Д.ЭРДЭНЭБАТ: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ АРД ТҮМНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЁСТОЙ

2019-08-14 03:39:56

 

УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр хуралдаж цаг үеийн асуудал болох зам засварын ажлын талаар салбарын сайдын мэдээллийг сонссон байна. Мөн хурлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын талаар ярилцжээ. Ингэхдээ тодорхой саналуудаа ажлын хэсэг болон Байнгын хороонд хүргүүлэхээр болсон байна. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АНын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг заавал ард түмнээр батлуулах ёстой гэсэн УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад энэ сарын 6-нд хүргүүлсэн. Тус тогтоолыг чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэхгүй бол АН-ын зөвлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ хатуу илэрхийлж байгаа. Хамгийн гол анхаарал татаж байгаа сэдэв нь Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь ард түмэнд байгаа гэдгийг дахин сануулж нэмэлт өөрчлөлтийг ард түмнээрээ батлуулах бидний шаардлага хэвээр байгаа. Энэ байр суурьтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулахыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна” гэв. Ийнхүү мэдээлэл өгсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгчийн саналтай уялдуулах, зөвшилцөх ажил ямар явцтай байгаа вэ. Зөвшилцөх ажлын хэсгийн ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гишүүдийн тоог нааш цааш болгох асуудал их яригдаж байгаа. АН-ын зүгээс гишүүдийн тоо бол асуудал биш гэж харж байгаа. Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг нь ардчилсан парламентыг бий болгох гол хүчин зүйл гэсэн байр сууриа хадгалж байгаа. Бид зарим нэг завсрын зүйл дээр онцгой ач холбогдол өгөх шаардлагагүй гэж үзэж байна.

-АН-ын зөвлөлийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр санал асуулга явуулж батлахыг шаардаж байгаа юм билээ. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж амжихгүй байх магадлалтай юм биш үү?

-Ард нийтийн санал асуулгыг анх ирэх аравдугаар сарын 3-нд зохион байгуулна гэж төлөвлөж байсан. Тэр хэвээр байгаа болов уу гэж бодож байна. Үндсэн хуулийг ард нийтээрээ бүрэн ойлголцож байж батлах ёстой. Энэ бол нийгмийн гэрээ шиг хэрэгтэй зүйл. Төр тулгаж хийдэг асуудал биш. Хэрвээ УИХ үнэмлэхүй олонхоороо батлах юм бол мэдээлэлгүй байгаа ард иргэдэд шууд тулган шаардаж, өөрийнхөө эрх ашигт нийцүүлж Үндсэн хуулийг баталж байна гэж ойлгогдож байна. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)