2020 оноос өөрчлөгдөх хуулиуд

2019-10-14 10:13:29

Шинэчлэн баталсан татварын багц хуулиуд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Уг багц хуульд ямар өөрчлөлт орсныг товчлон хүргэе.

-50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилдээ нэг удаа тайлан гаргаад, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө. Энэ категорит 34 387 аж ахуйн нэгж байгаа.

-300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, ашгийн нэг хувиар татвар төлнө. Үүнд 47 867 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа.

-300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, 10 хувийн татвар төлөөд төлсөн татварынхаа 90 хувийг  буцаан авна. Үүнд 53 119 аж ахуйн нэгж хамаарна. Өмнө нь 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой компани жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсныг ингэж хөнгөвчилжээ. Харин татварын илүү төлөлтийг дараагийн улирал руу нь шилжүүлдэг байсан бол одоо шууд буцаан олгохоор хуульд тусгажээ. 

-Улаанбаатар хотоос 500 км алслагдсан аймаг, суманд аж ахуй нэгж байгууллага, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар хөнгөлөх бол 1000 км-ээс дээш алслагдсан бол татварыг 90 хувиар хөнгөлөнө Сангийн яамны тооцооллоор энэхүү 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдах 11.600 иргэн, 141 аж ахуй байгаа бол 90 хувийн татварын хөнгөлөлтөд хамрагдах 8268 иргэн 55 аж ахуй нэгж байгаа аж.

Татварын тухай хуулийн 73.2.2-т заасан “Татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөг ба түүнээс дээш бол гадаадад зорчих боломжгүй” зүйл анги нь харьяалалгүй, гадаадын иргэнд хамаатай. Энэ заалтыг нарийвчлан тусгасан шалтгаан нь өнгөрсөн хугацаанд гадаадын иргэд Монгол Улсад их хэмжээний татварын өрөө төлөлгүй гадаадад гардаг явдлыг таслан зогсоох зорилготой аж. 

-НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог байсныг улирал бүр болгох заалт шинэ хуулинд оржээ.

-Анх удаа үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авсан, барьсан иргэн татварын буцаан олголтоор нэг удаа гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг шинэ хуулиар зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Татварын шинэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарах юм байна. 

-Зээлийн хүүг бууруулах зорилгоор Арилжааны банкны гадаад дотоод эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн зээл  өрийн хэрэгсэлд буцаан гаргаж буй татварыг таван хувь болгосон.

-Татварын алба, байцаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, улсын байцаагч албан тушаалын эрхээ хэтрүүлэх болон татвар төлөгчийн нууцыг задруулсан тохиолдолд 10 хүртэлх жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасахаар татварын багц хуульд тусгажээ. Өөрөөр хэлбэл, татварын байцаагч бизнес эрхлэгчдийг дарамтлах, хуулийг өөрөөр тайлбарлах боломжийг нь хааж өгсөн байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)