У.Хүрэлсүх: Төрд төмөр нударга байдгийг харуулах хэрэгтэй

2019-08-21 13:53:25

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин болон яам, агентлагийн удирдлагууд оролцсон юм. Мөн хуралд 21 аймгийн Засаг дарга нар оролцож өвөлжилтийн бэлтгэлийн явцын талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг орон нутгийн дарга нар Засгийн газрын зорилтыг биелүүлж ажиллах хэрэгтэй. Хариуцлага, сахилга батыг тогтоож ажиллах хэрэгтэй. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, улсын унаж байгаа эдийн засгийг зогсоож, сэргэлтийг хангах зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой хүмүүс бол дарга нар та бүхэн. Газрын баялгаас авахуулаад ард түмнийг доромжилдог нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Монголын төрд олигархууд орж ирснээс болж Монгол төрийн үйл ажиллагаа гацаанд орж байна. Тэр олигархуудтай тэмц. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй. Өнөөдөр олигархууд монгол төр гутамшигт байдалд ороод байна. Монголын төр мөнгөний өмнө, олигархуудын өмнө өвдөг сөхөрч болохгүй. Би хууль бусаар Монголын ард түмний баялгийг хувьдаа завшсан олигархуудыг хэлж байна. Цаашдаа Монголын төр бизнес, улс төр хоёрыг салгах хэрэгтэй. Ингэж байж төр ариусна” гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Байгаль орчноо хамгаалах тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй. Тост, Тосон бумбыг юу болж байж эргүүлж авав. Тэрийг дагаад хэд хэдэн компани газар ухах гээд хүлээж байгаа. Тэр лицензүүдийг цуцал гэж хэлсэн. Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Төрийн хууль зөрчвөл ямар ч олигарх бөхийдөг гэдийг харуулах хэрэгтэй. Монголын төрд сүүлийн 30 жил дутагдсан зүйл бол энэ. Одоо хийх цаг нь болсон. Үүний өмнө битгий зориг шантраарай, битгий халтар цаасанд битгий худалдагдаарай. Ам руу нь мөнгө чихээд болдог юм гэж ярьдаг хүмүүс бий. Шүүх дээр очоод асуудлаа шийднэ гэж ярьдаг хүмүүс бий. Монголын шүүх өөрчлөгдсөн. Шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Монголын хууль, шүүхийнхэн бүгдээрээ хонгилд үйлчилдэггүй. Улс орноо гэсэн сэтгэлтэй шударга шийдвэр гаргана гэж бодож байна. Тиймээс Монголын хууль хяналтын байгууллага гэмт хэрэгтнүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Архангай Орхоны хөндийгөө хар, Сэлэнгэ Ерөө, Хүдэрээ хар. “Эко Алтан Заамар” гэж байна. Дарга нараа, энэ бүхнийг хаа. Гол мөрөн чинь ширгээд дууслаа. Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай бол цэрэг армиа хөдөлгөе. Газар нутгаа хамгаалалтад аваг. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл эх орныг чинь ухаад дууслаа. Албан тушаалтнууд ажлаа хийцгээ. Чадахгүй бол ажлаа өгцгөө. Энэ төрд хийх хүн байгаа” гэлээ.

Энэ жил улсын хэмжээнд 502 мянган га-д тариалалт хийжээ. Үүнээс Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дунджаас дээгүүр байх аж. Харин Төв, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ зэрэг аймгаар ургац бага байх төлөвтэй байгаа гэнэ. Мөн одоогийн байдлаар УлаанбаатарДархан чиглэлийн 204 км замын ажил 24.2 хувьтай байна. Харин УлаанбаатарНалайх чиглэлийн 20.9 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажил 37 хувьтай байгаа аж. Хур бороо элбэгтэй байгаа хэдий ч арваннэгдүгээр сарын 20 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдээлэв.Үүнээс гадна энэ жил Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвартай холбогдуулан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургацын тээврийг төмөр замаар хийхээр төлөвлөж байгаа юм байна. Учир нь, одоо байгаа түр замаар ургац тээвэрлэх боломжгүй юм. Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр наймдугаар сарын сүүлийн хагаст бороо орж, хүйтрэх төлөвтэй байгаа юм байна. Мөн есдүгээр сарын эцсээр уулархаг нутгаар цас орж цочир хүйтрэх төлөвтэй байгааг албаныхан сануулж байв. Иймд малчид, тариаланчид өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн хангаж, эртнээс хадлан, ургацаа бэлтгэхийг холбогдох албаныхан анхааруулж байлаа

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)