Эх орноо эгэл ард, эд баялаг, ирээдүй хойчтой нь багтаасан улстөрч билээ, би

2016-01-13 09:16:01

Жүжиг, киноны сайн зохиол хайсан найруулагчийн зовлон шиг энэлэн шаналал цаана чинь алга аа. Уран бүтээл хийх хүсэл мөрөөдөл байгаа байтал сэдлийг нь төрүүлж, сэтгэлийг нь баясгах зохиол олдохгүй зовоож байна гэнэ. Иргэдийн санхүүгийн хямрал зохиолчдын тархинд ийм хурцаар нөлөөлнө гэж хэн мэдлээ дээ. Тийм ээ, найруулагч аа.

Тэгээд бодлоо. Эх орны минь нэг ч гэсэн хүн зовлонгоос ангижраг гэсэндээ энд би вээр нэгэн зохиол бичье гэж. Гол нь тархи толгой өдрийн хоол, өнөөдрийн сэдвээс ангижрахад бэрх тул хамгийн ойрын хачин гоё сэдвийг сонгож авлаа. Товчхондоо зохиолын маань нэр тодорхой. “Эх орноо эгэл ард, эд баялаг, ирээдүй хойчтой нь багтаасан улстөрч билээ, би”. Гоочилсон хүнд уртын урт, утга агуулга нь бялдуучлалын өндөр дээд хэмжүүр байх талтай. Гэсэн ч улстөрчдийн ухааныг магтахгүй байхын аргагүй. Та, бид лав тэдэн шиг гайхамшиг байж чадахгүй.

Зохиолын маань гол дүр болох улстөрч эр 40 эргэм насных. Намыг нь чухалчилсан хүнд эрх баригч хүчнийх байвал үнэнд ойр байж мэднэ. Үзэл санаа нь “Эх орноо энэ яваа насандаа цээжээрээ, тархиараа хамгаалах” гэдэг уриатай. Тэрбээр өглөөнөөс үдэш болтол эх орноо боддог тул хэвлэл, мэдээллийн хуудаснаа өдөрт заавал нэг удаа залардаг, мөн зурагтаар гардаг. Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мэргэшиж байгаа. УИХ-д мөн нэг суудал бөглөдөг. Идэр насны эр гэсэндээ ирээдүйд таван ч удаа УИХ-д дахин сонгогдох сэтгэлийн төлөвлөгөөтэй.

Найруулагчид зохиогчийн зүгээс онцолж даалгах нэг даалгавар бол энгэр цээжинд нь эх орныхоо далбааг цаг ямагт хатгах. Учир нь, түүний үйл хэргийн ундарга болсон үг хэлний 80 хувьд нь эх орон хавчуулагддаг. Хамгийн сүүлийн онцгой сайхан ишлэлээс нь тоочвол:

-Тавантолгойг ард түмэнд тарааж, өдөрт нэг шуудай нүүрсээр ханга. Үүний тулд зуух нэг бүрийг нь шинэчилж, уурын зуухны хүчин чадалтай болго.

-Оюутолгойн 34 хувийг Монголын аж ахуйн нэгж бүрт тарааж, хувийн хэвшлээс бүрдүүлсэн олонхийн засаглалаар ханга.

-УИХ-ын гишүүд бүгдээрээ хулгайчид байна. Гэхдээ надаас бусад нь. Иймд УИХ-ын 75 гишүүнийг шинээр сонго.

-Өвлийн улирлыг зуны хэмнэлд шилжүүлэх зорилгоор Улаанбаатар хотыг бүрэн утгаар нь ваакуумжуул.

-Эх орныхоо төлөө би өөрийгөө золиход ч бэлэн байна. Миний амь нас бол эх орны үнэт баялаг юм.

-Надаас гэр бүлтэй юу гэж битгий асуу. Би гэр бүлийг Монгол Улсаараа төлөөлүүлж боддог. Ганц миний, миний эхнэр бид хоёрын жаргал бол энэ зовсон, шаналсан ард түмний хажууд хэтэрхий жижигхэн асуудал юм.

-Шударга ёсыг би урдаа намируулах тугаа гэж боддог. Энэ туг ямар ч материал, ямар ч оёдолтой байсан хэзээ ч урагдахгүй. Учир нь, би танд өмд хэрэгтэй бол оёж, ус хэрэгтэй бол зөөж, шударга ёс хэрэгтэй бол хуульчилж чадна... гэх мэт хэлц.

Яг энэ хэлцэнд нь иргэд ч хачин дуртай. Гол нь алга ташилтыг үзэгчээс илүү тайзнаас хүргэх нь их чухал. Олон хүний алга ташилтын чимээг бичиж аваад, сүрийг үзүүлэх зорилгоор аялгуу хөгжмийн оронд тавибал тун догь. Бас болоогүй ээ. Хувцаслалт нь тун чиг хайш, яаш байх ёстой. Эх орноо бодсон хүн индүүдлэгтэй өмд, брэндийн цамц өмсөх нь жаахан зохисгүй л дээ. Харин хилийн чинад болон найз нөхдийнхөө хүрээнд бол гангална гэдгийг ёстой үзүүлж өгнө. Нэг ээлжийнх нь төлөө хоёр сая төгрөгөөс эхэлж, уудаг архи нь 500 мянган төгрөгөөс доош ордоггүй. Харин зурагтаар гаргахын хувьд цаг үргэлж автобусаар явдаг бол тун аятайхан байгаа юм.

За тэгээд Чингисийн талбай дээр жагсаж, боргохын тухайд бол үнэхээр мэргэжлийн. “Алив чанга яригчаа өгөөч” гээл алдарт үгсээ урсгаж өгнө дөө. УИХ-ын танхимд ч мөн адил. Гол нь 75 шуналын тулам, эх орноо худалдагсдын дунд ганцаараа мангасыг дардаг ядуу хүүгийн дүрээ алдахгүй байх ёстой. Харин хэвлэл, мэдээлэл гарлаа, найзаллаа, наргилаа. 76-ын шуналтан, худалдагсад... юу болж болох тэр бүх дүрдээ орно гэж байгаа.

Аа, тийм жүжгийн маань гол дүр “Эх орон танаа” гэсэн онцгой нэг дуутай. Дууны үгийг нь ишлэх нь ээ

Эх орон та минь ээж шиг

Эх орон та минь аав шиг

Аав, ээж хоёртоо хайртай болохоор

Эх орон тандаа хайртай байдаг юмаа... гэсэн мөртэй. Мөр бадаг бүрийг гараа дэлгэж, энгэрээ дарж дуулдаг. Сонгогчид дунд энэ дуу нь хит болсон гээд боддоо. Бас болоогүй ээ, жүжгийн маань дүр үнэхээр сонгодог. Сонгодог урлагаар бүрэн зэвсэглэсэн. Дуурь, балет бүрт тусгай суудал захиалж, эрвээхэй зангиагаар хүзүүгээ чимсэн шигээ л хүндэтгэл үзүүлдэг. Сонгодог урлагийн академик театрт нэг том болзол тавьсан нь “Тоглолт бүрийн дараа миний нэрэмжит цэцэг өгч бай” гэдэг лүндэн. Аргагүй л сонгодог улстөрч гэдэг сонгодгоороо л байна гэж энэ дээ...

Аа, тийм. Найруулагчаас гуйх эцсийн хүсэлт. Энэ хүнийг их удахгүй төрийн өндөр дээд одон авах нигууртай гэдгийг уран сэтгэмжээрээ яаж ийгээд нэг ойлгуулж өгөөрэй. Олон хүн өөрийгөө гэж итгээд баярлаж таараа. Бурханыг бодож бусдад тал зассан бол тал алдахгүй дуусгах хэрэгтэй биз дээ. Тийм ээ, жүжгээ...

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)