхүүгийн хүрээлэн онцолжээ. Сүүлийн жилүүдэд тус улсын үндэсний валютын ханш унаж, хэт өндөр инфляц тогтож, нийгэм болон эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа юм. Энэ оны эцэс гэхэд тус улсын инфляц 10 сая хувьд хүрч болзошгүй гэж Олон улсын валютын сангийн шинжээчид таамаглаад байгаа билээ.
Сэтгэгдлүүд :