Монголбанк эерэг хандлагыг “хөгжөөв”

2016-01-18 17:48:42

2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр. Энэ өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргалаа. Тэгвэл энэ шийдвэртэй холбогдуулан 2015 оны нэгдүгээр сарыг нэгэн санацгаая.

Учир нь Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл яг одоогоос нэг жилийн өмнө бодлогын хүүгээ нэг хувиар нэмж байж. Мөн “Дөрөв болон зургаадугаар саруудын хурлаар энэ шийдвэрийг өөрчлөхгүй хэвээр хадгална” хэмээсэн байдаг. Ингэхдээ “Дотоод, гадаад эдийн засгийн сүүлийн саруудын шинэ тоон мэдээллээс харахад экспортын өсөлт саарч, хөрөнгө оруулалт үргэлжлэн унаж, өрхийн бодит орлого буурчээ” гэх дүгнэлтийг ч хийсэн. Энэ талаараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын чуулганы танхимд “Сүүлийн нэг жилийн хүрээнд хэрэгжүүлсэн хатуу бодлогын үр дүн гэж харж байгаа. Эрэлтийг өдөөж байгаа, хэрэглээг өдөөж байгаа мөнгөний бодлого их байгаагүй. Хуримтлалыг өдөөсөн бодлого хэрэгжүүллээ” гэж ч хэлсэн. Үндсэндээ төр байгаа мөнгөө цацаад дуусахтай хамт иргэд ч, бизнес эрхлэгчид зарлагаа нэмээд эхэлбэл эргээд хэн эдийн засгийг дэмжих вэ гэдэг ганцхан асуултад Монголбанкны бодлого төвлөрч ирсэн хэмээн ойлгомжтойгоор тайлбарлавал болно байх.

Ийн зэрэгцүүлэн бичиглэхийн учир нь хоёр оныг угтсан Монголбанкны бодлогын өөрчлөлтийг тодорхой харьцуулалтайгаар харуулах зорилго агууллаа. Дээр нь тодруулахад төв банк энэ удаагийн шийдвэрээ “Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны арваннэгдүгээр сарын эцэст 2.9 хувь болж, сүүлийн таван сарын турш зорилтот түвшнээс доогуур байгаа нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байна” гэж тайлбарласан юм. Үр дүнд нь мэдээж үндэсний үйлдвэрлэгчид нэмэлт санхүүжилт хайх боломжтой болно. Зээлийн өртөг буурч, үйлдвэрлэлийн зардал нь хумигдах учраас тэр. Араас нь сэтгэл уужрах хүмүүс нь худалдан авагчид. Ингэхээр мэдээж эдийн засаг сэргэнэ.

Тодруулбал, УИХ-аас ипотекийн зээлийг цаг алдалгүй сэргээхээр хэлэлцэж буй энэ үед Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан нь барилгын бизнес эрхлэгчдийн хувьд яах аргагүй баярт мэдээ.  Мөн урин дулаан цаг айсуй байгаатай зэрэгцэн манай улсын бүтээн байгуулалт, арилжаа наймааны эргэлт хурдасдаг. Иймд Монголбанк тэр бүхнийг тооцоолсон нь лавтай. Гол нь Төв банк энэ мэт эерэг хандлагыг “хөгжөөж” өгснөөр арилжааны банкууд шийдвэрээ өөрчлөх үү гэдэг асуултыг эцэст нь тавих ёстой байх. Арилжааны банкуудын зээлийн хүүнд тодорхой бууралт ирснээр үр дүн нь илүү ашигтай тусах болохоор тэр шүү дээ. Иймд төв банкны шийдвэрийн биелэлтийг банкуудаас эрж хайя. Төв банк нь “Нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой байхын зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй байна. Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихээр байна. Мөнгөний бодлогын төлвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлнө” гээд шийдвэрийнхээ үндсэн хүчин зүйлийг тайлбарлачихсан байхад шүү дээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)