ЯНАГ ДЭМИЙ ГЭЖ ҮҮ

2016-01-06 12:31:29

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ямаа самнаж байна гэнэ. Зургийг нь харах нь ээ, ноолууран цамц нь цэвэрхэн цэмцгэр гэж жигтэйхэн. Ажил хэрэгч өмднийх нь эндүүдлэг ч бас янзаараа. Хуруу гарынх нь тухайд бараг л савхан цагаан. Явган сууж, бугуйн цагаа тод гаргаснаас нь үзвэл түүнийг Монгол Улсын ариун цэвэр, соёлч боловсон байдал хариуцсан сайд болгомоор. Хажууд нь жирийн нэг малчны шороотой дээл, зунгаг наалдсан гар хуруу, бохирч суусан хэв маяг бүхий гэрэл зургийг тавьчихвал ч... Социализм гэдгийг дахин байгуулах эрч хүч, соёлч боловсон зан Ц.Даваасүрэн гишүүнд байна гэж магтмаар. Эс бөгөөс хотын соёлыг малчны хотонд түгээх элч төлөөлөгчөөр томилсон ч болох нь. За ямар ч байсан тойрогтоо зүгээр ч нэг хурал, цуглаан хийхгүй ноолуур самнаж, тус хүргэсэнд нь талархан дэмжижцгээе, түүнийг. Ийм сэтгэлээ нүүрэн дээрээ зурсан гишүүн олон болоосой билээ.

Түүнээс улбаалан магтах дараагийн гишүүн нь УИХ-ын гишүүн Д. Арвин. Баянзүрх дүүргийн залуу бүсгүйчүүдийн хамт тэрбээр төрөх эмнэлэг цэвэрлэж, багтам сайхан буян хийсэн нь саяхан. Тод шаргал цамцтайгаа ханын тоос, шороо арчиж байгаагаас харахад ноолууран цамцтай ноолуур самнадаг Ц.Даваасүрэн гишүүнээс илүү гарна уу гэхээс дутна гэж лав байхгүй. Гэхдээ цэвэрлэсэн талбай нь нэг цэгт төвлөрсөн үү, эсвэл өөр бусад газрыг нь бүсгүйчүүд түрүүлээд цэвэрлэчихсэн үү мэдэхгүй. Ганцхан байрлалд алчуур барьж зогссон нь сонихон. Гэхдээ л цэвэрлэгээ бол цэвэрлэгээ. Сэтгэл бол сэтгэл. Иймд түүнийг ч бас магтах хэрэгтэй.

Дараагийн буяны дүр бүтээж, олны дэмжлэг авагч гишүүн бол яах аргагүй С.Ганбаатар. Тэрбээр УИХ-ын гишүүн болсон цагаасаа л олон нийтэд таалагдаж, босоо Ганбаа гэдэг цол гуншинг хүртээд байгаа нэгэн. Чуулганы танхимд зөвхөн түүнд зориулж, босоо миграфон суулгасан гэдгийг бодоод үз л дээ. Албан тушаалын эрэмбээрээ суудалдаа бат шигддэг улстөрчдөөс огт өөр гэдгийг нь санацгаа. Дээр нь цасгүй замын хажуугаар цас малтаж, шинэ зам гаргах гэж зүтгэсэн хичээл зүтгэлийг нь ч мөн үнэлцгээ. Хэрэв тэрбээр залхуу нэгэн байсан бол цасгүй замаар давхиад өнгөрч болох байсан. Гэвч хөдөлмөрч бас олныг гэсэн сэтгэлтэйдээ л дахин шинэ зам гаргаж, түмэндээ буян үйлдсэн нь энэ. “Гайхамшигтай ард түмэн минь. Гайхамшигтай Монгол Улс минь” хэмээн цаг үргэлж ард олноо магтан дуулж, хайрлан хамгаалдаг С.Ганбаатар гишүүнээс ийм сэтгэл гарахгүй бол өөр хэнээс ч гарах билээ. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт цахим ертөнцөөр “Цаана нь зам байна. гишүүнээ” хэмээн түүнийг шоглоод авна билээ. “Худлаа пиар” гэсэн үндсэн утга энэхүү шоглолынх нь ард байсан нь тодорхой. Гэвч урлагийн залуу охидтой нуруу, цээжээ нийлүүлж зураг авахуулан түүнийгээ интернэтээр тараахаас хавьгүй сайн зүйл гэдэг нь ойлгомжтой.

Ингэж сэтгэлээрээ төдийгүй биеэрээ УИХ-ын гишүүд маань буян үйлдэх нь сүүлийн үед тун чиг их боллоо. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьд зөвхөн гишүүн болоод ч сайхан сэтгэлд хөтлөгдсөн нэгэн биш юм шүү. Тэрбээр УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байхдаа л айлын хашаанд ассан галыг шанагатай усаар унтрааж байсан удаатай. Харин гишүүн болсноосоо хойш цэнхэр дэлгэцээр биелгээ биелж, ахмадуудыг хөгжөөгөөд авна лээ. Залуус нь элдэвлэж, шоолсон ч ахмадууд бол харин ч баярлаж талархах нь олон байсан гэнэ. “Сайхан бүждэг охин байна” гээд л тэр шүү дээ. Үүнээс нь сургамж авсан УИХ-ын гишүүд ч дор бүрнээ дуун түрлэг өргөж, ирэх цагаан сараар илүү их авьяасаа таниулахыг чухалчилж буй гэсэн шүү.

Түүнчлэн өнгөрсөн жилийн цэргийн баяраар УИХ-ын гишүүн Д.Ганбат цэрэг хувцсаар гоёж, өрөөндөө өөрийнхөө зургийг авахуулсан шигээ баярлана билээ. Олны сэтгэлд эр цэргийн алба хаасан тусгаар бодолтой, тулах цэгтэй эр хүн болж харагдах гэсэндээ л тэрбээр ийн хувцасласан байж таараа. Ийнхүү УИХ-ын гишүүд дор бүрнээ буян үйлдэх, олонд таалагдах гэсэн давхар давхар мэхийг энэ хавраас эхлэн ээлж, дараалан сонгогч та бидэн дээр идэвхитэй турших бололтой. Тэр бүрт уншигч та өөрөөсөө “Янаг дэмий гэж үү” хэмээн асуугаарай. Учир нь пиар янаглал хоёр яг адилхан гэдэг дүрэм үйлчилдэг гэнэ шүү, улс төрд. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)