С.Ганбаатар Ерөнхийлөгч болох мөрөөдлөө “дархлав”

2015-12-30 12:00:50

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН намд элслээ. Элсэх ч гэж анхнаас нь үүсгэн байгуулалцсан тухай мэдээлэл улс төрд өрнөж л байсан. Иймд түүнийг гэнэт өнөөдөр ХҮН намд элсэж, энэ нам парламентын хаалгаар сонгогдож биш өшиглөж орж ирлээ гэх гэнэн тайлбар хийгээд хэрэггүй болов уу. Учир нь, С.Ганбаатар гишүүний удирдаж явсан “Эрс шинэчлэл” хөдөлгөөний сүлд далбааны өнгийг “өвлөж” авсан ХҮН нам анхнаасаа өөрийнх нь байсан. Харин цаг хугацааны хувьд хувь гишүүнд нь хүлээх, харзнах шаардлага тулгарсан байж болох. Улс төрд орохтойгоо зэрэгцэн “Би Ерөнхийлөгч болно” гэж өөрөө өөртөө хуульчилсан гэдгийг нь энд мөн тодруулах эрхтэй. Тэр хэрээр улс төрийн арга барил нь ёстой алсын зайнаас тодорхой төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явж байгаа нь ч үнэн. Үр дүнд нь тэрбээр өдгөө Монголын улстөрчдийн нэр хүндийг тодруулах судалгааг тогтмол өнгөлж буй. Ядаж л УИХ-ын танхимд ганцаараа босч үг хэлдэг  нь ард нийтэд таалагддаг. Хажуу хавиргын гишүүд нь “босоо Ганбаа” хэмээн хий дэмий хочлох ч араас нь гэлдрэх гээд бараадах ч үгүй яваа.
 Тэрбээр улс төрд хүч үзэхээсээ өмнө фенгшүй хэмээх урд хөршийн зан үйл, шашны хосломол худалдааг Монголд оруулж ирсэн. Хэдийгээр тэр бизнесээ өөрөө зарсан хэмээн хэлдэг ч өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нь нууц биш. Гол нь хүмүүсийн сэтгэхүй бүхэлдээ фенгшүйд хөтлөгдөж, гэрээ тэр чигээр нь бэлгэ тэмдэгийн далд утгаар тохижуулах нь ч бий. Эндээс С.Ганбаатар гэх хүний хүмүүст нөлөөлөх чадварыг дүгнэж болно. Шулуун шударга үг, Оюутолгойн өөдөөс дайсангах гэсэн ганцхан сумтай ч гэж бодох боломжгүй. Учир нь тэрбээр жагсаал цуглааны талбараас УИХ-д суусан гишүүдээсээ хамгийн амжилттай яваа нэгэн. Нэр хүнд нь унах бус өдрөөс өдөрт өсч байгаа гэдгээр нь бодвол шүү дээ. Тиймээс л одоо өөрт нь нам, намд нь өөрөө хэрэгтэй болсон байж таараа.

Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуульд нам хүнээ нэр дэвшүүлэхийн тулд УИХ-д суудалтай байх ёстой. Тэр суудлыг баараггүй авах хүн нь С.Ганбаатар. Цаашлаад сүүлийн үед Хөдөлмөрийн үндэсний намд бизнес эрхлэгчид олноороо орох элсэх болсон. Энэ нь хөрөнгө санхүү нь батжих үндсэн боломжтой гэсэн үг. Иймд С.Ганбаатар гэж хүний хүлээлтэд эерэг үзүүлэлт гарсан байж таараа. Эхний ээлжинд өөрийн баруун гарын туслахаа намдаа элсүүлж, өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцуулж уур амьсгалыг нь тандсан ч байж болох. Гол нь өнөөдрийг хүртэл ХҮН намд лидер байгаагүй. Намын дарга болох Т.Боргил нь ХҮН намын дарга гэдэг ч дотооддоо “Лидер биш” гэдэг сэтгэл зүй үүсгэн байгуулсан гишүүдийнх нь дунд байдаг. Бусад үүсгэн байгуулагчдын хувьд ч адилхан. Хэтэрхий цэмцгэр, хэтэрхий хэлбэрийн дүр төрхийг бүрдүүлсэн тус намынхны хувьд цаашид дуу хоолой яалт ч үгүй хэрэгтэй болсон. Тэр дуу хоолой нь С.Ганбаатар. Мэдээж С.Ганбаатарт санхүүгээ санаа зоволтгүй аваад явчих нам, намын нөхөд хэрэгтэй. Ингэж л цаг хугацааны хүлээлт үүсгэсэн гишүүнчлэлийн асуудал баталгаажив. Ингэж гэмээнэ С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох мөрөөдөл нэг алхмаар ойртов. Гэхдээ нэр хүнд нь одоогийнх шигээ өндөр байсаар байх тохиолдолд.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)