МАН Засгийн газрыг айлгаж тоглоно

2015-12-30 12:46:35

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд хандан “Шинэ он гарахтай зэрэгцэн Засгийн газарт гэнэтийн бэлэг барина” хэмээн оньсого таах уралдаан зарласан байх юм. Сонирхолтой хэрэг. Парламент дахь сөрөг хүчин эрх баригч намд гэнэтийн бэлэг барьж байна гээд сайшаал магтаалаар булахгүй нь тодорхой. Харин хэрхэн муучилж, муутгах вэ гэдгийг л бодох нь гарцаагүй. Энэ бол МАН-ын араншин гэхээс улс орон бүрийн сонгуулиар ялагдал хүлээсэн улс төрийн намын л гаргадаг ааш маяг юм.

Гэхдээ энэ удаад тэд Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан ч Шадар сайд болох эрхгүй хаалганы цаана хашгичих Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтрахаар болсон гэх. Эл асуудлыг МАН удирдлагуудынхаа төвшинд ярилцаад зогсохгүй МАХН-тай гайгүй сайн тохироо хийхээр шинэ оныг угтан хэлэлцээрийн ширээнд суух бололтой юм. Үндсэндээ С.Бямбацогт гишүүн Засгийн газарт хандан шүүмжлэлт захидал бичих бус харин огцруулах асуудлыг сөхөж тавих нь гэж ойлгуул зохилтой. Үүнд нь Н.Энхбаяр хүчийг нэмнэ.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хоёр намыг нэгтгэх тухай санаачилга идэвхтэй өрнөсөн. Удирдлагууд нь ч татгалзаагүй. МАН-ын дарга М.Энхболд “Асуудлыг нааштайгаар шийдэх боломжтой” гэх утгатай хариулт өгсөн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр “Гишүүдийнхээ саналыг хүндэтгэн үзэж, энэ асуудлыг судална” гэчихсэн. Гэхдээ яг энэ яриа өрнөх үед шийдлийн Засгийн газарт Н.Энхбаяр сайдаар ажиллах эсэх тухай санаархал хөндөгдөөгүй байсан. Харамсалтай нь, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хоригдож, албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарснаар МАХН-ын даргад сайд болох санаархал төрсөн хэрэг л дээ.

Тэгээд ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сайд болгох боломжтой эсэх талаар хуулийн хоёр тайлбар явж байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Ялын хугацаа нь дуусаагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ялтай бүх хүмүүсийг өршөөсөн” хэмээж буй. Эндээс үзэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Х.Тэмүүжин гишүүний тайлбарт итгэж Н.Энхбаярыг Шадар сайдаар томилсон бол Засгийн газрынхаа хувь заяаг МАН-ын гарт атгуулахгүй л байсан болов уу. Ямартай ч, МАН 2016 он гарахтай зэрэгцэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг айлгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Харин үүнд нь Н.Энхбаяр одоогийн ярилцсан ёсоороо үнэнч явж чадвал Засгийн газар унана. Мэдээж эсрэгээр нь гүйцэтгэх эрх мэдэлд өөрийгөө багтааж чадвал МАН-ын санаархал өдөөлт маягтай өндөрлөх нь тодорхой юм. Тэгэхээр Н.Энхбаяр дахиад л Монголын хамгийн нөлөө бүхий чухал хүн байсаар байх нь энэ ажээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)