Төрийн ордны зүүн талд цөмөрсөн газарт соёлын өв байж болзошгүй гэв

2019-08-09 04:14:24

Төрийн ордны зүүн талд газар цөмөрч Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ажиллаж, хамгаалалтад авсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргал “Өчигдөр (2019.08.06). 17:00 цагийн орчимд энэ зогсоолд автомашин зогсоход газар нь цөмөрч, тухайн машины урд талын дугуй нүх рүү орчихлоо гэсэн дуудлагын дагуу бид ирж шалгасан. Автомашиныг гаргахад цөмөрсөн газарт дороо хөндий суваг маягийн зүйл байгаа мэт хөрс нурсан байдалтай байсан. Тиймээс энэ газарт үргэлжилсэн урт суваг байж магадгүй, мөн энэ хавийн газар дахин цөмөрч болзошгүй гэсэн үүднээс Цагдаагийн газар болон ОБЕГ-г дуудаж энэ хэсгийг хамгаалалтад авсан. Өглөө Нийслэлийн онцгой байдлын аврах 105 дугаар ангийн алба хаагчид үүсэн нүх рүү орж шалгахад 6*8 харьцаатай зоорь маягийн зүйл байсан учраас Соёлын өв байж болзошгүй гэж үзэн Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийг дуудаад байна. Удахгүй Соёлын өвийн газраас ирж нүхэнд юу байгааг шалгана. Харин Цагдаагийн байгууллага энэ нүх рүү хүн унах эрсдэлээс сэргийлж, хамгаалалтад авч ажиллаж байгаа бол Онцгой байдлын байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага Соёлын өвийг хамгаалах мэргэжилтнүүдийн аюулгүй ажиллагаанд зааварчилгаа өгөхөөр ажиллаж байна. Тухайн нүх чулуун ханатай, моднууд нь ялзарсан байдалтай байгаагаас гадна одоогоор нэг метр орчим гүн усаар дүүрсэн байна. Мөн нийслэлд ийм зоорь байгаа эсэх нь Нийслэлийн мэдээллийн санд байгаагүй. Соёлын өвийн байгууллага энд хоёр хоног ажиллах бөгөөд тэр хугацаанд хамгаалалтад авна. Ямар нэг зүйл илрэхгүй тохиолдолд үйл ажиллагааг нь хэвийн явуулна. Тус автомашины зогсоол “ARB mongolia” компанийн эзэмшилд байдаг” хэмээв.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)