Б.Хурцыг хурцлав

2016-01-03 19:02:39

Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хошууч генерал цолоор шагнажээ. Хэр баргийн цэргийн болоод цагдаагийн албаныхны энгэрт хадагдаа нь үгүй энэ цолыг төр түүнд итгэж өгсөн гэж найдая. Мөн цолдоо эзэн болж төрийн төлөө огтоно мэт зүтгэнэ гэдэгт нь ч урамшая. Учир нь түүний тархи хийгээд цээжинд монгол төрийн нууц бүхэн дархлаатайгаа хадагдаж байгаа нь чухам үнэн. Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын алба гэх мэт ажлын намтар нь үүнийг нотолно. Нэгэн үе Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай шөргөөцөлдөж, шударга хүний дүрийг бүтээсэн гэдгийг нь ч мартаж болохгүй. Тэр ч битгий хэл Англи, Монгол хоёр улсын дипломат харьцааг ээдрүүлсэн том түүх ч түүнд бий. Гайхмаар нь тэрбээр хилийн чинадад баривчлагдсан саяхны түүхээсээ тун ч амжилттай сугарч чадсан нэгэн.

Тодруулбал Европын холбооны хилийг дамнуулан, дамжуулан байж Дамирангийн Энхбат агсныг хулгайлж Монголд авчирсан. Их удалгүй Д.Энхбат хорвоогийн мөнх усыг үзэж, гомдол мэдүүлсэн хүүхдүүдийнх нь захидал л харин өдгөө амьд сэрүүн байгаа. Харамсалтай гэмээр эл баривчилгааны нууц нь хаа дарагдаж үлдснийг өдгөө хэн ч мэдэхгүй. Хэн ч гэдэгт гэхдээ тодотгол хэрэгтэй. Б.Хурц мэдэх учраас тэр. 

Ямартай ч тэрбээр хошууч генерал боллоо. Харин түүний нэр дээр хаяглагдсан мэргэжлийн тагнуулчийн гэргийн захидалд өдгөө итгэл найдвар бий болов уу. Мөн эх орноосоо урвасан гэдэг зүйл ангиар ял эдэлж байгаа болон ял эдлэхэд ойрхон байгаа зарим нэг хүний үнэн нотолгоо хэзээ олон нийтэд ил болох бол. Асуулт бүхнийг Б.Хурцын нэр дээр хаяглая. Учир нь, тэрбээр өдгөө төрд ивээгдсэн хошууч генерал боллоо. Энд хамгийн чухал нь шударга үнэнчээр зүтгэх тангараг. Ингэж бодох нь ээ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээж Б.Хурцыг хурцалсан нь энэ байж таараа.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)