Шинэ улирлаа шинэ жүжгээр эхлүүлнэ

2019-08-21 14:35:09

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас”, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” жүжгийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэд 2019 оны гурав дахь шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ. Жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр бүл нэмж буй тус театрын удирдлага, уран сайхны зөвлөл ээлжит шинэ уран бүтээлийн багийг залуучуудаар бүрдүүлсэн байна. Зохиолч О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” зохиолыг залуу найруулагч А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулж буй юм. Жүжгийн гол дүрийг соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, залуу жүжигчин Д.Асардарь нар амилуулах бол гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал Э.Тодгэрэл болон залуу жүжигчин Б.Золжаргал, Ц.Жаргалсайхан дүрээ мөнхөлжээ. Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа бол ерөнхий зураачаар Ч.Батболд, хувцасны зураач Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагчаар Х.Хашхүү, хөгжмийн зохиолчоор Ж.Батдөл, дууны найруулагчаар Б.Батсайхан нар ажиллаж байна. Энэхүү жүжиг нь орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх бөгөөд ирэх сарын 6-нд нээлтээ хийнэ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)