Б.БЯМБАСАЙХАН: ИРЭЭДҮЙД ЗАРДАЛ ХЭТЭРВЭЛ "РИО ТИНТО" НӨХӨЖ ТӨЛНӨ

2016-01-12 13:13:59

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. Өчигдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтэд хөрөнгө оруулагч талтай Монголын тал гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Ярилцлага энэ сэдвээр өрнөлөө.

-Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт шийдэгдсэнээр цаашид Оюутолгойн ордыг жинхэнэ утгаар нь ашиглах боломжтой боллоо гэж ойлгох нь зөв үү?

-Тийм ээ. Оюутолгойн бүтээн байгуулалтын их ажлын өмнө шаардлагатай байсан санхүүжилтийг өнөөдөр бид бүхэн босгож чадлаа. Олон улсын банк санхүүгийн 20 байгууллагаас энэ зээлийг босгож байгаа. Үүнийг төслийн санхүүжилт гэж нэрлэж болно.

-4.4 тэрбум ам.долларыг Монголын эдийн засагт дараагийн 5-6 жилийн хугацаанд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулахаар зээлж авч байгаа юм. Үүнийг “Оюутолгой” компани зээлж авч байгаа гэдгийг тодруулах хэрэгтэй байх.

-Засгийн газрын оролцоо болон баталгаа энэ зээлд бий юу?

-Байхгүй. Цэвэр “Оюутолгой” компанийн зээл гэж ойлгох хэрэгтэй. Харин “Рио Тинто” компани тодорхой хэмжээний баталгаа гаргаж өгсөн. Энэ нь зээлийн шийдвэрт үр дүнгээ өгсөн хэрэг.

-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн салбарын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа зэсийн үнэ унаж байна. Ийм үед зээл авна гэдэг бас их бэрх даваа байж болох юм. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Үнэхээр хүндрэлтэй цаг үе. Ийм үед “Оюутолгой” компани ийм хэмжээний санхүүжилт босгож чадсан гэдэг нь Монголын эдийн засагт итгэх итгэл байна гэдгийн нэг том илэрхийлэл болж өглөө. Их баяртай байна. “Оюутолгой” компани өөрөө Монголын бизнес эрхлэгчдэд их нээлттэй компани. Манай маш олон компани энэ төсөлтэй гэрээтэй ажиллаж, туслан гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэд ойрын 5-6 жилдээ үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой боллоо.

-Харин ажилчдын хувьд. Өсөлт байх уу. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон зуун хүн ажлаасаа чөлөөлөгдөж, хүлээлтийн байдалд шилжсэн шүү дээ?

-Одоогийн байдлаар 6000 орчим хүн Оюутолгой төсөлтэй холбоотой ажил эрхэлж байгаа. Энэ тоо цаашид өснө. Мөн нарийн мэргэжлийн маш олон боловсон хүчин бэлтгэгдэж байна. Тэр дундаа далд уурхайн олборлолт дээр ажиллах технологийг монголчууд маань ашиглаж сурч байна. Тэр технологийг ашигласнаар Оюутолгойн төслийн санхүүжилтийн өртгийг бууруулж чадна. Ингэснээр 34 хувийг нь эзэмшдэг монголчууд бидэнд ирэх төслийн үр өгөөжийг нэмэх боломжтой болж байгаа юм.

-Эдийн засгийн бодит өсөлтийг хэрхэн тайлбарлах вэ?

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 онд хүчин төгөлдөр болж, эхний шатны хөрөнгө оруулалт орж ирснээр манай улсын эдийн засаг их хурдтай тэлсэн. Энэ нь манай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд илт мэдэгдсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн өмнө нь болж байсан тэр хурдтай тэлэлтийг дахин давтана гэсэн үг. Хамгийн гол нь өмнөх туршлага, гэрээн дээрээ үндэслэн шинэ хөрөнгө оруулалт татаж байгааг ойлгох хэрэгтэй. Ингэснээр эдийн засагт бодитой өсөлт гарч чадна. Дор хаяж жилдээ тэрбум орчим ам.долларын бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Дээрээс нь “Оюутолгой” компани үйл ажиллагааны орлогоосоо Монголын эдийн засагт хөрөнгө оруулна. Наад зах нь, та сая анзаарсан бол гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд дандаа Монголын аж ахуйн нэгж, банкны төлөөлөл ирсэн байгаа. Хамгийн гол нь дахин хэлэхэд энэ үйл явдал Монголын эдийн засагт эерэг дохио өгсөн гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, Монголын компаниуд ойрын гурван жилийнхээ санхүүгийн чадавхиа тооцоолох ерөнхий төсөөлөлтэй боллоо гэсэн үг юм. Энэ нь бизнес хийхэд хамгийн чухал хүчин зүйл гэдгийг бүгд мэдэж байгаа байх.

-Гэхдээ зэсийн үнийн уналтыг ч та бүхэн тооцож үзсэн нь тодорхой. Төсөөлөл хэр эерэг гарч байгаа вэ?

-Мэдээж хэрэг. Гэсэн ч зэсийн үнэ хамгийн бага ханш дээр буухад ч бизнесээ хэрхэн ашигтай авч гарах вэ гэдэг талаас нь бид удирдаж явна. Тийм ч учраас санхүүжилтийн өртгийг бууруулах тал дээр сайн ажиллах хэрэгтэй болсон. Яагаад гэхээр “Оюутолгой” компани бусад өрсөлдөгчдөөсөө илүү ашиг хүртэхийн тулд санхүүжилтийн өртгөө хямд болгох хэрэгтэй. Үүний тулд зээл босгох замаар санхүүжилтийн өртгөө хямдруулсан. Ингэснээр Оюутолгой дахь мөнгөн урсгал сайжрах боломжтой.

-Хамгийн эхний санхүүжилт хэзээ орж ирэх вэ?

-Санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу бүх ажил явна. Барилгын ажил хийх боломжтой дулааны улирал эхлэхээр ажил идэвхжинэ. Гэхдээ энэ оны наймдугаар сараас далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг хийж эхэлсэн. Ажлаасаа халагдсан байсан хүмүүсийг эргүүлэн ажилд нь авч эхэлж байгаа. Түүнчлэн санхүүжилтийн өртгийг хямдруулах зорилгын хүрээнд санхүүгийн тайлан, төлөвлөгөөг эхнээс нь хатуу хяналттайгаар хийж байна.

-Одоогоор хэр олон хүн ажилдаа эргэж орсон бэ?

-100 гаруй хүн ажилдаа орсон. Цаашдаа нэмэгдэнэ. Хоёр жилийн дараа гэхэд мянга гаруй ажлын байр шинээр бий болно. Мөн ид ашиглалт, олборлолтын үед 3000 гаруй хүн ажиллах тооцоо байгаа.

-Зээлийн эргэн төлөлтийн хугацааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-12-15 жилийн хугацаатай төлнө. Өнөөдрийн зах зээлийн нөхцөлд ийм урт хугацаатай зээл олгож байна гэдэг их том амжилт. Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци болон Канад, Австрали, Америкийн экспортын хөгжлийн агентлагууд бүгд нийлж ажиллаж байж арилжааны банкнуудын зээлийн хүүг бууруулж чадсан. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компани маш сайн нөхцлөөр зээл авсан гэж ойлгож болно.

-“Оюутолгойн ордыг барьцаалж зээл авах нь буруу” гэсэн хэлэлцүүлэг өрнөх нь олон. Таны энэ талаарх байр суурь?

-Мэдээж зээл авахад тавьдаг ерөнхий нөхцлүүд байдаг. Тэр нөхцлийг л биелүүлсэн. Түүнчлэн энд нэг давуу тал бий. Тэр нь “Хэрэв ирээдүйд зардал хэтэрвэл “Рио Тинто” компани нөхөж төлнө” гэсэн үүрэг. Ийм ч учраас энэ том хэмжээний төсөл дээр зээл босгож чадсан.

-Бүтээн байгуулалтыг зөвхөн далд уурхайгаар хэмжихгүй байх. Бодитоор барьж босгох өөр бүтээн байгуулалт нь юу байх вэ?

-Мэдээж хэрэг. Говийн бүсэд эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдийг барьж байгуулна. Эхний ээлжинд гэхэд Ханбогд суманд олон улсын хэмжээний нисэх онгоцны буудлыг эхнээс нь ашиглалтад оруулсан. Мөн эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болж чадсан. Удахгүй хар замтай холбоно. Энэ мэт яривал олон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэнэ.

-Энд асуух ёстой нэг зүйл бол хоёр талын ойлголцол. Учир нь, өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагч тал болон Монголын Засгийн газрын хооронд үл ойлголцол олонтаа үүсч байсан. Иймд хоёр тал хөрөнгө оруулалтаа шийдсэнээр цаашид үл ойлголцох асуудал үүсэхгүй нь гэж ойлгож болох уу?

-Бүх асуудал шийдэгдсэн. Ингэснээр дараагийн 5-6 жилд бүх бүтээн байгуулалтын ажил хийгдэх боломж нээлттэй боллоо. Үүнд хүн болгон баярлаж байгаа. Хамгийн чухал нь өнөөдөр зах зээл их хүнд байна. Зөвхөн сүүлийн зургаан долоо хоногийн ханшийн өөрчлөлтийг харахад л дэлхийн компаниудын хувьцаа 40 хувиар унаж байх жишээний. Ийм нөхцөлд бид 4.4 тэрбум долларын санхүүжилт босгоно гэдэг маш том боломж, давуу тал бидэнд бий гэдгийг илэрхийлж байгаа юм.

-Маргаашнаас эсэргүүцэгчид уриа, лоозонгоо барьж, улс төр хийж эхлэх нь бараг л тодорхой. Та тэдэнд ямар үг хэлэх вэ?

-“Оюутолгой” бол Монголын компани. Уурхай Монголдоо байсаар байх болно. Манай улс хилтэй, хэлтэй, тусгаар тогтносон мундаг том улс. Оюутолгойн ордыг ачаад аваад явчихдаггүй л юм бол хэзээд л Монголдоо байна. Монголчууд хэзээд хянаж ажиллана. Үүнийг их сайн ойлгох хэрэгтэй.

-“Эрдэнэс Монгол” компани зөвхөн Оюутолгойн ордын бүтээн байгуулалтыг хариуцаж байгаа хэрэг биш. Тавантолгойгоос эхлээд стратегийн ач холбогдол бүхий бүх орд танай компанийн мэдэлд бий. Тэдгээрийн ашиглалтын ирээдүйг хэрхэн төлөвлөж байгаа вэ. Хэзээ үр дүнд хүрэх бол?

-Мэдээж хэрэг “Эрдэнэс Монгол” төдийгүй энэ компанийн харьяанд байгаа охин компаниудыг ашигтай ажиллуулах нь бидний үүрэг. Тэр үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Монголын ард түмэнд өгөөжөө өгөх суурийг бид бүхэн одооноос бүрдүүлэх шаардлагатай. Оюутолгой үүний нэг суурь нь. Дараагийн суурь нь Тавантолгой. Энэ утгаараа олон улсын жишиг, бизнесийн зарчмыг бид бүхэн Монголдоо нэвтрүүлэх нь хамгийн чухал. Үүнийг барьж ажиллаж чадвал бидэнд асар их боломж бий гэдгийг хэлэх байна.

Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд болон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, “Рио Тинто”-гийн Зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нарын албаны хүмүүс оролцсон юм. Мэдээллийг тодруулбал, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад нийт зургаан тэрбум ам.доллар шаардагдахаас 4.4 тэрбум ам.долларыг олон улсын банк, санхүүгийн 20 байгууллагаас 12-15 жилийн хугацаатайгаар зээлсэн байна. Зээлийн баталгааг  “Рио Тинто” компани гаргаж, үлдсэн 1.6 тэрбум долларыг “Оюутолгой” компани дотоодоосоо босгохоор болсон аж. Мөн зээлийн хүү нь Английн банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR+6 хувь байхаар тогтжээ. Анх 4.2 тэрбум ам.долларыг босгоно гэж байсан ч 4.4 тэрбум доллар болж өссөн байна. Үүний 0.3 тэрбум ам.доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөж, 4.1 тэрбум доллар нь “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд зориулагдах юм. Харин Оюутолгой болон “Туркойз Хилл Ресурс”  компаниуд нь жил болгон  бүтээн байгуулалтад зарцуулсын санхүүжилтийнхээ 2.5 хувийг “Рио-Тинто” компанид өгөх юм байна. Үүний 1.9 хувийг “Оюутолгой”, 0.6 хувийг “Туркойз Хилл ресурс" компани гаргана.  

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)