Д.Дэмбэрэл:Төрийн хүн даруухан байх ёстой юмдаа

2016-02-17 14:19:33

 

Монгол зон олны уламжлалт Цагаан сарын баярын золгох ёсон алсраагүй байгаатай зэрэгцэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.
-Сайн байна уу Та. Сайхан шинэлэв үү?

-Сайхаан. Сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ. Таны золгуут өргөн дэлгэр болж байна уу?

-Өргөөн. Монгол үндэстний цагаан сар гэдэг зон олны уламжлал, өргөн дэлгэр өв соёлтой гэдгийн илэрхийлэл болсон их сайхан баяр. Тэр төвшинд нь тэмдэглэлээ дээ. Шинийн нэгний өглөө Төрийн золголтод оролцоод өдөр нь ах, эгчдээ очиж золгосон. Тэгээд л гэртээ сууна даа. Шинийн гурвандаа харин өндөр настай ах дүү, хамаатан садныхаараа явдаг уламжлалтай.

-Та нутаг явах уу?

-Явна аа. Манай Ховд аймгийн нутаг орны онцлог гэж байна. Нэлээн өргөн уудам нутагтай болохоор Цагаан сар болсон даруйд золгоод дуусна гэж бас байхгүй. Шинэ хуучирсан хойно ч золгуут үргэлжилсээр байдаг юм.

-Та бэлэг бэлтгэхэд санаа оноогоо нэмэрлэдэг үү?

-Нэмэрлэлгүй яахав. Үндэсний үйлдвэрлэлээ манайхан их дэмждэг болсон байна. Дээр нь зарим хүмүүс импортын барааг илүүд үзэх нь ч бий. Аль, алиных нь жин банг тааруулаад бэлддэг уламжлалтай. Өөрийн зүгээс хүнд өгөхөд өнгө үзэмж аятайхан, авч байгаа хүндээ хэрэгтэй байх талаас нь хэд гурван үг хэлнэ ээ.
Манай баруун монголчууд чинь цагаан идээ, цагаан өнгийг цагаан сараар их өргөн дэлгэр хэрэглэдэг уламжлалтай. Цагаан морь унаж зүг чигээ гаргахаас өглөөг эхлүүлнэ. Цагаан дээл өмсөнө. Архи, дарс хэрэглэхгүй байх их сайхан сайхан уламжлалтай.

-Таны хүүхэд насны үед малчны баяр гэдгээр тэмдэглэдэг байсан байх. Сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Манайхан социализмын үед цагаан сар тэмдэглэдэггүй байсан гэж ярьдаг. Юу гэж тийм юм байх вэ. Бид чинь малчны баяр гэдгээрээ их сайхан тэмдэглэж ирсэн. Хүүхэд байхад бэлэг шиг сайхан зүйл байсангүй. Ёстой нэг хүсэн хүлээдэг баяр маань байлаа. Одоо манайхан айлд ороод бууз идээд, бэлэг аваал гардаг болж. Уг нь хоорондоо танилцаж, хорол нүүж, шагай тоглох их сайхан уламжлал байсан юм шүү дээ. Энэ нь зүгээр нэг тоглоом биш байгаа юм. Ах дүү хамаатан садантайгаа танилцаж, дотносон, энерги өгөх их сайхан уламжлал. Үүнийгээ сэргээх хэрэгтэй юм болов уу гэсэн бодол цагаан сарын үеэр төрдөг дө.

-Та УИХ-ын хамгийн ахмад гишүүн. УИХ-ын даргын албыг хашиж байсан туршлагатай улстөрч. Энэ утгаараа Цагаан сарын дараах анхны дугаартаа таныг урьсан нь бидний хувьд хүндэтгэлтэй хэрэг. Иймд Монгол төрийн тухай, төрийн түшээ хүний талаар тантай үргэлжлүүлэн ярилцах сэтгэгдэлтэй байна?

-Болно оо. Гол нь төр маань төр шиг байх ёстой юм. Тэгж байж төрийн хүндлэл гэдэг зүйл бий болдог. Түүнээс бус төр нь тэр шиг байж чадаагүй байж бид бүхэн хүндлэл нэхнэ гэдэг өөрөө их буруу зүйл. Сүүлийн үед анзаараад байхад хувь улстөрчид рүү хандсан шүүмжлэл нь өөрөө төр рүү хандсан шүүмжлэл болж хувираад байна. “Тэр улстөрч ашиг сонирхлын зөрчилтэй байна” гэдэг нь төр ашиг сонирхлын зөрчилтэй болсон мэт ойлгогдоод байгаа хэрэг. Иймд улстөрчид маань биеэ зөв зохистой авч явах ёстой юм.

-Уг нь монголчууд маань төрдөө цайны дээж, цагаан сүүгээ өргөдөг ард түмэн шүү дээ, Тийм ээ?

-Тэгэлгүй яахав. Их сайхан хүндлэл байхгүй юу тэр чинь.

-Та иргэдийн шүүмжлэлийн цаад учир шалтгааныг хэрхэн “оношилж” байна вэ?

-Их олон зүйл гарч ирнэ ээ. Наад асуултанд тань. Наад зах нь улстөрчдийн арга ажиллагааны хэлбэр, төрийн эрхийг авчихаад олигтой ажиллахгүй байгаа байдал, энэ том эрх мэдлийн зөвхөн хувийн зориулалтаад ашиглаж буй байдал нь иргэдийг бухимдуулж байна л даа. Мөн өөрсдөө хуулиа дээдэлж чадахгүй байгаа нь их том нөлөө үзүүлж байх шиг байна. Авлига, хээл хахуул, хүнд суртал, хувь улстөрчдийнх нь ёс зүйгүй байдал гээд тоочоод байвал их олон хүчин зүйл бий дээ.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж одоогийн эрх баригчдыг нэлээн сайн шүүмжлэх юм. Та хоёрын хэн хэн нь Монголын хамгийн туршлагатай, олон зүйл суусан парламентч. Энэ утгаараа түүний “Төр дампуурчихлаа” гэдэг үндсэн нэг шүүмжлэлтэй та санал нийлэх юм уу?

-Би улс орон эдийн засгийн хувьд дампуурлаа гэж бол хэлэхгүй. Тэгж үздэггүй. Харин санхүү мөнгөний зарцуулалт эмх замбараагүй, эх захаа алдсан гэдгийг бол хэлнэ. Санхүүг маш буруу зарцуулж байна. Түрүүчийн парламент долоон их наяд төгрөг хүрчихсэн төсөвтэй улс орныг одоогийн эрх баригчдад хүлээлгэж өгсөн. Жилийн үйлдвэрлэлийн өсөлт зарим жилдээ 17  хувьд хүрч байсан. Ийм ганц жил байсан гэхэд бусад жилүүдэд нь ч арван хувиас доошоо орж үзээгүй байдаг. Энэ үзүүлэлтийг өсгөж чаддаггүй юм гэхэд хуучин төвшинд нь бариад явсан бол бид шүүмжлэхгүй байж болно. Гэтэл тэгсэнгүй. Үүнийг санхүү талын дампуурал гэж үздэг. Эдийн засгийн хямрал нь онолын хувьд өөр л дөө. Эдийн засгийн өсөлт хасах руу орохыг хэлдэг.

-Гэхдээ л 2.9 хувийн өсөлтийг хангалтгүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг шүүмжлээд байгаа?

-Хангалтгүй байлгүй яах вэ. Багадаа арван хувийн өсөлттэй эдийн засаг хүлээлгэж өгсөн улс шүү дээ, бид чинь. Гурав дахин буугаад явчихаар чинь хэнд ч гэсэн ойлгомжтой шүү дээ. Гэхдээ үүнийгээ “Эдийн засгийн хямрал” гэж зарлаад байж болохгүй. Янз нь “Улс орны санхүү мөнгө хэцүүдсэн үед бид төр барилаа” хэмээн өөрсдийгөө зөвтгөх гээд байх шиг байгаа юм. Тийм юм гэж юу байх вэ.

-УИХ-ын 1996-2000 оны парламентын түүх бол монголчуудын хувьд асар том сургамж болсон үйл явдал. Гэхдээ иргэд “Тухайн үед балчир залуу байсан улстөрчид өнөөдөр хал үзэж, хашир сууж төр барих төлөвшилтэй болсон” гэж итгэсэндээ саналаа өгч, УИХ-д олонхи болгосон байж таараа. Танд одоогийн нөхцөл байдалд ийм итгэл үнэмшил төрөх юм уу. Таны үг, зөвлөмж, дүгнэлт гэдэг төрийн түшээ хүн бүрийн хувьд сонсох л ёстой үг шүү дээ?

-Ардчилсан нам барууны үзэл баримтлалтай. Гишүүдийнх нь төлөвшил үзэл баримтлалаа дагасан харагддаг. Гэхдээ Монголынхоо онцлогт тааруулж, бодлого явуулах талдаа учир дутагдалтай байна. За даа, ер нь хоёр удаа шалгагдчихлаа даа. Ард түмэн зургаадугаар сарын 29-ний өдөр дүн тавина даа.

-Та ямар дүн тавьж байгаа вэ?

-Ард иргэдийнхээ орлогыг нэмж, амьдрал ахуйг нь дээшлүүлж чадсангүй шив дээ. Ингэж хэлэхээр ойлгомжтой болж байна уу?

-Базаахгүй дүн тавьсан бололтой. Та МАН-ын гишүүн гэдэг утгаараа биш хувь хүнийхээ тухайд эрх барих эрх авахад нь жаахан ч гэсэн итгэл төрж байв уу. “За бас эднүүсийн цаг нь ч болсон доо” гэдэг ч юм уу?

-Бодол байлгүй яах вэ. Даанч тэгээд УИХ дахь МАН-ын бүлэг байгуулахад саад тотгор хийхээс эхлээд “Та нартай та наргүй бид нар явна” гэж байгаа юм шиг хавчаад, олонхийнхоо эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, цөөнхийнхөө үйл ажиллагаа явуулах эрхэнд халдаад ирэхээр ч бас их юм бодогдоно шүү дээ.

-УИХ-ыг даргалж байгаа хүний зан ааш, арга барилтай холбоотой гэж танайхан бас их шүүмжлэх юм. Та өөрөө энэ албан тушаалыг хашиж, алх цохиж байсан хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Миний үед Засгийн газраа дэмжиж, хэрэгжүүлэх гэж байгаа бодлого, хөтөлбөрийг нь аль болох хурдан шуурхай УИХ-аар дэмжүүлэхийг хичээн ажилладаг байлаа. Ерөнхий сайдтайгаа их сайн ярилцлана. Үүний хүчинд бид бүхэн Оюутолгойг хамтдаа урагшлуулж чадсан. Одоо анзаараад байхад эсрэгээрээ байх шиг байна. Төрийн хүнд ажиллах зарчим гэж их чухал зүйл байдаг юм. Түүнийг сайн дураараа, хувийнхаа араншингаар үгүйсгэж зөрчөөд байх ёс байхгүй. Үүнийг  их сайн бодох хэрэгтэй. УИХ дахь МАН-ын бүлэг энэ талаар УИХ-ын даргад албан бичиг ч өглөө, чуулганы хуралдааны үеэр ч хэлж ярьж л байна.

-Тусыг олох юм уу, тэгээд?

-Үгүй яах вэ. Хэлэх эрх, үүрэг нь бидэнд бий юм болохоор уламжлаад явж байна. Уг нь Үндсэн хуульд ч бий. “Цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандана” гэж. Тэгээд олонх өөрийн шийдвэрийг гаргана гэж. Үүнийг Ардчилсан намынхан маань эхлээд их сайн ойлгож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж сурмаар байна. Тэгэхгүй бол өөрсдөө ч эргээд төлөвшилгүй харагдаад байна. Уг нь төрийн хүн их даруухан байх ёстой юм даа. Гол нь энэ шүү дээ.

-Ер нь улстөрчдөд тавигдах ёстой анхдагч шалгуур гэж зүйл байдаг юм уу. Бүгд л нэг нэгнээсээ ялгарахгүй муу хүмүүс шиг иргэдэд ойлгогдоно гэдэг тодорхой нэг шалгуурт баригдахгүй, хүлэгдэхгүй байгаатай холбоотой байж болох юм?

-Хоёр том хүчин зүйл бий. Нэгд хуулиа дээдлэх. Одоо эрх баригчид маань хуулийн ёстой олны хэлдгээр гууль болгож байна. Хуулийг дагаж мөрдөж байгаа жишээ тун цөөхөн боллоо. Хоёрт ёс зүйтэй байх. Төрийн хүний ноён нуруу, алсын хараа гэдэг зүйл хууль дээдлэх ухамсартай зэрэг бичигдэх, биелэгдэх учиртай юм. Гэтэл энэ чанар бас л алга.

-“Ёс зүйтэй бай” гэдэг зөвлөмж хүн бүрийг бараг бүх насаар нь дагадаг зөвлөмж, заавар байх. Гэтэл хэрэгжүүлэхийн тухайд алдаа гарах нь тун элбэг. Иймд та улстөрчдөд ядаж үлгэр болохуйц ёс зүйн дүрмээс хэлж өгөөч?

-Бусдын эрхийг хүндэтгэх. Төрд алба хашиж байгаа бол танил талдаа давуу эрх олгохоос татгалзах. Улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих гэх мэт тун тодорхой зарчим шүү дээ, энэ чинь. Би өнгөрсөн хугацааны ажлын туршлага дээрээ үндэслээд “Ёс зүйт Төр” гэж ном бичсэн. Тун хурдан зарагдаад дууссан. Энэ номоо төрийн албан хаагчдад гарын авлага, заавар зөвлөмж болоосой гэж хүссэн. Зорилго маань биелсэн эсэхийг хэлэхэд хэцүү. Гэхдээ унших гэж авна гэдэг бас ч гэж эхний оролдлого байх талтай юм даа. Наад зах нь төрийн албанд хүн ийм ийм шатаар хүрдэг тухай тэр номонд бий. Цахилгаан шатаар өндөр албан тушаалд очсон хүний улс төрийн замнал нэг их уддаггүй учиртай юм. Харин доороос нь эхлээд, шат дамжлаг бүрээр нь явсан хүний ядаж л туршлага нь өөрөө төрд үнэ цэнтэй байдаг учраас амжилт нь урт удаан хугацаанд үргэлжилдэг жамтай. Залуучууд үүнийг хүртэл их зөвөөр олж харах хэрэгтэй байна. Тэгэхгүй нэг хүн дагаж гялс дээшээ гарчихаад түүнийгээ ялалт гэж ойлгоод байгаа залуус олноороо их хурдан ойчоод байгаа харагддаг шүү.

-УИХ дахь МАН-ын бүлэг ер нь тэгээд цөөнхийн үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Та бүхнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцэн “Төрийн ажлыг гацаалаа. Улстөржлөө” гэх мэт шүүмжлэл нэлээн өрнөх шиг болсон?

-Харин тэгээд л байгаа юм. Уг нь бид сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж, алдаагаа засах тухай л ярьсан шүү дээ. Тэр үеэр. Харин бидний зөвлөгөө, шүүмжийг эрх баригчид маань ойлгоогүй шиг байгаа юм. Эсвэл бид ойлгуулж чадаагүй юм уу. Магадгүй ойлгох хүсэлгүй байсан нь их биз дээ. “Биднийг даргархаж хандлаа” гэх мэтээр шүүмжилдэг. Уг нь 1996-2000 оны үед Монгол Ардын нам цөөнх байгаад үзчихсэн, туршлагатай улс төрийн хүчин. Төрийн залгамж халаа, ёс зүй, уламжлал шинэчлэлээ ч  ойлгох тэнхээ, туршлага манай намд бий. Энэ хүрээндээ ч цөөнхийн үүргээ биелүүлж байгаа гэж боддог. Ард түмэн УИХ-ын 2012 оны сонгуулиар мөрийн хөтөлбөрөө биелүүлэх эрх мэдэл биш хянаж, зөвлөх сөрөг хүчний үүргийг хүлээлгэсэн. Гэтэл энэ үүргээ биелүүлэхээр буруудчих гээд байх бололтой. Ардчилсан намынхны өмнө тэр л дээ.

-Танай намын олон гишүүн УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнг өөрсдийн ялалтаар бичнэ гэдэгтээ итгэлтэй байгаа харагдаж байна. Саяхан нэгэн судалгааны дүнгээр ч танай намын рейтинг Ардчилсан намынхнаас хоёр хувиар илүү гарсан харагдсан. Танд тийм итгэл төрөх юм уу?

-Арга ажиллагааны хувьд буур суурьтай, хэлсэн ярьсан, амласан бүхнээ хийж, хэрэгжүүлж чаддаг гэдгээ Монгол Ардын нам харуулж чадсан. Үүндээ итгэлтэй байна. Шинэчлэл нэрийн дор баахан бүтэх, бүтэхгүй зүйл санаачилж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж ойворгон, овилгогүй загнах улс төрийн хүчин биш гэдгээ бид нотолчихсон. Энэ улс орны тусгаар тогтнолын түүхийн багана байж ирсэн гэдгээ ойлгуулчихсан. Одоо бид ирэх онуудад ийм ийм зорилтыг хэрэгжүүлнэ гэдэг мөрийн хөтөлбөрөө их сайн таниулж, мэдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн 25 жилийнхээ алдаа оноог дүгнэж, засч сайжруулах зорилт, арга барилаа олон нийтэд зөвөөр сурталчлан таниулах шаардлагатай. Тэгж чадвал ч за даа болно доо.

-Ер нь л УИХ-ын 2016 оны сонгуулийн ялалт ойрхон харагдаж байна гэсэн үг бололтой?

-Манай намын нөхдөд “Ялна” гэдэг итгэл төрж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ түүндээ хүрэхийн тулд их сайн ажиллах хэрэгтэй. Энэ бас их чухал шүү.

-Та нэр дэвших бэлтгэлээ базаачихсан уу. Нэлээн эртнээс ажил хэрэг болдог бололтой юм билээ?

-Чи намайг тэгээд л юу, юу ч эхлээгүй байхад “Дэвшинэ, Дэвшихгүй” тухай яриад суудаг улстөрч гэж бодоо юу даа. Би өнгөрсөн зургаан удаагийн сонгуульд оролцохдоо энэ талаар нэг ч удаа урьдчилж ам нээж үзээгүй юм шүү.

-Харин тийм болохоор тань зориуд асуулт тавьчихлаа. Тэгээд ч улстөрч хүнд тавих ёстой зүй ёсны асуулт нь энэ шүү дээ. Олонх нь “Дэвшинэ” гэж хэвлэлээр их чанга дуугарч байгаа харагдсан. Таны туршлагыг хүндэтгээд асуухгүй бол бас болохгүй байх гэж бодсон юм?

-Тэгж урьдчилж зарлана гэдэг улс төрийн туршлагагүй, ард түмэнд танигдаагүй хүмүүсийн л хийдэг ажил байх. Эсвэл хэт их шоуддаг улстөрчид ч юмуу даа. Мэдээж УИХ-ын гишүүн болох хүсэлтэй хүн олон байж таараа. Сонгогчид гэхдээ хэнд боломж өгөх вэ гэдгээ шийддэг. Хүсэлтэй хүн бүрийг төрд гаргаад байдаг жишиг байхгүй. Одоо УИХ-ын долоо дахь удаагийн сонгууль болно. Анзаараад байхад сонгогчид их хашир болсон байна. Мөнгө аваад саналаа өгдөл гэдэг. Амьдрал хүнд үед мөнгийг нь авах нэгэн гарах л байх. Гэхдээ саналаа тэр дагуудаа өгнө гэж байхгүй дээ. Дүгнэлтээ өөрөө хийнэ байх шүү.

-Та МАН, МАХН хоёрыг нэгтгэх тухай саналыг дэмжих үү?

-Нэг угшилтай, нэг үзэл санаатай намууд нэгдэх нь зөв шүү дээ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох эсэх тухай асуудлаар манай улстөрчид өөр өөрийн байр суурийг илэрхийлэх болоод удлаа. Та харин энэ талаар ам нээхгүй л байх даа?

-Асуудал нь орж ирээгүй юм чинь би юу хэлэхэв дээ. Үүнтэй холбоотой нэг зүйл ёстой хэлмээр байгаа юм даа.

-Юуг тэр вэ?

-1992-1996 оны парламентын үед УИХ-ын гишүүд УИХ-д оруулж ирээгүй ямар ч асуудлаар санал, байр сууриа илэрхийлэх эрхгүй байсан юм. Тэр битгий хэл “УИХ дахь намын бүлгүүд зөвхөн өргөн барьсан асуудал дээр санал хэлнэ” гэсэн журам байсан. Гэтэл одоо дуртай гишүүн нь дуртай сэдвээ гаргаж ирэн асуудал болгож, улстөржүүлдэг болчихсон. Засгийн газрыг оруулж ирээгүй асуудлыг шууд УИХ дээр ярьдаг байх жишээний. Тавантолгойн асуудал үүний нэг том жишээ нь. Засгийн газар нь “УИХ-ын гишүүд ингэж шүүмжлээд байна” гээд шууд дальдраад байх жишээний харагдаж байгаа юм. Ийм байж болохгүй. УИХ дахь намын бүлэг нь хуралдаад “Засгийн газар тийм асуудлыг ингэж шийд” гэж тулгадаг. Засгийн газрыг УИХ хууль, тогтоол гаргах замаар чиглүүлэх ёстой болохоос бус аль нэг намын бүлэг удирдаад байж болохгүй. Харин намынхаа байранд хуралдаад, асуудлыг ярилцаж болно. Түүнээс бус төрийн ордноос нам нь Засгийн газраа удирдаад байж болохгүй. Энэ хатуу зарчим алдагдснаас нам, төрийн ажил хутгалдах болсон. Ерөнхийлөгч нь ч УИХ-тай зааг, хэм хэмжээгээ барих ёстой. Албан тушаалтнууд өөр өөрийн хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ жаазанд багтаж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй УИХ-ын дарга нь Засгийн газрыг шууд бусаар удирдаад байж болохгүй. Гишүүдийн эрх мэдэл рүү ч халдах ёсгүй. Ер нь төрийн хүн даруу байх ёстой гэсэн зарчим алдагдаад байна л даа, одоогийн нөхцөлд.

-УИХ-ын даргын эрх мэдлийг та ажиллаж байх хугацаандаа өөрөө өөртөө хэрхэн тодорхойлдог байсан бэ?

-УИХ-ын даргын эрх мэдэл бол агуу эрх мэдэл. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл шүү. Гол нь “Би Үндсэн хуульт засаглалтай улс орны парламентын дарга” гээд хүссэн хүн бүрээ дуудаж загнаад байвал энэ улс орон юу болох вэ. Үүнийг сайтар бодох ёстой. Би тэр тухай их боддог байсан. Засгийн газрын ажлыг дэмжих талаас Ерөнхий сайдтайгаа их сайн ярилцаж, хамтран ажиллах ёстой. Тэгэхгүй гүйцэтгэх засаглалынхаа үйл ажиллагааг явуулахгүй, ажил хийх боломжоор нь хангахгүй замд нь чулуу шидээд байж яасан ч болохгүй дээ. Одоо тийм л байх шиг харагдаад байгаа юм даа.

-Ярилцсанд баярлалаа. Таны “Төрийн хүн даруу байх ёстой” гэдэг үгийг улстөрчдийн өмнө хувилаад наачихмаар л санагдлаа. Сайн сайхныг хүсье ээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)