Л.Пүрэвсүрэн сайдад гадаад харилцаагаар сахилгагүйтэх эрх бий юу

2015-12-28 12:58:32

-Хятадаар оролдсон сайд тань Японыг ч бас гайхшруулсныг мартаагүй биз, Ерөнхий сайд аа-

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг нийтлэлч Б.Баабар ховч хар гэж хочлоод удлаа. Гадаад харилцааны сайд асан Лу.Болдыг албанаас нь чөлөөлөхийн тулд Авлигатай тэмцэх газарт хүртэл хов хүргэсэн л гэнэ. Гэхдээ үүнийг нотолгоог Б.Баабар болоод холбогдсон нэр бүхий хүмүүс нь л мэднэ. Өөрөөр олонд дэлгэгдсэн баримт гэх зүйл үгүй.

Харин Гадаад хэргийн сайдаар томилогдсон даруйдаа мэргэжлийн олон арван дипломатчийг албанаас нь чөлөөлж, Элчин сайдын яамдыг хатуухан гараар бараг л “торгож” буй тухай мэдээлэл ил болоод удсан. Гэсэн ч тэрбээр өнөөдрийг хүртэл тайлбар хийгээгүй. Завгүй, зангарагтай сайд мэт л таг дуугүй өнгөрсөн.

Ингэж болж буй үйл явдалд ажиглагч мэтээр ханддаг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас сахилгын шийтгэл хүлээх нь тэр. Эл хариуцлага хүлээх үүрэг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам, тээврийн сайд М.Зоригтод ““1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байсан. Гэвч сүүлийн үед Оросын тал тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлээд байна. Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар хятадын талтай яриа хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна” гэсэн ил захидал ч юмуу, анхааруулга ч юмуу ямар нэгэн бичиг хүргүүлсэнтэй холбоотой.

Учир нь эл захидлынх нь араас УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар “Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан тээвэр логистикийн компани байгуулах асуудал яригдаж байгаа. Үүнийг би дэмжиж байгаа юм. Харин үүнийг мушгин гуйвлуулж яриад байх шиг байна. Ганцхан Хятадтай хамтарч ажиллах гээд байгаа юм биш. Гурван улсын хамтарсан тээвэрлэлтийн компанийг байгуулахаар ярилцаж байгаа. Миний хувьд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга болохоос биш хувьцааны асуудлыг мэддэг эрх мэдэл бүхий субьект биш. Төмөр замын тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдал, ажлын хариуцлагын асуудал зэрэг надад хамаатай. Харин гурван улсын хамтарсан тээвэрлэлтийн компани байгуулахыг гурван талын төрийн тэргүүнүүд уулзалтын хүрээнд шийднэ” гэдэг хариулт өгсөн.

Тэгэхээр асуудал Л.Пүрэвбаатар биш Л.Пүрэвсүрэн сайдад байсан болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын хуралдааны үеэр яриад асуудлыг шийдэж болж байхад МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын даргад захидал бичиж байгаам шиг сүржигнэсэн хэрэг л дээ. Эс бол Орос, Хятад, Монголын Гадаад хэргийн сайд нар захидал солилцож бол бас болох юм.

Гэтэл тэрбээр кабинетийн зарчмаар ажиллах ёстой гэх наад захын шаардлагыг зөрчиж, ганцаараа хулгайч, дээрэмчин илрүүлсэн мэт аашилсан хэрэг л дээ. Гол нь үүнийх нь ард эв хамтаар үүрд мөнх оршин тогтнохоос өөр гарцгүй Хятад, Орос хоёр хөршийн харилцааг хааш нь эргүүлэх вэ гэдгээ тэрбээр бодсонгүй.

Уг нь өнгөрсөн хугацаанд тэрбээр Орос, Монгол, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг улс орноо түүхэнд анх удаа амжилттай зохион байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Италийн Милан хотноо АСЕМ-ын эрх гардан авахад ч гадаад харилцааных нь зөвлөхийн хувиар чамгүй үр дүн гаргасан байж таараа. Ер нь л үе, үеийн Ерөнхийлөгч нартай харьцуулахад гадаад харилцаа нь улс орны хэмжээнд шинэчлэл байж чадсан гэдгийг судлаачид дүгнэдэг. “Жижиг орны гадаад харилцаа амбицтай байх ёстой. Ерөнхийлөгч үүнийг хийж чадлаа” гэх судлаачдын үг зөвхөн Ерөнхийлөгч төдийгүй Л.Пүрэвсүрэн сайдад ч хамааралтай.

Гэвч ингэж магтаалын хана хэрэм дундуур зугуухан алхаж, сайдын суудалд хүрэхтэйгээ зэрэгцэн хил дамнасан матаас бичих нь юуны учир вэ. Ядахад үүнд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сахилгын шийтгэл” гэх бичигхэн хөөрхөн шийтгэл оноогоод суух ч гэж. Учир нь, Л.Пүрэвсүрэн сайд лав цалингийнхаа 30 хувийг хасууллаа гээд шаналахгүй байж таараа. Гэтэл үүнийх нь ард “Хятад улс манай төмөр зам хариуцсан жижигхэн даргыг найрч байгаад Улаанбаатар төмөр замаас хувь эзэмшихээр зэхэж байжээ” гэсэн мессеж монголчуудад очсныг хэн залруулах юм. Цаашлаад эл мэдээлэлд Хятадын тал яаж хандах вэ.

Ядаж л Ерөнхий сайд аа, сахилгын шийтгэл гэсэн сахилгагүй шийтгэл оноож суухдаа түүний талаар ярьсан Японы бүрэн эрхэт Элчин сайд Т.Шимизүгийн “Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мөн ийм утгатай ярилцлага өгсөн байна лээ. Магадгүй андуурсан ч байж болох юм” гэх яриаг бодож амжсангүй юу. Эл ярианд бяцхан тодруулга хийхэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, нэрт сайд хоёр “Арванхоёрдугаар сарын эцсээр япончууд Тавантолгой-Сайншандын зүүн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийн судалгааг дуусгана. Тэгэхээр 2016 оны хавар төмөр замын ажил эхлэх бүрэн боломжтой” гэсэн утгатай яриаг өгсөн юм. Харин дараа нь Элчин сайд “Анх удаа ийм мэдээ сонсож байна. Санамж бичигт хугацаа заасан нэг ч заалт байхгүй” гэх тайлбар хийсэн байдаг. Эндээс үүдээд бодоход Гадаад хэргийн сайд маань гадаад харилцаагаар сахилгагүйтэх бүрэн эрхтэй бололтой юм. Засгийн газрын сахилгын шийтгэл гэх бичил сануулга ч үүний илрэл байж таараа. Харин энэ бүхнээс үүдэн нэг хүлээлт үүссэн нь АСЕМ-аар арай сахилгагүйтэхгүй байгаа гэдэг болгоомжлол байж таарав аа.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Зочин      ip : 202.55.183.109 2016-03-21 16:19:07
Пүрэвсүрэн сайдаар удирдуулсан баг хамт олон харин ч сүпэр ажиллаж байгаа шдээ





(0/800)