ХОС БОЙТОГ ШИГ ҮРС ЗАЯАСАН Ч ЭМЧИЙН БУРУУГААС НЭГ НЬ ЯВЧИХЛАА ЦУВРАЛ-2

2016-01-12 12:59:10

Түүнийг Хашхүүгийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Хорвоод мэндлээд аравхан сар болж байгаа түүнийг уншигч танд танилцуулая. Мөөмнөөсөө ч салаагүй энэ бяцхан хүү хүний амьдралд ирээд арван сар амьдрахдаа томчуудын ч давхааргүй зовлонг тэсч өвдөлтийг тэсч хүний хорвоод хүн болохоор өвчин шаналалтайгаа тэмцэж байгаа балчирхан хүү юм. Хэтэрхий нялх түүнд бурхан яаж ингэж хатуурхаж болдог байна гэх бодол төрснөө уншигч авхай танаас нуугаад юун. Ёстой л “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” хэмээн хэнээс ч юм асуумаар болоод болдоггүй ээ.

Хүүгээ үхлийн савраас булаахаар тэмцэж өөрсдийн залуу насаа зориулж яваа Мөнх-Эрдэнэ хүүгийн ээж Д.Алтанзагастай ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Хүүгийнх нь бие сайн байна уу.  Khashkhuu Lhagwa гэсэн фэйсбүүк хаягнаас анх хүүгийн чинь талаарх мэдээллийг олж харсан. Хүү нь яг ямар өвчтэй юм бол уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Сайн байна уу. Юутай ч миний хүүгийн талаарх мэдээллийг олж хараад холбогдож байгаад баярлалаа. Би 2015 оны гуравдугаар сарын 11-ний өдөр төрсөн. Энэ өдөр бурхан надад хос бойтог шиг хоёр хөөрхөн хүүхэд бэлэглэсэн. Миний гурав дахь төрөлт. Миний охин Нандин-Эрдэнэ 2.850 кг, хүү Мөнх-Эрдэнэ 2.150 кг төрсөн. Ингээд эрүүл саруул бойжиж байсан охин минь долоодугаар сарын 11-ний өглөө наадмын өдөр гэнэт 38 хэм хүрч таталт өгч халуурсан. Ингээд л нөхөр бид хоёр түргэн дуудаж Баянзүрх дүүргийн яаралтай тусламжийн утас руу дуудлага өгсөн.

-Хүүгийн талаар биш охины тухай яриад байна уу?

-Тийм ээ. Хүүгийнхээ өнөөдрийн байдлыг ярихын тулд заавал охиноо ч мөн дурсах хэрэгтэй байгаа юм. Одоо бидний дундаас явчихсан бяцхан охиныхоо тухай ярьж байна.

-Та сая охиноо дурсах хэрэгтэй гэв үү. Уучлаарай охин нь яасан юм бэ?

-Миний охин хариуцлагагүй эмчийн харгайгаар эндчихсэн. Үнэндээ хүүхдийн амь нас, өвчин, зовлон манай зарим эмч нарт үнэхээр юу ч биш болчихсон байдаг гэдгийг ойлгосон. Эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа манай хүүхдийн эмч нар маш өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Ер нь ямар ч эцэг эх дөрөвхөн сартай хүүхдээ халуураад таталт өгөөд байвал дуудлага л дуудна биз дээ. Үнэндээ нөхөр бид хоёр долоодугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн утас руу өдөржин залгасан. Үнэхээр яаж ч дуудаад утсаа аваагүй. Сүүлдээ цагдаагийн 102 дугаарын утас руу залгаж энэ тухайгаа хэлсэн. Цагдаагийнхан 100 дугаарын утасруу биднийг холбож өгсөн. Уг нь бол тэр өдөр дуудлагын жижүүр эмч нь Батсүх гэж эмч байсан. Бүр тодорхой хэлбэл, 2015 оны долоодугаар сарын 11-ний 16 цагаас өглөөний 07 цаг хүртэл дуудлагад гарч байсан эмч Батсүх гэж хүн.  Харамсалтай нь энэ хүн эмчийнхээ үүргийг биелүүлээгүй гэж бид одоо болтол гомдолтой явдаг.

-Дуудалагын эмч яагаад ирээгүй юм бол. Батсүх гэж эмч та нарт ямар хариу өгсөн бэ?

-Миний өвдөж байгаа охин ихэр юм байгаа юм. 38 хэм хүрч халуураад таталт өгөөд байна. Яаралтай тусламж хэрэгтэй байна гэсэн чинь “Чи хүүхдээ ихэр гэж худлаа ярьж байна. 38 хэм хүрч халуурч байгаа хүүхэд таталт өгөх ёсгүй. Битгий худлаа яриад бай” гээд ерөөсөө дуудлага хүлээж аваагүй. 102, 103, 100 гэх мэт утас руу бүгд рүү нь залгаж байж эцэстээ 18.40 цагийн үед Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очтол хүүхэд чинь тархины хавантай байна яаралтай хэвтүүл гээд сэхээнд оруулсан. Үүнийг сонсоод Батсүх эмч рүү залгаад “Та миний дуудлагыг өглөө хүлээгээд авчихсан бол миний хүүхэд ийм хүнд байдалд орохгүй байсан. Та миний хүүхдэд тусламж үзүүлчихгүй дээ” гээд уйлаад л ярьсан. Магадгүй тэр үед ч бас итгээгүй юм шиг байгаа юм. Тэгээд тэр өдөр дүүргийн эмнэлгийн чанарын менежер Лхамсүрэн  гэж хүн Батсүх эмчтэй ярьсан. Тэгж л энэ эмч надад итгэсэн.

-Дүүргийн эмнэлэг охиныг чинь хүлээж аваад ямар эмчилгээ хийсэн бэ?

-Сэхээнд оруулаад 23 цагийн орчимд амьсгалын аппратад оруулсан. Ингээд шөнийн 02 цагийн орчимд амьсгал нь тасалдаж орж гарч байгаад үүрээр 06.40 минутад зүрх нь бүр зогссон. Ингэж л манайх гэдэг айл цэцэг шиг болсон охиноосоо хариуцлагагүй, сэтгэлгүй эмчийн буруугаас болж хагацсан.

-Маш их хармасч байна. Тэр Батсүх гэж эмч ямар нэгэн хариуцлага хүлээсэн болов уу?

-БЗД-ийн хоёрдугаар хэлтэст хандаж эмчид гомдол гаргасан. Одоо хэн гэж байцаагч байсан билээ. Нэрийг нь санахгүй байна. Бидний гомдлыг хүлээж аваад цаашаа өөрийнхөө ойрын хүнээс Батсүх эмчийн талаар утсаар лавлаж тодорхой мэдээлэл авч байх шиг болсон ч тэгсгээд намжсан. Эргээд бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй.

-Шүүх эмнэлэгт хандсан уу. Магадгүй задлан хийлгэсэн болов уу?

-Миний охинд Д.Долгормаа гэж эмч задлан хийсэн байсан. Танай хүүхдэд эмнэлгийн зүгээс тавьсан ямар ч онош алга гэж хэлсэн. Бид охиноо долоодугаар сарын 17-нд гаргах гэж байсан болохоор 16-ны өглөө Шүүх эмнэлэг дээр очсон. Шүүх эмнэлгийн задлангийн хариу 14-21 хоногт гардаг юм билээ. Хариугаар бол уушгины завсрын хатгаатай гэсэн дүн гарсан байсан.    

-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Ихэр хүүгийн бие хэзээнээс өвдөж эхлэв. Одоо биеийнх нь байдал ямар байна?

-Миний хүү Мөнх-Эрдэнэ одоо арван сартай. Долоодугаар сарын сүүлчээс эхлэн биеийн байдал нь гэнэт л муудсан. Эхлээд хацар дээр нь жижигхэн улаан юм гарч эхэлсэн. Юмнаас л хордлого өгсөн байх гэж бодоод өрхийн эмнэлэгт үзүүлээд мөн л дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Очоод харшил байна гэж оношлогдоод сэхээнд хэвтсэн. Биднийг сэхээнд хэвтчихээд байхад Халдвартаас эмч дуудаж үзүүл гэсэн. Нэгэнт эмчилгээ хийлгэж байгаа хүүхдээ аваад явах боломжгүй учраас Халдвартын эмнэлгээс эмч дуудаж үзүүлсэн. Халдвартаас ирсэн эмч цусны шинжилгээ аваад кортсон, улаанбурхан туссан байна гэж хэлсэн. Ингээд ХСҮТ орох гэтэл тээвэрлэхгүй, авч явахгүй гэсэн л дээ. Ингээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй байж байтал гэдэс нь дүүрээд бомбойсон том болоод  гэдсэн дээр харагддаг судаснууд нь алга болчихсон.

-Хүүг нь ямар өвчтэй байгааг нь аль аль нь буруу оношлосон гэсэн үг байх нь ээ?

-Тийм ээ. Улаанбурхан, харшил гэдэг хоёр онош хоёулаа буруу байсан. Есдүгээр сарын 2-ны өдөр охины 49 хоног болж таарсан. Энэ өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвөөс эх нялхсаас мэс заслын эмч ирж үзээд нарийн гэдэс нь цоорсон байна гэдэг онош хэлсэн нь зөв байсан. Ингээд биднийг яаралтай хагалгаанд ор гэсэн. Миний хүүгийн бие их муу эх нялхас дээр очиж хагалгаанд орсон. Даралт нь уначихсан, ямар ч уураггүй болчихсон байна гэсэн. Тэндхийн эмч нар бол найдалт байхгүй шүү, сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Нарийн гэдэс нь гурав цоорсон, элэг дэлүү нь ногоорч идээлсэн байна. Мухар олгой нь идээлчихсэн байгаа учраас авлаа гэдгийг хэлсэн. Танай хүүгийн гэдэс бол гэдэс гэж хэлэхийн эцэсгүй ногоорсон байна гэж байсан. Естой сайн эмч нарын буянаар зөв эмнэлгээ олж тусламж эмчилгээ авсан учраас миний хүү өнөөдөр өдий зэрэгтэй болчихоод байна. Хүү минь хоёр удаа хагалгаанд ороод тэр хүнд хагалгааны дараа хорь гаруй хоног амьсгалын аппраттай байсан. Үнэхээр төсөөлөхөд ч бэрх өдрүүд тэгэхэд л үргэлжилсэн.

-Хүний төлөө мэргэжил мэдлэг боловсролоо зориулж чаддаг сайн эмч нарыг түшиж хүүгээ аварчээ. Цахим ертөнцөд энэ мундаг хүүг дэмжсэн, тусалсан хүмүүсийн цуваа тасардаггүй бололтой харагдсан. Олны дэм танай гэр бүлд их сэтгэлийн тэнхээ болж байсан байх?

-Үнэхээр тийм. Барилгын политехникийн багш оюутнууд, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, дуучин Ц.Хулан, Улсын Филармоны хамт олон, БЗД-ийн сэхээн амьдруулах тасгийн эмч Халиунаа, сэхээний дараах эрчимт эмчилгээний эмч Алтанцэцэг, сувилагч Батзаяа нарт баярлалаа. Хүүд минь алс хол АНУ-аас хүртэл тусламж ирсэн. Мөн фэйсбүүкийн бүх найз нөхөд, хүүд минь эм, тариа болон санхүү мөнгөний, сэтгэлийн их тусламж өглөг өгч байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхний зүрх сэтгэлийн халуун тус дэмээр манайх гэдэг айл зовлон бэрхшээлээ мартаж хүүгийнхээ төлөө олны хайрыг мэдэрч байна.

-Хүүд ямар дансаар тус хүргэж болох вэ?

- Аав Л.Хашхүү, ээж Д.Алтанзагас. Миний хүүд туслах сайхан сэтгэлт хүмүүс Капитал банкны 2110001553,  ХААН банкны 5014131806 дансаар холбогдож болно.

  

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)