"Монгол ялна" уриа моодноос гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төр "эрийн цээнд" хүрэв үү

2020-02-28 04:35:32

Монголын улс төрийн сүүлийн 30 жилийг бичсэн улстөрчдийн ял гавьяа хоёр өдгөө нэгэн зурваст бичигдэж, шударга ёсны төлөөх уриа цаг хугацаа болоод эрх ашгийн салхинд сэмрэн урагдаж буй энэ цаг дор цор ганц хүний улс төрд нэн шинэ хуудас нээгдсэн нь яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа. Олон талаас нь харах нь ээ, хэт үндсэрхэг эсвэл жинхэнэ утгаараа эх оронч, нэгэн бол хэтийдсэн популист мэт сэтгэгдэл төрүүлэх түүний “Монгол ялна” уриа өдгөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон цаг мөчтэй нь харьцуулахад харьцангуй хүч нь суларсан, сульдсан мэт харагдах ч өнөөдөр, маргааш, эсвэл нөгөөдөр, бүр жилийн дараа, хоёр жилийн дараа ч эргэн хүчийг олохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ сонгуулийн зааг мөчлөгт...  Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга бол бизнесмэн хүн. Энэ нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын улс төрийн арвин туршлагатай харьцуулахад хувь хүнийх нь давуу тал бөгөөд тэрбээр өөрийн  хуримтлуулсан бизнесийн туршлагаа ирээдүй цагт ч гээж хаяхгүй нь тодорхой юм. Нэг ёсондоо тэрбээр улс төрийг бизнес болгох, эсвэл бизнесийг улс төр болгох ухаанд гарамгай сайн суралцсан гэсэн үг. Тиймээс ч өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр БНХАУ-д хийсэн түүний айлчлал Монгол Улс төдийгүй хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдөр, гэгээн дурсамжийн тэг зураг болон үлдэх нь тодорхой болов. Хэдийгээр Ерөнхийлөгчийн энэ удаагийн гэнэтийн айлчлал ганц төрийн тэргүүний шийдвэр бус Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болох УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хамтын шийдвэр ч гэлээ айлчлалд хэн хөл тавьснаар цаашид түүх бичигдэнэ гэсэн үг. Нэг ёсны Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн нэн шинэ түүх ирээдүй цаг руу бичигдэн эхлэж буй нь энэ бөгөөд коронавирусын голомт гэдгээр дэлхийн улс орнууд төдийгүй иргэд олон нийтийнх нь чичлэн, хяламхийж буй хөрш орон руугаа 30 мянган толгой хонин сүргийн хандивтай зочилсон анхны төрийн тэргүүн боллоо. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын ялалт. Учир нь, тэрбээр өнгөрсөн цаг хугацаанд М-Си-Эс групп болон Хятад улсын алинтай нь тулалдахаа мэдэхгүй, тэмцлийнхээ замд төөрөлдөн тэсэрч, тэрсэлдэж явсан тийм л хувь улстөрч байсан. Нүдэнд нь М-Си-Эс гэхээр Хятад харагдаад, Хятад гэхээр М-Си-Эс групп үзэгдээд байдаг тийм л зөрчил. Дунд нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өдгөө эх орондоо ч ирж чадахгүй хилийн чинадаас бархирах, хашгирах хоёрын хооронд тарчилж байх...  Гэхдээ өчигдрийг буюу 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хэн ч Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийг, улстөрчийн арга барилыг нь ойлгоогүй явсны дээр тэрбээр энэхүү үл ойлгох хандлага, үл зөвшөөрөх эсэргүүцэл, бүр итгэн үнэмшиж, шүтэн бишрэх өндөр сэтгэгдэл зэргийг өөрийн ялалтад их тунгаар ашигласаар ирсэн бололтой юм. Сэм сэмхэн дотроо инээмсэглээд, ширээнийхээ цаанаас тоо бодоод л... Бараг л шүлэг шиг санагдах энэ дүрслэлийг тэрбээр ёстой л Баянгол зочид буудлын тусгай тоноглолтой өрөөндөө л хадгалж суусан биз ээ, хэмээн өнөөдөр гэнэт бодогдох. Учир нь, түүний Хятадыг ялласан “Монгол ялна” гэдэг уриа нь тухайн цаг мөчдөө  хэрэгцээ тусаа өгсөн ч өдгөө цаг хугацаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг эрх мэдлийнх нь шүүлтүүрээр нь аль хэдийнэ унаж алга болжээ. Үүнийг тодотгох үүднээс 2014 оны наймдугаар сарын 21-ний өдрийг эргэн дурсая.

Энэ өдөр Хятадын дарга Ши Жиньпин Монгол Улсад анхны албан ёсны айлчлалаа хийсэн бөгөөд УИХ-ын чуулганы танхимд Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг

Хэнтий хангай Саяны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд... хэмээн уншихаар бороо шивэрч, чийг үнэртсэн зуны бүүдгэр өглөө Энхтайвны гүүрийг цуваатай давж явахтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Х.Баттулга жүдо, самбо бөхийн 21 удаагийн Монгол Улсын аварга, дэлхийн тулааны спортын наадмын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Б.Ариун-Эрдэнэ, улсын арслан Х.Мөнхбаатар нарын хамт бэлтгэлийн хувцастай явган хүний замаар эсрэг урсгалаас нь сөрж гүйсэн түүхтэй юм. Гүйлт дууссаны дараа Б.Ариун-Эрдэнэ “Та яагаад чуулгандаа суухгүй байгаа юм бэ” гэж асуухад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн цаг үед буюу УИХ-ын гишүүн байхдаа “Харин чи юу гэж бодож байна. Чи хардаа “Миний нутаг” шүлгийг ингээд УИХ-ын индэр дээрээс Хятадаар уншихад очиж алга таших гэж үү” хэмээн хариулсан тухай нь зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн “Миний мэдэх “ЖЕНКО” Баттулга” номонд бичсэн байдаг бөгөөд 2008 оны тавдугаар сарын 26-аас 28-ны хооронд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын хувиар Бээжин хотноо айлчилж, Хятадын Төмөр замын сайд асан Лю Чжицзюньтай уулзсан уулзалтаа дурссан байдаг юм. Уг дурсамж болон тэмдэглэгдэн үлдсэн уулзалт нь ердөө тавхан минут үргэлжилсэн бөгөөд Лю Чжицзюнь “Бид эртнээс нарийн царигийн тухай л ярилцаж тохирсон байсан. Танайх нэг өдөрт нэг хүн солиноо тэгээд тэр нь шал өөр юм ярина аа. Хэрвээ өөдтэй улс больё л гэж бодож байгаа бол үг дуугүй бидний саналыг хүлээж авах ёстой. Авна ч гэж тохиролцсон байсан” хэмээгээд сайд Х.Баттулгын нүүр рүү гэнэт цоо ширтсэн гэдэг. Хожим буюу дөрвөн жилийн дараа, тодруулбал, 2011 онд мөнөөх сайд Хятадын төмөр замыг удирдсан 25 жилийнхээ хугацаанд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хээл хахуул авч ажлын хариуцлага алдсан хэргээр төрийн цааз сонссон бөгөөд энэ тухай уг номонд тэмдэглэн бичсэн нь санамсаргүй хэрэг биш байж мэдэх юм. Яагаад Хятадыг эсэргүүцдэг вэ гэдэг Х.Баттулгын үзэл санааг тодруулах зорилго талаас нь ухаж ойлговол шүү дээ.

Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног “Жаран”-ы бутархай” номонд энэ түүх арай өөрөөр бичигдсэн байдаг бөгөөд тэрбээр 2009 оны гуравдугаар сард Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын хувиар дэд сайд А.Гансүхдээ Монголын газар нутаг бүхэлдээ Хятадын нэг муж мэт нарийн төмөр цамын царигтай болох, Тавантолгойн нүүрсний орд газар тус улсын аль нэг хөрөнгө оруулагч компанийн бүрэн мэдэлд шилжих тухай санамж бичигт гарын үсэг зурах үүрэг өгч, зуруулсан байдаг тухай цухас дурдсан нь бий. Уг бичгийг Ерөнхий сайд асан С.Баяр яаран өөрсдийнх нь гараар устгуулсан гэх бөгөөд Монгол дахь Хятадын Элчин сайдын яамаар дамжуулан тайлбар хүргүүлсэн хэмээн бичсэн байдаг. Гэхдээ энэ бол нэг талын тайлбар бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх нар өнөөдрийг хүртэл тайлбар хийсэн нь үгүй. Магадгүй уг бичиг Засгийн газар болон салбар яамны архивт хадгалагдаж үлдээгүй гэдэг талаас нь харвал Ерөнхий сайд асан С.Баярын тэмдэглэл үнэн эсэхийг энэ гурван хүнээс өөр хэн ч Монголд нотлохгүй, батлахгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр итгэх, үл итгэх эсэхийг уншигч таны оюун бодолд үлдээе.

Харин юуны учир энэ тухай нуршин өгүүлж байна вэ гэдэгт өгөх тайлбар бол улстөрч Х.Баттулгын Хятадад хандах хандлага болоод Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын нэрийн өмнөөс Хятадтай харилцах харилцаа хоёрын ялгаа болоод ялгарлыг тодруулах зорилгод оршиж буй гэдгийг уламжлая. Иймээс одоо цаг руу дөтөлж, 2019 оны дөрөвдүгээр сарын 24-наас 25-ны хооронд болсон Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн анхны төрийн айлчлалын үеэр Ши Жиньпин даргын хэлсэн үгийг товчлон хүргэе. Энэ үеэр тэрбээр “Ноён Х.Баттулга тантай гурав дахь удаагаа уулзаж байна. Бид одоо хуучны найзууд болсон. Хятад, Монгол хоёр улсын тухайд уул усаар холбогдсон найрсаг харилцаатай хөрш орнууд. Хоёр улсын харилцаа олон улсын түвшинд жишиг болохуйц харилцаа юм. Таны энэ удаагийн айлчлалаар хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэж байна” хэмээсэн байдаг бөгөөд айлчлалын хүрээнд төр хувийн хэвшлийн хамтарсан 20 орчим гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ төрийн тэргүүний айлчлалын тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Асар богино хугацаанд асар их ажил амжуулсан айлчлал боллоо” гэдэг дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн ч яг хүлээлтэд хэр нийцсэн бэ гэдгийн тухайд мэргэжилтэн, судлаачид төдий л ам дүүрэн хариулт өгөөгүй гэхэд болно. Гэхдээ энэ нь хувь улстөрчийнх нь Хятадын тухай урд өмнө нь илэрхийлж ирсэн байр суурийг тодруулж харах төдийгөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал гэдгийг нь огоорсон хэрэг байж болох. Харин өнөөдөр буюу өчигдрийн тухайд бол өөр хэрэг. Зөвхөн монголчууд төдийгүй Хятадын сошиал хуудаснаа Ерөнхийлөгч Х.Баттулгын хагас өдрийн айлчлалыг өндрөөр үнэлж, коронавирусын дэгдэлт эрчимжиж, уг гарвал нь Хятад хэмээн харсан зүг бүрээс нь хяламхийж буй энэ үед Монгол Улсын төрийн тэргүүний хувиар “БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ” хэмээн мэндчилсэн нь хувь улстөрчийнх нь хандлагыг мартагнуулах эм болсон байж ч болох. Гэхдээ цаг хугацаа ингээд зогсохгүй, дуусахгүй. Монгол Хятадын харилцаа ч энэ айлчлалаар өндөрлөхгүй, мөн хэмжигдэхгүй гэдгийг бидэнд ч, тэдэнд ч ирээдүй цаг сануулах нь зүйн хэрэг. Тэр дундаа, Хятадын дарга Ши Жиньпиний Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн санал нэгтэй гарын үсэг зурсан 30 мянган хонин сүргийн хандивийн бичиг бүхий туузыг гардах үеэрээ хэлсэн “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” гэдэг үгийг тайлж унших сонирхол монголчуудад өнөөдрөөс эхлэн өдөөгдөх нь бүр ч ойлгомжтой. Учир нь, Монгол Улсыг дэлхийтэй холбодог хамгийн өргөн гарц бол Хятад улс. Тиймээс ч хоёр орны худалдааны эргэлтийг энэ ондоо багтаан 10 тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа гэдгээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй ердөө арав хүрэхгүй хоногийн өмнө мэдэгдсэн юм. Гэхдээ энд нэг зүйлийг сануулахад Элчин сайд Цай Вэньруйгийн 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэвлүүлсэн нийтлэлд “Зарим улс орнууд Хятад иргэдийн талаар хязгаарлах арга хэмжээг авч байна. Шаардлагатай бөгөөд тохиромжтой урьдчилан сэргийлэх арга хэмжээг Хятадын тал ойлгоно. Гэвч бид хэт дэвэргэсэн хязгаарлах арга хэмжээ авахыг дэмжихгүй. Энэхүү үйл явдлыг улс төржүүлэхийг эсэргүүцнэ. ДЭМБ Хятадын олон улсын хөдөлгөөн болон худалдаанд хязгаарлалт тавихыг дэмжихгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн. Даярчлалын эрин үед, улс орнууд цочмог халдварт өвчний эсрэг хамтран тэмцэх ёстой. Хөршөө хохироолгүй бодит, шинжлэх ухаанч хандлагаар хүчээ нэгтгэн тэмцэх нь зүйтэй. Хятадын тал улс орнууд ДЭМБ-ын зөвлөмжийг хүндэтгэн, даган мөрдөж, шаардлагагүй хязгаарлах арга хэмжээгээ зогсоож, улс хоорондын иргэдийн хөдөлгөөний хэвийн байдал болон бүхий л салбарын бодит хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн тодорхой утга санаа хавчуулагдсан байдгийг Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын тухай мэдээлэлтэй хамтатган хүргэе. Энэхүү үгийг давхар дайхын учир нь, коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор эргээд Хятад Монголын эдийн засгийн харилцаа бүрэн дүүрэн сэргэж чадах уу, манайхаас дахиж нүүрс авах уу, оюутан залуусын тэтгэлэгт хөтөлбөрт өөрчлөлт орох уу гэх мэт эргэлзээтэй асуулт олноор гарах болсон. Тэгэхээр энэ бүхэнд эерэг хариулт, төсөөлөл өгсөн чухал үйл явдал, айлчлал, санаачилга бол яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал. “Бүс ба зам” төсөл болон хийн хоолойн холбон тоглогч болох амбиц хэр хол явах вэ гэдэг стратеги төлөвлөгөөнд ч дэм болчих болов уу гэдэг хүлээлт монголчуудад байгаа нь нууц биш. Гэхдээ энэ бүхнийг нэг удаагийн айлчлал болоод тусламж дэмжлэгээр Хятадын дарга Ши Жиньпиний хэлсэн үгтэй холбон дэд бүтцийн гол болгон Монгол руу цутгах тухай их хүлээлт, мөрөөдөл тээсэн бол бас ч гэж хүслээ хязгаарлах хэрэгтэйг сануулая. Учир нь, тусгаар улс бол тусгаар улс. Тэр дундаа, дэлхий нийтээр коронавирусын дэгдэлтэд БНХАУ-ыг буруутгаж, дэлхийн элит соёлын өлгий болсон Европын улс орнуудад хүртэл хятад иргэдийг буруутгаж, нийгмээс гадуурхаж эхэлсэн эгзэгтэй цаг үед иргэн Х.Баттулгын хувиар бус Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Ши Жиньпиний дэргэд зогсохоор шийдсэн нь гайхмаар сонин тохиол ч гэлээ эдийн засгийн харилцааны цаана улс төр бий гэдгийг, байдаг гэдгийг мартах хэрэггүй. Нэг ёсны Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал Ши Жиньпиний дэргэдээс селфи хийх гэж бус коронавирусын дэгдэлтээс үүдэн Монгол Улсад учрах эдийн засгийн хямралыг хохирол багатай туулахад дэм болохын зэрэгцээ түншлэлийн хүрээ хязгаар гэдэг нь их багаар эсвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүнчлэлийн картаар хэмжигдэхгүй гэдгийг Их гүрэнд сануулсан ч байж мэдэх юм. Ямартай ч анх удаа буюу давтан үйлчлэх нөхцөлгүйгээр Улсын онцгой комиссын шийдвэрийг цуцлуулж вирусын дэгдэлттэй бүс нутагт айлчилсан анхны Ерөнхийлөгч анхдагчдын өлгий болсон Булган аймгаас бус Баянхонгор аймгаас тодорлоо. Мөн анх удаа улсынхаа Ерөнхийлөгчийг 14 хоног тусгаарласан улс орноор Монгол Улс дэлхийд зарлагдлаа. Харин энэ 14 хоногийн хугацаанд халдвар илрэх эсэхийг ёстой хэн ч тааж мэдэхгүй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тэрбээр хувь улстөрчийнхөө араншинг төрийн тэргүүний бодлогоор сольж чадсан шинэ үнэлэмжийн эзэн болохыг үгүйсгэх аргагүй. Учир нь, түүнд цаг хугацаандаа зохицсон эргэлт болоод улс төрийн байр суурийг олж хараад эзэн суучихдаг ид шид бас бий шүү. Үгүй ядах нь ээ л, энэ айлчлалын төгсгөлд "Монгол ялна" уриа моодноос гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төр "эрийн цээнд хүрэв үү гэж бас найдаж л байя даа. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Irgen      ip : 122.201.31.50 2020-02-28 17:33:53
Yag unendee corona virusiin esreg uls iron bolgonii tomoohon companiud ih hemjeenii mungu handivlaj baihad MCS yu uguh bol gedeg n l sonin baina





(0/800)