Атаархалаас ангижирч чадалгүй нүгэл тээсний учир буюу “МИШЭЭЖ БУЙ ТӨВӨД”

2019-10-14 12:08:30

Амьдралын сайн муу олон шаардлага, хүсэл сонирхол та биднийг атаархалтай яв цав холбон уях мэт сэтгэгдэл төрүүлэх ч эргээд бодоход энэ нь алдаа, эндэгдэл рүү хөтөлсөн байх нь бий. Хүний амьдралын жам ёсны хэрэгцээ шаардлагыг хангахгүйгээр дараа дараагийн сайн сайханд хүрэх боломж тунчиг хомс байдаг нь атаархал болоод дүйцэн хөгжих хүслийн өдөөгч хүч мөн үү гэвэл мөн. Үүний нэгэн адил дэлхийн дээвэр, цэнгэг усны эх ундарга болсон Төвөд нутгаар аялан зугаалах тэр мөчид ч сэтгэлийн угт атаархал гэгч нь дэлгэрэн цэцэглэж “Манай Монголд...” гэсэн гутранги бодол өөрийн эрхгүй сэтгэл зүрхийг эмзэглүүлнэ. Гэхдээ олон мянган жилийн түүхтэй бурхны шашины нөр их түүх, уламжлал, нандин өвийг тойрч бус гагцхүү өдгөө цагт ч та бидний бүтээж болох бүтээл туурвил, сэтгэлийн углуургаас ундрахад гарахад бодит ажил хэрэг болгон үр шимийг нь хүртэж болох тэр л бүтээлүүд, тэр л санаачилгууд.

Сарыг “арилжсан нь”

Үүний нэг нь санаа сэтгэлд минь тод үлдэж, “Сарыг арилжсан нь” гэдэг жижигхэн гарчиг тавина даа хэмээн бодож суусан Төвөд дуурь. Лхас хотын төвөөс өмнө зүгт, жижигхэн Төвөд суурин уу гэлтэй урлагийн бүтээл мэт урт замыг хөтлөх гүүрэн замаар гарч, Улаанбаатар хотынхоор бол Зайсан толгойн энгэрт ирлээ. Орчин цаг болон Төвөд соёлыг хослуулж барьсан гэхээс илүүтэй урласан хэмээн гайхширмаар орчин цагийн гоёмсог урлал бүхий байшин барилгуудыг нь харахад нөгөө л нэг сайшаан шимтэх сэтгэл ундарна. Орчин цаг уламжлал хоёр нэгдэхээрээ цоо шинэ боловч сэтгэлд зөөлөн дүрслэлийг бүрдүүлдэг гэдгийг гүн бат ойлгосны дээр Төвөдийн залуу үеийн сэтгэл тайван, хээнцэр ганган тэр үдэш санаанаас гарамгүй. Тэрхүү уулын амнаас эрт цагийн түүхийг хүүрнэх Потала ордны цаана нөмөрлөж харагдах шовх өндөр оргил нь сүндэрлэж харагдах уулс, имжээрлэж байгуулагдсан Лхас хотын нам гүмхэн төрх нүд баясгана. Ийн бодогдох мөчид эргэн харах нь ээ, “Вэнчан гүнж” байгалийн задгай театрын нөмөр нүүр нөгөө л “Төвөдийн” гэсэн үггүй хэлэмжээрээ дүнхийх агаад, тэрхүү барилгын цаана ямар гайхамшиг нуугдан буйг одоохондоо хэлэхэд хэцүү. Учир нь, уул үүл театрын орох үүд болох өндөр барилгаас өөрийг тэрхэн мөчид олж хараагүйн дээр гагцхүү үдшийн зугаалгад хослон найгах хос залуус, төв талбайд нь өөрийн оршихуйг зарлах хөгжимчин залуугийн гитарын аялгуу, тодорч ассан гал улаан дэн гэрлүүд... “Тасалбар нь олддоггүй жүжиг гэсэн шүү” гэдэг бүдэг бадаг төсөөллөөс өөр зүйл яг үнэндээ энэ агшид байсангүй. Мөн “Манайхаар бол Зайсан толгой юмуу даа” гэсэн аялагч бидний хооронд өрнөх энгийн нэг харьцуулалт.

Ийн цаг 21:00-ыг заахтай зэрэгцэн бод театрын дотогш орлоо. Сүрлэг уулсын өмнүүр гэтэн гэтэн суунаглах утаа май, тусгай зэрэглэлийн гоёмсог асар, тусгайлан чимэглэсэн индэр, халуун ногоон цай, даарвал өмсөх гадуур хувцас... Энэ бүх тусгай үйлчилгээний үнэ нь 880 юань. Тусгай аяллын хөтөлбөртэй яваагүй бол энэхүү суудалд тухалж, уг дуурийг үзэхийн тулд хоёр, гурван сар хүлээх ёстой байсныг хожим мэдсэн. Учир нь, тасалбар нь тунчиг эрэлттэй байдгийн дээр Төвөдөд аялсан жуулчин бүрийн зорьж үзэхийг хүсдэг аяллын гурван төлөвлөгөөний нэгд зүй ёсоор бичигддэг гэнэ билээ.

Нийтдээ, 24 мянган м.кв талбайг хамарсан энэхүү байгалийн задгай театрыг 2013 онд ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн байдлаар нийтдээ 770 сая юань буюу 117 сая ам.долларын ашиг олсон. Зөвхөн өнгөрсөн жилд гэхэд 187 удаа тоглогдож, 500 мянга гаруй жуулчин үзсэн. Үнэндээ ингэж үзэхээс ч өөр аргагүй бөгөөд “Яагаад вэ” гэдэг асуултад сайхныг нь дүрсэлж өгүүлэхэд үг багадам. Зах зухаас нь дурдаач гэвэл нь “Одоогоос мянга гурван зуун жилийн тэртээ Шанси мужийн буюу одоогийн Ши Ан буюу Өнийн Амгалангт хэмээх Чанган хотоос гурван мянган бээрийг Төвөдийн хаан Соронзонгомбын хатан болохоор бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд туулж буй Вэнчан гүнжийн алс холын замд ирээдүйн хань ижлээ төсөөлөн санаж, түүнд хүрэх хатуу бэрх замыг тэсвэр хатуужлаараа хэрхэн туулж гарч байгаа тухай алс холоос нэг нэгнээ гэсэн чин сэтгэлийн хайрын домог хөвөрнө. Халуун дулаан орны эрх танхи гүнж аян замын эхэнд нутаг орон, хайртай дотно бүхнээ санагалзан гуниглах ч, эцсийн бүлэгтээ аян зам хураагдахын хэрээр Төвөд нутаг болоод Соронзонгомбо хаантай уулзах хөг сэтгэлд нь үүрээ засч, тэр хэрээр зорьсон нутагтаа очихын төлөө цасыг цас, бороог бороо, зам зуурын бэрхшээл зовлонг бэрхшээл зовлон хэмээн бодохгүй тэмцэж зүтгэнэ. Энэ бүх тэвчээрийнхээ дүнд тэрбээр Төвөдөд ирж, бурхан багшийн сэрэг дүрийг залаад зогсохгүй ном эрдэм, тариа буудай, газар тариалан, багаж зэвсэг үйлдвэрлэх, төмөр боловсруулах гээд олон шинэчлэлийг хийсэн гэдгээрээ түүхэнд үлдсэн гавьяатай”... Энэ бол уг Төвөд дуурийн ерөнхий утга. Харин тэр бүхнийг дүрслэн харуулан техник болоод хүний хүчийг хэлэх юм биш. Потала ордон, алтан шаргал хааны ордон, морьд давхилдаж, мал сүрэн бэлчсэн хөдөө нутаг, хөдөө нутгийн ахуй амьдрал, алсад одох нүүдлийн жим, үй олон хүн хөлхөх эртний хотын гудамж... Үгүй ядах нь ээ л, сүүлд лавлаж харах нь ээ, тэр болгоныг нэгд нэгэнгүй дүрслэн үзүүлэхэд хөдөлгөгч хүч болох театрын доторх гурав дөрвөн урсгал нарын төмөр зам... Сүрлэг өндөр уулын бэл, оргилыг эзэгнэж байгуулсан тэрхүү задгай театрын нэг гайхалтай, бүүр үгээр хэлэмгүй гоёл чимэг нь сар. Гэхдээ техникийн аргаар зурсан, бүтээсэн театрын сар бус. Лхас хотын тэнгэрт мандах сар. Жүжиг эхлэхтэй зэрэгцэн, уулын цаанаас мандах сарыг хараад үнэндээ нүдэндээ ч итгэмгүй. Магадгүй тэрхүү байрлалыг энэхүү зураглалыг үзэгчдэд харуулахын тулд яг тэр уулыг сонгож театраа байгуулсан байх. Нэг ёсны “Сарыг арилжиж” буй нь тэр шүү дээ. Гайхмаар тансаг. Өөр нэг олзуурхууштай мэдээлэл бол туслах дүрүүдэд тоглож буй 800 гаруй жүжигчний 90 хувь нь анхандаа яг тэрхүү уулын бэлд буюу байгалийн задгай театрыг байгуулсан тэр л газар нутагт ач төрдөг байсан жирийн тариачид. Харин одоо бол тэд театрын амин сүнс болсон жүжигчид, бүжигчид. Учир нь, тэдний газрыг чөлөөлж, театр байгуулж, орон сууцаар хангасны зэрэгцээ уг жүжгийн туслах дүрд тоглуулснаар сар болгон тогтмол орлоготой болж амьдралын баталгаа нь хангагдсан байгаа юм. Үнэнийг хэлэхэд энэ тухай дуулаад Зайсан толгой, эсвэл Тэрэлжийн аманд нэг их нүсэр биш ч хэр таарсан хөөрхөн театр байгуулж, ёстой тэр байгалийн сар, нараа ашиглаад тайз дэлгэц хийгээд, аялал жуулчлалын хөгжил дагаж хөөгдөхөд хүрээд байгаа цөөхөн хэдэн малчдыг нь ажилтай болгодог бол ч... гэсэн бодол төрснөө л нийтлэлийн эхэнд атаархал хэмээн хэлсэн хэрэг л дээ. Тэдгээр малчдын хувьд гоё тансаг өмсгөл зүүж, жүжгийн дүр бүтээхгүй ч мал сүргээ бэлчээх, айраг цагаагаар жуулчдад нэгдсэн журмаар үйлчлэх гээд олон боломжит хувилбарыг хэрэгжүүлж бас болмоор. Ёстой л “Аялал жуулчлалын бизнес гэж үүнийг л хэлэхгүй бол өөр юуг хэлэх вэ” гэдгийг нүдээрээ үзэж, чихээрээ сонсоод ирсэн болохоор яах аргагүй ийн илүү үглэх тохиолдол бас байна аа.

Их сургуулийн хотхонд усан цахилгаан станц босгосныг хараад...  

Дахиад л атаарахчихсан. Магадгүй зөвхөн энэ удаад бичээд өнгөрөхгүй хожим хойно ч жишээ болгож, асуудал болгон бичих сэдэв нэгийг олж харсан маань Төвөдийн Хөдөө аж ахуйн их сургуульд зочлохдоо бичиж үлдээсэн тэмдэглэл байлаа. Учир нь, тус сургуулийн хотхон дотор ихээ өндөр нэгэн тусдаа корпус байх нь усан цахилгаан станцыг дотроо багтаасан байгууламж. Зөвхөн Төвөд төдийгүй бүх Хятад улсад барьж болох, тэр дундаа хамгийн өндөрт буюу далайн төвшнөөс дээш 3000 метр болон түүнээс дээш өндөрт босгож болох усан цахилгаан станцын туршилтын лаборатори. Тэрхүү лабораторид зөвхөн эрдэмтэн багш нар нь ажиллалаад зогсохгүй оюутнууд нь давхар практикт суралцах боломжтой болноороо давуу талтай. Түүнчлэн Төвөдийн тухайд эрчим хүчний хангамжинд усан цахилгаан станц том хувь нэмэртэй. Лхасаас Нинчи, Нинчигээс Лунан муж руу явах замдаа бид Номин нуурын нэгэн урсгал салааг тэгнэж байгуулсан усан цахилгаан станцыг харж болно. Цаашид ч энэ чиглэлийн эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Төвөдийн Хөдөө аж ахуйн их сургуульд ийн усан цахилгаан станц байршуулсан нь үнэхээр манай дотоодын их сургуулийн нөөц боломжтой харьцуулахад хувьгүй өндөр байх нь мэдээж.

Үүгээр ч зогсохгүй сургуулийн хотхон доторх цэцэрлэгт хүрээлэнгийн моддын тухайд мөн зөвхөн сургуулийн цэцэрлэгт хүрээлэнг гоё харагдуулах үүрэгтэй биш. Зүйрлэж хэлбэл мөн л ой моддыг хайрлаж хамгаалах, өсгөж ургуулахад зориулагдсан бичил лаборатори. Үүний тулд тус сургуулиар дамжуулан дэлхийн олон орноос ой модны суулгац, авчирч суулгасан бөгөөд тэдгээрийн ургалт, уналт, цэцэглэлтэд судалгаа хийх замаар ирээдүйд Төвөдөд нэмж ургуулах, Төвөдөөс ундрагатай цэвэр усны нөөцийн эко системыг хамгаалахад том хувь нэмэр оруулах зорилготой байгаа. Иймд тус сургуулийг төгссөн байгаль экологийн хамгаалагч инженерүүдийн 70 гаруй хувь нь Төвөддөө ажлын байраар хангагддаг бол үлдсэн оюутнуудынх нь хувьд Хятад улс даяар өөрсдийн ажлын байрыг олох нь асуудал биш болдог гэнэ. Яагаад гэхээр дахин хэлэхэд Төвөдөд бэлтгэгдсэн байгаль экологийн хамгаалагч инженерүүд жинхэнэ утгаараа экологийн бүсдээ дадлага туршлага хуримтлуулж, жинхэнэ утгаараа байгаль хэмээх лабораторид суралцаж төгсдөгөөрөө давуу талтай юм. Дээр нь, мэдээж төвөд гахайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үнэд хүрдэг хамгийн чухал үзүүлэлтийг нь хадгалж үлдээх, байгалийн ховор, үнэт эрдэнийн дайтай үнэлэгддэг ховор ургамал болон мөөгийг хэрхэн ирээдүй үед үнэ цэнтэйгээр үлдээх вэ гэдэг нь тус сургуулийн стратегийн бодлого, зорилтын нэг чухал зорилт гэдгийг ч бидэнд танилцуулж байсан юм. Ингэхдээ англи гадаад хэлний сургалтыг ч мөн орхигдуулахгүй ёсгүй гэдгээ уламжилсан.

Судар номын хамгаалалтад нүдээ унагахаас буцсангүй ээ

Өмнөх тэмдэглэлд цухас дурдсан болохоор энд дэлгэрүүлэх нь зөв эсэх тухай хэсэг бодлоо л доо. Гэхдээ л атаархалд хөтөлсөн дараагийн том сэдэв учраас бичихгүй өнгөрч бас чадсангүй. Учир нь, саяхан интернэтээс “Мэргэд гарахын орон” толь бичгийг ЮНЕСКО-д бүртгэсэн тухай нэгэн мэдээллийг олж уншсан юм.Энэ дашрамд мөн “Төвөдийн зуны ордны эртний ном судрыг тоолж, бүртгэлжүүллээ” гэсэн мэдээг ч харав. Агуулгаас нь цухас дурдвал “Хятадын эртний ном судрыг цуглуулах байгууллага Төвөдийн зуны ордон болох Норбулинкагийн эртний судар, сурвалж бичгийг тоолсон байна. Энэ хүрээнд Норбулинкад одоогийн байдлаар үндэсний нэгдүгээр зэрэглэлд хамаарах түүх, соёлын 57 дурсгал байгаа бол хоёрдугаар зэрэглэлийнх 132, гуравдугаар зэрэглэлийнх 214 байна” гэсэн байв.

Гол нь, энэ удаад бичих санаа маань зөвхөн Норбулинка ордны номын архив бус харин Төвөдийн Хөдөө аж ахуйн их сургууль, Төвөдийн их сургууль, Ардын уламжлалт эмнэлгийн музей дэхь судар номын хамгаалалт, хадгалалт. Зөвхөн бидний зочилсон Төвөдийн Ардын уламжлалт эмнэлгийн музейд шинэчлэн бүтээгдсэн анагаах ухааны 130 гаруй судар бичгийг сэргээн бүтээх их үйлсэд гэхэд Хятадын Засгийн газраас 17 сая юанийн санхүүжилт өгч, тусгай хөтөлбөр хэрэгжүүлсэн байх жишээний. Түүнчлэн тус музейд нэгэн ховор нандин бүтээл хадгалагдаж буй нь XVII зууны үед эхийнхээ хэвлийд өсөн байжиж буй ургийг хүн болж төрөн төртөл нь долоо хоногийн нарийн өөрчлөлтөөр дүрслэн зурсан танка зураг. Энэ зураг тус эмнэлгийнхний тайлбарласанчлан дэлхийд ганцхан хувь байгаа гэдгээрээ онцлог бол Төвөдийн анагаах ухааны арга барилыг харуулсан үнэт өвөд зүй ёсоор тооцогдох 70 гаруй ширхэг танка зургийг ч нандигнан хадгалж буйгаа тэд танилцуулсан. Ингэхдээ орчны чийгшилт, гэрлийн тусгал, агаарын хэм гээд нарийн нандин олон хэмжүүрийг чухалчилж, хэзээ гэрэл гаргах, гаргахгүйгээ хүртэл шинжлэх ухааны төвшинд тооцоолдог гэж байгаа юм. Ингээд бичихээр дахиад л яах аргагүй нийтлэлийн эхэнд дурдсан атаархал гээч нь “ургаад” гараад ирэх жишээний. Ер нь бол музей гэдэг зөвхөн Төвөд төдийгүй Хятадын соёлд чухал ач холбогдолтойд тооцогддог эрхэм үнэтэй өв соёлынх нь эх сурвалж гэдгийг уншигч та ч гэсэн андахгүй байх. Хятадын хаа газар ч очсон заавал үзүүлж, таниулж, тайлбарлан өгүүлж байдаг талбар бол музей. Энэ удаад ч бид тэрхүү жишгийг тойрч өнгөрөөгүйн дээр эмнэлэг, сургууль дагаж байгуулагдсан музейн үзмэр, утга учир, хандлага, тайлбарууд яг үнэндээ Монголдоо хуулан хэрэгжүүлмээр туршлага болон ололт байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Магадгүй боолчлолоос чөлөөлөгдсөний 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Төвөдийн ард түмний ирээдүйн хөгжил өнгөрсөн цаг хугацаанд үлдсэн олон мянган жилийнх нь түүхийн нэгэн адил цаашид урт удаан он жилээр бичигдэх нь мэдээж. Тэр дундаа, хөгжил дэвшил, итгэл үнэмшил, үнэт зүйл, хайр хүндлэл бүхэн нэгдэн нийлэх тэр мөчид мишээл улам бүр тодрох нь ч гарцаагүй. Тэртээ, 1959 оны үед 34.6 байсан дундаж наслалтынх нь хэмжүүр өдгөө 70.6 болсон нь “Мишээж буй Төвөд”-ийн тухай тэмдэглэл бичээд сууж байхад та бүхэнд хүргэх хамгийн сайхан мэдээлэл маань байлаа. Амьдрах боломж, амьдралын чанар гэдэг хүний амьдралын насжилттай салшгүй холбоотой байдаг гэж үзвэл үүнээс өөр сайхан зүйл хаа байх вэ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)