Д.ГҮРСЭД: АВЬЯАС ГЭДЭГ ГЕН ЮМ. ТЭР ГЕНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ДАА

2019-08-19 01:52:49

Түмэн олонд дуурсагдсан дүрүүдээр зүрх сэтгэлд мөнхөрсөн МУГЖ Д.Гүрсэдийг хоймортоо заллаа. Түүний хийж бүтээсэн, тоглосон кино, жүжиг уран бүтээлийн тухай ярилцвал сонины зай талбай хүрэлцэхгүй юм. Тэрбээр өөрөө ч энэ тухай ярилцахаас татгалзсан юм. Харин энэ удаад өдий наслаад юу бодож, тунгааж байгаа тухай нь ярилцлаа. Хүний амьдралын тухай, хүн байх, яаж сайн уран бүтээлч болох, өнөөгийн нийгмийн нөхцөл байдлын тухай хөөрөлдсөн юм. Тэрбээр өөрийн ураг удмын түүх намтрыг бичиж сууна. Удахгүй ном болгон хэвлэх аж. Ингээд түүнтэй хөөрөлдсөн ярилцлагаа хүргэж байна.

-Амар байна уу. Ямар их бичиг цаас дэлгэн сууна вэ. та?

-“Ариун санаат Арцадын үр сад” ургийн номын ажилд ханцуй шамлан өвөг эцгээсээ эхлүүлээд есөн үеийнхээ намтрыг бичиж сууна. Уг, ураг, удам түүний нэршлүүд хэмээн нэг бүрчлэн ач, гуч, дөч гэх мэтээр бүгдийг тайлбарласан толь бичгийг эхний хэсэгт хавсаргасан. Үүнд дурдахдаа эхийн төрлийн садан төрөл, эцгийн талын садан төрлөөс улбаалаад бүгдийг нэг бүрчлэн тайлбарлажээ. Төрсөн эцгийн талын ураг, төрсөн ахан дүүсийг наран төрөл гэнэ. Мөн төрсөн эхийн талын ураг, удам, төрсөн ахан дүүсийг саран төрөл гэнэ. Харин ясан төрөл гэдэг нь эцэг талын наран төрлийн хүрээг бүхэлд нь нэрлэдэг ёсон буй. Саран төрлийн хүрээг бүхэлд нь цусан төрөл хэмээн үзжээ.

-Тэгэхээр таны удам угсаа хаанаас эхтэй вэ?

-Бэсүд овог гэж нэрлэх болсон шалтгааныг тайлбарласан. Бэсүд овог нь Боржигон овгийн нэг дэд овог ба Чингис хааны өвөг дээдэс Хайдугийн ач хүү Бэсүдэйгээс уламжлан гарсан хэмээн “Монголын нууц товчоо” -нд тэмдэглэгдэн үлдсэн тухай судлаачид хэлдэг. Манжийн үед ахмад дээдсийг нэрээр нь дуудахгүй гэдэг байсан. Үүнээс болоод одоо өндөр өвөг, эмгийнхээ нэрийг мэдэхгүй хүн олон байна. Шарын шашинд ч тэр дээдсүүдийнхээ нэрийг нэрээр нь дуудахаар ясыг нь өндөлзүүллээ хэмээн цээрлэдэг байсан. Дээд ураг, удам, садан төрлөө мэдэхгүй байх нь цус ойртох аюултай тулгарна. Тэгэхээр эзэн Чингис хааны үеийн Алтан ургийн бичгийг хараад байхад алтан ураг, мөнгөн ураг гэж юу байдгийг хойч үедээ өвлүүлэн үлдээж байжээ.

-Сүүлийн үед ургийн баяр гэж их хийх болсон нь сайшаалтай. Харин ургийн ном бүтээж байгаа таны хувьд юунд зорив?

-Суурьшмал амьдралтай золгосон монголчууд хамаатан садан, ураг төрөлтэйгөө цагаан сараар ганц удаа уулзаж байна. Холын цусан төрлийн орон нутаг, болон гадаадад амьдардаг садан төрөлтэйгөө уулздаггүй. Ес дэх үе дээр нь ураг төрөл холбодог ёс үгүй болж, есөн үеэ мэдэхгүй нөхөд олширсноос болж цус ойртож, үр удам нь үгүйрч байгаа нь эмгэнэл болоод байгаа.

-Хэр удаан хугацаанд ургийн номоо бэлтгэж сууна вэ?

-“Үндэсний төв архив”-ын газарт долоо хоног суусан. Ер нь бол хоёр жил үргэлжилж байгаа. Тэндээс аймаг хошуугаар нь судалж, өвөг дээдсийнхээ үүх, түүхийг уншлаа. Манай өндөр өвгүүд эрт нас барсан. Өндөр өвгөөс эхлүүлээд манай удам өдгөө 360 гаруй хүн болж үржсэн байна.

ХҮН ТӨРӨЛХТӨНД ТАШУУР ХЭРЭГТЭЙ

-Хүний амьдралд юм, юм л тохиолддог шүү дээ. Ер нь, хүн яаж амьдрах ёстой вэ?

-Хүн орчлонд нэг л амьдарна. Нэг л амьдрахдаа хэрэгцээнээсээ илүү юмыг цуглуулаад яах вэ дээ. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй байхад болно биз дээ. Жинхэнэ монгол ухаанд эрхийг сурахаар бэрхийг сур гэсэн үг бий. Хүн хэчнээн эрх байна төдий чинээ тархи нь устдаг. Алдар цол, алт мөнгөний төлөө амьдраад яах билээ дээ. Ахуйлаг чанарт шингэж байгаа нь өнөөгийн төр баригч нараас харж болно. Гэтэл ардын хүүхэд арван төгрөг авлаа гээд арван жилийн ял эдэлж байна. Төр баригч нар хэдэн тэрбумаар нь идчихээд зүгээр амьдраад байгаа нь хууль гууль болсны шинж. Ер нь, хүн төрөлхтөнд ташуур хэрэгтэй. Хууль засаглал хэчнээн чанга байна. Тэр хуулийн дор бүгд тэгш эрхтэй захирагдах учиртай. Алдаатай бодлого явуулсан бол уучлалт гуйгаад албан тушаалаасаа бууж байна. Гэтэл Монголын төр баригч нар яаж аашилж байгаа нь ард түмний өмнө илт байна шүү дээ.

- Ер нь таныхаар ард түмэн одоо яах ёстой вэ?

-Ард түмэн мөнгө авч болно. Гэхдээ сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сонголт зөвхөн иргэдийн эрх шүү дээ. Сонгуулийн систем буруу байгаа юм.

-Төрийн их үйлийг хараад та бухимдах биш, таны инээд хүрээд байдаг юм биш үү?

-Тэгэлгүй дээ. Сайхан жүжиг тавьж байна даа гэж боддог. Жинхэнэ жүжиг Төрийн ордонд тавигдаж байна шүү дээ. Ард түмэн бол үзэгчид болсон. Гэтэл ард түмнээр тоглож байна. Намын болдогоор түрэмгийлчихээд ард түмэн үүнийг хүсэж байна гэх юм. Иргэд шийдвэр гаргахдаа шударга байх ёстой. Удахгүй шударга залуучууд төрийн жолоо атгана гэдэгт итгэдэг.

-Таны ажил мэргэжлээр сонин сайхан юу байна вэ?

-Киноны хууль батлагдчихвал их хэрэгтэй байгаа юм. Солонгос Улс ямар ч дайнд ялж үзээгүй атал дэлхий дээр байхгүй том хаант улс шиг байна шүү дээ. Казахстаны кино уран бүтээлчидтэй уулзахад кино бүтээх гэхээр сэдэв байхгүй гэдэг. Харин танайд кино бүтээх сэдэв тоймгүй их байна даа гэнэ. Тэгэлгүй дээ. Манайх их хаад, бага хаадаас эхлүүлээд кино хийхэд бол сэдэв мундахгүй. Солонгос Улс яагаад ингэж олон ангит кино их бүтээж байна вэ гэхээр төрөөс нь маш сайн дэмждэг, хөрөнгө мөнгө зарлагадаж, улсынхаа түүх соёлыг киногоор сурталчилж чадаж байгаа юм.

- Монгол кино үйлдвэр хувьчлагдсанаас хойш монголын кино салбар мөхлөө гэх мэт яриа гарах юм. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Арай ч мөхөх болоогүй шүү. Дэлхийн том киноны зах зээл шиг хөгжөөгүй ч гэсэн хөл бүдчин явж л байна. Уран бүтээлчид маань том пүүс компаниудаас царайчилж хөрөнгө оруулалт олж кино бүтээж л байгаа. Эсвэл байр, машинаа ломбардаад ч болтугай бүтээл хийж байна гэдэг сайшаалтай. Гэвч Мандухай хатан шиг сайн кино хийгээгүй л байна. Хаадуудын тухай он дарааллаар нь ээлжлээд кино бүтээе гэвэл агуу сэдвүүд олон байна.

-Уран бүтээлчдийн ур чадвар, кино салбарын хүний нөөцийн бодлогын тухайд юу гэж хэлэх вэ?

-Монгол хүүхдүүд оюун ухааны тэмцээнүүдэд ороод тэргүүлж байна. Дэлхийн шагналыг хамах гоц авьяастнууд цөөнгүй байна. Тэгэхээр төр энэ гоц хүүхдүүдийг ивээж, хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн БСШУСЯ дэмжиж энэ хүүхдүүдийг илүү дээш дэвшихэд нь түшиг тулгуур болох ёстой юм. Өнөөгийн нийгэмд олон их, дээд сургуулиудтай болчихсон. Ямар ч чанаргүй хичээл зааж эцэг, эхчүүдийг шулж байгааг хараад санаа зовох юм. Би өнгөрсөн жилээс Кино урлагийн дээд сургуульд багшилж байгаа юм. Боловсрол нэрэн дор хүүхдээр бизнес хийдэг байхаа болих хэрэгтэй. Жилдээ есөн мянган ам.долларын төлбөртэй гэнэ. Ямар их мөнгө вэ. Н.Алтанхуяг сайдын үед соёл урлагийн салбарыг хөгжүүлж байсан. У.Хүрэлсүхийн үед эргээд сэргэж урлагийн салбарыг харж, үзэж байна. Гэвч бүр шинэчилсэн байдлаар урлаг соёлд анхаарах хэрэгтэй. Үүнтэй адил боловсролын салбарыг ч ялгаагүй харах ёстой. Амьдралаас тасархай юм бүхэн хөрсөн дээр буудаггүй. Харин амьдралаас улбаатай уламжлалаа хадгалсан бүхэн хөрсөнд шингэж цэцэглэх учиртай. Өнөөдөр барууны боловсролын соёлыг Монголд нутагшуулах гэж оролдож байгаа нь юу юм бэ. Сүүлийн үед хүүхдийг зодож, шийтгэхгүй хүмүүжүүлэх тухай ярих нь олширлоо. Гэвч аав, ээждээ алгадуулж, чимхүүлэхгүй өссөн хүүхэд яаж, ямар хүн болох билээ. Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс дор гэдэг үг бий. Хүнийг хайрлах сэтгэл алга, хүний үг сонсохоо байж одооны хүүхдүүд. Эцэг, эх нь мөнгөөр бүхнийг хахуульдаж байна. Эсвэл хувиа хичээсэн, нөгөө бол дээрэнгүй хүүхдүүд өсөж хүн болж байна. 

-Хүүхдийг зодож, шийтгэхгүй хүмүүжүүлэх хэрэгтэй гээд байгаа. Харин уламжлал талаасаа аавын алганы амтыг мэдрүүлэх хэрэгтэй гэх мэт хоёр өөр зүйл ярих юм. тэгэхээр таныхаар хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх учиртай вэ?

-Аав, ээж нь байнга гэртээ хэрэлдэж байдаг хүүхдүүд найз нөхөдтэйгөө дандаа хэрэлдэнэ. Эх, эцэг бол хүүхдийн толь юм. Хүүхэд харин тусгал шүү дээ. Хүүхэд хүмүүжүүлэхэд эвтэйхэн хэлж ойлгуулаад загнаж, зандраад баймааргүй, хүүхдээ ойлгож харилцах хэрэгтэй. Хүүхдээ багаас нь гэрийн ажилд сургах ёстой. Тэр нь хүүхдийн амьдралд тустай. Хүүхдээ гурван нас хүртэл нь боол нь бай, гурван наснаас хойш хүүхдийнхээ хаан шиг нь бай гэдэг. Гоц ухаантай зургаан настай хүү 12 оронтой тоо бодож чадаж байна. Хүүхдийг хичээл, номоор дараад дарамтлаад байх ганц нэгхэн удаа хэлж, ойлгуулж, тоглож байх зуур нь нүдлүүлээд байх нь чухал.

-Гоц авьяастай хүү гэлээ. уран бүтээлч, жүжигчид төрмөл авьяастай буюу төрөлхийн авьяастай хүн цаанаа өөр. эсвэл нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэж янз бүрээр ярих юм. Гоц авьяастай жүжигчид байна уу?

-Авьяас гэдэг бол ген юм. Тэр генийг илрүүлж, яаж хөгжүүлэх вэ гэдэг нь өөр асуудал. Хүн болгонд ген бий. Үгүй ядахдаа хулгай хийдэг хүний ген гэж бий шүү дээ. Цэцэрлэгээс эхлүүлээд дуу, шүлэг, бүжиг заадаг. Багш нь зааж өгөөд явуулсан дууг маргааш нь үйлдлээр баяжуулж, бүжиглэж дуулна гэдэг авьяас. Харин энэ авьяасыг олж хараад хөгжүүлэх учиртай. Багаасаа урлагаар хүмүүжсэн хүүхдүүд цаанаа л өөр шүү. Биеэ авч явах байдал, аливаад хандах хандлага төлөвшчихсөн байдаг.

ГУРВАН ИХ ТЕАТР НЭГ ТАЙЗАН ДЭЭР БАЙНА ГЭДЭГ ЯМАР ИХ ЭМГЭНЭЛ ВЭ

- Урлагаар хүмүүжсэн хүүхдүүд урлагийн сургуульд орох нь элбэг байдаг. Гэхдээ урлагийн сургуулийн оюутнуудад багшилдаг хүний хувьд шинэ боловсон хүчнүүд хэр байх юм?

-Урлагийн сургуулийн оюутнууд урлагийг амар хялбар байдлаар бодоод байх юм. Манай ангид ч тийм оюутнууд байдаг. Өөрийгөө таньж мэдэх гэхээсээ илүүтэй худлаа хэлбэр хөөсөн нөхдүүд байна. Эдгээр нөхдүүдэд би хэлдэг юм. “Чи дөрвөн жил суралцаад төгсөнө. Төгсөөд сайхан ромбо, дипломтой цэвэрлэгч болно” гэж хэлдэг.

-Урлаг, соёлын салбар уналтад орж, урлагийг хүмүүс ойшоохгүй, улам үнэгүйдүүлээд байна гэх юм. Үүний учир шалтгааны учгийг дэнслэхгүй юү?

-Өнөөдөр Монголын төрд өгүүлэгдэж байгаа нэг зүйл бол урлагийг санхүүжүүлэх, дэмжих бодлого юм. Соёлын яам байх үедээ хүчтэй байсан юм. Гэтэл өнөөдөр урлаг боловсрол гэх их айлын хатавчинд байрлаж байна. Тэгэхээр төр засгаас урлагийг анхаарахгүй байгаа нь харагдаж байгаа юм. Бүхэл бүтэн урлагийн тулгын гурван чулуу шиг театр нэг тайзтай байгаа. Улсын хүүхэлдэйн театр, Үндэсний жүжгийн их театр, 1947 онд Улсын ардын дуу бүжгийн чуулга одоо Үндэсний урлагийн их театр болчихсон. Гурван их театр нэг тайзан дээр байна гэдэг ямар их эмгэнэл вэ.

-Гурван их тайзнаа ажиллаж байсан туршлагатай хүний хувьд үүнийг хэрхэх нь зөв бэ?

-Би хүүхэлдэйн театрт 10 жил ажилласан. Олон улсын хүүхэлдэйн театрын холбоо гэж байдаг. Намайг ажиллаж байх үед Азиас ганцхан Монгол Улсын хүүхэлдэйн театр гишүүн байлаа. Гэтэл одоо гишүүн улсынхаа татварыг төлж чадахгүй хасагдчихаж байгаа юм. Олон улсын хүүхэлдэйн театрын татварыг ядаж улсаас төлчих хэрэгтэй шүү дээ. Тэгвэл энэ байгууллагыг дагасан олон улсын том театруудын хаялага, нөлөөгөөр боловсон хүчин бэлтгэх гэх мэт асар их нөөц бололцоо байсан юм. Хүүхдүүдийг урлагт дуртай болгодог ганц театр бол хүүхэлдэйн театр. Хүүхэлдэйн театраас дамжаад Хүүхэд, залуучуудын театр гэж байлаа. Нямгаваа гэдэг хүн театраа хаан банкинд зараад баахан уран бүтээлчдийн амьдралаар тоглочхоод өөрөө Америк гарчихсан. Ц.Элбэгдоржийн үед Америкаас ирээд Урлагийн гавьяат жүжигчин цол энгэртээ зүүчихэж байгаа юм. Ингээд нэг театр үгүй болсон. Ардын жүжигчин Цагаанцэгмид гуай драмын театраас өрх тусгаарлаж Хүүхэд, залуучуудын театр байгуулж байлаа. 1970-аад оны үед Хүүхэд залуучуудын театр Драмын театр хоёр үзэгчээ булаацалддаг байсан. Хүүхэд, залуучуудын театрт тавигдаж байсан “Хайрыг хайрла” гэх мэт жүжиг тавигдах үед үзэгчдээр дүүрэн байсан. “Гамлет”, “Лир Ван”, “Оролмаа” гэх мэт дандаа сонгодогууд драмын театрт тавигддаг байлаа. Гэтэл тэр залуучуудын театрт ажиллаж байсан бүх авьяаслаг уран бүтээлчид очих газаргүй болчихсон. Драмын театрынхан ахмадуудын баяраар хүлээж авах жишээтэй. Хүүхэд, залуучуудад хуваарилагдаж байсан санхүүжилтийг драмын театрт олгодог гэж дам сонссон. Драмын театр гэтэл сурагчдад зориулсан жүжиг тавьж байгаа эсэх нь асуудалтай. Ихэвчлэн залуучуудад зориулсан жүжиг тавьж байна. Тэгэхээр шинээр төгсөж байгаа оюутнуудад очих газар алга. Ажлын байргүй боловсон хүчин бэлтгээд яах вэ дээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд нэг асуудал нь орон нутгийн театруудад ажиллах хүнгүй байна. Тэгэхээр Соёлын яамны соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлж байх үед 21 аймагт боловсон хүчнээр дүүрэн байлаа. Гэтэл одоо хөдөө явж ажиллах хүн алга.

-Боловсон хүчин элбэг байгаа атал яагаад хөдөө явахгүй энд хошин урлагийнхны массын хэсэгт ажиллаад байдаг юм бол?

-Хошин урлаг гэж би өдий хүрэхдээ сонссонгүй. Дэлхийн театрын түүхэнд ёгтлол, элэглэл, драм гэж ярьдаг. Хошин урлаг гэж нэрлэж болох хэдий ч театрын хошин төрлийнхөн гэх ёстой юм. Нөгөө шинээр төгсөж байгаа оюутнууд хошин урлагийн тайзан дээр очно. Тэгээд олны дүрд тоглож, жүжигчдийн ард бүжиглэнэ. Драмын театр шинээр төгсөж ирсэн оюутнуудыг хоёр жил хамгийн бага цалингаар цалинжуулж олны дүрд тоглуулж, арын албанд ажиллуулдаг. Хоёр жил нь дуусахаар “за тэнцсэнгүй” гээд явуулчихдаг. Драмд багшилж байгаа хэдэн багшийн шавь нар ордог гэж ярих юм. Их урлагийн театрууд боловсон хүчин, тавьсан уран бүтээлээрээ хэмжигдэж шүүгдэх ёстой. Хөдөө орон нутагт ажиллахгүй гэнэ. Би оюутнуудад хэлдэг “Аав, ээжийнхээ хэдэн төгрөгийг үрээд хэрэггүй. Энд жүжигчин болно, урлагийн хүн болно гээд сууж байхын оронд МСҮТ-д очиж тогооч, эсвэл гагнуурчин бол. Тэр нь та нарын амьдралд хэрэгтэй. Нэг сайн гагнуурчин болчиход хоолоо олоод идчихнэ шүү дээ. Урлагаар төгсөж гараад ажлын байр байхгүй. Тэгж яваад нэг кинонд тоглоно. Кино бол тэгж их мөнгө олоод байх зүйл биш. Хүүхдүүд минь амьдралаа л бод” гэдэг.

ХҮН ЗОНЫ ЗҮРХЭНД ОЧ АСААДАГ ЗҮЙЛ БОЛ УРЛАГ

-Урлаг нийгэмд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Дэлхийн агуу их мэргэдүүд хэлэхдээ “Урлаг бол нийгмийнхээ хөгжлөөс гурван алхам урд явах ёстой” гэдэг. Гурван алхам урд явснаар үзэгчдийн соёл, боловсролд нөлөөдөг. Үзэгчид яг энэ хүн шиг амьдарвал ажил, амьдралаа ингэж авч явах нь гэх байдлаар урлагийн хүмүүсээс үлгэрлэдэг. Нийгэмд гүйцэтгэх үүргээ урлагаас ойлгож, өөрөө өөрийгөө хүмүүжүүлдэг юм. Гэтэл бидний үед 1945 онд бүх аймаг, сум, сангийн аж ахуйгаар 45 хоног ажиллаж, төлөвлөгөөндөө хүрэхгүй бол 90 хонодог байсан. Сүүлд Монголын зохиолчдын эвлэлийн үлгэрийн танхимын найруулагчаар ажиллаж байсан. Үлгэрийн танхимынхан ардын үргэл, тууль, домог, зүйр цэцэн үгс, ардын дуу хуур, тусдаа зургаан хөгжимчин, зохиолчидтойгоо орон нутгаар тоглолтоо хийдэг байлаа. Магтаал, ерөөл хоёрыг ялгах хүнгүй болчихлоо. Манай үлгэрийн тахимд миний удирдлагад ажиллаж байсан бүх уран бүтээлч гавьяатууд болсон. Хамгийн сүүлд магтаалч, ерөөлч Цэрэндолгор гавьяат жүжигчин болсон. Тэгэхээр хүн зоны зүрхэнд оч асаадаг зүйл бол урлаг юм. 

-Оч асаадаг зүйлийг олон түмэн ойлгож хүлээж аваад урлагаар амьсгална гэдэг сайхан байх тийм үү?

-Энэ зах зээлийн ороо бусгаа үеийн шуурганд эсэргүүцэж яваа ард иргэд нэг орой цаг гучин минутад урлагийн тоглолт үзэхэд ядаргаа нь тайлагдаж, дандаа хөмсгөө зангидаж явдаг хүмүүсийн магнай нь тэнийж хэсэгтээ сайхан энергитэй, эрч хүчтэй амьдарна. Үзэгчдийн алга ташилтаар уран бүтээлчид цэнэглэгдэнэ. Дээхэн үед 45 хоног яваад ирэхдээ ядарлаа гэх нэг ч хүн байгаагүй. Улсын цирк 90 хоног явж байсан түүхтэй. Нэг аймгийн төв дээр очоод зарлалаа тараагаад үзэгчдээ хүлээнэ. Холын сумдын үзэгчид ирсээр хугацаа сунгагдаад байна. Бурхан болооч циркийн Латив хошигнож байгаа юм. “Хүүе. Манай хүү авгай авчихсан байна. 90 хоног тоглолтоор явж ирээд бэртэй болчихсон байна” гэж хошигнож байгаа юм. Тийм урт хугацаанд явахад Соёлын яамнаас бүгдийг нь зохицуулдаг байлаа. Бензин тос, хоол, унаа, ажилчдын цалин гээд ивээн тэтгэж, хөгжүүлдэг байсан.

Тэр үед Монгол кино үйлдвэр гэж байхад жилдээ гурван уран бүтээлийн төлөвлөгөө өгдөг. Зунтай, намартай, хавартай, өвөлтэй гээд дөрвөн улирал дамнаж кино зураг авдаг байлаа. Монголын урлагт хэв шинжит дүр гэж үгүй болжээ. Зовлонг ялж жаргалд хүрдэг юм. Жаргал, жаргалаараа байдаггүй юм аа гэдэг дүр болох Сүндэръяа баатар байна. “Хүргэн хүү”, “Сэрэлт кино”, “Хөхөө гэрлэх дөхлөө” гэх мэт кинонуудын дүр мөнхөрсөн. Мөнхөрсөн энэ дүр нь хэв шинжит дүр юм. Хүн гэдэг амьтан цаг хугацааны эргэлтэд дандаа хүмүүжиж явдаг. Дандаа хүмүүжихэд нь хэв шинжит дүрүүд үзэгчдийг байлдан дагуулдаг байсан юм.

-Одоо хэв шинжит дүр байхгүй болсон гэлээ. Тэгвэл сүүлийн үеийн дүр юуг өгүүлж байх юм бэ. Та орчин үеийн кино үздэг биз дээ?

–Сүүлийн үеийн хийж байгаа залуучуудын кино уран бүтээлийг хараад байхад алан хядлага, буу шийдэм, үхэл хагацал толилуулж байхад үүнээс юу сурах вэ. Яаж эндээс тийм аятайхан хүн болох тухай суралцах билээ. Өнөөгийн залуучууд цус нөж урсгасан, зодоон цохион дунд өсөж байна. Хялбараар мөнгө олж, гэнэт баяжих мөрөөдөлтэй. Луйвардсан, зальдсан ухаан нь хөгжөөд байгаа юм.

-Саяхан та нэг орчин үеийн кинонд тоглосон байсан. Танд ер нь кинонд тоглох урилга цөөнгүй ирнэ биз?

–Кинонд тоглох урилга ирэлгүй яах вэ. Урьж л байна залуучууд маань.

-Та кино зохиолыг нь харж сонгох уу. Найруулагч уран бүтээлчийг нь харж тоглох үгүйгээ шийдэх үү?

–Сайн кино зохиол ховор байна. Би бол кино зохиолтой танилцсаны дараа тоглох үгүйгээ шийддэг.

-Сайн кино зохиол ховордсоны шалтгаан нь юу вэ?

-Кино зохиол ховордсоны нэг шалтгаан бол шүүмжлэгч нар алга. Хуучин Цолмон, Мягмарсүрэн, Батсайхан гээд мундаг шүүмжлэгч, судлаачид байлаа. Аливаа урлагийн бүтээл, урлагийн хөгжил судлаач шүүмжлэгч нар жинхэнэ бөөсийг нь түүдэг юм. Өнөөдөр уран бүтээл хийж байгаа нөхдүүдийн бүтээлийг шүүмжлэхгүй байна. Мөн сайн зохиолч алга. Зохиолчдын эвлэл нь хоёр хуваагдчихсан. Нэгдмэл систем Монголд байхгүй учраас хаа газраа хөгжихгүй байна. Утга, уянга ухаарлын зүйлгүй хошин байж элэглэлийг урлаг гэж ойлгоод байгаа юм.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)