Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг дэмжигчид жагсахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев “Намайг дэмжигчид Цагаан Ордон болон Медиа Форумын өмнө жагсана. Цагаан ордон нь Бишкекийн төвд орших Киргизийн парламентын ордон бөгөөд дээд давхарт нь тус улсын Ерөнхийлөгчийн засаг захиргаа байрладаг. Харин “Апрель” телевиз байрладаг өндөр барилгыг Медиа Форум гэж нэрлэдэг аж. Жагсагчид Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг огцрохыг шаардахаар төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн Киргизийн Ерөнхийлөгч асныг дэмжигчдийн барьцаанд байгаа тусгай анги нэгтгэлийн алба хаагчдыг шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байгаа аж. Киргизийн Дотоод хэргийн яамны удирдлагуудтай өмнө нь тохиролцсоны дагуу Атамбаевыг баривчлах ажиллагаа явуулах үед Ерөнхийлөгч асныг дэмжигч иргэдийн барьцаалсан тусгай хүчний цэргүүдийг наймдугаар сарын 8-ны өглөө эрх баригчдад шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байсан боловч тэднийг авахаар Дотоод хэргийн яамнаас хэн ч ирээгүй аж. Киргизийн тусгай албаныхан тус улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчлах ажиллагааг өнгөрсөн лхагва гарагийн орой явуулсан боловч баривчилж чадаагүй байна. Нийслэл хотоос 20 км-ын зайтай оршдог Кой-Таш тосгон дахь Атамбаевын харш руу дайрах үед түүнийг дэмжигчид эсэргүүцэл илэрхийлж, тусгай хүчнийхэн болон Ерөнхийлөгч асныг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарсан юм. Энэ үеэр тусгай хүчний нэг албан хаагч амиа алдсан. Социал демократ намын тэргүүн Алмазбек Атамбаев 2017 онд өөрийн залгамжлагч бөгөөд ойрын хамтран зүтгэгч Сооронбай Жээнбэковт эрх мэдлээ шилжүүлэн өгсөн. Гэвч Сооронбай Жээнбэков Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг дэмжигч гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, Атамбаевын халдашгүй дархан эрхийг цуцалж, хэд хэдэн хэрэгт буруутгасан юм. Алмазбек Атамбаев 2011-2017 оны хооронд Киргизийг удирдсан. Түүнийг газрын наймаа, Бишкекийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх үед авлига авсан, цуутай гэмт хэрэгтнүүдийн нэгийг хууль бусаар сулласан, хууль бусаар нүүрс нийлүүлсэн болон Кой-Таш дахь орон сууцаа бариулахдаа газрыг хууль бусаар эзэмшсэн гэсэн хэргээр буруутгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтад ирж мэдүүлэг өгөөгүй гэсэн шалтгаанаар хүч хэрэглэн баривчлах шийдвэр гаргаад байсан юм. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Киргизийн парламент Атамбаевын халдашгүй эрхийг цуцалсан юм.
Сэтгэгдлүүд :