МАН-д хулхидуулсан жижиг намууд хөөрхий

2015-12-27 15:46:10

Ногоон намын дарга О.Бум-Ялагч ярьж байна. “МАН биднийг хошгируулчихлаа. Бид нааштай найман өөрчлөлт гэдэг зүйл дээр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Ж.Мөнхбаттай хоёр хоногийн өмнө уулзахад өөр санаа байхгүй гэж байсан” гэв. Уг нь өнгөрсөн нэг сарын турш МАН улс төрийн 21 намыг нэгтгэж, жагсаал цуглаан зохион байгуулж, хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд гэр барьж, хоносон түүхтэй. Түүхтэй гэхийн учир нь интернэтээс ч, сонин хэвлэлийн шарласан хуудаснаас ч, телевизүүдийн архивт тэр бүх үйл явдал үлдсэн. Гэвч МАН тэмцлийн шалтгаанаа Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан 48 цагийн дотор мартчихсан. Үүнийг нь яг мартсан гэж хэлж болохгүй байх. Гагцхүү өөрсдийн эрх ашигт нийцүүлэн батлах журмыг Ардчилсан намтай тохиролцсон юм. Сүүлийн жил гаруйн хугацаанд үл ойлголцож, хар машины дүрс бүхий цаасан хайрцгийг шатаах хүртэл улстөржсөн үйл явдалдаа гэгээхнээр цэг тавьсан гэж болно.

Гэсэн ч үгийг нь сануулах, шаардлагыг нь нэхэх хэвлэл мэдээлэл болоод улс төрийн 21 нам бий гэдгийг бий гэдэг нь олзуурхууштай хэрэг. “Нааштай найман шаардлага” гэх тэмцлийн бичиг баримтаас нь тоочвол “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах шийдвэрийг гаргахад Улс төрийн намуудын зөвшилцөлийг хангах гэснийг хэрэгжүүлэх, Улс төрийн намуудын зөвшилцсөн автоматжуулсан системийг хэрэглэхгүй байх. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд давхар гар тооллого хийж камерийн бичлэгээр баталгаажуулахаар тогтсон тул уг шийдвэрийг хүлээн авч хэрэгжүүлэх аж. Түүнчлэн АНУ-ын "Доминион Войтинг системс" компани "Microsoft" компаниуд эрхийг нь өмчилж эзэмшдэг, хар машины програмыг өөрчлөх ямар ч боломжгүй гэсэн сонгуулийн ерөнхий хорооны байр суурь нь "Монголын сонгуулийн үр дүн АНУ-ын нэг компанийн мэдэлд байж, ард түмний сонголтыг яаж ч засч, өөрчилж болох юм" гэсэн эргэлзээг төрүүлж байгаа учир тус компаниудаас программыг хянах сорс кодыг авч улс төрийн намуудад өгч, ардчилсан сонголтыг Америкийн компанид биш, ард түмний мэдэлд өгөх” гэх мэт үг, өгүүлбэр бий.

Үүнийхээ үр дүнд МАН-ын удирлагууд АН-тай тохиролцон УИХ-ын сонгуулийн тойргийн 50 хувьд нь санал хураалтыг гараар тоолохоор тохиролцож чадсан. УИХ-аар ч батлууллаа. Гэвч Сонгуулийн тухай хуулийн ерөнхий агуулгад зөвхөн АН болон МАН л хамтарч төр барих давуу эрхийг тунхагласан зүйл заалтууд олон бий. Тэдгээрийн гол агуулга нь хэвлэл, мэдээллийн боломж бололцоог хаасан давхар санаатай. Зөвхөн 7.12 дугаар заалт нь гэхэд “Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг мөн хориглоно” гэсэн утгатай. Мөн хуулийн төслийн “71.7.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэх заалт ч бий. Энэ нь шинэ улстөрч, жижиг намуудын боломжийг шууд утгаар нь хаачихсан. Өөрийгөө танилцуулах сурталчилгаа хийх эрхийг нь хаасан гэдэг утгаар нь авч үзвэл.

Гол нь улс төрийн жижиг намууд МАН-ын жагсаалд хүч нэмж, МАН-д худалдагдсан гэдгээр гоочлуулж явах зуураа Сонгуулийн тухай хуулийн төслийн бэрхшээл зөвхөн хар машинд байгаа гээд итгэчихсэн бололтой юм. Мөн МАН-ыг цаг зуурын бус үүрд мөнхийн найз мэтээр ойлгож явсан нь ч эндүүрэл болов. Иймд тэд ирэх оноос эхлэн дахин жагсана. Гэхдээ МАН-тай биш. Харин МАН-ынхаа эсрэг жагсана. Эндээс үзэхэд жагсаалаас төрсөн улстөрч гэж байснаас бус жагсаалаар хулхидуулдаг нам гэж байгаагүй аж. Харин одоо гарч ирлээ. Харамсалтай нь, тэд хэчнээн чанга хашгарсан ч Сонгуулийн тухай хууль батлагдаж, боломж бололцоо нь хаагдсан шиг хаагдав. Тиймээс хүн хүнээ төдийгүй бүр нам нь намаа хулхиддаг цаг ирсэн нь энэ ажээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)