Сайжруулсан түлшний смарт картыг хороогоор дамжуулан үнэ төлбөргүй тараана

2019-08-16 03:57:42

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГын дарга Э.Содномжамц, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга болон бусад албаны төлөөлөл өчигдөр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцжээ. Сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, түгээлтийн танилцуулгыг “Таван толгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хүргэсэн байна. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК 160 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна. Сайжруулсан түлшний гол түүхий эд болох Ухаа худгийн илчлэг өндөртэй угааж боловсруулсан нүүрс буюу мепдингийг 500 гаруй мянган тонныг нөөцөлсөн. Түлшний борлуулалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Таван толгой түлш” ХХК хамтран хийж байна. Нийслэлийн хэмжээнд 500 гаруй цэгээр сайжруулсан түлшийг борлуулна. Үүнээс Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо УБТЗ-ын Амгалан өртөөний ачиж, буулгах хэсэгт зүүн бүсийг түлшээр хангах хангамжийн бааз байх бол Дөлгөөн нуурын ард Сүхбаатар дүүргийг түлшээр хангах хангамжийн бааз байгуулсан. Сонгинохайрхан дүүргийг үйлдвэрийн хашаан дахь нөөцөөс ханган ажиллана” гэжээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын ард иргэдийн 10 жилийн дундаж хэрэглээний түвшингээр авч үзвэл хоёр сарын түлшний нөөцтэй байна. Нүүрс хомсдоно гэсэн элдэв мэдээлэлд ард иргэдийг битгий автаасай гэдгийг энд онцолж хэлье. Энэ нөөцийг есдүгээр сарын 1-н гэхэд Улаанбаатар хотод байгаа борлуулалтын 504 цэгүүдэд хүргэнэ. Нэг борлуулалтын цэг 400 өрхийг хариуцаж сайн түлшээр хангана. 230 гаруй хүн гэрээгээ хийгээд сургалтандаа хамрагдахад бэлэн болсон байна. “Сайн” түлш хэрэглэхэд гарах хүндрэл гэвэл хэрэглэгчид хэрэглэж дадах асуудал юм. Шинэ зүйлийг хэрэглэж эхэлж байгаа анхны жил учраас бүгд хүлээцтэй хандан хэрэглээсэй гэж хүсч байна. Мөн гэр, байшингийнхаа дулаалгыг сайн хийхийг иргэддээ уриалья” гэсэн байна.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх хангамжийн төв 40-ийг байгуулсан нь гэрээт 500 цэгийг өдөр бүр шаардлагатай түлшээр хангаж ажиллах гэнэ. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглах аж. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцох юм байна. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой гэнэ. “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараах аж. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Сайжруулсан түлшний хэрэглээг иргэдэд хэвшүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээ, дүрэм, журам гээд Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэх ажилд айл өрх, иргэн, аж ахуйн нэгж бүр оролцож байж бид агаарын бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэнэ. Тийм учраас бид иргэддээ энэ талаарх мэдээллийг өгөх, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг нь хүргүүлэх ажлаа цаашид эрчимжүүлэх шаардлагатай” гэжээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)