Т.ОЮУНЧИМЭГ: АРДЧИЛАГЧИД МААНЬ ТАНИГДАХЫН АРГАГҮЙ ӨӨРЧЛӨГДСӨНД ХАРАМСАХ ЮМ ДАА

2016-01-12 13:10:19

Хүн бүхэн түүгч байдаг. Тэр түүх харилцан адилгүй. Алдаа, оноо, амжилт, уналт, урвалт шарвалт, хайр дурлал... Бүгд өөр. Тэр дундаа нийгмийн онцгой цаг үед өөрийн гэсэн тод өнгийг зурна гэдэг хялбар биш. Энэ тухай Тодын Оюунчимэг эгчийн “Миний хүссэн ардчилал” номыг уншиж дуусгасны дараа сонирхон бодож байлаа. “Гайхалтай юмаа” гэж. Энэ сэтгэгдэл ярилцлага авах үед улам бүр лавширсан. Ингээд ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож, ардчилсан үзэлд нэг ч удаа эргэлзэж, тээнэгэлзээгүй атлаа үр дүнгээс нь өчүүхэн хэлтэрхийг ч хувьдаа авч үлдээгүй түүнийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцснаа хүргэе.

-Номыг тань уншсан орой инээх, баярлах, өрөвдөх, гуних гээд олон хурц мэдрэмжид хөглөгдсөн гэдгээ танд уламжлая. Яагаад ч юм магадгүй төгсгөлд нь гунигтай сэтгэгдэл илүүтэй төрсөн?

-Тийм үү. Баярлалаа. Номыг минь уншсан гэхээр сайхан санагдаж байна. Надад энэ номноос гажиж ярих зүйл нэг ч байхгүй дээ. Би өмнө нь ном бичиж үзээгүй. Тэмдэглэл л хөтөлдөг байсан. Түүнээсээ түүвэрлэж номоо бичсэн. Ардчилсан хувьсгалын төлөө сэтгэл зүрхээ зориулж явсан мянга, мянган жирийн иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа үгээ хүргэхийг хүссэн юм. Харин номын минь нэр хүмүүст жаахан таалагдаагүй бололтой юм билээ шүү.

-“Миний хүссэн ардчилал биш” гэсэн нэр хүмүүст цочроо өгсөн байх талтай л юм. Тийм үү?

-Тийм ээ. Оюунаа эгч биднийг ингэж хэлээд байх даа яахав дээ гэх яриа хөөрөө гарсан дуулдаж байсан. Гэхдээ анхнаас нь оролцчихоод алдааг нь хэлэхгүй бол ардчиллаас урвасан хэрэг болно биз дээ. Тиймээс хэлэх ёстой үгээ хэлж, сануулах ёстой сануулгаа ил хэлдэг л байх хэрэгтэй гэж боддог юм. Дандаа өөрсдийнх нь талд гар өргөнө гэж юу байхав дээ, энэ чинь.

-Танд тийм эрх бий гэдэгт итгэлтэй байна. Анхлан Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөний уур амьсгалыг мэдэрч, өөрийн дураар Монголын хүүхэд, залуучуудын эвлэлийн дугуй танхимыг тэдэнд чөлөөлж өгснийг тань эр зориг гэх үү. Эсвэл зоргоор дураараа гэвэл зохилтой юу гэдгийг хараахан хэлж мэдэхгүй юм. Таны үгийг сонссон нь зохилтой болов уу?

-Би ер нь л их өөрийнхөө, дураараа хүн. Тэр зан минь нөлөөлсөн болов уу даа. Тэр үед би чинь Монголын хүүхэд, залуучуудын эвлэлийн төв хорооны Эрдэм шинжилгээ, сургалтын төвд сургалт хариуцсан зохион байгуулагч хийдэг байлаа. Анх 1989 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр өөрийн тань асуусан хурал миний хариуцдаг байсан “Залуус” буюу сүүлд нэршснээр дугуй зааланд болсон юм. Тэдний яриа хөөрөө уран бүтээл гэхээс илүүтэй улс төрийн сэдэвтэй байсан нь сонирхолтой санагдсан. Сэдэв нь их гоё. Шууд дотор руу хатгачихсан. Манайх гэр бүлээрээ Москвад нэлээн удаан хугацаанд байж байгаад ирсэн үе. Тухайн үед Орост прейстройкийн тухай яриа идэвхжиж байсан болохоор чихэнд их наалдацтай дуулдсан л даа. Тэнд байсан хүмүүстэйгээ тэр тухай их ярилцдаг байсныг хэлэх үү сэтгэлийг ёстой нэг гижигдчихсэн. “Ямар гоё юм бэ. Ийм шинэчлэл манай улсад ч гэсэн хийх цаг нь болсон доо” гэх сэтгэгдэлтэйгээр эх орондоо ирж байсан болохоор даарин дээр давс гэгч нь л болсон болов уу. Ийм сэтгэгдэлтэй хүнд чинь МАХН-ын дарга нарын тухай хурцаар шүүмжилж байгаа нь шууд буулгүй яахав дээ. Тэгээд л шууд С.Амарсанаад “Та нар цуглахгүй байргүй бол манай дугуй танхимд ирж байгаарай” гээд хэлчихсэн. Тэдний дунд үсээ босоо зассан, их гоё сайхан үгээр онцгойлон ярьж байсан нэг залуу байсан нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан юм. Их мундаг ярьсан. Хурлын өдрүүдэд би гэдэг хүн уусаад, улам бүр сонирхолдоо хөтлөгдсөн. Тэгээд л ажлынхаа дугуй танхимд урьчихсан хэрэг. Сэтгэл зүй бол бүрэн уучихсан даа. Энэ үеэр залуучуудын байгууллага байгуулна, нэгдэнэ гэдгээ ерөнхийдөө зарласан. Тэгж байр савгүй мөртлөө зарлачихаар нь жаахан санаа зовсондоо “Та нар ярих газаргүй бол манай дугуй зааланд ирээрэй” гэчихсэн хэрэг.

-Тэр дугуй зааланд Монголын ардчилалтай холбоотой олон чухал шийдвэрүүд гарсныг та дэлгэрүүлэхгүй юу?

-Сүүлдээ ч нууц бүлгэм байхаа больж үйл ажиллагаагаа ил цагаан хийдэг болсон. Би гэдэг хүн уг нь эвлэлийн ажилтан гэдэг утгаараа нам засгийнхаа бэлтгэл хүчин байх ёстой байтал бүүр нөгөө эсэргүү талын гишүүн болчихлоо. Таслан зогсоох нь битгий хэл гишүүн нь болж, сайн дураараа зохион байгуулагч эхэлсэн. Хамгийн чухал шийдвэр бол Монголын Ардчилсан холбоог байгуулах тухай байсан. Энэ холбоо үндсэндээ Монголын ардчиллын амин зүрх нь. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Өнөөдөр харин ганц нэг таагүй яриа дуулдах болж. Хүн түүхийн үнэнийг яаж ч үгүйсгэсэн ч үнэнд ялагддаг гэж нэг үг байдаг даа. Надад харамсах сэтгэгдэл төрдөг шүү.  

-Танд ингэж хэлэх эрх бий гэдэгт би ч хувьдаа санал нэг байна. Наад зах нь Та ардчиллынхны цугладаг байсан дугуй заалны түлхүүрийг хүзүүндээ зүүчихээд “Намайг алж байж ав” гэх маягтай гэдийгээд зогсдог байсан дурсамжаа бичсэн байсан. Энэ түүх өнөөдөр дурсахад инээдтэй, хөгжилтэй санагдах ч яар аргагүй тэр үедээ бол жирийн нэг эмэгтэй хүнээс гарах зориг биш шүү дээ?

-Хүсэл зориг гэдэг хүнийг хурцалж байдаг юм байна лээ. Айх эмээх юм байсангүй. Хариуцлага тооцно гэдэг нь тодорхой учраас тэр тухай бодох нэг их сонирхолгүй байсан байх. Манай нөхөр чинь Монголын үндэсний телевизийн анхны эрэгтэй нэвтрүүлэгчдийн нэг Р.Доржбат гэж хүн байсан юм. Одоо ч гэсэн мэдэх хүмүүс нь мэдэх л байх. “Хатанбаатар” кинонд Сүхбаатар жанжны дүрийг бүтээсэн хүн шүү дээ. Нөхөр минь МАХН-ын үзэл суртлын нүүр царай гэдэг утгаараа бид чинь гэр бүлээрээ томчуудтай найзалдаг байлаа. Хүрээлэл бол одоогийн ярьдгаар бол их том. Танихгүй, мэдэхгүй, хүндлэхгүй ч хүн байхгүй. Тэр хүмүүс маань харин намайг ардчиллыг дэмжээд эхлэхтэй зэрэгцээд эсэргүүцэх болсон. Ер нь олонх нь зайгаа барьж, бүр таг дуугүй өнгөрдөг болчихсон. Нөхөрт маань гэхэд миний талаар олон юм ярьдаг байсан юм биш байна лээ. Хүний нөхөр эхнэрээ бусадтай нийлээд муулна гэж байхгүй. Хэрэндээ л хамгаална. Тэгээд ч бид хоёр цаагуураа үзэл бодлоороо нийлдэг байсан юм шүү. Хүмүүс “Танай гэр бүлийн чинь хүн буруу гишгээд байна. Таныг нэг баллах байх даа. Ийм үзэл суртлын том ажил хийдэг хүний эхнэр тэгж явж болохгүй дээ” гэхэд нөхөр маань олон үг хэлдэггүй байсан гэсэн. Тэр түлхүүрийн тухайд манай МХЗЭ-д дандаа л дарга нарын эхнэр, хүүхдүүд ажилладаг байсан. Тэд их ширүүн. Саяхан л “Эгчээ, миний дүү” гээд гүйдэг байсан бол нэг нүдээрээ ч үзэхээ больсон. Шатан дээр зөрөхдөө мөрлөх, 00-д таарахдаа хялалцах, хоолны ширээнд хамт суухгүй гэх мэт арга бас их хэрэглэнэ ээ. Одоо бодоход тэд өөрсийн итгэл үнэмшилдээ үнэнч байсан нь л тэр л дээ. Мэдээж тухайн үедээ бол би ч бас жаахан эмзэглэдэг л байсан. Гэтэл би ардчилалд хайртай байгаа шиг тэд ч тэр цаг үеийнхээ нийгмийг эрхэмлэсэн нь тэр. Дугуй заалны түлхүүрийг бол харин ч ёстой гэдийж байгаад өгөөгүй юм даа. Тэр зоригийг эмэгтэй хүнийхээ хувьд бус ардчиллыг дэмжиж, хайрласандаа л гаргасан байх. Одоо бол харин тэр үеийнхээ сэтгэгдлийг дүгнээд бодохоор айдаг юм шүү.

-Таны нөхөр нэг удаа ч гэсэн хориглож байв уу. “Одоо боль доо” гэж хэлэх бол байх л асуудал шүү дээ?

-Үгүй дээ. Надад ямар ч хориг тавиагүй. “Яана аа. Чамд ингэж байгаад нэг арга хэмжээ авах байх даа” гэж бол нэг удаа хэлсэн. Би ч “Яахав дээ, одоо” гэсхийгээд л өнгөрсөн. Тэртээ тэргүй хариуцлага тооцох нь тодорхой юман дээр надад тэр талаар бодож шаналах шаардлага байгаагүй юм. Харин манай хүнийг сэтгэл зүйн хувьд жаахан тавгүй байлгаад байсан юм шиг байна лээ. Ганц удаа “Надад жаахан хэцүү байх болов уу даа” гэж хэлсэн. Би тэр үед ёстой ханьдаа хэцүү байх тухай бодоогүй. Тэр тухай бодох нь надад үнэндээ сонин биш байсан.

-Хүний хань байна даа. Уг нь жаахан бодмоор доо?

-Эгч нь одоо л тэр тухай бодож байна. Тэр үед нэг их том улстөрч болох гэж байгаа хүн шиг ардчилал гэсэн том зорилгоо хараад ханьдаа учирч болох бэрхшээлийг хүртэл анзаарахаа байчихсан байсан юм болов уу даа. Манай дугуй танхимд хүмүүс цугладаг болсон нь л чухал байлаа. Тэр дунд над шиг настай хүн ч алга байсан. Би хамгийн хөгшин нь хэрнээ зохион байгуулагчийн ажлыг өөртөө дур мэдээд өгчихсөн. Уулзалт болох өдрийг бичиж наахаас эхлээд идэвх шиг их зүйл байсангүй. Дугуй танхимд болох ёстой албаны хурал, зөвлөгөөнийг дураараа ийш, тийш нь “нүүлгэнэ”. Одоо бодоход би үнэхээр дураараа аашилсан юм билээ.

-Хожуу ч гэсэн айдас төрөх юмуу?

-Одоо бас эмээнэ шүү.”Би ямар зоригтой байсан юм бэ” гэж боддог. Одоо бол манайхан их муу байна. Хуучин социализмын үеийнхнээс илүү дарамттай байна гэж бодогдоод байгаа.

-Хаанаас дарамтлаад байна гэж?

-Манай ардчиллынхнаас л болов уу даа. 

-Та номтойгоо холбоотой ингэж хэлж байна уу?

-Шууд ч бас тэгж хэлэхгүй ээ. Гэхдээ би номынхоо нээлтийн зарыг Ардчилсан нам болон МоАХ дээр аваачиж тавихад надад намын нарийн бичгийн дарга маргааш нь хэлж байсан. “Таны номын зарыг орой хуулаад авчихсан байна” гэж хэлсэн. МоАХ дээр Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаад “Эгч нь номоо гаргаж байгаа. Хүмүүсээ аваачаарай” гэж хэлээд явсан. Хүн ирээгүй. Нэг л хүн ирсэн нь Д.Ренчинтавхай. Би дотроо намаас нэг ч хүн аваачихгүй байх арга хэмжээ авсан уу гэж бодсон. Бодвол номын нэрнээс болсон байх. Түүнээс бус дотроо бол цэвэр амьдрал л байгаа шүү дээ.

-Хамгийн настай нь байсан гэхээр та хэдтэй байсан юм бэ?

-40-тэй байсан. Залуучууд маань цэмцийсэн сайхан залуус. Гадаад, дотоодод сургууль төгссөн. Ёстой нэг сайхан эрч хүчтэй залуус байсан даа.

-Та Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг анх ардчиллынхны уулзалт руу “Энд гоё юм яриад байна. Орж сонсооч” гэж оруулснаар түүнийг ардчилалд уруу татсан юм билээ. Тэрбээр анхны уулзалтаар шууд сонголтоо хийсэн үү?

-Үндсэндээ ёстой шууд татан оролцуулсан даа. Хөтөлж аваачсан ч гэж хэлж болно. Зав чөлөөгөөрөө орж гарч байгаад нэлээн ууссан. Гэхдээ жинхэнэ зөвлөгөөнд нь бол суугаагүй.

-Сонсогчид нь Д.Дорлигжав гуайд тухайн үеийн сонсогчид ямар дүн тавьдаг байв?

-Аймаг, хотоос ирсэн сонсогч нарт “Д.Дорлигжав хичээл заалаа. Хичээл нь хэр байв. Ур чадвар нь ямар байв гэдэг асуулт явуулна. Бүх багш нарт л дүн тавиулдаг байсан юм. Тэр дундаа Д.Дорлигжавыг “Их аярхан дуугарч байна.Сайн ярьж чадахгүй байна” гээд сургалтанд нь суусан хүмүүс “Дунд” дүн тавьдаг байсан. Одоо харин ёстой уран илтгэгч болчихсон шүү

-Өнөөдөр ардчиллын анхдагчид гэхээр 13 хүний нэр яригддаг. Гэсэн ч дундаасаа зарим нэг хүний нэр дурсагдахаа байж эхэллээ. Та тэдний нэрийг “баллуурдаж” байгаад харамсах юмуу?

-Харамсалгүй яах вэ. Түүх бол түүхээрээ байх ёстой. Г.Бошигт ямар ч муу хүн байсан Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлж, ялалт байгуулахад хувь нэмрээ оруулсан хүн. Ч.Энхээ байна. Тэр ямар ч өөдгүй хүн байсан болно. Тэдний хооронд зөрчил үүссэн нь хамаагүй. Гол нь түүний оролцоо Монголын ардчилсан хувьсгалд их байсан. Үүнийг яагаад үгүйсгээд байдаг юм бол гэж би боддог. Энэ номыг уншихаар одоо үзэн ядагдаж байгаа хэдийгээ дэмжээд байгаа мэт сэтгэгдэл зарим хүмүүст төрсөн бололтой юм билээ. Гэтэл энэ чинь түүх шүү дээ. Тэдний оролцоог үгүйсгэж болохгүй. “Буян” компанийн Б.Жаргалсайхан байна. Түүний хувь нэмрийг ёстой мартаж болохгүй. Өөрийнхөө машин техник, мөнгийг зориулах үедээ зориулж явсан хүн. Яг үнэндээ Ч.Энхээ их ахалж байсан юм шүү. Мөн Малыш Б.Энхтүвшинг үгүйсгэдэг. Гэтэл түүний оролцоо шиг их юм байгаагүй. Би тэдний хооронд ямар зөрчил үүссэнийг мэдэхгүй. Гэсэн ч зөрчил бол зөрчил. Харин анхнаас нь сэтгэл зүрх, амь амьдралаараа зүтгэж байсныг үгүйсгэнэ гэдэг яавч байж болохгүй зүйл.

-Та олонд ил болоогүй хэрнээ, нэг нь нөгөөгөө үгүйсгэх болсон тэр зөрчлийнх нь тухай мэдэх үү?

-Мэдэхгүй ээ. Тэр бүх зөрчил далд үлдсэн. Яахав Г.Бошигт гуай гэхэд цус гаргах талаар ярьж байсан бололтой юм билээ. Мэдээж тэр нь буруу. Гэхдээ түүний ардчиллыг гэсэн үзлийг үгүйсгэж болохгүй. Манайхан П.Нэргүй докторынхоор  байрлаж, хонож, өнжиж, хооллож явсан. Гэтэл өнөөдөр түүний тухай яриа бас л алга байна шүү дээ. МоАХ 13 гээд байдаг уг нь 15 юм билээ. Дундаасаа яагаад бас хоёрыгоо гээчихсэн юм байгаан бүү мэд. Би бол ард түмний л төлөөлөл байсан. Намайг хэн ч ажил хий, зохион байгуул гээгүй. Өөрөө л дураараар хийдэг байсан болохоор цаана болж байсан зөрчлийг үнэхээр мэдээгүй өнгөрсөн. Надад зөвхөн “Миний зөв. Энэ залуусыг дэмжих нь зөв” гэсэн ганцхан туйл байснаас өөрөөр тэр нь яав, энэ нь яав гэж ёстой сонирхож ч байсангүй дээ.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхнаасаа манлайлагч байж чадаж байсан уу. Саяхан нэг агентлагийн дарга “Таны зургийг үзлээ. Таны түүх бол Монголын ардчиллын түүх юм байна” гэсэн нь хүмүүсийн элэглэлийн бай болох шиг болсон учраас танаас тодруулж байгаа хэрэг л дээ?

-Манлайлагч байлгүй яахав. Би л хувьдаа Ц.Элбэгдоржийн яриаг сонсч байж ардчилалд орсон. Их олон хүнийг татан оролцуулсан. Маш их нөлөөтэй байсан. Гэхдээ ганц Ц.Элбэгдорж биш л дээ. УИХ-ын гишүүн С.Зориг агсанд татагдаж, дэмжиж элссэн хүн ч олон. Тэр дундаа урлаг, соёлын гоё, гоё хүүхнүүд их орсон. Над дээр ирээд “Би танай холбоонд ороё. Гэхдээ С.Зоригийг байгаа тохиолдолд л орно шүү” гэж хэлээд элсэх нь их байсан. Одооных шиг муу, муухай сонирхол тэдэнд байгаагүй. Бодвол бие даасан байдал, боловсрол нь их нөлөөлдөг байсан байх шүү.

-“Алтангадас” фракцийнхан хэзээ орж ирсэн бэ. Та тэднийг онцгойлон харж байв уу?

-Өө, тэд нарыг би ёстой мэдэхгүй. Би цэвэр түүхийг л мэднэ. Дундаас нь орж ирсэн хачин, хачин нэртэй юмыг мэдэхгүй. 1996 оноос л идэвхжсэн шиг байгаа юм. УИХ-ын гишүүн С.Баярцогт эвлэлийн ажилтан гээд миний сургалтанд суудаг л байсан. Би багшилж ч байсан. Ардчилсан хувьсгал эхэлж байхад яагаад гарч ирээгүй юм мэдэхгүй. Айж айж, нуугдаж нуугдчихаад жаахан сэхээд ирэхээр нь гараад ирсэн. Би үүнд маш их гайхдаг. Өнөөдөр ардчиллын нэр хүнд их унаж байна. Намайг “Оюунаа эгч ийм үед бид нарыг улам бүр дэвсэллээ” гэж хэлэх бий вий гэдгээс айдаг. Хүссэн, зорьсон ардчиллаа дэвсэлж байгаам шиг сэтгэгдэл төрүүлэх бий вий гэхээс үнэхээр их эмээж байна. Би одоо ч хайрладаг. Одоо ч хамгаалдаг. Гол нь эд маань алдаа гаргах ёсгүй байсан юм.

-Ардчилалд анхнаас нь явсан хүүхнүүд гэхээр их цөөхөн. Одоо “Ардчилал” гэж мандаж байгаа хүүхнүүд бүгд дундаас нь хэн нэг намынхаа лидерийг түшиж гарч ирсэн бүсгүйчүүд. Та нар анхнаас нь яагаад улс төрийн карьер хөөх тал дээр анхаараагүй юм бэ. Анхдагчид гэхээр танд одооны улстөрч гэгдэх хүүхнүүдээс нэрлэх хүн байна уу?

-Би жишээлбэл жаахан амтай хүн шиг байгаа юм. Нэг буруу юм хийхээр нь заавал хэлчихдэг. Би гэхэд уг нь 1990 онд Октябрийн районы 25 дугаарт тойрогт Ардын их хурлын депутатад нэр дэвшиж, хоёр дахь шатандаа ялалт байгуулахад ойрхон байсан хүн. Гэтэл яагаад ч юм чадахгүй юм шиг санагдаад бүр өөрийнхөө санаачилгаар иргэн Д.Ламжавыг олж ирээд, “Миний оронд нэрээ дэвшүүлээч” гээд өөрөө гарчихсан. Үүнийхээ гэмээр Э.Бат-Үүлд нэлээн загнуулсан. Бидний үед чинь хариуцлагатай байсан юм. Ажил, албан тушаал хашиж чадах, чадахгүйдээ эргэлздэг, арын фронтод сайн туслагч байхыг хүсдэг байсан. Бидний үеийн бүсгүйчүүдийг энэ хүсэл хойш нь чангаасан болов уу даа. Өөрөөр бол тэр үедээ л дор бүрнээ Монголын Ардчилсан намын салбар хороог байгуулахаас эхлээд өлсгөлөн зарлагсдад туслах, хоол унд зөөх, ухуулга хуудас хэвлэх, хүмүүст яриа хийх гээд хийгээгүй зүйлгүй л хийсэн.

-Тухайн үеийн Төв хорооны гишүүдийг “Улсаас хоол, тог цахилгааны мөнгөө гаргуулдаг. Улсын машин унаж, улсын байранд суудаг” гэж ардчиллын залуус шүүмжилж байсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Танд инээдтэй санагдах юмуу?

-Пээ, юу вэ. Манайхны нэр хүндээ алдаж, улсын хөрөнгө идэж байгаатай адилтгах юм биш. Бид нар тэгэхэд тэр үед чинь дарга нарын гэгдэх XX дэлгүүрийг хаах гэж том арга хэмжээ авч байлаа шүү дээ. Инээдтэй юм даа, одоо бодоход. Үгүй ядаж аль нам нь хамаагүй хүнээрээ байя л даа. Хүн хүнээ алдаж болохгүй шүү дээ. Ардчиллынханд маань энэ чанар алга болж байх шиг байна. Хүн чанараа алдсанд нь л айж байна даа. Албан тушаалаа ашиглаад бүх ах, хамаатан саднаа ажил, албан тушаалд тавьчихсан.

-Бүх бүх ардчиллын партизнуудын амьдралыг мэдэхгүй болохоор танаар төлөөлүүлж ярилцаж байгаа нь энэ. Иймд аав, ээжээрээ тогтохгүй гурван дүүгээ, нөхрөө, хүүхдүүдээ ардчиллын үйл хэрэгт татан оролцуулж, тухайн үедээ л тэднийгээ хам хэрэгтэн болгож байсан талаар тань илүү тодруулмаар байна. Ц.Энхтүвшин танай гэр бүлийн талаар “Тодын хүүхдүүдийн хувь нэмрийг Монголын ардчилал мартаж болохгүй юм шүү” гэж хэлсэн нь ихэнд сонин туслаа?

-Цагаандарийн Энхтүвшин ер нь бол их догь шүү. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж байгаа. Хүнийг их зөв олж хардаг. Аав минь намайг их дэмжсэн. Дэмжих нь битгий хэл миний хэлэх үгийг бэлтгэж, өлсгөлөн зарлагсдад хоёр үстэй дээлээ хүртэл аваачиж өгч байсан.

-Та МоАХ-ны анхдугаар их хурал дээр “Эвлэлийг тараая” гэж хэлүүлснийхээ төлөө албан байгууллагадаа төдийгүй танил найз нөхдийнхөө хүрээнд ч нэлээн ад болж байсан юм билээ. Мөн аав тань таны хэлэх үгийг бэлдэлцэж “МХЗЭ-ийн байгууллага нь МАХН-ын дайчин туслагч бэлтгэл хүчин гэж нэрийн дор МАХН-ын заасан зүг бүр дөрлүүлсэн шар мэт зүтгэж явж ирлээ” хэмээн бичиж өгсөн тухай мөн асууя гэж бодож байлаа?

-Аав минь МХЗЭ-гийн Төв хороонд ахлахаас ерөнхий нягтлан хүртлээ 34  жил ажилласан хүн. Тэр үед өөрөө тэтгэвэрт гарсан учраас хэлэх боломжгүй байсан шиг байгаа юм. Харин өөрийнхөө үгийг охиноороо дамжуулан хэлж байгаа нь тэр. Би тэр үгнээсээ болж ёстой л түмний үгний бай болсон. Найзынхаа ажил дээр очоод уулзахад хүртэл дарга нь “Чи Оюунчимэгтэй найзлаад байвал чамд арга хэмжээ авна” гэж сүрдүүлж байсан гээд бод л доо. Дарамт зөвхөн надаар дуусаагүй байгаа биз. Охин минь тэр үед нийслэлийн 23  сургуулийн төгсөх ангийн сурагч байсан. Ангийнхан нь бүгд дарга нарын хүүхэд байсан учраас тэдний хандлага эрс өөрчлөгдсөн гэдэг.

-Таны дүү нар бас их сонирхолтой хүмүүс. Эгчийнхээ үйл хэргийг дэмжээд бүгд ардчилалд хүчин зүтгэчихсэн гэж байгаа. НАХЯ-д ажиллаж байсан Т.Оюунцэцэг гэж дүү тань байна. Бүхэл бүтэн төрийн хүчний гол бүтэц дунд ажиллаж байж албан өрөөндөө ардчиллын чухал гэсэн бичиг баримтаа хэвлүүлэх, олшруулна гэдэг бас л их том зориг шүү. Ядаж л айхгүй ч гэсэн аягүй гэж нэг үг байдаг даа?

-Ёстой НАХЯ-ныхан хатуурхаагүй дээ. Надаас л илүү тайван ажиллаж байсан. Бараг тэдний яамныхан дотроо хүсч байсан шиг байгаа юм. Тэгээд ч дэслэгч генерал А.Жамсранжав гуай нэг удаа талбай дээр намайг Малыш Б.Энхтүвшинтэй хамт зогсч байхад ирээд надад “Та нарын эсрэг юу ч хийхгүй” гэдгээ хэлсэн юм шүү. Угаасаа яамны сайд нь өөрөө дэмждэг байсан болохоор дотор нь байгаа хүмүүс нааштай ханддаг байсан байж магадгүй.

-Тэгвэл та эвлэл дээр дарамтлуулж байхад дүү чинь харин ч их эрх чөлөөтэй ажиллаж байжээ дээ?

-Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг шиг арай бас өөрийнх хүн ажил дээрээ ардчиллыг дэмжиж, ажиллана гэж бодоогүй байх. Миний дүү тэнд бичээч хийдэг байсан юм. Олон ч гарын авлага, нууц бичиг, тараах материалыг хувилж, бичиж, олшруулж тараасан. Дүү Т.Тунгалаг маань Олон улсын геологийн экспедицид эдийн засагчаар ажиллаж байсан. Тэндээ МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулж байлаа. Т.Отгонбаяр гэдэг дүү минь МоАХ-ны анхдугаар их хурлын урд орой холбооны анхны цэнхэр туг далбааны загварыг урлаж, салбар зөвлөл байгуулах, уран бүтээлчдийг татан оролцуулах тал дээр их ажилласан. Гэхдээ зөвхөн манай гэр бүл ийм байсан юм биш. Олон гэр бүл аав, ээж, ах дүү, найз нөхөд, үр хүүхдээрээ ардчиллын үйл хэрэгт хүчин зүтгэж байсан. Харин тун цөөхөн нь л ёстой өрмийг хуссан даа.

-Та дүү нараа бүгдгийг нь ардчилалд татан оролцуулсан. Гэхдээ хүнд өргүүлсэн төрсөн дүүдээ ардчиллыг хамгаалсныхаа төлөө гэрээс нь нүүр рүүгээ нулимуулаад хөөгдсөн тухайгаа бичсэн байсан. Тэр хэсгийг уншаад инээд ч хүрэх шиг, гайхах ч шиг?

-Тийм л юм болчихсон. Ёстой нэг ардчиллыг үздэггүй байсан юм.

-Одоо тэгээд харилцаа хэр байна?

-За даа, ер нь тэгээд л харилцаа хөндийрсөн дөө. Харин ардчилал ялсны дараа 1996 онд манайхыг Москвад байхад гэрт ирээд “Та намайг ажилд ярьж өгөөч” гэсэн. Би ёстой “Битгий хуц. Надтай битгий ийм юм яриарай” гэчихсэн.

-Өргөж авсан ээжийнхээ л нөлөөг дагасан хэрэг байх л даа. Ингэж бодоод та ойлгох гэж оролдож үзээгүй юу. Ээж нь аавын тань төрсөн дүү атлаа “Ардчиллыг дэмжсэн ахад маань хариуцлага тооцож өгөөч” гэсэн өргөдөл бичиж суусан байдаг шүү дээ?

-Өргөдлөө яг өгч амжаагүй юм шиг байна лээ. Гэхдээ л “Та нар МАХН-ын хүчинд өдий дайтай өсч өндийчихөөд эргээд нам руугаа нулимах даа яахав дээ. Арай ч дээ” гээд аавыг минь уйлаад загнаж байсан юм. Одоо бодоход бол хүн, хүний л үзэл бодол. Тэр үед түүнийг ойлгох ч сөхөөгүй байж дээ.

-Таны ардчиллын төлөөх зүтгэл охиныг тань нөхрөөсөө салахад нөлөөлсөн гэж бодохоор бас их эмгэнэлтэй хэрэг шүү. Хүний амьдралын бараан, сүүдэр бүхнийг дурсах нь таатай зүйл биш ч гэлээ ардчилсан хувьсгалд амьдралаараа төлөөс төлсөн ардчилагчдын түүх цөөнгүй учраас ийн нэг бүрчлэн асууж буй хэрэг шүү. Энэ асуултаасаа танаас уучлал гуйя. Гэсэн ч уншигчдыгаа үнэнийг, тэр дундаа ар фронтод нь хүчин зүтгэж явсан ардчиллын партизнуудын зовлон, бэрхшээлийг бид үгүйсгэж болохгүй гэж бодсондоо асууж байгаа минь энэ?

-Охин минь ёстой цэвэр хоёр өөр намын үзэл суртал, тэр дундаа ардчиллыг дэмждэг манай гэр бүлээс болж салсан. Ардчиллаас болж би дүүгээ үзэн яддаг болсон. Охин минь нөхрөөсөө салсан. Энэ бүхэн эмгэнэлтэй байлгүй яахав. Үнэхээр эмгэнэлтэй. Гэхдээ талийгаачийг минь өнгөрөхөд тэр хүргэн минь их тусалсан.

-Та хүргэнийхээ аавтай уулзах үедээ хоёр хүүхдийнхээ тухай ярилцсан уу. Эсвэл цэвэр намаа л яриад байв уу?

-Намаа ярьсан. Би ардчиллыг магтаад, худ МАХН-ыг магтаж, ардчиллыг муулаад л хоёр тийшээ салсан. Зөвхөн охин хүргэн хоёр минь ч салсан юм биш. Тэр үед нөхөр нь эхнэрээ дэмжихгүй, эхнэр нь нөхрийнхөө үйл хэргийг ойлгохгүй салах тохиолдол их байсан. Тэр бүх зөрчил нь өнөөдрийн “Ардчиллын партизнууд чинь ерөөсөө л архичид шүү дээ” гэх ярианы эх үндэс болсон. Үүнийг ойлгож ярих нэгэн байхад ойлгохгүй үг хэлээрээ өшигчих хүмүүс ч их байх юм даа.

-Та талбай дээр ардчиллынхныг өлсгөлөн зарлаж байхад хоёр бага хүүхдүүдээ талбай руу гудас чирүүлээд явуулчихаж байсан юм билээ. Одооны ээжүүдээс энэ зэргийн зүрх зориг гарна гэхэд бэрх. Бас л таны ардчилалд хэт уйлайрсан байсны илрэл үү?

-Өө, ёстой юу ч бодоогүй. Манай хүү зурагтаар хурал гарахаар л “Ээжээ, хурал, хурал” гэдэг байсан. Би өчигдөрхөн тэр матрасыг лагераас авчраад бодож байлаа. Өөрийнхөө яаж өргөж байгааг бодоод арван жилийн хоёр хүүхэд автобусаар чирж ирснийг нь бодсон чинь бас л хэцүү санагдсан. Хүү маань харчихаад “Та нээрээ бас их дээрэлхүү шүү” гэсэн шүү. ОХУ-аас ирэхдээ хамгийн сайн, хамгийн гоё матрас авснаа цоо шинээр нь аваачаад тавьчихсан. Аав минь хоёр үстэй дээлээ өлсгөлөн зарласан залууст зорьж очин өгч байлаа.  Ингээд бодохоор хамт зүтгэж явсан нөхдөө их дурсах юм. Ийм богинохон хугацааны дараа түүхийг яасан их гуйвуулаа вэ гэж бодогдох юм даа.

-Танд энэ талаар ярилцаад суух нөхөд хэр олон байна?

-Цөөхөндөө цөөхөн. Түүхийг аймшигтай гуйвуулж байна. Саяхан анх өлсгөлөнг санаачилсан Хадбаатар гэдэг жолооч маань ярьж байна лээ. “Би бодитойгоор, бүр нүдээрээ харлаа. Ардчилсан хувьсгалын анхдугаар өлсгөлөнд сууж байлаа гээд огт байгаагүй авгай ярьж байх юм” гэж байсан. Би саяхан хүнээс хальт сонссон. Дээр үеийн 1921 оны хувьсгалд анхнаас нь оролцсон партизануудад тэтгэмж маягийн юм олгож байсан шиг зүйлийг ардчилсан хувьсгалын анхдагчдад өгөх яриа гарсан юмуу даа. Энэ яриаг дуулсан хүмүүс өөрсдийгөө шууд дур, дураараа анхдагч гэж зарлаад эхэлчихлээ. Уг нь 1991, 1992 оноос орсон хүмүүс чинь анхдагчид биш шүү дээ. Би 1989 оноос дугуй зааландаа цуглуулж эхэлсэн болохоор бас мэднэ ээ.

-Таны номондоо бичсэн анхны гэх хүмүүсийн нэрийг харахад ер нь л огт нэр нь дурсагдаж байгаагүй хүн олон байна билээ. Та тэдэнтэйгээ холбоо барив уу?

-Өнгөрсөн онд бүгдийг нь олж уулзахыг хичээсэн. Гэхдээ чадаагүй ээ. Уулзсан хэдээс маань гэхэд ганц хоёр нь өнгөрчихлөө. Саяхан Хандсүрэн гэж сүүлд орж ирсэн хүүхэн “МоАХ-ынхан уулзана. Ирээрэй” гэж байсан би очоогүй. Өөр зорилготой гэдгийг нь мэднэ л дээ. Одоо МоАХ-д үнэндээ хүн алга. УИХ-ын гишүүн Х.Баттулга л хөдөлгөж байна. Түүнийг бас үзэхгүй байна. Х.Баттулга гишүүн чинь үнэхээр их хөдөлмөрч, би хаана ч магтан дуулна. Тэр зүгээр нэг амлагч биш байхгүй юу. Амлалтандаа эзэн болдог хүн.

-Женко Х.Баттулгыг чинь МоАХ-ыг “Женко” группын охин компани болгочихлоо гэх юм байна шүү дээ. Үнэн үг биш үү?

-Яалаа гэж дээ. Анхнаасаа холбоонд яваагүй ч гэсэн анхнаас нь бүгдийг нь ёстой хүн болгосон байхгүй юу. Эх орон намаас орж ирсэн. Би лав 1996 оны сонгуулийг санаж байна. Э.Бат-Үүл, Ц.Энхтүвшин, Д.Баттулга гээд бүгд нэр дэвших болоход Х.Баттулга л дэмжиж, мөнгө өгч байсан шүү дээ. Хувиараа ч хүмүүс их мөнгө авсан юм шиг байна лээ. Ядуу, гацуу явахад нь тусалж явсан хүнийг мартаж болохгүй шүү дээ.

-Гэсэн ч энэ бол зүй ёсны асуулт гэж бодоод давтаж тавих гээд байна л даа. Партизануудыг мөнгөөр, байраар “худалдаж авсан” гэх шүүмжлэл үнэний ортой биш үү?

-Холбооны хэсэг хүүхний уулзалтаас харахад дотроосоо тийм яриаг зохион байгуулалттайгаар гаргаж байгаа бололтой юм билээ. Би бол тэгж хэлж чадахгүй. Би түүнтэй Э.Бат-Үүл шигээ, Д.Дорлигжав шигээ ойр дотно байж үзээгүй. Манай хүү наймдугаар ангидаа жүдогийн тэмцээнд орох болоод хувцас байхгүй Дамдиншараваар дамжуулж, хувцсыг нь гуйж авч өмсүүлж байсан. Анхных нь тэмцээний хувцас манайд одоо ч хадгалагдаж байдаг. Манай нөхөр ч тэр, би ч гэсэн УИХ-ын хоёр ч сонгуулиар Баянхонгорт очиж дэмжиж байсан. Гэхдээ тэр үед нэг ч төгрөг аваагүй. Өөрсдөө зардлаа гаргаж дэмжиж, иргэдэд сурталчилгаа хийсэн. Авсан юм ганц байгаа нь байр. Гэхдээ би ганцаараа аваагүй. Ардчилсан хувьсгалд оролцсон олон партизан байртай болсон. Тэр үед ардчиллыг дэмжснийхээ буянд би гурван өрөө байраа зарж, орох оронгүй, гэр бүлээрээ ажилгүй болж байсан. Зөвхөн ардчиллыг дэмжснийхээ төлөө шүү дээ. Иймд надад авах эрх бий гэдэгт итгэлтэй байна. Харин ёстой хоёр хөлөө хугалчихсан, хөлсний байранд хэцүүхэн байхад минь байр өгсөн дөө.

-Тэгвэл яалт ч үгүй таны амьдралд тус хүргэсэн юм байна?

-Хүргэсэн, хүргэсэн. Гэхдээ би байртай болгосонд нь дэмжээд байгаа юм биш. Хувь хүнийг нь хүндэтгэдэг юм. Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгт нэг өдөр утасдаад “Та хаа байна. Тантай очиж уулзая” гэсэн. Би номоо гаргаад удаагүй байсан болохоор шүүмжлэл хэлэх нь дээ гээд эмээж байсан. Тэгээд гэрт ирээд намайг хоёр хоногийн дараа Лондон явах гэж байгааг минь мэдчихээд “Хойшлуулчих” гэсэн. “Яах нь уу” гэхэд хэлэхгүй байсан. “Та Женко Х.Баттулгыг бодоод үлдчих” гэсэн. Тэгээд гурав хоногийн дараа 22 хүнд байр өгсний нэг нь би байсан. Мэдээж их баярласан. Гэхдээ дахиад хэлэхэд би байр авсандаа дэмждэг юм биш. Үнэхээр өөрөө хүчтэй хүн учраас МоАХ-аар дамжуулж, улс төрд илүү их идэвхийлэх хүсэлтэй байж мэдэх юм. Түүнийгээ зорилго тавиад зүтгэж байгаа бол би цаг ямагт дэмжинэ. Манайхан тэр хүнээр ядаж ямар их дэмжүүлж, тэтгүүлж байснаа бас бодох хэрэгтэй шүү.

-Б.Билэгт дарга тань яах аргагүй анхдагчдын нэг мөн үү?

-Өө, ёстой анхных. МоАХ байгуулагдахаас өмнө хэсэг бүлэг залуус нэгдэж, нийлээд дугуйлан, бүлгэм яриад явж байсны нэг нь.

-Би нэг зүйлд жаахан гайхдаг юм. Ардчиллын анхдагчид гэх хүмүүс “Алтангадас” фракцын талаар ярих болохоор их бухимдах юм. Юу нь та нарыг тэгтэл нь эгдүүцүүлдэг хэрэг вэ?

-Соцдек чинь түүхнээсээ их сонин хүмүүс байсан юм билээ. Их онцгүй. Сиймхийгээр нь дээшээ гарчихдаг. Ардчиллынхан маань бол ёстой зүрх сэтгэлээрээ зүтгэж, тэмцсэн хүмүүс. Мэдээж тэдний дунд галзуу, солиотой хүмүүс байдаг. Гэхдээ тэдэнд сэтгэл байсан юм. Тэр сэтгэлийг үгүйсгэж, толгой дээр нь гишгэлж дээшээ гарсан хүмүүс нь “Алтангадас” фракцийнхан.

-Хамт ардчилал гээд явж байсан хүмүүс тань гэр бүлээсээ салж, амьдрал нь уруудаж, архинд орж байгааг харах тэр үедээ их л хүнд байсан байх. Тэр тухай дурсамж сэдрэхэд бас л хүнд тусна биз?

-Хүндтэй зүйрлэх юм биш. Хэдийгээр миний ойр дотны хүмүүс архинд ороогүй ч гэсэн би төрсөн дүүгээсээ холдсон. Охин минь нөхрөөсөө салсан. Энэ чинь хүний амьдралд гуниг шүү дээ. Хэцүү даваа. Олон хүн үзэл бодлоороо зөрчилдөж гэр бүлээсээ салсан. Одоо амьд байгаа хүмүүс бол их л харамсдаг байх. 1996 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болчихоод хэлж байсан юм. Улсын драмын эрдмийн театрт бид нарыг цуглуулаад “За та нар минь бүгдээрээ ажилтай шүү. Ажлаасаа халагдсан хүмүүсийг буцааж ажилд нь оруулна аа. Та нар минь ардчиллын төлөө их хохирсон” гэж хэлсэн. Энэ үг бүх хүнд баярлах сэтгэл төрүүлж, ёстой л сэтгэлд нь оч асаасан. Харамсалтай нь тэр үг биеллээ олоогүй. Яг албан тушаал хуваарилах болсон чинь найз нөхөд, хамаатан садан гээд ардчилсан хувьсгал эхлэх үед сураг, ажигч байгаагүй хүмүүсийг томилчихсон. Тэгэхээр би тэр дор нь Ц.Элбэгдоржид хэлсэн. “Та уг нь тэгж хэлсэн. Яагаад бүгдийг эсрэгээр нь хийчихэв ээ. Ингэж болохгүй. Хүмүүсийн итгэлийг ингэж унагаж болохгүй шүү дээ” гэж яг өрөөнд нь орж хэлсэн.

-Та тодорхой хариулт авсан уу?

-Үгүй дээ. Ер нь л хатуурахсан.

-Партизанууд тухайн үед “Бид нар УИХ-д 50 суудалтай болсон ч гудамжинд үлдчихлээ. Тэд бидний толгой дээр гишгэчихлээ” гэж ярилцаад, намынхаа удирдлагуудтай уулзах, анхааруулах цаг болсон хэмээн тохирсон байдаг шүү дээ. Гэхдээ таны номонд яг бодит үр дүнгийн тухай тэмдэглэл байгаагүй?

-Замхарчихсан болохоор би юугаа бичихэв дээ. Ямар зохиож бичилтэй биш. УИХ-ын гишүүд маань бүгд зугтсан. Олон мянган жирийн дэмжигчдийнхээ тархин дээр гишгэж, шат, гишгүүр болгож дээшээ өгсчихөөд л орхичихсон. Би тэр үед “Увайгүй хүмүүс юм байна даа л” гэж бодох болсон.

-Гунигтай хэрэг?

-Гунигтай, гунигтай.

-Та бүхний хамтран зүтгэж явсан тэр хүмүүсээс ер нь зангаараа хүн гэж байна уу. Хувь хүн талаас нь бодоход шүү дээ?

-За даа, тун ховор доо. Томорсон хүмүүс маань их буруу сэхсэн. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд манай партизнууд чинь бас их бардам хүмүүс шүү. Тэд нарыг нүүр буруулахтай зэрэгцээд гуйгаад, араас нь дагаад, цүнхийг нь ч болов барьж дээшээ гарах тухай бодож ч үзээгүй хүмүүс байдаг юм. Ашигч хүмүүс нь харин яг дундаас нь орж ирсэн байдаг юм. Ичих нүүргүй хүнээс мөнгө гуйдаг, өөртөө ашиг хонжоо хайдаг, худлаа “Би ардчиллыг анхнаас нь дэмжсэн, байгуулалцсан” гэж ярьж чаддаг хүмүүс байна. Ардчилал ерөнхийдөө амжилт олох нь тодорхой боллоо гэсэн бодолтойгоор орж ирсэн хүмүүс дунд тэр дундаа их шүү. Би бол ёстой албан тушаал гуйж, товлож үзээгүй. Би албан тушаалтай тушаалгүй, тэдний дэмжлэгтэй дэмжлэггүй өөрийнхөө хэмжээнд тайван сайхан амьдарч ирсэн хүн. Яг 1996 оны УИХ-ын сонгуулийн дараа хэд, хэдэн ажил яригдаж байсан. Тэгсэн чинь яриа гарахтай зэрэгцээд  “За Т.Оюунчимэг биш шүү. Би шүү” гэсэн хатгаас, эсэргүүцэл яваад ирдэг юм билээ. Манайхан бас их увайгүй шүү дээ.

-Соёлын төвийн дарга болгох тухай яриа гарахтэй зэрэгцээд нэг хамтран зүтгэгч тань утсаар “Т.Оюунчимэгийг биш намайг томилооч. Би болмоор байна” гээд ярьж байсныг та араас санамсаргүй сонссон ч хэлж чадаагүй өнгөрсөн тухайгаа бичсэн байсан. Тэр хүн юм бэ?

-Сүүлд ардчиллын буянаар төрийн их том шагнал хүртсэн урлагийн зүтгэлтэн л дээ. Нэрийг нь хэлчихвэл бөөн юм болох биз дээ. Намайг чинь “Оюунаа эгчээ” гээд гүйгээд байдаг байсан хүн. “Нарны титэм” худалдааны төвийг байгуулсан Чагцал гэж эмэгтэйгээс нэлээн олон лангуу тухайн үедээ гуйж авсан гэж байгаа юм. Тэгсэн чинь одоо болохоор дуугардаггүй гэсэн. Ингээд хэлчихээр ойлгох, таних хүмүүс нь таньчих байх. Ер нь бидний дунд муу хүн их байсан юм билээ.

-Яг эгч, дүү гэж явсан хүн тань таныг албан тушаалын төлөө мөргөхөөр сэтгэлд хүнд тусах юмуу?

-Хүнд хүнд. Тэгээд л “За, ер нь ажил төрөл гэхээ больсон нь дээр юм байна. Ингэж хүмүүсийн хэл, амны бай болоод яахав” гэж бодсон доо.

-Та тэгээд Лондонд арав гаруй жил болохдоо юу хийдэг байв?

-Би юу хийхэв дээ. Цэвэрлэгч л хийж байсан. Би цэвэрлэгчийг их гоё ажил гэж боддог. Ямар ч сайдаас илүү цалин авч байна. Би бүх хүнийг эхээс төрөхдөө л цэвэрлэгч байдаг гэж боддог. Нэг хог асгахад надаас юу ч унахгүй. Ажил голох ямар хэрэг байна. Муу биш. Гоё шүү дээ. Миний хөдөлмөрийг дээд зэргээр үнэлж байсан. Он удаан жил ажиллаад ирэхээр тэр хүмүүстээ итгэл олчихсон. Энд албан тушаалын хэнээрхэл тусч, анд найз, амраг садан, ах дүүгээ ч тоохгүйгээр эрх мэдлийн төлөө худалдаж суугаа хүмүүстэй зууралдаж сууснаас тэнд эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө цэвэрлэгч хийгээд амьдрах нь надад илүү сайн сайхан туссан байх. Ер нь тэгээд одоо ийм юмны төлөө зүтгэсэн юмуу гэж бодохоор бас л сэтгэлд сэвтэй л байх юм. Гэхдээ ингэж хэллээ гээд би ардчиллаас ухарсан хэрэг биш шүү. Оюунаа эгч нь ардчилалдаа хайртай, итгэдэг хэвээр л байгаа. Харин муу хүмүүс бидний байгуулсан ардчиллаар тоглож, тохуурхаж байгаад л гомдох сэтгэл төрж байна даа.

Өндөр өсгийтэй гутал, гоёмсог ногоон даашинз, хичээнгүйлж зассан гоёлын үс засалт. Цаанаа л ануухан санагдах инээд... Ардчиллын анхны партизан гэх энэ шавилхан түүнийг 64 хол давсан гэхэд итгэж өгөмгүй. Түүний гал цог яг л ардчиллын төлөө МХЗЭ-ын дугуй заалны түлхүүрийг хүзүүнээсээ зүүчихээд гэдийж зогсох шигээ тийм залуухнаараа. Ардчилалд хайртай хүн бүр, ардчиллыг улам бүр бэхжүүлэхийг хүсэгч ардчилагч бүрт түүний үгийг дайя. Аз жаргал хүсье ээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)