САР ЛУУ НИСГЭСЭН ПУУЖИН БОЛ ДӨНГӨЖ ЭХЛЭЛ ЮМ, ЭНЭТХЭГ УЛС САНСРЫН ТЕХНОЛОГИЙГ ДЭЛХИЙН БҮХ ХҮМҮҮСИЙН ТУСЫН ТУЛД АШИГЛАНА

2019-08-15 02:36:22

ЭНЭТХЭГ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН 72 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ 

Энэтхэгийн сарны пуужин сар руу явах замдаа аль хэдийнэ гарсан бөгөөд бүх зүйл амжилттай явагдвал энэ оны есдүгээр сарын эхээр сарны гадаргуу дээр тус роботон төхөөрөмж зөөлөн газардана гэж Энэтхэгийн Сансар Судлалын байгууллага / ISRO/ найдаж байгаа. ISRO-ийн дарга доктор К.Сиван “Чандраяан-2” (Сарны пуужин)-г Энэтхэгийн урьд өмнө нь хийж байгаагүй хамгийн нарийн төвөгтэй сансрын нислэг гэж тодорхойлсон байна.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Энэтхэг улс нь навигацийн үйлчилгээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, ухаалаг хотууд, сансрын телевиз, банкны үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг нийтдээ тавин хиймэл дагуултай. Тиймээс “ISRO”-ийн онцлог нь хүмүүсийн амь насыг аварч, амьдралд нь хэрэг болж байгаа явдал юм” гэжээ. Өөрийн хиймэл дагуул, пуужин бүтээн Энэтхэгийн газар нутгаас хөөргөж чадаж байгаа нь Энэтхэг сансрын салбарт бүрэн бололцоо чадвартайг харуулж байна. Олон улсын компаниуд хиймэл дагуулаа хөөргөхөд Энэтхэгийн пуужин ашигладаг. 2017 онд Өмнөд Азийн хиймэл дагуул хөөргөсөн билээ. Холбооны энэхүү хиймэл дагуулыг Өмнөд Азийн орнууд Энэтхэг улс үнэ төлбөргүй хөөргөсөн нь Энэтхэгийн хөршүүд улс орнууд болон Энэтхэгийг холбоход ач тусаа өгч буй “тэнгэрт нисч буй өвөрмөц найрсан шувуу” юм. 

“Саяхан гэхэд л 2019 оны 7-р сарын 22-ны халуун, чийглэг үдээс хойш Шрихарикота дахь Энэтхэгийн Сатиш Дхаван Сансрын төвийн пуужингийн талбайгаас 14.43 цагт Чандраяан-2 Геосинхрон хиймэл дагуулыг тээвэрлэх Энэтхэгийн хамгийн хүчирхэг Марк-3 пуужин буюу “Баахубали” нь борооны үйлийг нэвтлэн хөөрөв. 17 минут хүрэхгүй хугацааны дотор 44 метр урттай арван таван давхар барилга шиг өндөртэй буюу 1.5 зорчигч тээврийн том онгоцтой тэнцэх 640 тонн жинтэй пуужин “Чандраяан-2” хиймэл дагуулыг дэлхийн орбитод хүлээгдэж байснаас илүү тохиромжтой байрлалд байршуулж үүргээ сайн гүйцэтгэсэн” гэж Доктор Сиван хэлэв.

Магадгүй энэ нь тус пуужинг 2019 оны долдугаар сарын 15-нд буюу долоо хоногийн өмнө хөөрхөөс нэг цагийн өмнө “техникийн саатал”- ын улмаас болиулсныг нөхөж байгаа байх. Энэтхэгийн сансрын агентлагийн эрдэмтэд өдөр шөнөгүй ажиллаж гэмтлийг зассан байна. Тэр үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Чандраяан-2”-аас авсан хамгийн том сургамж юу вэ гэж надаас асуувал “Тэр бол итгэл ба зориг гэж хэлэх байна” гэлээ.

Модибол 1.3 тэрбум энэтхэгчүүдийг удирдахад сансрын технологийг хэрхэн яаж ашиглахаа мэддэг алдартай нэгэн юм. Тэрбээр цааш нь хоёр дахь чухал сургамжаа хуваалцахдаа “Бэрхшээл, саад хотгорын өмнө хэзээ ч итгэл найдвараа бүү алд” гэжээ. Манай эрдэмтэд шөнө дүлээр ажиллаж техникийн асуудлыг маш богино хугацаанд засч чадсан нь юутай ч зүйрлэшгүй тод үлгэр жишээ юм. Эрдэмтдийн гайхалтай тэсвэр тэвчээр буюу “Тапася”-г дэлхий нийт гэрчлэв. Хэдийгээр саад тотгор байсан хэдий ч саран дээр буух хугацаа хоцроогүй явж байгаад бид бахархах ёстой... Олон хүмүүс үүнд гайхаж байна. Бид амьдралдаа түр зуурын бэрхшээлтэй нүүр тулгарах ёстой боловч үүнийг даван туулах чадвар бидний дотор байдаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй” хэмээв.

Энэ оны эхээр Энэтхэг бас нэгэн гайхалтай сансрын туршилтыг хиймэн нь гуравдугаар сарын 27- нд Бенгалийн булан дахь Калам арлаас хөөргөсөн өөрсдөө тусгайлан бүтээсэн пуужинг ашиглан орбитын бага тойрог зам дээрх Microsat-R хиймэл дагуулаа буудаж унагасан явдал юм. Үүнийгээ хиймэл дагуулын эсрэг зэвсгийн туршилт (A-Sat) буюу “Mission Shakti” гэж нэрлэсэн бөгөөд энэхүү туршилтыг удирдсан Батлан хамгаалахын судалгаа, хөгжлийн байгууллагын (DRDO) ерөнхий захирал доктор Г.Сэтхееш Редди хэлэхдээ “Энэтхэг улс хариуцлагатайгаар хандаж хамгийн бага хог хаягдал үүсэх үүднээс туршилтыг бага өндөрт явуулсан” гэв.

Ерөнхий сайд Нарендра Моди хэлэхдээ, “A-Sat-ыг ашиглаж бид ердөө гурван минутын дотор гурван зуун км зайд байгаа хиймэл дагуулыг устгах чадвартай боллоо. Сансрын хиймэл дагуулаа устгах чадвартай гэдгээ батлан харуулсан АНУ, Орос, Хятадаас хойш Энэтхэг Улс дэлхийн дөрөв дэх улс болов. Ингэснээр Энэтхэг Улс сансарт байгаа амин чухал хөрөнгөө хамгаалахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийх болно гэдгийг харуулсан юм. Энэтхэгийн хиймэл дагуул нь тус улсын эдийн засагт тус дэм болдог бөгөөд Шинэ Дели хотын хувьд чухал ач холбогдолтой сансрын дэд бүтэц юм” гэжээ.

“Чандраяан-2” бол Энэтхэгийн хоёр дахь сар руу хөөргөсөн пуужин бөгөөд анхных нь 2008 онд “Чандраяан-1” буюу тойрог замын нислэгийн аппарат байсан юм. “Тус хөлөгийн ахмад нь Энэтхэг улс, багийн гишүүд нь АНУ, Их Британи болон Европын сансрын агентлаг зэрэг хэд хэдэн улс байсан гэж хэлж болно. Яагаад вэ гэвэл Энэтхэг тэдний багаж хэрэгслийг үнэ төлбөргүй саран дээр хүргэж өгсөн юм. 100 сая долларын санхүүжилтээр хийгдсэн “Чандраяан-1” дэлхийн түүхэнд гайхалтай нээлт хийсэн нь сарны гадаргуу дээр усны молекулыг олж нээсэн явдал юм. Ийнхүү шинэ XXI зууны “сар руу буцах” зорилтыг “Чандраяан-1” эхлүүлсэн бөгөөд ойрын жилүүдэд АНУ сансрын нисгэгчидээ сар руу илгээхээр болсон.

 Доктор Сиваны хэлснээр “Чандраяан-2” нь гурвыг нэгт багтаасан бөгөөд үүнд сарыг тойрох тойрог замын нислэгийн аппарат, Викрам нэртэй сарны өмнөд туйл орчим газардах газардагч ба жижиг зургаан дугуйтай сарны гадаргуу дээр явах Прагяан явагч юм. Моди хэлэхдээ “Чандраяан-2” бол цэвэр Энэтхэгийнх юм - Энэтхэг зүрх сэтгэлээр бүтсэн юм. Энэ бол тэр чигээрээ “свадеши” буюу эх нутагтаа бүтээгдсэн. Шинэлэг дэвшилтэд зүйлийг шинэ эрин үед хүч чармайлт хичээл зүлгэл гарган хийхэд манай эрдэмтэд анхдагч гэдгийг энэхүү үйл явдал эргэлзээгүйгээр дахин нотолж чадлаа. Тэд хамгийн сайн нь аж.

Энэтхэг Улс сарны гадаргууг шинжлэх, усны топографийн хайлтыг зураглах болон саран дээрх газар хөдлөлт гэх мэт олон төрлийн хэмжилтүүдийг хийх шинжлэх ухааны 13 багаж хэрэгслийг илгээв. Энэ удаа Энэтхэг Америкийн сансар судлалын агентлаг НАСА-ийн жижиг хэрэгслийг Викрам газардагч дотроо авч явсан.

Энэтхэгийн саран дээр явагчийг хиймэл оюун ухаанаар ажиллуулдаг бөгөөд 14 хоногийн настай явагч нь хагас километрийн зайнд аялахаар төлөвлөгдсөн юм. 2019 оны есдүгээр сарын 7-ны өдөр сарны гадаргуу дээр зөөлөн газардана гэж ISRO найдаж байгаа бөгөөд хэрвээ энэ нь амжилттай болбол Энэтхэг улс АНУ, Орос, Хятадаас дараа өөр гариг дээр газардах чадвартай дөрөв дэх улс болно. Сиван хэлэхдээ “Викрам газардагч буух 15 минут хамгийн аймшигтай байх болно” гэжээ.

Үүгээр зогсохгүй, энэ оны эцэст Энэтхэг улс 10 төхөөрөмж хөөргөхөөр бэлтгээд байна. Үүнд: жижиг оврын хиймэл дагуул (SSLV) буюу “Baby PSLV” - хямд өртөг бүхий, эргэлтийн богино хугацаатай, 500 килограмм ачааг сансарт тээвэрлэх чадалтай пуужин юм.

Мөн Энэтхэг улс Сугар гариг руу судалгааны төхөөрөмж илгээхээр төлөвлөж байгаа ба ойрын жилүүдэд Ангараг гариг руу робот илгээх болно. Энэ бүхний гол зорилго бол Гаганяан юм. 2022 он гэхэд Энэтхэг өөрийн газар нутгаас Энэтхэгийн сансрын нисгэгчийг өөрийн хөлгөөр сансарт илгээхээр төлөвлөжээ.

Энэтхэг сансрын технологид ихээхэн хөрөнгө оруулдаг нь эргэлзээгүй. Моди хэлэхдээ: “Чандраян-2” нь манай залуучуудыг шинжлэх ухаан, инновацийг илүү сонирхолтой болгоно гэж би найдаж байна. Эцсийн эцэст, шинжлэх ухаан бол дэвшилд хүрэх зам юм“ гэжээ. 

Паллава Багла

(Ноён Паллава Багла Энэтхэгийн сансрын хөтөлбөрийг маш ойр ажигладаг бөгөөд Bloomsbury-д хэвлүүлсэн “Одонд хүрэх: Ангараг гариг, түүнээс цааш яалах Энэтхэгийн аялал” номын зохиолч юм. Холбоо барих хаяг: pallava. bagla@gmail.com or Twitter: @pallavabagla )

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)