ХАРИУЦЛАГАГҮЙ ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭД ХАРИУЦЛАГЫН ТАШУУР ӨГӨХ ҮҮ

2016-01-12 13:17:58

УИХ-ын гишүүд ярьж байна.

-Төр төр биш боллоо.

-Улстөрчдийн балгаар улс орон хямарч дууслаа... гэх мэтээр цуурах.

Янз нь сонгогчиддоо таалагдах ганц арга нь бурууг бусад руу чихэх гэсэн үндсэн тактик байдаг бололтой юм. Тэгвэл эрхэм уншигч таны анхаарлыг одоогийн УИХ-ын 76 гишүүний хэн нь хэдэн удаа сонгогдсонд хандуулья. түүвэрлэж, тэмдэглэсэн энэ тоон үзүүлэлтийг нэг дороос харсан хэн ч гайхмаар.

Учир нь УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар зургаан удаа сонгогдож. Ардын бага хурал хийгээд их хурлаас эхлэн депутатын хэргэм зэрэг дээр сандайлж суусан гэж үзвэл тэднийг төрд дархалсны гавьяа монголчуудад хэр наалдав. Сонирхолтой асуулт. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өөрийнх нь ярьдгаар бол Монголын хамгийн шударга улстөрч. Бараг л үнэнтэй нэг хөнжилд унтдаг ч гэж болно. Хөнжилдөө хууль засдаг хүн гэдэг утгаар нь бодвол яах аргагүй энэ дүгнэлт зөв. Гэсэн ч Монгол Улсын хууль шүүхийн талбар өнөөдрийг хүртэл эрүүлжсэнгүй. Эрүүлжиж гэгээрэх нь битгий хэл ээдэрч, муудсан ч гэж болно. Үүнийг гашилсан сүүтэй зүйрлэж, шар усыг нь гаргах тухай ярихад хэтрүүлсэн болохгүй.

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн тухайд саяхан Үндсэн хуулийн шинэчлэл дээр суугаад завгүй байсан. Харамсалтай нь, түүнийгээ батлуулж чадаагүй. Зургаагийн зургаан удаа УИХ-д сонгогдож, “Шихихутаг” сургуулийнхаа журмаар Монголын мянга, мянган хуульчийг бэлтгэсэн ч тэрбээр хуулийг тэгшитгэж, зөв чиг рүү нь залах үүргээ хангалттай сайн биелүүлээгүй. Биелүүлээгүйнх нь баримт нь Үндсэн хууль. Тэрбээр УИХ-д удаа дараа сонгогдохын тулд Өвөрхангайн малчдын гэрт хонь, адууны зүс ярьж суухаар хуулиа ярьсан бол байдал арай л дээр байх байсан биз.

Тэгвэл энэхүү домогт парламентчдийн араас залгах дараагийн эрх мэдлийн зузаатгалын эзэд нь Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, Ч.Улаан, С.Оюун /нөхөн сонгуулийг оруулаад/ нар. Тэд УИХ-д таван удаа сонгогдсон. Домог уу, баатар уу бүү мэд. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан шиг идэвхгүй улстөрч яг үнэндээ одоогийн парламентад бараг байхгүй. Өмнө нь ч ийм л байсан. Иймд түүний УИХ-д таван удаа сонгогдсон шалтгааныг нь нүүрний буян гэх үү, нүгэлгүй сайн улстөрч гэх үү бүү мэд. Барилга, хот байгуулалтын сайдаар лав олигтой ажилласан онц гойд тэмдэглэл байдаггүй. Р.Гончигдорж гишүүний хувьд Ардчилсан намд үүссэн зөрчил хагарлын загалмайлсан эцэг гэвэл үнэнээс холдож гүтгэсэн болохгүй. Ч.Улаан гишүүн энэ хугацаанд хоёр ч удаа Сангийн сайдын алба хашсан. Харамсалтай нь, улс орон түүний тусламжтайгаар сүйрлийн ирмэгт оччихсон. Үүнийг улс төрийн хүрээнийхэн өдөр бүр л ярьдаг, хэлдэг. Гэсэн ч дур сонирхлоо хязгаарласан нь үгүй. С.Оюун гишүүний хувьд НҮБ-д салбар хороо удирдаж буй чадварлаг нэгэн. Гэхдээ л ИЗНН-ыг намын дайтай удирдахаас илүүтэй хувь хүнийхээ түлхэх хүч болгож ашигласан ноён хатагтай. Сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагаанд ч идэвх зүтгэл гаргахаа больсны зэрэгцээ бараг л хол явах хүнийг татаж чангааж парламентад суулгасан мэт аашлах болсон.

Ингэж бүхий л амьдралынхаа 20-24 жилийг УИХ-ын зөөлөн суудалд шигдэж өнгөрөөсөн тэдний араас залгах дараагийн дархлагдсан УИХ-ын гишүүд нь Р.Амаржаргал, Д.Арвин, Су.Батболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар. Дөрвөн удаа сонгогдсон эдгээр гишүүд дор бүрнээ цаг тухай үедээ Засгийн газарт сайдын алба хашиж байсан. Мэдээж Д.Арвингаас бусад нь. Д.Арвин гишүүний хувьд МАН-ын батлахаа АН-ын үнэмлэхээр сольж, улстөрчийн хувьд хувьсгал хийхийг зорьсон ч “Шонхор” фракцийн хэрүүлч болжмор төдийхөн л болчихсон. Тойрогтоо бол тоймгүй сайн ажилласан гэх ч эмэгтэй улстөрчдийн зангаргыг хямдруулж, хүндлэлийг дордуулсан гэхэд буруу зүйл үгүй.

С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын тухайд Ардчилсан намын лидерүүдийн арын эгнээнээс хүч гарган урагшилсан ч саар тодотгол дэндүү ихтэй болчихсон. Нас залуу цус шингэн хэмээн өөрсдийгөө өмгөөлж болох ч парламентын засаглалтай улс оронд бүхэл бүтэн 16 жилийг УИХ-д үднэ гэдэг бол нас ахисан буурал толгойтнуудын нэгд яах аргагүй орно. Гэсэн ч залуугаараа өтөлсөн тэдний үнэлгээ яаж ч хичээгээд ирээдүй цагт дээшээ гарахгүй гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй болов уу. Харин чадал байгаад ч чансаа нь хүрэхгүй УИХ-ын гишүүний нэг нь Р.Амаржаргал. Хувийн амбицаараа багийн тоглолтоос сугарч үлддэг тэрбээр нэгэн үе Засгийн газрыг тэргүүлсэн. Удаад нь ч дахин тэргүүлэхийг санаарахсан. Гэвч зөрүүд улстөрч хүн мэдлэг боловсролтой байлаа, байлаа гээд улс оронд хэрэг болдоггүй гэдгийг үлгэрлэх төдийхөн. Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёрын тухайд бас л хэцүү. Улс төрд дор бүрнээ соёл төлөвшүүлэх тухай ярьдаг ч цагаа тулахаар хамгаалалтын бамбай барих замаар толгойгоо хамгаалах нь бий. Лав л тэднийг УИХ-д дөрвөн удаа сонгогдсны онцгой сайхан гавьяа гээд байх юм үгүй.

Араас нь залгах эрх мэдлийн амтыг мэдрэгсэд бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Сү.Батболд, Х.Баттулга, Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Ц.Дашдорж, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, М.Энхболд, З.Энхболд. Тэд УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон. Анзаараад харах нь ээ, УИХ-ын дарга З.Энхболдоос бусад нь бүгд Засгийн газарт алба хашсан. Тэгэхээр тэдний амьдралын 12 жил яалт ч үгүй Монгол Улсын хувь заяаг удирдахад зориулагдсан байж таараа. Гагцхүү удирдсан орных нь эдийн засаг ямар байгааг бодоод үз. Ухааныхаа ураар УИХ-д сонгогдсон байж болох ч сэтгэл зүтгэлээрээ ажилласан эсэх нь бас л эргэлзээтэй. Өөр хоорондын улс төр, бизнесийн эрх ашгаар улс орныг талцуулж, эвдрүүлэхэд энэ хүмүүс бусдаасаа илүү их идэвхийлэн оролцож ирсэн. Өнөөдөр ч тэр зөрчил нь хууль хяналтын байгууллагын баривчилгаагаар үргэлжилж байгаа.

Харин А.Бакей, Ж.Батсуурь, Н.Батцэрэг, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, М.Зоригт, Д.Зоригт, Ц.Оюунбаатар, Я.Санжмятав, М.Сономпил, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Х.Тэмүүжин Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, С.Эрдэнэ нарын тухайд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Хууль тогтоох засаглалыг бүрэн утгаар нь эзэмшихэд тэдэнд 6-3 удаа сонгогдсон гишүүдтэй харьцуулаад үзэхэд дахиад 1-4 удаагийн парламентад суух хэрэгцээ шаардлага бий. Олонхи нь идэр насны улстөрчид гэж үзвэл дараагийн олон жилийн дампуурал яах аргагүй тэдний нэрэн дээр бичигдэж таараа. Хоёр удаа сонгогдлоо гээд бусдыгаа муучилж,бурууг бусад руу түлхэхээс өөр гавьяа үзүүлээгүй байгаагаас нь бодоход магтах үг олдомгүй. Дүндээ л дүн. Дараагийн Д.Лүндээжанцан, дараагийн Ц.Нямдорж. “Ирж яваа цагийн дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй юм” гэж эдний дундаас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ганцаараа хашгирав ч улс төрийн эрмэлзэл нь унтарснаас өөрцгүй болчихсон. Тэгээд ч одоогийн УИХ-ыг харах нь ээ, ирж яваа цагийн дуу гэж байдаггүй гагцхүү харьж яваа үеийнхний дууг ноот харж дуулдаг дэг ёс л Монголын улс төрд хуульчлагдсан мэт. Хоёр дахь удаа сонгогдсон УИХ-ын гишүүд бол яах аргагүй үүний жишээ. Өөрөөр хэлбэл тэднээс шинийг, үнэнийг, эрч хүчийг, шударга ёсыг хайгаад нэмэргүй. Аль хэдийнэ хаалгаараа зөв бүхнийг чулуудаж хаячихаад хажуу хавиргынхаа бусармаг бүхэнтэй гар барилцсан тийм л хүмүүс.

Анхны удаа парламентад сууж буй УИХ-ын гишүүдийн хувьд харин бусдаасаа илүү онцгойрч, олонд танигдахыг чухалчилж байгаа нь тодорхой. Гэхдээ О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, С.Ганбаатар, Н.Номтойбаяр нараас бусад нь зорилгоо биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэхээр тэд улсдаа тодрохоос илүүтэй тойргийн улс төрийг чухалчилж, орон нутгийн идэвхтэн зүтгэлтэн шиг ажиллаж байгаа нь нууц биш. Мөрөөдөл нь мөн л хоёр дахь удаагаа сонгогдсон УИХ-ын гишүүдийн адил алс холынх болохоор тэр байх. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан нарын тухайд жагсаал, тэмцлээр аль хэдийнэ олны танил болчихсон учраас УИХ-ын танхимд бусдыгаа жаахан загначихад л оноо нь нэмэгдээд явчихдаг тийм л улстөрчид. Энэ дунд харин онцгой ганц фигур байгаа нь Барилга, хот байгуулалтын сайдын албыг давхар хашигч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ. УИХ-д зургаан удаа сонгогдсон, дахиад ч нэр дэвших хүсэлтэй Ц.Нямдорж гишүүн “Өдрөөс өдөрт чансаа нь сайжирч, яван чангарч яваа улстөрч эмэгтэй” хэмээснээс харахад З.Баянсэлэнгэ гишүүний хувьд тойргийн өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөж мэдэх л юм.

Ерөнхийдөө энэ бол УИХ-ын 76 гишүүний үнэн төрх. Тэдний 27-гоос бусад нь бүгд 2-6 удаа УИХ-д сонгогдож. Энэ нь амьдралынхаа 8-24 жилийг УИХ-д өнгөрүүлсэн үнэн түүх. Хүний амьдралаар бол анхны хүүхдээсээ ач, зээг нь хүлээгээд авчих хэмжээний хугацаа. Найман жилийн хугацаа ч бага биш урт он жилүүд. Хүүхдээр бол бичиг үсэг сурах, оюутан насаар бол хоёр ч их сургууль дүүргэчих хэмжээнийх.Гэвч улс орны хувьд хэмжвэл ядуурлаас ядуурал руу, дампуурлаас дампуурал руу, хагарлаас хагарал руу буюу бүрэн утгаараа тэдний гараар дампууралд хүрсэн үнэгүйдсэн он жилүүд. Иймд тэднийг монголчуудын олонхийн саналаар сансарт нисгэсэн сансрын нисгэгчид гэж итгээд тэнгэрээс буухыг нь хүлээх эс бол дахин УИХ-д сонгогдох эрхийг нь хязгаарлах гарц байж болох юм. УИХ жинхэнэ утгаараа хуулиа ч баталж чадахгүй, орд газруудаа ч эдийн засгийн эргэлтэд оруулж дөнгөхгүй дампуурчихсан байгаа одоогийн тохиолдолд шүү дээ.

Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг боловсруулсан. Төсөл зөвхөн УИХ-ын гишүүд болон томилогдсон албан тушаалтныг тойроогүй. Ерөнхийлөгчийн эрх, үүрэг ч орсон. Үндсэн утгыг нь сийрүүлбэл сахилгын, улс төрийн, ёс суртахууны гэсэн гурван хариуцлагыг хуульчилж өгөхөөр байгаа. Ингэхдээ огцруулах, эргүүлэн татах, төрийн өндөр дээд албан тушаал хаших эрхийг нь хязгаарлах, уучлалт гуйх гэх мэтийн хариуцлага тооцох тухай заасан. Мөн “Би гагцхүү үнэнийг мэдүүлэхээ тангараглая. Хэрэв худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээнэ” гэдэг тангарах унших заалт ч бий. Тэгвэл энэ нийтлэлээр дамжуулан УИХ-ын 76 “сансрын нисгэгчид”-ийн хэн нь хэн бэ, хэдэн жил төр удирдав гэдэг мэдээллийг хүргэхийг зорилоо. Харин тэд Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг баталж чадах болов уу. Эрх мэдлийг 4-24 жил атгаж чадсан шигээ алдаагаа хуульчлахад тэргүүнээ бөхийлгөж дөнгөх болов уу... Үйл явдлын өрнөлөөс хариултыг нь харцгаая. Ядаж л хариуцлагагүй улстөрчдийг хариуцлагаа ухамсарлах ташууртай болгох гэсэн санаачилга  гэдгийг нь хүндэтгэж үзээсэй.

УИХ-ын гишүүд     Сонгогдсон тоо

 

УИХ-ын гишүүд

Сонгогдсон тоо

1

Н.Алтанхуяг

3

2

Р.Амаржаргал

4

3

Д.Арвин

4

4

О.Баасанхүү

1

5

А.Бакей

2

6

Н.Батбаяр

3

7

Су.Батболд

4

8

Сү.Батболд

3

9

Ж.Батзандан

1

10

Ж.Батсуурь

2

11

Х.Баттулга

3

12

Г.Батхүү

3

13

Д.Батцогт

1

14

Н.Батцэрэг

2

15

М.Батчимэг

1

16

Д.Бат-Эрдэнэ

2

17

Б.Бат-Эрдэнэ

3

18

З.Баянсэлэнгэ

1

19

Ц.Баярсайхан

5

20

Г.Баярсайхан

2

21

С.Баярцогт

4

22

С.Бямбацогт

2

23

Л.Болд

3

24

Б.Болор

1

25

Х.Болорчулуун

1

26

Р.Бурмаа

1

27

С.Бямбацогт

2

28

С.Ганбаатар

1

29

Д.Ганбат

1

30

Л.Гантөмөр

3

31

Д.Ганхуяг

3

32

Б.Гарамгайбаатар

1

33

Р.Гончигдорж

5

34

Ц.Даваасүрэн

2

35

Ц.Дашдорж

3

36

Д.Дэмбэрэл

6

37

С.Дэмбэрэл

1

38

М.Зоригт

2

39

Д.Лүндээжанцан

6

40

Б.Наранхүү

1

41

Н.Номтойбаяр

1

42

Ц.Нямдорж

6

43

С.Одонтуяа

1

44

Ё.Отгонбаяр

1

45

С.Оюун

5

46

Ц.Оюунбаатар

2

47

Ц.Оюунгэрэл

1

48

Д.Оюунхорол

3

49

Ч.Сайханбилэг

4

50

Я.Санжмятав

2

51

Д.Сарангэрэл

1

52

Я.Содбаатар

1

53

О.Содбилэг

1

54

М.Сономпил

2

55

Д.Сумьяабазар

1

56

А.Тлейхан

2

57

Ш.Түвдэндорж

1

58

Х.Тэмүүжин

2

59

Д.Тэрбишдагва

3

60

Ч.Улаан

5

61

Г.Уянга

1

62

Д.Хаянхярваа

2

63

Ч.Хүрэлбаатар

2

64

Л.Цог

1

65

Ц.Цолмон

1

66

Б.Чойжилсүрэн

2

67

Л.Энх-Амгалан

1

68

Ж.Энхбаяр

2

69

Н.Энхболд

4

70

М.Энхболд

3

71

З.Энхболд

3

72

Ө.Энхтүвшин

4

73

С.Эрдэнэ

2

74

Ж.Эрдэнэбат

1

75

Д.Эрдэнэбат

1

76

Л.Эрдэнэчимэг

1

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)