НАМУУД ЯАГААД НАМИНЧЛАЛААС ТАТГАЛЗАНА ВЭ

2016-01-13 09:17:43

Улс төр урлаг хоёрын хооронд нэг их ялгаа байхгүй. Аль аль нь олон нийтийн санаа бодлыг эргүүлэх, уяруулах, хүлээн зөвшөөрүүлэх үндсэн зорилготой. Уран бүтээлчид “Бусдад таалагдахын тулд уран бүтээл тууриваагүй” хэмээн хачирхах ч үндсэн хэрэгтээ тэд иргэн та бидний халааснаас гарсан мөнгөөр амьдардаг. Улстөрчид ч мөн адил. Тэд бидний санал дэмжлэгээр төрд гардаг. Тэгэхээр энд сэтгэл ханамж, сэтгэлийн таашаал гэгчийг эрч хайх эрх иргэн бүрт бий гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл сэтгэлийн таашаалыг уран бүтээлээс, сэтгэл ханамжийг улс төрөөс нэхэх ёстой гэсэн хэрэг л дээ. Иймээс ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн бариад байгаа Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг төсөл батлагдах эсэхээс хамаарч Монголын улс төр хариуцлагатай болох уу, улс төрийн намууд зөв чиг шугамаа барьж цаашид ажиллах уу гэдэгт та бид бат ноттой хариулттай болох учиртай юм. Одоогийн байдлаар Ардчилсан нам дэмжихээ илэрхийлсэн. Харин МАН-ын байр суурь хараахан тодорхой бус байгаа. УИХ дахь албан бус Бие даагчдын бүлгээс бол дэмжихээ мэдэгдсэн. “Шударга ёс” эвслийн тухайд үл мэдэгдэх. Мэдээж байр суурь нь шүү дээ. Гэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хувь хүнийхээ үүднээс олон ч удаа улстөрчдийн хариуцлага, эх орноо гэх сэтгэлийн талаар ярьснаас үзвэл дэмжих магадлалтай. Чиг шугамаа барив л шүү дээ.

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл ямар агуулгатай вэ. Агуулгыг нь юуны учир зөвтгөн дэмжих ёстой вэ. Энэ асуултад зүйл заалтаар нь тодорхой тайлбарлаж болно. Гэхдээ үүний өмнө уншигч та зөвхөн УИХ-ын сонгуульд ордоггүй атлаа жагсаал цуглаан хийх болохоороо нам болчихдог, ганц даргынхаа эрх ашгаас ангижирч чадахгүй бүлэглэл атлаа биднийг төрд оруулсангүй гэж архирдаг, шат шатны сонгууль болохоор тойрог наймаалцах журмаар ганц нэг хүн дэвшүүлсэн болж жүжиглэдэг намуудын тухай төсөөллийг өөртөө ургуулан бодоод үзээрэй. Энэ үед тань дүр зураг нь ерөнхий нэг чиг шугамаар дүрслэгдэх нь гарцаагүй. Яг тэр бүх зүг чиггүй улс төрийг Улс төрийн намын тухай хуулийн төслөөр цэгцлэх боломжтой гэдгийг төсөл боловсруулагчид олонтаа тайлбарлана билээ.

Наад зах нь, намын зорилго, үйл ажиллагаа, гишүүдийнхээ зан байдлаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын эсрэг болох нь тогтоогдсон, дараалсан зургаан жилийн хугацаанд аливаа сонгуульд нэр дэвшүүлж оролцоогүй, нам жилд хоёр удаа үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг нэгдсэн байдлаар гаргаж өгөхөөс гурван удаа татгалзсан бол намыг тараах, хариуцлага тооцох тухай заалт бий. Мөн сонгуульд нэр дэвших эрх олгохдоо гишүүнээсээ хандив, барьцаа, дэнчин, тусламж болон бусад аливаа хэлбэрээр мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардахыг хуулиар хориглохоор байгаа. Энэ бол өнөөдрийн улс төрийн намуудад хэвшсэн дүр зураг. Хэн мөнгөтэй нь УИХ-ын гишүүн болж, мөнгөгүй нь хаалганы гадна үлддэг зарчмыг халах гэсэндээ дээрх заалтыг хуулийн төсөлд оруулсан нь ойлгомжтой.

Дээр нь, намын санхүүжилтийн тухай олон хатуу гэхээс илүүтэй бодитой, хариуцлагатай заалтууд ч бий. Тодруулбал, санхүүг нь Шилэн дансны хуулиар зохицуулахын зэрэгцээ санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх үүрэг хүлээхээр байгаа. Санхүүжилтийн эх үүсвэрийн тухайд ч тодорхой заалт төсөлд бий. Харин гишүүнчлэлийн тухайд намын гишүүн, дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэх гурван ангилал байхын зэрэгцээ тус бүртээ намдаа үзүүлэх нөлөөллөөр нь эрх, үүргийг нь цаагаад өгчихсөн. Өнөөдөр төрийн албан хаагч болж намаас татгалзсан атлаа улс төрийн намын эрх ашигт нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг олон, олон дарга нар байдаг. Тэдний үйл хэргийн зөвтгөх тайлбар нь ч тодорхой. “Угшил минь...” гэх ганцхан томьёоллоор өршөөн хэлтрүүлдэг.

Гол нь энэ санаачилгын дүнд намуудыг бодлогын нам болгон төлөвшүүлэх, намыг хянах олон нийтийн хариуцлагын тогтолцоог бий болгох, нам төрийн үйл ажиллагааг зааглах, шилэн данстай болгох, намын дотоод улс төрийн маргааныг хязгаарлах гэдэг зорилго агуулагдаж байгаа.

Гэсэн ч энэ хуулийн төслийг УИХ батлах эсэхээс бүх зүйл хамаарна. Сүүлийн үеийн улстөрчдийн тайлбарыг харах нь ээ “3001-ээс доош хүн амтай орон нутгийн нэгжид нам байгуулахыг хориглоно гэдэг буруу” гэх “онош” ихэд давамгайлах болсон. Цаашлаад жижиг намуудыг хүчээр шахах нь гэдэг хийрхэл ч ихэсч буй. Угтаа бол өнөөдөр Монгол Улсын 180 гаруй сум 3001-ээс доош хүн амтай. Тэгсэн атлаа иргэд нь намын харьяаллаар хуваагдаж, сумын өөрөө удирдах төв байгууллага нь улс төрийн эрх ашиг, шаталбарын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Жижиг намуудын тухайд зөвхөн нэг болон түүнийг тойрсон хэсэг бүлэг хүний эрх ашгийн төлөө улс төр хийдэг гэдэг нь ч тодорхой болчихсон. Тэр хэрээр намд итгэх иргэдийн итгэл нийт сонгогчдын 30 хувьд ч хүрэхгүй болтлоо уначихсан байгаа. Зөвхөн АН, МАН хоёрт ийм судалгааны дүн гарч байхад бусад намуудын хувьд тодорхой. Уг нь нам бол төрийн толь байх ёстой. Хэдийгээр Монгол Улс ардчилсан орон ч гэлээ төрийн эрхийг сонгуулиар дамжуулан нам барьдаг уламжлал өнөөдрийг хүртэл оршин тогтносоор байгаа. Бусад улс орнуудад ч адилхан. Ийм байхад намын нэр хүнд нь өөрөө төрийн нэр хүндтэй шууд хамааралтай хэмээн дүгнэвэл буруу зүйл үгүй. Иймээс л намуудыг ирээдүйн цөхрөл, дампуурлаасаа өмнө өнөөдөр наминчлал үйлдэж, Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжээд батлуулаасай хэмээн хүсэх байна. Шалтгааныг нь дахиад тодотгоё. Аль ч нам нь одоо л сахилга баттай, үнэнтэй ойр, хариуцлагатай найзалж чадахгүй бол Монголын төр өөрөө хөлний гишгүүр шиг болох гээд байгаа учраас тэр шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ирээдүйн төлөө намууд өнөөдөр л  наминчлалд нэгдэх ёстой болчихоод байгаа нь энэ юм.

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)