АН-ын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой 18 заалт бүхий санал хүргүүллээ

2019-08-21 14:02:18

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналаа нэгтгэсэн байна. Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг бий болгохын тулд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх шаардлагатай. Мөн орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төр татвар хураамжаа зөвхөн хуулиар тогтоох ёстой. Орон нутгийн хөгжил зөв байж төвлөрлийг сааруулна. Үүнээс гадна УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ мэт агуулгыг илэрхийлсэн 18 заалт бүхий саналын томъёоллоо Төрийн байгуулалтын байнгын хороо болон Шадар сайд Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсэгт хүргүүлэх гэж байна. Олонхын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд нэгдсэн байр суурьт хүрэхгүй байгаа талаар Д.Тогтохсүрэн даргын мэдээллээс харлаа. Сүүлийн үед Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт 2020 оны сонгуулийн пиар, улс төрийн хандлага болон хувирч байгаад харамсч байна. Тиймээс АН-ын зүгээс зарчмын саналаа хүргүүлж байна” гэв. Тус зөвлөлөөс гаргасан саналд УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс Ерөнхийлөгчийг сонгох саналаа гаргаж, сонгох, төрийн өр, зээл ДНБ-ий 60- иас дээшгүй хувиар тогтоох, татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтоох, баялгийг иргэн бүрт шударга хүртээх замаар “Баялгийн сан” байгуулах зэрэг багтсан байна. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаас гадна УИХ улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчлөх эрхтэй, орон нутаг бие даасан төсөвтэй, захиран зарцуулах эрхтэй байхаар саналд тусгасан байна. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой бөгөөд хэрвээ ард нийтийн санал асуулга явуулахгүй бол АН зөвшилцлөөс гарна гэдгээ УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)