БЯЦХАН ҮРСИЙН ТАРЧЛААН БУЮУ МАХАН ИДЭШТНҮҮД ЦУВРАЛ-1

2016-01-12 12:51:34

Угтаа бид үр зулзагаа нүдний цөцгий мэт энэрч хайрладаг ард түмэн. Хүүхдээ хайрлах, хүмүүжүүлэх, амьдралын сайн мууг ойлгуулж таниулах нь хүртэл уламжлал гэж сэтгэдэг. Тэгвэл өдгөө шинэ үеийн эцэг эх төдийгүй өнөөх уламжлалаар хүмүүжсэн аав ээжүүдээс тийм гэхийн эцэсгүй муухай авир ааш гардаг болов. Араатнаас ч дор авиртай тэдний тоо нэг хоёроор тоологдохгүй болж замбараагаа алдав. Цай уух зуураа л цахим ертөнцөөс хэдэн мянгаар нь шинэ мэдээлэл авдаг болсон энэ үед нялх балчир үрсийн тарчлах дуун эндээс хачин чанга сонстох болсон нь айдас төрүүлнэ.

Тэд минь зуу зуугаараа тарчилж хашгирч бахирч цурхиран уйлж байна. Яс арьс нь бэхжиж ч амжаагүй нялх нярай үрс хүйтэн орцонд хаягдаж араатнаас ч дор авиртай хүчирхийлэгчдийн гарт бие нь зуларч зүрх нь чичирч байгааг бид өглөө бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсдог ч хэн нь ч энэ тухай дорвитой чанга дуугарч чадсангүй. Эцэстээ хүүхэд хаягдсан, зодуулсан, заазуурдуулсан, цонхноос шидүүлэх гэж байсан гэх сэрдхийлгэм мэдээ махны үнэ өсчээ гэдгээс ч сонин биш болсоор 2016 онтой золгосон нь нууц биш.

Биеэ хамгаалах нь бүү хэл өлсөж цангаж байгаагаа ч бүтэн ойлгуулах чадваргүй бяцхан үрсдээ яагаад эх эцэг, төр түмэнгүй хатуурхав. Тэдний эрх ашиг, аюулгүй орчин, амь насны үнэ цэнийг дархладаг ямар хууль мөрдөгдөж хэн түүнийг биелүүлдэг юм бол. Ийм асуулт цээж дараад болдоггүй ээ. Цагдаагийн газар ийм төрлийн гэмт хэргийг илрүүлдэг шүү дээ гэж үү. Хэрвээ ингэж хэлэх бол ийм учир битүүлэг хариулт хүсэмгүй. Тэгвэл 2015 онд хүүхдийн нулимсыг үзсэн, бие сэтгэлийг доромжилсон, бэртээж гэмтээсэн, амь насыг нь хохироосон, заналхийлсэн хэчнээн гэмт хэрэг гарч байсныг тоймловол гол харлам тоо гарна. Өнгөрөгч онд зөвхөн ээждээ гологдож орцонд хаягдсан хүүхдийн тоо л 15 байгаа юм. Уншигч танд нялх үрс минь томчуудын гарын шүүс болсон тухай мэдээллийг тоймлон хүргэе.

БАРИМТ-1

“Аав нь нэг ой 11 сартай хүүхдээ ухаангүй болтол нь зоджээ” гарчигтай нийтлэл 2013 оны аравдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж олныг сэрдхийлгэж байв.  Хэргийг тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амьдардаг Г согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүүхдээ зодож гэмтээсэн байдаг. Тэрбээр нэг ой 11 сартай дагавар хүүхдээ ухаангүй болтол нь зодсон бөгөөд “Би юу гэж тийм жаахан хүүхдийг зодох юм бэ. Машины урд суудалд суулгаад явж байсан юм. Тоормоз огцом гишгэх үед юм мөргөн унаж, нүүрэндээ гэмтсэн” хэмээн мэдүүлсэнийг уншигч танд сануулъя.

              БАРИМТ-2

“Дөрвөн сартай хүүхдийнхээ толгойг хадаастай модоор цохижээ” гарчигтай нийтлэлийн хохирогч нь мөн л бяцхан хүү. Хэргийг сөхвөл, 27 настай эцэг нь дөрвөн  сартай хүүхдийнхээ толгой руу модоор цохьсон байдаг. БЗД-ийн XI хорооны Туул зөрлөгт оршин суугч тэрбээр согтуурсан үедээ эхнэр Ц-гийнхээ хөл рүү  сүхээр цохиж, зодсон бөгөөд дөрвөн сартай хүүхдийнхээ толгойн ар хэсэг рүү модоор цохиж танхайрсныг олон нийт мөн л цочирдон хүлээж авсан. Олныг сэрдхийлгэсэн энэ мэдээллийн өмнө төрсөн эцэгтээ заазуурдуулж, тамлуулсан таван настай хүүгийн тухай мэдээлэл нийтэд хүрээд байсан юм.

БАРИМТ-3

“Монгол хүний үр ёс заншилд харш гээд орцонд хаяжээ” нийтлэл мөн л хүүхдийн амьд явах, хайрлуулах эрх чөлөөг хассан хэрэг байсан. Баянгол дүүрэгт орцны үүдэнд нярай хүүхдээ хаясан тухай уг хэргийг Баян-Өлгий аймгийн харьяат казах эмэгтэй үйлдсэн болохыг тогтоож байлаа. Хүүгээ хаясан ээж мөрдөн байцаалтын үеэр хэлэхдээ “Энэ хүүгийн эцэг нь Монгол залуу. Монгол хүний үр хүүхдийг төрүүлж өсгөхөд манай ёс заншил, уламжлалд харш.  Намайг ах дүүсээрээ үзэн ядах учраас би хаясан” гэсэн тайлбарыг цагдаагийнханд өгч байв.

БАРИМТ-4

“Дундговь аймгийн цэцэрлэгийн багш хүүхдийг харгис хэрцгийгээр зоджээ” нийтлэл өнгөрөгч оны сүүлчээр олныг бухимдуулсан. Тодруулбал, Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн багш "хоолоо идсэнгүй" гэх шалтгаанаар хүүхэд  зодсон байдаг.  Энэ хэргийн өмнө бас нэгэн цэцэрлэгийн багш хүүхэд зодож чимхсэн хэрэг асуудал дагуулж, арга хэмжээ авахуулж байсныг давхар сануулсан уг хэргүүдийн золиос биеэ хамгаалах чадваргүй нялх нярай үрс байгаа нь харамсалтай.

 БАРИМТ-5

“Орцонд хүүхдээ хаяжээ” гэх мэдээлэл ч мөн биднийг бухимдуулсан. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах X байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Уг мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаад эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн нэг ой долоон сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлэн шалгаж байгаа юм.

БАРИМТ-6

“Дунд сургуулийн охид амиа хорложээ” Шинэ он гараад тав хонож байхад уг хэрэг гарсан нь олныг айдас автуулж байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хархорин худалдааны захын хойд талд байрладаг 29 дүгээр байранд өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 14-15 настай хоёр охин тус байрны 12 дугаар давхарт амиа хорлосон байдалтайгаар цогцос нь олдсон байна. Охидууд амиа хорлохдоо гэрээслэл бичиж үлдээсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Тэгвэл хэрэг гарсан хонгилын баруун ханан дээр шохойгоор “Уучлаарай, аав ээж нараа, уучил Х, Б. Бидний араас ирнэ гэж байхгүй, аз жаргал хүсье” хэмээн бичсэн байж. Чухам юунаас болж ямар шалтгааны улмаас ийнхүү гэрээслэл бичиж үлдээн, амиа хорлох болсныг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Өсвөр насны охидын амиа хорлосон уг хэрэг нийгмийг цочролд оруулаад зогсохгүй эцэг эхчүүдэд хүүхэддээ илүү анхаарал хандуулах хэрэгтэйг сануулаад авах шиг.

ХҮҮХДИЙГ ТАМЛАГСДАД ШИЙТГЭЛИЙГ НЬ НЭМЬЕ

Энэ мэт хүүхдийг нохойн гөлөгнөөс ч дор үнэлж юу ч биш болгож байгаа хэрэг тохиол дуусахгүй. Хүүхдүүд хөсөр хаягдаж байгаа бурууг чухам хэнээс эрэх вэ. Уг нь бол хүүхдээ орхиж явсан эхэд Эрүүгийн хуулийн 117-р зүйлд заасны дагуу "Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ." гэж заажээ. Ял зэм, үүрэх шийтгэл нь хэтэрхий бага учраас хүүхдийн эрх ашиг 100 төгрөгний үнэтэй ширхэг тамхины ч үнэд хүрэхгүй байна. Ивий минь дээ.  Хэний ч үр ялгаагүй л дээ. Суран бүсний зодуур даах нь бүү хэл хяламхийсэн харцны үзүүрт ч хиртэж мэдэх энхрий шүү дээ бидний нялх үрс.     Т.ЭВСАНАА 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)